| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02714/И |
| Дугаар | 03028 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 03028
| 2018 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2018/03028 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж-13, “Метро бизнес” төвийн 5 дугаар давхарт байрлах ХХЗХны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах РТҮС УТҮГазарт холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 252.612.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнжаргал, А.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганхүү, Д.Мөнхбаяр, Л.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХЗХ, РТҮС УТҮГазартай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 561-DTV-192 дугаар бүхий “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г байгуулж, 2015 оны 14 дүгээр Тогтоолоор радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг авсан.
Тэрээр талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар радио давтамж ашиглалтын төлбөрт
-2015 онд 193.584.000 төгрөг
-2016 онд 46.128.000 төгрөг
-2017 онд 18.900.000 төгрөг, нийт 258.612.000 төгрөг төлөхөөс 6.000.000 төгрөгийг төлж, үлдэх 252.612.000 төгрөг төлөхийг удаа дараа сануулж, “Мэдэгдэл” хүргүүлсэн боловч төлөөгүй байна.
Иймээс хариуцагчаас тусгай зөвшөөрлийн гэрээний үлдэгдэл төлбөр 252.612.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Гэрээний дагуу хариуцагч нэхэмжлэлд дурдагдсан 252.612.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Төлбөрийн үнийн асуудлыг бид тогтоодоггүй. Тодорхой тогтоол, захирамж, дүрэм журмын дагуу тогтоосныг мөрдөж ажилладаг. Энэ талаарх албан тоот болон төлбөр төлөхийг шаардсан бичгийг хүргүүлж, хариуцагч төлж барагдуулна гэдэг байдлаар хугацааг хойшлуулж өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэлийн дүнг Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар баталсан ашиглалтын төлбөрийн томъёогоор тооцож бодоод, хариуцагч 1 жилд 119.856.000 төгрөгийн төлбөр төлөхөөс 6.000.000 төгрөг төлснийг хасаад, үлдэгдэл 2015-2017 оны төлбөр 252.612.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 18.900.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2015-2016 оны төлбөрийг 2017 онд тооцсон тооцоолоор бодоход, нийт 50.600.000 төгрөгийг төлөх боломжтой тул татгалзах зүйлгүй. Мөн байгууллага төлбөрт 6.000.000 төгрөгийг төлсөн байгаа. 252.612.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний талаар маргахгүй. Зөвхөн төлбөрийн тооцоолол дээр маргана. Яагаад бэ? гэвэл нэхэмжлэгч 8м/гц-ийн давтамжтай зурвасыг тооцохдоо нэгжийн үнээр тооцсон. Жишээлбэл:
Улаанбаатар хотод 2 газар дамжуулалт хийж байгаа 8м/гц-ийн үнийг 200.000 төгрөгөөр тогтоогоод бодохдоо 8м/гц х 2=16, 16 х 200.000 = 3.200.000 төгрөг гэж тооцоолсон.
Гэтэл бид нэхэмжлэгчийг 8м/гц-ийг та нар 1м/гц, 2м/гц...гээд....8м/гц хүртэл хувааж нэгжийн үнээр тооцсон нь буруу байна. Ямар ч нөхцөлд 8 м/гц хуваагдах боломжгүй. Энэ талаар эсрэг тал сайн мэдэж байгаа хирнээ тооцоод байна.
Хариуцагчийн зүгээс доорх тарифаар үнэлгээ тогтоогдсон тул 8 м/гц-ийг хуваах ёсгүй бүхлээр тооцоолох нь зөв гэж үзээд, энэ асуудлаа хэлсэн боловч хариу өгөөгүй.
Улаанбаатар хотын 2 дамжуулалтыг үнийг 200.000 төгрөгөөр тооцоход 2х200.000= 400.000 төгрөг
24 аймгийг 50.000 төгрөгөөр 24х50.000=1.200.000 төгрөг
342 сумыг 25.000 төгрөгөөр 342х25.000=8.550.000 төгрөг, нийт 10.150.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа.
Нэхэмжлэгч ашгийн байгууллага биш төсвийн байгууллага учраас зах дээр бараа зарж байгаа шиг жижиглэнгийн үнээр тооцож болохгүй. Гэхдээ манай тооцоололыг зөв гэж үзсэн учраас 2017 оны төлбөрийг 17.220.000 төгрөгөөр тооцсон тул 2017 оны төлбөрийг төлнө. 2015-2016 оны төлбөрийг дээрх тооцоогоор төлөхийг зөвшөөрнө. Харин м/гц-ийг хуваасан үнээр төлөхийг зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХЗХ, хариуцагч РТҮС УТҮГ-т холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 252.612.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тооцоолол буруу төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч ХХЗХ, хариуцагч РТҮС УТҮГазар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 561-DTV-192 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулан, 3 жилийн хугацаатай байгуулсан болох нь зохигчдын тайлбар, 2015 оны “Зөвшөөрлийн гэрээ”, “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” албан бичиг, “Тооцооны үлдэдглийн баталгаа” зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг ” зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт орвол Зохицуулах хороо нь зөвшөөрөл эзэмшигчид өөрийн вэб хуудсаараа дамжуулан эсхүл албан бичгээр хүргүүлэх ба зөвшөөрөл эзэмшигч нь уг шинэчлэгдсэн нөхцөл шаардлагыг хангаж ажиллана” гэж зааснаар нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03/508 дугаартай албан бичгийг хариуцагчид явуулахдаа төлбөрийн дэлгэрэнгүй тооцоололыг хавсаргаж, http://crc,gov.mn /k/ 2CR линкээр орж үзэхийг, радио зурвас ашиглалтын төлбөрийг журмын 3.3 дугаар заалт буюу хүснэгт 3-ын дагуу тооцохоор мэдэгдсэн нь тогтоогдож байна.
Тэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганхүү шүүх хуралдаанд “8м/гц-ийг хувааж тооцсон нь буруу”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болортуяа “гэрээнд 1м/гц-ийн үнийг тодорхой зааж өгсөн” гэж зохигчид маргаж байгаа боловч хариуцагч энэ асуудлаар ямар нэгэн маргаан үүсгэж шүүхэд хандаагүйгээ илэрхийлсэн, өөрийн татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нотлож чадаагүй, шүүх хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, төлбөрийн нөхцөлийг зөвшөөрч 6.000.000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 ”харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу тогтооно” гэснээр 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХХЗХны 36 дугаартай Тогтоолын хавсралтанд заасан аргачлалаар үйлчилгээний нэг жилийн төлбөрт хариуцагч 121.704.000 төгрөг төлөх бөгөөд 121.704.000х2 жил /2015-2016 он/=243.408.000 төгрөг, 243.408.000+18.900.000 /2017 он/ =262.308.000 төгрөг төлөх тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас 252.612.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.421.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.421.010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч РТҮС УТҮГазраас гэрээний үлдэгдэл төлбөр 252.612.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХЗХнд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.421.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.421.010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА