Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/793

 

 

 

 

 

 

 

 

2022           08          05                                 2022/ШЦТ/793

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч П.О, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Б нарт холбогдох эрүүгийн 2202000000226 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П. О, /РД:/;

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Т” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц. Б /РД:/.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.О, нягтлан бодогч Ц.Б нар нь бүлэглэн 2019-2020 онд “Б” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 12,211,345,032.40 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 114 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан улсын төсөвт төлөгдөх 1,110,122,275.67 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2202000000226 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Б” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалтыг (1 дэх хавтаст хэргийн 21-60 дугаар тал),

-Гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 226-227 дугаар тал),

-“Их наяд аудит” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээч нарын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Ш/22-08 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 01-13 дугаар тал),

-“Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг (2 дахь хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Яллагдагч Ц.Оы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

-Яллагдагч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),

-Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-Иргэний хариуцагч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

-Ц.Бгийн Хаан банкны 5861066012, 5019090828 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 61-62 дугаар тал),

-О.Мгийн Хаан банкны 5005447742 дугаартай дансанд орлого орж, Д.Хын эзэмшиж байсан 5030539212 дугаарын дансанд шилжсэн талаарх хуулгыг (2 дахь хавтаст хэргийн 105-155 дугаар тал),

-Э.Гын Хаан банкны 5058372613 дугаартай дансанд орлого орж, Д.Хын эзэмшиж байсан 5030539212 дугаарын дансанд шилжсэн талаарх хуулгыг (2 дахь хавтаст хэргийн 157-250 дугаар тал, 3 дахь хавтаст хэргийн 01-70 дугаар тал),

-Шүүгдэгч П.О, Ц.Б нарын ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 71-72 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн саналын хүрээнд оногдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч П.О, Ц.Б нар шүүх хуралдаанд “Өөрөө өөрсдийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэж мэдүүлэн хэргийн материалаас уншиж судлуулаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч П.О, Ц.Б нар нь бүлэглэн 2019-2020 онд “Б” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 12,211,345,032.40 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 114 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан улсын төсөвт төлөгдөх 1,110,122,275.67 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Г.Б: “Т” ХХК нь Б ХХК-иас 2019 онд 63 удаагийн 8,078,842,496.4 төгрөг, 2020 онд 51 удаагийн 4,132,502,536 төгрөгийн, нийт 114 удаагийн шивэлтээр буюу үйлдлээр 12,211,345,032.4 төгрөгийн худалдан авалт хийснээр 114 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хэмжээг 1,110,122,275.67 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг “Б” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худал тодорхойлсон байна, ийм учраас “Т” ХХК-ийн удирдах албан тушаалтан нь улсад 1,110,122,275.67 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-“Их наяд аудит” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчдийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Ш/22-08 дугаартай “...дээрх худалдан авалтаар тайлагнасан 12,211,345,032.40 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 7-2022-127 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухан хуулийн “11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “Т” ХХК-ийн тайлагнасан “Б” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2019 онд 734,440,226.95 төгрөг, 2020 онд 375,682,048.73 төгрөг, нийт 1,110,122,275.67 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 01-13 дугаар тал),

-Гэрч С.Гийн: “...2019 онд “Б” ХХК-тай манай компани худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажиллаж байсан. Тухайн гэрээний биелэлтэд ерөнхий нягтлан Ц.Б хяналт тавьж ажиллаж байсан. Манай ерөнхий нягтлан Ц.Б “Б” ХХК нь НӨАТ-ын илүүдэл байна үнийг бага үнээр борлуулах талаар санал тавьсан гэж захирлуудад танилцуулсаны дагуу өмнө нь бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан учраас захирлууд итгээд НӨАТ- ын илүүдлийг нь худалдан авах шийдвэр гаргасан байсан. Бид нарын тооцооноос үзэхэд нийт Ц.Бгийн 200 гаран сая төгрөг өөрийнх нь данс руу болон “Б” ХХК-ийн данс руу шивүүлсэн НӨАТ-ын падааны 2,5%-3%-ийг бодож шилжүүлж байсан. Гэтэл 2020 оны 12 сард “Б" ХХК-иас манайд шивсэн НӨАТ-ын падаан нь буцаж татварын албанаас манай компанийн татварын системд алдаа заасан. Үүнээс хойш манай компани Ц.Бтай мөн “Б” ХХК-тай холбогдох гэсэн боловч холбогдож чадахгүй өдийг хүрсэн. Татварын систем дээр зөрчилтэй баримтуудыг залруулж оногдсон татварыг бага багаар төлж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226-227 дугаар тал),

-Иргэний хариуцагч Э.Гын: “... Д.Х эгч нь “компаниудаас мөнгө орж ирнэ, чи тэрийг аваад надад өгөөрэй” гэдэг байсан, өөрийнхөө компанийн албан ёсны НӨАТ-ын илүүдлийг зардаг, ерөнхийдөө “НӨАТ-ын илүүдлээ зарчихаар сул ашиг орж ирдэг юм” гэсэн зүйлийг ярьдаг байсан, миний тухайд татварын тал дээр ерөнхийдөө мэдлэггүй. Д.Х эгчийн хэлснийг нь л хийдэг байсан. Д.Х эгчийг ийм хууль бус зүйл хийж байгаа гэдгийг тухайн үедээ бодоогүй. Д.Х эгч “албан ёсны зүйл” гэж надад хэлж байсан болохоор түүнд итгэсэн байсан. Тэгээд Д.Х эгчид тусалж ажилладаг байсан. Д.Х эгч надад мөнгө өгдөг байсан. “Т” ХХК-ийн тухайд Ц.Б гэх хүн нь над руу мөнгө шилжүүлдэг байсан би мөнгийг нь хуучин эхнэр О.Мгийн дансаар дамжуулан авч өөрөө зарцуулж хэрэглэсэн. О.М нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Тухайн мөнгө нь гэмт хэргийн замаар олсон мөнгө болно гэж тухайн үед мэдэж байгаагүй, хууль ёсны дагуу мөнгө олж байна гэсэн зүйлийг л бодож байсан. ...Тухайн үед Д.Х эгч сул ашиг учраас чамд ерөнхийдөө орлогынхоо талыг өгнө гэж хэлээд мөнгө авч үлдэхийг зөвшөөрч, надад мөнгө өгдөг байсан, дансны үзлэгээр тогтоогдсон 104,429,441 төгрөгийг би хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна, одоо нэгэнт тухайн мөнгө нь гэмт хэргийн замаар олдож байсан мөнгө гэдгийг ойлгосон учраас тухайн мөнгийг эргүүлэн төлөхөд миний хувьд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

-Яллагдагч Ц.Оы “...татвараас зайлсхийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ би “Б” ХХК-ийн манай руу шивсэн бүх НӨАТ-ын падааныг тухайн дүнгээр нь буцаалт хийж татварын байгууллагад өр үүсгэж, татвараа бага багаар зохих ёсоор төлж байгаа, цаашид богино хугацаанд төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

-Яллагдагч Ц.Бгийн “...компани татварын өрөнд орох гээд байсан учраас татварын дүнг бууруулах зорилгоор, захирал П.Оы зөвшөөрсний дагуу ийм буруутай үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39-41 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна.  

Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлгодог.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г их хэмжээний гэж ойлгохоор заасан бөгөөд “Их наяд аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр улсад нийт 1,110,122,275.67 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч П.О, Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд түүний 1,110,122,275.67 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “Б” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 12,211,345,032.40 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 114 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнасан үйлдэл нь энэ гэмт хэргийн  шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч П.О, Ц.Б нарыг “Татвар төлөхөөс зайлсхийх” буюу “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Үүнээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцолгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хоёр бүлэглэж татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор уг гэмт хэргийг  үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хохирол төлбөрийн талаар: Улсын яллагчаас шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй буюу цахим санд НӨАТ-ын буцаалт хийгдсэн гэж дүгнэсэн, мөн шүүгдэгч нарын хувьд “хохирол төлбөрийг бага багаар нөхөн төлж барагдуулж байгаа” гэх тайлбарыг гаргажээ. Иймд шүүгдэгч нарыг хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Харин улсын яллагчаас иргэний хариуцагч Э.Гоос 104,429,441 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-ийн захирал П.Од олгуулах саналыг гаргасныг хүлээн авах зүйтэй гэж дүгнэв. Иймд иргэний хариуцагч Э.Гоос 104,429,441 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч П.О, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч П.О, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71-72 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүрэгтэй бөгөөд хэрэв энэхүү үүргээ биелээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Тиймээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нар үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

            1. Шүүгдэгч П. О, Ц. Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ц.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

4. Шүүгдэгч П.О, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Ялтан нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, иргэний хариуцагч Э.Гоос 104,429,441 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН