Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/639

 

 

 

 

 

 

   2022         06        15                                    2022/ШЦТ/639

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Э,

Шүүгдэгч: Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар оролцсон эрүүгийн 2009008801270 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц.Н,

1990 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн .........тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

         Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ю” төвд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж 2018 онд 437 ширхэг захиалгыг гүйлгээг цуцалж 17.726.800 төгрөг, 2019 онд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөг буюу нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ажилд орохдоо мэдээлэл лавлагааны ажилтнаар ажилладаг байсан. 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Ажилчидтайгаа уулзаж. Хувьдаа аваад шалгасан. Цагдаагийн байгууллагад хандсан. Өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа одоо 2.000.000, 36.807.121 төгрөг гаргуулах  хүсэлттэй байна....” гэв.

 

Эрүүгийн 2009008801270 дугаартай хэргээс:

 

Гомдол гаргагч Э.Н-гоос гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 96-98 дугаар хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай “...Б ХХК-ны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх өдөр тутмын “Посын тайлан, кассын орлогын баримтууд 45 хавтас, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх цуцалсан шинжилгээний лавлагаа баримт 407 хуудас зэрэг баримтуудыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 45 дугаар хуудас/,

 

“Б” ХХК-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсд хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт /1хх-ийн 46 дугаар хуудас/,

 

“Н” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /1хх-ийн 49-79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1165 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 83-87 дугаар хуудас/, 

 

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /1хх-ийн 125 дугаар хуудас/,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 128 дугаар хуудас/,

 

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/02 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Т86/17 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, лавлагаа мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 131-150 дугаар хуудас/,

 

Бүртгэлийн ажилтны эрхээр цуцлагдсан шинжилгээний жагсаалт /хх-ийн 151-171 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 101, 106 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 113 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 102, 107 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 103 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 104, 109-112 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1хх-ийн 105 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1хх-ийн 108 дугаар хуудас/,  харилцах дансны харилцагчийн хуулга /1хх-ийн 180-190, 191-199 дүгээр хуудас/, шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн баримтууд, шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ю” төвд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 437 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 17 726 800 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөг буюу нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулж завшсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гомдол гаргагч Э.Н-гоос гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ С.Э-ийн “....Манай байгууллагад нийт 41.082.300 төгрөгийн хохирол учирсан.. Ц.Н нь 2017 оны 07 дугаар сард лавлагаа мэдээллийн ажилтнаар ажилд орсон. Үйл ажиллагааны чиглэл нь шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийг ямар шинжилгээ өгөх гэж буйг бүртгээд төлбөрийг авдаг мөн шинжилгээг нь лаборатори руу оруулж өгдөг. Бэлэн мөнгөөр шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийн мөнгийг өөртөө авч байгууллагын мөнгийг хувьдаа завшиж байгааг манай байгууллага 2019 онд дотоод шалгалтаараа илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Н-гийн “....Ц.Н нь шинжилгээ хийлгэхээр ирсэн хүмүүсийн захиалгыг Пос программд бүртгэн шинжилгээний төлбөрийг авч хийхдээ хэрэв үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр төлбөрөө хийсэн тохиолдолд Ц.Н нь мөнгийг хувьдаа завшин дараа нь Пос программ дээр бүртгэгдсэн тухайн үйлчлүүлэгчийн захиалгыг цуцалж буцаалт хийн төлбөр тооцооноос хасуулдаг байсан байгаа нь үйл баримтаар тогтоогдож байгаа...“ гэсэн мэдүүлэг,

 

 Гэрч Д.Оийн “...Харин ингэхдээ Н нь кассын өдрийн тайлан дээр тухайн өдөр цуцалсан шинжилгээний мэдээлэл харагддаггүй байдлыг ашиглан цуцалсан шинжилгээний төлбөрийг өөртөө хувьдаа завшдаг нөхцөл байдал шалгалтаар илэрсэн үүнийг манай лабораторид ашигладаг Инфинити гэх шинжилгээний хариуг хадгалдаг программаас харж болно...Харин энэ бүгдийг Н нь цуцалж төлбөрийг дутаасан гэдгийг нэгдүгээрт цуцалсан захиалгын жагсаалтыг гаргаж Инфинититэй тулгахад уг шинжилгээ хийгдсэн байх жишээтэй, мөн Н нь шөнийн ээлжийн ажилтны программд нэвтрэх эрхээр шинжилгээний захиалгыг цуцалсан нөхцөл байдал илэрч байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Ц-н “...Ц.Нгийн тохиолдолд бол посын программ дээр захиалгыг авчхаад тухайн захиалгыг буцаагаад посын программ дээр цуцалж шивэлт хийж оруулж байгаа боловч яг бодит хэрэг дээрээ тухайн захиалга нь цуцлагдаагүй, идэвхтэй, шинжилгээ хийгдсэн болж таарч байгаа бөгөөд Инфинити программ дээр тухайн шинжилгээ нь хийгдсэн байгаа юм....харин Ц.Нгийн посын программ дээр цуцалсан гэж оруулсан үйлчлүүлэгч нарын шинжилгээ нь бүгд хийгдсэн хариу нь гарсан болж таарч байгаа юм, гэхдээ орлого нь компанид орж ирээгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Н-гийн “...ингээд ажиллаж байх хугацаанд 2018 оны 01 дүгээр сараас эхлээд 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд 1 жил 9 сарын хугацаанд манайхаар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг бүртгэж шинжилгээний цаг өгдөг байсан ба шинжилгээний төлбөрт төлдөг бэлэн мөнгийг хувьдаа авсан асуудал байгаа. Ингэхдээ төлбөрөө төлөөд шинжилгээний цаг авсан иргэдийн бүртгэлийг цахим бүртгэлд оруулаад буцаагаад дээрх бүртгэлийг цуцлагдсан гэсэн төлөвт оруулдаг ингэхээр тухайн иргэн бол шинжилгээгээ өгдөг явдаг. Харин манай программ дээр шинжилгээ өгөөгүй, тухайн иргэн цагаа цуцалсан гэж харагддаг болохоор би бэлнээр тушаасан төлбөрийг хувьдаа авдаг байсан. Харин бэлэн бусаар пос машин уншуулсан тохиолдолд ингэж авах боломжгүй гэсэн үг...миний хувьд өдөрт 20.000-30.000 төгрөгийг авдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл,

 

“Б” ХХК-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт,

 

“Н” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт: “...Бид 2018-2019 онд Ц.Нгийн өөрийн нэвтрэх эрхээр болон Б, Б, Б нарын нэвтрэх эрхээр Ибаримт программаас устгасан нийт захиалгаас дараах нотлох баримтуудад үндэслэн нийт 41.082.300 төгрөгийн үнийн дүн бүхий 911 захиалгыг устгаж байгууллагад хохирол учруулсан...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1165 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх программ нь үйлчлүүлэгч бүртгэж өгсөн шинжилгээний хариуг хадгалах, хэвлэх үйлдэл гүйцэтгэдэг програм байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх програмыг тухайн компани өөрийн байранд байрлах сервер комьютерт суулгагдсан. Хэрэглэгчид програмд тухайн серверийн IP хаягаар хандаж ашигладаг байна. 3. Уг програм нь эмнэлгийн шинжилгээний бүртгэл, мэдээлэл хийж хадгалдаг програм байна. 4. Уг програмд бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Шинжилгээний хариу болон бусад мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй байна...” гэсэн дүгнэлт,

 

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

 

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Т86/17 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “Цэвээнжав овогтой Нг тус компаний Захиргаа, аж ахуй үйлчилгээний албанд Лавлагаа, мэдээллийн ажилтан албан тушаалд 2017 оны 07-р сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаагаар авч ажилуулсугай...” гэсэн ажилд томилсон тушаал,

 

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/02 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, лавлагаа мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт,

                              

Бүртгэлийн ажилтны эрхээр цуцлагдсан шинжилгээний жагсаалт зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Ц.Н нь “Б” ХХК-д лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж шинжилгээний захиалгуудын гүйлгээг цуцалж мөнгийг нь бэлнээр өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, хохирол учирсан болох нь “Н” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт болон бусад баримтуудаар, тэрээр тус “Б” ХХК-д лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

            “Б” ХХК нь иргэдэд лабораторийн тусламж үйлчилгээ явуулдаг ба тухайн компанид шүүгдэгч Ц.Н нь лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод тусгагдсаны дагуу үйлчлүүлэгч нараас шинжилгээний захиалга хүлээн авч, төлбөр тооцоог хүлээн авч компанид тушаах ажил үүрэг гүйцэтгэдэг байна.

 

             Өөрөөр хэлбэл “Б” ХХК-иас иргэдэд шинжилгээ хийх үйлчилгээ явуулсны хариуд төлж буй мөнгөн орлогыг Ц.Н төвлөрүүлж, тэрээр тухайн мөнгөн хөрөнгийг ажил үүргийн хувьд итгэмжилэн хариуцсан этгээд мөн байх ба ийнхүү ажил, албан тушаалын байдлаа ашиглаж 2018, 2019 онуудад нийт 911 удаагийн үргэлжилсэн үйлдлээр компанийн мөнгөн хөрөнгийг өөртөө завшсан байна.  

 

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг тодорхойлохдоо итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр үүрэг хүлээж хариуцах ба итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь уг нөхцөл байдлыг хууль бусаар ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөгчид нь тогтсон хугацаанд хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байж шунахай зорилгоор, ямарваа хариу төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн хууль бус эзэмшил тогтоож, захиран зарцуулах нөхцөл бүрдсэн, захиран зарцуулсан байдлыг илэрхийлдэг.

 

“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжилэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

 

  “Б” ХХК-ийн зүгээс Ц.Нг лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллуулах тушаал гарган хөдөлмөрийн гэрээ байгуулж, хийх ажлын чиглэлийг тодорхойлж өгсөн байх ба тэрээр ийнхүү ажиллахдаа үйлчлүүлэгч нараас шинжилгээ, үйлчилгээний төлбөрт төлсөн мөнгөн төлбөр, гүйлгээ хийж тус компанийн дансанд шилжүүлэх үүрэг хариуцуулсан байдлыг ашиглаж, өөртөө хувьдаа эд хөрөнгө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх дүгнэлээ.    

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Нг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж, шүүгдэгч Ц.Н болон түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь хохирогч болох “Б” ХХК-нд 41.082.300 төгрөгийн хохирол учруулснаас 4.275.178 төгрөгийг /1 хх-ийн 125/ төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс үлдэгдэл хохирол болох 36.807.122 төгрөгийг гаргуулж хохирогч “Б” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Ц.Нг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Н нь ам бүл 4, нөхөр, бага насны 2 хүүхэдтэй, нөхөр А хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдсан, оршин суух байнгын хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл дийлэнх хохирол нөхөн төлөгдөөгүй/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Улсын яллагчтай санал нэг байна. Хорих ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....миний үйлчлүүлэгчийг бага насны 2 хүүхэдтэй, нөхөр нь хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Уг торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр зааж өгнө үү...” гэж, шүүгдэгчээс “...ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлж барагдуулна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчийн олон удаагийн давтамжтай, үргэлжилсэн үйлдлээр гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн, бусдад учруулсан үлэмж хэмжээний хохирол төлөгдөөгүй байдал, нөгөөтэйгүүр хувийн байдлын хувьд эрхэлсэн ажилгүй, орлогын эх үүсвэр нь тодорхой бус зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан ялын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

           

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж ажил албан тушаалын байдлаа далимдуулан амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ц.Н-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н-гээс 36.807.122 төгрөгийг гаргуулж, хохирогч “Б” ХХК-нд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН