Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/799

 

2022           08          08                                 2022/ШЦТ/799

 

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Бд холбогдох 2209002990890 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 32-348 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. Б, регистрийн дугаар .............

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ сангаас хохирогч Б.Мын эзэмшлийн Эйч Пи Ай-5 маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “..........” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан хохирогч Х.Дгийн эзэмшлийн Самсунг А90 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 625 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209002990890 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Хохирогч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 23-24, 26-27 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 29-30, 67-68 дүгээр тал),

-Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

            -Мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 58 дугаар тал),

            -Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 63, 65 дугаар тал),

            - Яллагдагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 47, 93 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн номын сангаас хохирогч Б.Мын эзэмшлийн Эйч Пи Ай-5 маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Мын “...2021 оны 12 сарын 21-ний өглөө 09 цаг 20 минутын орчим хичээлээсээ тараад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн 3 давхарт хичээлээ хийж байгаад ширээн дээр зөөврийн компьютер болон дэвтэр номоо тавиад “Этүгэн” Их сургуулийн хоолны газар луу гарч хоол идээд орж ирээд буцаад хичээл хийх гээд эд зүйл тавьсан ширээн дээрээ иртэл миний зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд 5 давхарт гараад камер шүүлгэхэд саравчтай малгайтай масктай 30-35 орчим насны нэг ах аваад 3 давхрын шатаар буугаад шууд гарч яваад хаачсан нь тодорхойгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63, 65 дугаар тал),

-Мөрдөгчийн “...хяналтын камер бичлэг үзэхэд хар бараан хувцастай 30-35 орчим насны саравчтай малгайтай маск зүүсэн эрэгтэй хүн тус алдсан гэх нөүтбүүкийг авч байгаа дүрс бичигдсэн байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 58 дугаар тал)-ээр,

 2. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бургер Кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан хохирогч Х.Дгийн эзэмшлийн Самсунг А90 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 560,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Х.Дгийн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бургер кинг” түргэн хоолны газарт найз охин Буян- Ундрахын хамт 14 цагийн орчимд орж үйлчлүүлсэн. Үл таних 40 орчим насны хар куртик, хар өмд, хар гуталтай эрэгтэй ирээд мөнгө гуйхаар нь “байхгүй” гэж хэлсэн. ...Би найз охин З.Бширээний хажууд зогсож байтал тухайн мөнгө гуйсан эрэгтэй ширээн дээр байсан миний Самсунг А90 загварын гар утсыг ширээн дээрээс аваад гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26-27 дугаар тал),

-Сиди бичлэгт үзлэг хийсэн “...хар куртиктэй, хар ноосон малгайтай, хар өмдтэй, 35-40 орчим настай, 165-170 см өндөртэй, цагаан масктай, доголж явдаг эрэгтэй хохирогч Х.Дгийн сууж байгаа цагаан өнгийн шинээр дээр байгаа Самсунг А90 загварын гар утсыг аваад хаалгаар гараад явж байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Б нь дээрх 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж тус зүйл, хэсгийг журамлаж зүйлчилсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Б.Мын хулгайд алдсан Эйч Пи Ай5 загварын нөүтбүүкийг 1,000,000 төгрөгөөр, хохирогч Х.Дгийн хулгайд алдсан Самсунг А-90 загварын гар утсыг 560,000 төгрөгөөр тус тус (хавтаст хэргийн 29-30, 67-68 дугаар тал) үнэлснийг оролцогчдод танилцуулахад хохирогч, шүүгдэгч нараас тусгайлан санал гаргаагүй болно.

 

Шүүгдэгчээс хохирогч нарт дээрх үнэлгээний дагуу хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1,560,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд 1,000,000 төгрөгийг, хохирогч Х.Дд 560,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзнэ үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулаагүй, хулгайлах гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэмт хэрэг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх боломжгүй, харин гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 02 хоног баривчилсан, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 78 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгээс 1,560,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд 1,000,000 төгрөгийг, хохирогч Х.Дд 560,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН