Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0780/Э |
Дугаар | 2022/ШЦТ/807 |
Огноо | 2022-08-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/807
2022 08 11 2022/ШЦТ/807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Э.Билгүүн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Азжаргал,
Шүүгдэгч А.А, А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А. А, А. М нарт холбогдох эрүүгийн 2209014941243 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... оюутан, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Улаанбаатар хот, ...............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө. А, регистрийн дугаар:.......;
Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, .............. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А. М, регистрийн дугаар:.........
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.А, А.М нар нь бүлэглэж 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн авто зогсоол дээр иргэн Э.Ө “чи ер нь яасан гэж Аг зоддог юм, төрөхийнх нь өмнө зодсон гэл үү, өнөөдөр машиндаа суулгаад авч явлаа” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүнийг автомашинаасаа гараад ир ярилцъя гэж буулган түүний нүүрэн тус газарт гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн доод бага араа шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүнээс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 730 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209014941243 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),
-Хохирогч Э.Өмөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиргч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 23-24, 26-27 дугаар тал),
-Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7780 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн саналын хүрээнд оногдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Азжаргал:
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-“Блүфин” ХХК-ийн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 82 дугаар тал),
-Хохирогч Э.Өд хохирол төлсөн талаар Хаан банкны орлогын мэдүүлгийг (хавтаст хэргийн 83 дугаар тал),
-“Нью миксес” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч А.А, А.М нар нь бүлэглэж 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн авто зогсоол дээр иргэн Э.Өнүүрэн тус газарт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Э.Ө“...Би ээж дүү нар болон өөрийн 8 сартай охины хамтаар амьдардаг бөгөөд БНСУ-руу сургуульд сурахаар явахаар болоод охиныхоо ээжээс тусдаа амьдардаг болохоор уулзаж охиноо ээжийн нэр дээр шилжүүлэх талаар ярилцах гээд 2022 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд “Улаанбаатар” их дэлгүүрийн урд талын автомашины зогсоол дээр ирж зогссон юм. Анх байрных нь гадаа очиход А 2 танихгүй залуутай хамт явж байсан ба намайг харахгүй байх шиг байхаар нь дуудаад машиндаа суулгасан юм. Тэгсэн их сандраад “яах гэж дуудаж байгаа юм бэ, би гэр лүү ороод гараад ирэх байсан шүү дээ” гэж хэлж байсан. ...Удалгүй тухайн 2 залуу ирээд над руу “яагаад байгаа юм” гээд уурлаад байхаар нь би “зүгээр өргөдөл аваад л явах гэж байгаа юмаа, машины ард суучих зүгээр, эвээр ярилцъя” гэж хэлэхэд машины цонхоор намайг цохих гээд байхаар нь буусан чинь шууд миний нүүр лүү 2-3 удаа цохихоор нь би буцаад машиндаа суусан чинь нэг нь араас намайг боож машинаас гаргаад бас нүүр лүү цохиж өшиглөөд байсан. Тэгээд хэсэг байж байгаад надад тамхи өгөөд байж байхад Улаанбаатар их дэлгүүрийн харуул ирээд та нар одоо боль камерт бичигдээд байна гэж хэлсэн. Тэгсэн нэг нь миний машиныг унаад бид нар хамт хөдлөөд жоохон урагшаа яваад хүнгүй газар очоод надад салфетка өгөөд миний нүүр амыг арчуулсан. Нэг нь хүн зодоод цагдаа дээр байгаа битгий цагдаад мэдэгдээрэй гэж байсан. Тэгээд тэр 3 яваад би гэртээ 04 цагийн орчимд харьсан ба ээж өглөөгүүр нүүр харчхаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26-27 дугаар тал),
-Гэрч Б.Агийн “...2022 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед манай гэрийн гадаа Ө бид хоёр уулзсан. Би гэр лүүгээ орж бичгийн цаас, үзэг аваад эргэж гарч ирэхэд Ө намайг машиндаа суулгаж Улаанбаатар их дэлгүүрийн автомашины зогсоол руу аваад явсан. Тэндээ зогсоолд орж зогссон. Ө намайг манай найз Атой хардаж салаад удаагүй байж хүнтэй уулзлаа гээд хэрүүл гуйгаад байсан. Хэрүүл болох гээд байхаар нь би машинаас нь буух гэхэд миний гараас татаад буулгахгүй байсан. Удалгүй над руу А залгаад би гар утсаа авахад надаас хаана байгааг маань асууж “янз бүрийн юм болоод дахиж зодох вий дээ, би яваад очъё” гэж хэлэхээр нь би “Улаанбаатар” их дэлгүүрийн зогсоолд байна гэдгээ хэлсэн. Удалгүй А, М 2 Ө бид 2 дээр ирсэн. Бид 2 машинд сууж байсан. ...Гэтэл А Өд хандаж “чи ер нь яасан гэж Аг зоддог юм, төрөхийнх нь өмнө зодсон гэл үү” гэж хэлээд Ө 3-4 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд Ө машиндаа ороод суухад М нөгөө талын хаалгыг нь онгойлгож Ө хойноос нь татаж машинаас чирч буулгаад хэд хэдэн удаа өшиглөсөн. М, А 2 Ө хэсэг хугацаанд зодож байгаад А одоо чамайг зодохгүй, 2-уулаа эр хүмүүс шиг ярилцъя гэж хэлж байсан. Тэгээд М бид 2 жоохон холдож А Ө 2 тэндээ хэсэг сууж тамхи татаад хоорондоо ярилцсан. Удалгүй нэг хамгаалагч гарч ирээд биднийг боль гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “...1.Э.Өбиед зүүн доод бага араа шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун тохойд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 7780 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь тохирчээ.
Шүүгдэгч нар нь хохирогч Э.Өтэй үл ялих зүйлээс болж маргалдаж түүнийг зодох зорилготой уулзсан энэ талаар хоорондоо ярилцаж үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь харагдаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч нар нь хохирогчийн толгойн тус газар цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Э.Өбиед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ба түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч А.А, А.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Э.Өд 1,500,000 төгрөгийг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 83 дугаар тал) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан байна гэж дүгнэв. Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.А, А.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч А.А, А.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.А, А.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа боловч бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл хийж байгаа гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч А.А, А.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.А, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч А.А, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Ө гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН