Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/645

 

 

 

 

   2022          06         17                                    2022/ШЦТ/645  

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Хохирогч: Г.А,  

Шүүгдэгч: Н.Б нар оролцсон эрүүгийн 2209000000754 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Н.Б

1977 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн ......... тоотод оршин суудаг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” төвийн уулзвар орчимд иргэн Г.А-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед зүүн чихний дэлбэнд шарх, баруун гуянд цус хуралт, доод уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Хохирогч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...3 дугаар сарын 28-ны өдөр зуслангаас дээшээ уруудаж явж байгаад жолооч намайг урд талаас саад хийгээд байсан. Тэгэхээр нь би өөрийгөө таньдаг хүн юм байна гэж инээгээд явж байхад хажуугаар жолооч болон шүүгдэгч Б хоёр над руу зааж инээгээд байсан. Салавчаа ч өгөөд байгаа юм уу? гараа ч гозойлгоод байгаа юм уу? мэдэхгүй тийм үйлдэл гаргаад байхаар нь таньдаг хүн үү? үгүй юм уу? гэж хажуу талын хүнтэй яриад яваад байсан. Миний хажуу талын хүн “танихгүй хүн юм биш үү, албаар тэгээд байна уу” гэхээр нь би үгүй байлгүй дээ гэж бодоод нөгөө талаар нь явах гэхэд 17-ийн хашлага байдаг ба тэнд намайг бараг шүргэх нь холгүй шахаад байхаар нь би нөгөө талаар нь шахаж явсаар байгаад 32-оос уулзвар орсон. Тэнд очингуутаа би “яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлэхэд “яаж явсан юм бэ? чамд ямар хамаатай юм бэ?” гэхээр нь “юу гэсэн үг юм бэ?” гэж хэлээд цамцнаас нь татахад миний гарнаас маажсан...хаалгаа онгойлгоод “Та одоо яагаад байгаа юм бэ?” гэж хэлэхэд “Чи одоо хэн юм бэ, янхан минь” гэж хэлсэн. Харваас янхан л байна шүү дээ гэж хэл амаар доромжилсон ба муухай, зүй бус үг хэлсэн. Тэгээд би зуураад гаргаад ирсэн машинаас нь тэгээд чихнээс цус гараад байсан. Зүссэн гэж мэдээгүй халуу оргиод байхаар нь арчихад цус гарсан байсан. Тэгээд машинд суучихаар нь би хойд талын хаалгаар ороод суухдаа “надад салфетка өгчих, цус гараад байна гэхэд надад ямар хамаатай юм бэ? гэхээр нь тэгвэл дагаад эмнэлэг явчих гэж хэлэхэд чамайг дагаад явж байх завтай хүн алга гэж хэлсэн. Тэр өдөр энэ хоёр надад салфетка өгсөн байсан бол би юу ч бодохгүй, жаахан хумсаараа л маажсан байх гэж бодсон. Тэгээд явах гэхэд “чиний наад чих чинь нэг л биш ээ” гэж, бас юм ярих болгонд цус гоожоод байхаар нь ямар сонин юм бэ? зургийг нь ав даа гэж хэлээд зургийг нь авч байгаад харуулахад миний чих ангайсан байсан. Тэгээд энэ хоёртой хамт цагдаагийн хэлтэс дээр очъё гэхэд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очиход та Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очоорой гэж хэлсэн. Би эмнэлэгт орчхоод Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очиход та манайд хамаарахгүй, хотын төв рүү 1  дүгээр хэлтэст оч гэсэн. Тэгээд би тэр өдөр очиж чадаагүй.  Эмч намайг хэвтрийн дэглэмд байгаарай гэж зөвлөсөн. Хотын төв рүү маргааш нь очиход байцаагч нь юу болсон талаар асуусан. Намайг бүтэн сар энэ асуудлаар яваад ажлаас халагдсан. Шалтгаанаа хэлэхэд шалтгаан сонсдог газар биш, хувийн байгууллага болохоор орны хүн бэлэн гэж ажлаас халсан. 5 хүүхэд тэжээдэг өрх толгойлсон эх, манай том хүүхэд цагийн 4000 төгрөгийг зөөгчөөр цагийн ажил хийдэг. Байхгүй нь зовлонг мэднэ. Мөнгө нэхэмжлэхгүй . 2 сарын дотор ажилгүй байсан. 197.000 төгрөгийн эмчилгээний зардал, 1 сар ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилж байна. 1 сарын 1.300.000 төгрөгөөр цалинждаг...” гэв.

                                                                                                                

Эрүүгийн 2209000000754 дугаартай хэргээс:

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

           

            Хохирогч Г.А-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 6 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр хуудас/,

 

            Гэрч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 10 дугаар хуудас/,

           

            Гэрч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 35-36 дугаар хуудас/,

 

Гэрэл зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 30-32 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5114 дугаартай дүгнэлт  /хх-н 37-38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5217 дугаартай дүгнэлт  /хх-н 39-40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-н 54-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” төвийн уулзвар орчимд иргэн Г.А-ийг “хэрүүл маргаан үүсгэлээ” гэж   маргалдаж, улмаар түүний биед хүч хэрэглэн цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнд шарх, баруун гуянд цус хуралт, доод уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

           

            Хохирогч Г.А-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

            Хохирогч Г.А-ийн “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зуслангаас буюу Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гүнтээс Улаанбаатар хотын зүгт явж байсан...миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талаар цагаан өнгийн жижиг оврын тээврийн хэрэгсэл шахаад орсон...уг эмэгтэй нь шууд машинаасаа бууж ирээд намайг үсдээд зодож эхэлсэн...тэгээд намайг өшиглөөд байсан...Миний биед уг тээврийн хэрэгслийн зорчигчийн суудалд сууж явсан намхавтар биетэй эмэгтэй хүн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Т-гийн “...Тэгсэн чинь миний хажууд сууж байсан Б нь уг хүнийг “хөөе чи болиоч” гээд гарыг нь цааш түлхэж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй болиод машин тойрч очоод машины ард суудал дээр явж байсан Бын талаар очоод шууд хаалга онгойлгоод үсдэж чирээд буулгаад цохьсон. Тэгсэн чинь уг хамт явж байсан эрэгтэй хүн нь машинаас бууж ирээд Быг миний машин руу түлхэж суулгасан. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр баахан хашгирч орилж байгаад явсан. ..тэгээд уг газраас хөдлөөд явж байснаа дахиад зогсоход дахин уг эмэгтэй хүн нь дахиад хүрч ирээд Бд хандаж “чи намайг ийм болгосон байна” гээд чихээ харуулж байсан. Тэр үед чихний ойролцоо цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Г.С-ын “...А-ийн биед уг тээврийн хэрэгсэлд зорчигчийн суудалд сууж явсан настайвтар эмэгтэй гэмтэл учруулсан. Уг хүн нь А-ийн үснээс нь зулгаагаад татаж байхад би очиж салгасан. Тэгэхэд А-ийн нүүрэнд жижиг шалбарсан зүйлүүд байсан ба чихнээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Бын “....Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн танилын хамт явж байсан....миний сууж байсан талаас ирээд шууд хаалга онгойлгоод намайг үсдээд толгой руу цохиод чирээд намайг машинаас буулгасан. Тэгээд намайг толгой руу цохиод байсан. ..намайг баруун талын чих рүү алгадсан...Намайг цохиод байсан учраас би өөрийгөө хамгаалаад яг яаж цохисон талаараа мэдэхгүй байна..би уг тогтоолыг ойлгож хүлээн зөвшөөрч байна...би өөрийн гэм буруугаа ухаарч байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч О.Н-гийн “...Г.А-ийн биед зүүн чихний дэлбэнд, ар хэсэгт босоо байрлалтай 5 ширхэг мэс заслын оёдолтой, шархтай байсан. Оёдол тавигдсан учир шархны ирмэг мэдэгдэхгүй тул үүсгэгч хүчин зүйлийн үйлчлэлийг нарийн тогтоох боломжгүй байна . зурган дээрх шарх нь ирмэг тэгш харагдаж байна. Иймээс иртэй зүйлээр үүсгэгдэнэ...хумсны ирмэг үзүүрээс хамаараад нарийн гурвалжин үзүүрлэсэн хумс бол үүсгэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрэл зураг таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Г.А-т гэрэл зураг таниулах, таньж олуулах ажиллагааг явуулав. Хохирогч Г.А- миний биед гэмтэл учруулсан эмэгтэйг нүүрний хэлбэрээр нь танина гэсэн болно..Хохирогч Г.А-ээс 4 дугаартай зураг бол надтай хэрүүл маргаан үүсгэж зодолдсон эмэгтэй мөн байна...” гэсэн тэмдэглэл,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5114 дугаартай “...1. Г.А-ийн биед зүүн чихний дэлбэнд шарх, баруун гуянд цус хуралт, доод уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь өөрийн танилын автомашинд хамт зорчиж замын хөдөлгөөнд оролцож байхад хохирогч Г.А- ирж шаардлага тавих явцад хоорондоо маргалдаж, улмаар Н.Баас Г.А-ийн биед хүч хэрэглэн цохисон болохыг хохирогч Г.А-, гэрч С.Т-, Г.С-, шүүгдэгч Н.Б нараас  тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал Н.Б нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Г.А-ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

 Иймд шүүх шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А- нь “...эмчилгээтэй холбоотой 197.700 төгрөг /хх-н 56-58/ нэхэмжилнэ..” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжилсэн дүн тогтоогдсон гэж шүүх үзэж, шүүгдэгчээс уг гэм хорын хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 197.700 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин  хохирогч Г.А- нь  “...1 сар ажилгүй байсан цалин, 1.300.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн ч энэ талаарх нотлох баримт байхгүй тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчоос хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Н.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэжээ.

 

Шүүх шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэгт анх удаа ял шийтгэгдэж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, хохирогчид цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийсэн байдал болон гэмт хэрэг гарахад хохирогчоос бусадтай зохисгүй харьцаж маргаан үүсгэсэн нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг 260 цагийн хугацаагаар тогтоосон болохыг тэмдэглэв.  

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохисгүй харьцсан, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А-ийн 1.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дахин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН