Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 756

 

105/2019/0890/Э

 

 

 

 

 

2019          7             25                                              2019/ДШМ/756                                   

 

                                 А.Т  , О.М нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч А.Т  , түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

шүүгдэгч О.М-ын    өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/885 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т  гийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч О.М-ын    өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Т  , О.М нарт холбогдох эрүүгийн 1906022650889 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х А-ийн Т, ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

2. Б овгийн О-ийн М, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

А.Т   О.М нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан Э.Дөлгөөний 360,000 төгрөгийн үнэ бүхий “Мерида” загварын унадаг дугуй, Б.Бат-Эрдэнийн 300,000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйг төмөр таслагч хэрэглэж, хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Т  , О.М нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Т  , О.М нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Т  , О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар А.Т  , О.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг тастагч, 1 ширхэг гинжийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, А.Т  , О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолон, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Т  , О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Т  гийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Т   2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Мөнхбаттай уулзахад “мөнгө хэрэгтэй болчихлоо хоёулаа унадаг дугуй хулгайлъя” гэж хэлэхэд нь зөвшөөрч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энканто” хотхоны байрны гадаа байсан “Мерида”, “Жайнт” загварын тус бүрийн үнэ 360,000 төгрөг, 300,000 төгрөгийн үнэ бүхий 2 дугуй хулгайлж яваад газар дээрээ баригдсан.

А.Т   нь энэ хэрэгт анхнаасаа санаачилга гаргаж оролцоогүй, учрах саадыг арилгах зорилгоор таславч буюу хайчийг урьдаас төлөвлөж бэлдээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нарт дугуйг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Хохирогч Э.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж, үйлдсэн үйлдлээ үнэн зөв мэдүүлж ирсэн. Бусдад учирсан хор уршиг шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.М-ын    өмгөөлөгч А.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Мөнхбат, А.Т   нар нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан, иргэн Э.Дөлгөөний 360,000 төгрөгийн үнэ бүхий “Мэрида” загварын унадаг дугуй, Б.Бат-Эрдэнийн 300,000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйг төмөр таслагч хэрэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.

Өмгөөлөгчийн хувьд энэхүү хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ таслагчийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэхгүй байна.

Эрүүгийн хуулинд “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг хэрхэн ойлгох талаар хуульчлан тайлбарласан.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан байна.

Хэдийгээр дээрх тайлбарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, 11.2 дугаар зүйлийн 2.4-т заасан заалтын дор хуулийн тайлбар болгон хуульчлан оруулсан боловч энэхүү тайлбарт “эд хөрөнгөнд хохирол учруулахаар” гэдэг агуулга орсон учир “Хулгайлах” гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан заалттай хамааралтай тайлбар гэж ойлгож байна.

Гэтэл анхан шатны шүүх, энэхүү ойлголтыг дүгнэхдээ “Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлан бэлтгэсэн зүйлийг ойлгоно” гэж тайлбарласан нь хуулийн дээрх тайлбартай нийцэхгүй байна. О.Мөнхбат, А.Т   нар нь унадаг дугуй хулгай хийх зорилгоор бэхэлсэн байсан гинжийг таслагчаар тасалсан бөгөөд таслагч нь тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл биш юм.

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэсэн тайлбараас үзэхэд тухайн халдлагын зүйл болсон дугуйнд гэмтэл, хохирол учруулахаар бус харин хулгай хийж авахын тулд өөрөө засаж бэлтгэсэн биш, зориулалтын таслагчийг ашиглан дугуйг хулгайлж авсан гэж үзэж болохоор байна.

Иймд өмгөөлөгчийн хувьд А.Т  , О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн шүүгдэгч нарын хувьд өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ ойлгон ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, бусдад учирсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон бусад хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

А.Т   тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

А.Т   О.М нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан төмөр гинжээр цоожилсон байсан Э.Дөлгөөний 360,000 төгрөгийн үнэ бүхий “Мерида” загварын унадаг дугуй, Б.Бат-Эрдэнийн 300,000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйны цоожийг нь төмөр таслагчаар таслаж, тус дугуйнуудыг хулгайлсан болох нь:

 

хохирогч Э.Дөлгөөний “...2019 оны 4 дүгээр сарын 5-ны өглөөний 10 цагийн үед гэрээсээ нохойгоо гарч салхилуулж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байрлах унадаг дугуйн зогсоолд байсан “Мерида” загварын унадаг дугуйгаа шалгах гээд харахад миний унадаг дугуй байгаагүй. Байрны харуулаас унадаг дугуй алга болсон талаар асуухад “өчигдөр хоёр хүүхэд хоёр унадаг дугуй хулгайлаад авч явж байгаад баригдсан” гэж тухайн хүмүүсийн хулгайлсан хоёр дугуйг үзүүлсэн. Тэр хоёр дугуйны нэг нь миний унадаг дугуй байсан. Би унадаг дугуйгаа 2015 оны 7 сарын үед “Нарантууул” худалдааны төвийн унадаг дугуй зардаг хэсгээс 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 350,000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн “Мерида” загварын унадаг дугуйгаа буцаан авсан. Цоожны мөнгөө төлүүлнэ...” /хх 9/ гэх,

хохирогч Б.Бат-Эрдэнийн “...2019 оны 4 дүгээр сарын 4-ний орой 20 цагийн үед би өөрийн дугуйгаа харахад зогсоол дээр цоожтой байсан бөгөөд 4 дүгээр сарын 5-ны өглөө 09 цаг 30 минутын үед дугуйгаа харахад байгаагүй. Тэгэхээр нь үүдний харуулд хэлэхэд “урьд шөнө 2 хүн дугуй хулгайлж байгаад баригдсан, цагдаад очоод уулзаарай” гэж хэлсэн. Миний дугуй “Жайнт” маркийн цагаан цэнхэр өнгийн 9 араатай дугуй байсан. Уг дугуйг би 4 жилийн өмнө 1 сая гаруй төгрөгөөр авч байсан. Одоо дугуйгаа 400,000 төгрөгөөр, гинжийг нь 10,000 төгрөгөөр үнэлж байна. Би дугуйгаа гинжин цоожоор цоожилдог байсан. Би дугуйгаа бүтэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Гинжний мөнгийг нэхэхгүй...” /хх 12/ гэх,

гэрч С.Цэдэвийн “...Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхонд харуул хамгаалалтын албанд ажилладаг. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би ээлжтэй байсан бөгөөд 4 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад би хотхоноо тойроод эргээд явж байхад 2 залуу хотхоны дунд байдаг 305, 306 дугаар байрны дунд байдаг гэх дугуйн зогсоол орчмоор яваад орц руу орж буцаж гарч ирээд тамхи татаад байхаар нь сэжигтэй санагдаад би тэр хоёрыг анзаараад байж байсан. Тэгтэл тэр хоёр залуу дугуйн зогсоол дээр байсан дугуйнуудаас 2 дугуйг унаад баруун хойд зүгт явахаар нь би араас нь харуул Лхагвасүрэнгийн хамтаар хойд талын хашаа хүртэл хөөгөөд тэр хоёр хашаа давах гэж байхад нь барьж авсан. Би нэг залууг нь барихад миний өөдөөс өшиглөхөөр нь би гарыг нь өчөөд гуталных нь үдээсийг тайлаад гарыг нь уяад харуулын албаны даргад мэдэгдэхэд цагдаа дуудсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэр хоёр залуу шар өнгийн, урт төмөр тастдаг хайч аваад явж байсан бөгөөд тэр хайчаар дугуйг гинжилсэн байсан гинжийг тастаж авсан байсан...” /хх 21/ гэх,

шүүгдэгч О.М-ын    яллагдагчаар мэдүүлсэн “...Надад мөнгөний хэрэг гарсан байсан учир ийм зүйл хийх болсон. Хулгай хийх санааг би гаргасан. Тэгээд унадаг дугуй хулгайлахаар болж тастагч багаж худалдаж авсан байсан юм...” /хх 33-34/ гэх,

шүүгдэгч А.Т  гийн “...Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр О.М “мөнгө хэрэгтэй болчихлоо, хоёулаа унадаг дугуй цуг хулгайлж авъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрч, тэр өдөр О.Мөнхбаттай цуг явж унадаг дугуй хулгайлсан. ...М  тухайн дугуйны түгжээг нь тастагч багажаар тасалсан. ...Бид хоёрын хулгайлсан унадаг дугуйнуудыг “Энканто” хотхоны харуулууд нь авч үлдсэн. Тэгээд бид хоёрыг цагдаа дуудаж өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Т  , О.М нарыг “бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх А.Т  , О.М нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч А.Т  гийн өмгөөлөгч А.Нацагдорж “...Хохирогч Э.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж, үйлдсэн үйлдлээ үнэн зөв мэдүүлж ирсэн. Бусдад учирсан хор уршиг шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, шүүгдэгч О.М-ын    өмгөөлөгч А.Мөнхсайхан “...таслагчийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэхгүй тул А.Т  , О.М нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэсэн хүндрүүлэх гэмт хэргийн шинжийг заасан.

 

Хулгайлах гэмт хэргийн объект нь “Өмчлөх эрх” бөгөөд А.Т  , О.М нар нь бусдын унадаг дугуйг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа тус дугуйнуудыг өөрийн мэдэлд авахад саад болж буй цоожийг төмөр тастах зориулалт бүхий таслагчаар таслан авч явжээ. Иймд тэдний хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус гэмт хэргийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч А.Т  , О.М нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” заалтыг хэрэглэн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын хэмжээг багасган 1 жилийн хорих ял оногдуулсан байх ба үүнээс өөрөөр шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т  гийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч О.М-ын    өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/885 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т  гийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч О.М-ын    өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ