Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0390

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0390

Улаанбаатар хот

 “РНК” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М;

 

Гомдол гаргагч: “РНК” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татварын төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Ц.Б, О.Б нар;

 

Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Ц.Б, О.Б нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0068970 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийдвэртэй,

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Х.А,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.С,

Хариуцагч Ч.Байгалмаа, Ц.Б, О.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Я.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0385/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “РНК” ХХК нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татварын төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Ц.Б, О.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Ц.Б, О.Б нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0068970 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 7.3, Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлийн 41.12.3-д тус тус заасныг баримтлан “РНК” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:

 

3.1. Нотлох баримтад үндэслээгүй шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 7-д “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 3.8-д “... хариуцагч нар “РНК” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлтийг өмнө нь шалгагдаж тогтоосон зөрчил болон шалгалтад хамрагдаагүй хугацааны зөрчлийг нэг бүрчлэн нягтлан шалгаж” гэж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолд “Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг дүгнэх” талаар тус тус дурдсан байх тул дээрх нөхцөл байдлыг тогтооход хариуцагч нарын шаардсан 2012-2016 оны баримтууд зайлшгүй шаардлагатай гэж үзэхээр байна.

8-д “Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг нэг мөр, хөтөлбөргүй баталгаажуулахад дээрх онуудын баримт шаардлагатай, уг үндэслэлээр хариуцагч нарын шаардлага хуульд нийцжээ” гэж үндэслэж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ дурдаад байгаа нотлох баримтуудаа үнэн зөв үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 3.8-ыг үнэлэхдээ үндэслэх хэсгийн 3.1-3.7 дахь хэсэгтэй болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтэй харьцуулж бүхэлд нь, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн ам барьж, тал засаж шийдсэн. Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолын үндэслэх хэсгээс иш татаж үнэлэхдээ дутуу хуулж, утгыг алдагдуулж, үнэн зөв үнэлээгүйд гомдолтой байна.

 

3.2. Татварын улсын байцаагчид хууль тогтоомжоо биелүүлдэггүй, шүүх мөн зөрчиж шийдвэрлэсэн тухайд: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ... хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 76 дугаар зүйлийн 76.6-д “Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах бөгөөд татварын алба энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй”, 76.7-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж тус тус хуульчилсан. Татварын ерөнхий хуульд нийцүүлэн Татварын ерөнхий газрын даргын баталсан Татварын хяналт хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.10-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг албан татвар суутган төлөгч эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш дараагийн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийнэ” гэж заасныг тус тус зөрчиж өмнө нь шалгалт хийгдэж тогтоогдсон хугацааны буюу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор тогтоогдсон хугацааны хяналт шалгалтыг дахин явуулахаар баримт шаардсан.

 

3.3. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тухайд: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг татварын улсын байцаагчид зөрчиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ч мөн зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрт Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоол хүчинтэй байгаа, дахин татвар ногдуулсан нь буруу, 2012-2016 оноос бусад онуудыг шалгах эрх нь татварын улсын байцаагч нарт байгаа гэж тус тус үндэслэж түдгэлзүүлэх шийдвэрээ гаргасан. Энэхүү шийдвэрийг татварын улсын байцаагчид биелүүлэх үүрэгтэй бөгөөд 2017-2018 онуудыг шалгах ёстой байтал хүчин төгөлдөр болсон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолд хамаарах 2012-2016 онуудыг шалгаж, улмаар дээрх шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчиж байна. Татварын улсын байцаагчдыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй акт гаргасан талаарх гомдлыг гаргахад Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тухайн актыг хэвээр үлдээж шийдвэрлээгүй буюу харин ч “шүүхийн шийдвэрийг биелүүл” гэж буцаасан.

Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагчид нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, хуулиа биелүүлдэггүй талаарх гомдол, тайлбар гаргасны төлөө манай компанийг 4 сая төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нь энэ байдлыг зөвтгөж татварын улсын байцаагч нарын шаардсан баримтууд нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаад гомдолтой байна.

 

3.4. Иж бүрэн шалгалт биш хэсэгчилсэн буюу НӨАТ-ын хуулийн биелэлттэй холбогдсон шалгалт болох талаар: Манай компанийн зүгээс татварын улсын байцаагчдын гаргуулахаар шаардсан 2012-2016 онуудад хамаарах бүх баримтуудыг гаргаж өгөх үүрэггүй боловч НӨАТ-ын хяналт шалгалт тул НӨАТ-ын тухай хуулийн дагуу холбогдох баримтуудыг бүхэлд нь гаргаж өгсөн бөгөөд татварын улсын байцаагч Ц.Б-д мэйлээр 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2012-2016, 2017, 2018 онуудад хамаарах НӨАТ-ын худалдан авалтын жагсаалт /excel файлаар/, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2010-2018 оны гаалийн баримт /excel файлаар/, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2010 он, 2011 оны санхүүгийн баримтууд /excel файлаар/-г тус тус хүргүүлсэн байдаг. Харин татварын улсын байцаагчид НӨАТ-ын хяналт шалгалтаас хэтэрч иж бүрэн шалгалт шиг баримт шаардаж байгаад гомдолтой байдаг.

 

3.5. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

  1. Маргаан бүхий үйл баримтын талаар:

 

1.1.Гомдол гаргагч “РНК” ХХК-аас “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татварын төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Ц.Б, О.Б нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0068970 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж, уг гомдлын шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоол болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 179 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул 2012-2016 оны санхүүгийн баримтыг шаардах эрхгүй юм” гэж тайлбарлажээ.

 

1.2. Харин хариуцагч нараас “...шийтгэлийн хуудасны зүйлчлэлийн талаар тодруулахад, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.11-д татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад хамрагдаж буй нөхцөлд тус хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг татварын албаны шаардсаны дагуу татварын албанд тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй ... гэтэл гомдол гаргагч ... 2012-2016 оны баримтыг гаргаж өгөх боломжгүй татгалзаж байна гэдэг хариу шийдвэр өгч шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, ...шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Хууль хэрэглээний талаар:

 

2.1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй:”, 41.10.3-т “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах.” гэж Татварын албаны хяналт шалгалтын үед хэрэгжүүлэх эрхийг хуульчилж өгсөн байна.

 

2.2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахаар томилогдсон татварын улсын байцаагчид дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шалгуулагч татвар төлөгч “РНК” ХХК-аас 2012-2016 оны санхүүгийн баримт гаргаж өгөх хүсэлтийг Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу 2024 оны 03 дугаар сарын 18, мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шаардаж, 04 дүгээр сарын 29-ний өдөр ярилцлагын тэмдэглэлээр татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн баримтуудыг шаардсан болох нь тогтоогдож байна.

 

2.3. Татварын ерөнхий хуулийн 41.12-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна:”, 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах.” гэж зааснаар татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу гаргаж өгөх үүрэгтэй.

 

2.4. Гэтэл гомдол гаргагч, татвар төлөгч “РНК” ХХК нь татварын улсын байцаагч нар хяналт шалгалттай холбогдуулан 2012-2016 оны санхүүгийн болон бусад баримт гаргаж өгөх хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, шаардсан холбогдох материалыг гаргаж өгөхөөс татгалзсан үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасныг зөрчсөн байна.

 

2.5. Гомдол гаргагчаас санхүүгийн баримт материал гаргаж өгөхөөс татгалзсан үндэслэлээ зөвтгөн тайлбарлаж байгаа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 007 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 179 дүгээр шийдвэрт “санхүүгийн баримт материал гаргаж өгөхөөс татгалзахыг зөвшөөрсөн, баримт материал шаардахыг хориглосон шийдвэр тусгагдаагүй” байх бөгөөд татвар төлөгч нь татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Манай компанийн зүгээс татварын улсын байцаагчдын гаргуулахаар шаардсан 2012-2016 онуудад хамаарах бүх баримтуудыг гаргаж өгөх үүрэггүй боловч НӨАТ-ын хяналт шалгалт тул НӨАТ-ын тухай хуулийн дагуу холбогдох баримтуудыг бүхэлд нь гаргаж өгсөн ... Харин татварын улсын байцаагчид НӨАТ-ын хяналт шалгалтаас хэтэрч иж бүрэн шалгалт шиг баримт шаардсан” гэх гомдол үндэслэлгүй.

 

2.6. Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэвэл, “РНК” ХХК-нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл. “Татварын хууль зөрчих.”, мөн зүйлийн 7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул “татварын хяналт шалгалтын явцад баримт бичгийг хүсэлтээр удаа дараа шаардсан 2012-2016 оны баримт материалыг гаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр тус хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 сая төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэсэн 0068970 дугаар шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

2.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэж байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА