Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/831

 

2022           08          22                                 2022/ШЦТ/831


 

                           

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нт холбогдох эрүүгийн 2106042110537 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, инженер, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 896 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЗ/2641 дугаартай захирамжаар 700,000 төгрөгийн торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 500,000 төгрөгийн ялыг 33 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 912 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1013 дугаартай захирамжаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон;

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 143 хоногийг эдэлж, шагналын 20 хоног авч, 202 хоногийн үлдэгдэлтэй байгаа гэх, хэрэг хариуцах чадвартай, Н /РД:

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч М.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.О эзэмшлийн “Делл”, “Асус” загварын 2 ширхэг 2,058,350 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютеруудыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан;

 

Мөн олон нийтийн сүлжээ болох фейсбүүк орчинд өөрийн “Naraa nj” хаягаар дамжуулан “нөүтбүүк түр хэрэглүүлэх хүн байна уу” гэх утга бүхий зар байршуулж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч О.Дийн өмчлөлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий /Dell/ Делл загварын компьютер, хар өнгийн компьютерын цүнх зэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авч хохирогч нарт нийт 2,858,350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2106042110537 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Эрдэнэзаяа:

-Хохирогч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 10 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгч Ж.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 13 дугаар тал);

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгчээс эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 20-21, 26 дугаар тал);

-Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар тал);

-Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 100-103 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 105-108 дугаар тал)

-Гэрч М.Иийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 109-111 дүгээр тал);

-Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 115-117 дугаар тал);

-“Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-319/41 дугаартай хөрөнгийн тайланг (1 дэх хавтаст хэргийн 136-139 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн:

-Иргэний нэхэмжлэгчээс эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 20-21, 26 дугаар тал);

-Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 84-87 дугаар тал);

-Гэрч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 233 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн.

 

Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд “миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлнө, дахин хэзээ ч ийм гэмт хэрэгт холбогдохгүй, засарч хүмүүжих болно, ээжтэйгээ хамт ажил хийж байгаа, ажил хөдөлмөр хийж үнэн шударгаар амьдрах тул шүүхээс надад эцсийн боломжийг олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэх мэдүүлгийг гаргаж хэргийн материалаас нотлох баримт уншиж судлуулаагүй болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.О эзэмшлийн “Делл”, “Асус” загварын 2 ширхэг 2,058,350 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютеруудыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан;

мөн олон нийтийн сүлжээ болох фейсбүүк орчинд өөрийн “Naraa nj” хаягаар дамжуулан “нөүтбүүк түр хэрэглүүлэх хүн байна уу” гэх утга бүхий зар байршуулж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч О.Дийн өмчлөлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий /Dell/ Делл загварын компьютер, хар өнгийн компьютерын цүнх зэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч О.Дийн “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Их засаг” Их сургуулийн автобусны буудал дээр байх үед фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулсан Б.О гэсэн хаягаас “Хувьдаа нөүтбүүктэй хүн байвал 3 өдрийн ажил байна шүү” гэх зарын дагуу чат бичсэн. Тэгсэн уг хүн “уул уурхайн компанид ажилладаг, тусдаа программ дээр ажилладаг байх хэрэгтэй” гэхээр нь би “тусгай программыг нь сайн ажиллаж мэдэхгүй” гэж хэлэхэд уг хүн намайг “нөүтбүүкээ 3 хоног хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь би итгээд ШУТИС-ийн /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр сургуулийн автобусны буудлын орчимд/ төв байрны гадна уулзаж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дугаар тал);

-Гэрч Ж.Уын “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр МянГын Н нь барьцаанд /Dell/ Делл зөөврийн компьютер, Acer маркийн зөөврийн компьютер барьцаанд 650,000 төгрөгөөр тавьсан. Уг хүн компьютеруудыг барьцаанд тавихдаа нэг нь эхнэрийнх, нэг нь дүүгийнх гэж хэлж байсан. Уг хүний барьцаанд тавьсан зээлийн гэрээ нь байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгчээс эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “Иргэний нэхэмжлэгч Ж.Уаас Dell маркийн болон Aser маркийн компьютеруудыг хураан авч, хохирогч О.Д, гэрч Б.О нарт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 20-21, 26 дугаар тал);

-Гэрч Б.Оын “...одоо уг хүнээс зөөврийн компьютероо буцааж авсан тул цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар тал);

-Хохирогч А.О “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байхад миний “Алимаа О” гэсэн фейсбүүк хаяг руу “М.МИГГГ” гэсэн фейсбүүк хаягаас М.Н гэдэг найз маань зурвас бичээд “2-3 хоногийн хугацаатай түрээслэх нөүтбүүк байна уу” гэж надаас асуухаар нь “Гын нөүтбүүк байж магадгүй, би асуугаад өгье” гэж хэлээд Гаас асуухад “байна” гэхээр нь Гын ...гэрээс нь нөүтбүүкийг нь аваад “чиний гуйсан нөүтбүүкийг аваад ирсэн байна” гэхэд М.Н “чи СиЮү-гийн урд хүлээж бай” гэж хэлээд 5-10 минутын дараа М.Н ирээд “нөүтбүүкээ өгчих, би нэг нөүтбүүкээс HTMI холболтоор нөгөө нөүтбүүкээсээ юмнуудаа хуулаадахъя, чи 15-20 минут хүлээчих” гэж хэлэхээр нь би Прадоксийн автобусны буудал дээр байх хоолны газар ороод хоол идээд 20 орчим минут хүлээгээд байж байхад М.Н ирээд “бүх юм болчихлоо, хуулаад дуусчихлаа” гэхээр нь “чи хүний нөүтбүүкийг хурдан өгөөрэй” гэж хэлэхэд “за” гэж хэлээд бид 2 салаад явсан. ...Тэгээд Нт өгсөн нөүтбүүкийг буцааж авах талаар асуухад “надад нөүтбүүкийн эзнийх нь дугаарыг өгчих, би ойлгуулаад хэлчихье” гэхээр нь би Гын хаягийг өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байх үед Н над руу фэйсбүүк хаягаар зурвас бичээд “манай дүү надад нэг ажил олж өгсөн, ...хяналтын камерын холболт сүлжээг нь тавьж өгөх юм, чи надад дахиад нөүтбүүк олж өгч чадах уу” гэж хэлэхээр нь “би асууя” гэж хэлээд байж байтал надаас дахиад нэхээд байхаар нь би өөрийнхөө Делл брендийн I5-тай 4-р үеийн нөүтбүүкээ өгсөн. ...Тэр явдлаас 2 хоногийн дараанаас өгсөн нөүтбүүкээ фейсбүүкээр зурвас бичиж нэхэхэд “надад байгаа, би маргааш нөгөөдрөөс өгье, тэдэн цагт тэнд уулзъя” гэж хэлээд тухайн хэлсэн газраа өөрөө очихгүй худлаа ярьж намайг залилсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-103 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгч Ө.Гын “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед би гэртээ үеэл ах М.Итой хамт байж байх үед Иийн гар утас руу О залгаад “программ бичих гэсэн юм, нөүтбүүк байвал өгөөч” гэтэл ах И “дувол байна авах уу” гэж хэлтэл О цаанаас нь “үзүүлэлт нь хүрэхгүй” гэж хэлтэл И ах “дүү Гаас асууя” гэж хэлээд надаас асуухаар нь би “одоохондоо юм хийгээгүй” гээд 2-3 хоног хэрэглэхийг зөвшөөрөөд ...өгсөн. Тэгээд би нөүтбүүкээ Оюундариас нөүтбүүкээ нэхтэл “чиний нөүтбүүкийг Н гэдэг хүнд өгсөн, тэр хүнээс аваарай” гэхээр нь би Нын 95050811 гэсэн rap утасны дугаар болон “М.МИГГГ” гэсэн фейсбүүк хаягийг нь аваад холбогдоход ...янз бүрийн шалтгаан хэлээд одоо болтол буцааж өгөөгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105-108 дугаар тал);

-Гэрч М.Иийн “..2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гтай хамт байж байхад миний Мандахчулуу И гэсэн фейсбүүк хаяг руу О гэсэн хаягаас “нөүтбүүк олоод өг” гэсэн зурвас бичихээр нь Ө.Гаас “айЗ-аас дээш үзүүлэлттэй нөүтбүүк байна уу” гэж утсаар ярьж байх үедээ асуутал Г “байгаа” гэж хэлснийг О сонсчхоод надаас нэхээд байхаар нь Од аваад өгсөн. Нэг хоног ашиглаад өгье гэж хэлж авсан, Гт О 50,000 төгрөг өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-111 дүгээр тал);

-Гэрч Б.Сын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Бам Бам” ломбардад ажиллаж байсан. Тухайн өдөр олон хүн нөүтбүүк, өөр эд зүйл бэлэн мөнгөний барьцаанд тавьсан болохоор санахгүй байна” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-117 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч М.Н нь хохирогч О.Д, А.О нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд улсын яллагчаас дээрх зүйлийг журамлаж, хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь тохирчээ.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч нь хохирогч О.Дийн хохирлыг нөхөн төлсөн буюу /Dell/ Делл загварын нөүтбүүкийг биет байдлаар буцаан өгсөн болох нь (1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр тал) тогтоогдсон болно. Мөн гэрч Б.О анхнаасаа гэмт хэргийн талаар гомдол гаргаагүй, хохирогчоор тогтоогдоогүй боловч шүүгдэгчид өгсөн нөүтбүүкээ биет байдлаар буцаан авсан, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй гэж мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар тал) байна.

 

Харин хохирогч А.Оюундэлгэрт 887,950 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ө.Гт 1,170,400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Уд 650,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүхээс дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч М.Н хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсаны дараа шүүгдэгчээс дээрх нэр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж, хохирол төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх тул хохирол, уршгийг арилгасан гэж дүгнэлээ.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар, 11 хоногийн хугацаагаар тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт тавиад буцааж авах хугацаа нь дуусаагүй байхад цагдаагаас хурааж авсан нөхцөл байдал байдаг, хугацаандаа нөүтбүүкээ авч буцааж өгөх байсан, мөн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа, гэмт зан үйлээ засаж цаашид цахим тоглоомоос татгалзсан, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн, ээж нь хүүдээ анхаарал халамж тавьж хамтдаа нэг газарт ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Ийнхүү эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Тодруулбал, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг шүүгдэгч М.Н 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар эдэлж байгаа бөгөөд үлдэгдэл ялыг тооцоход 11 хоног болно. Энэ талаар улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй. 

Шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бан бан” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгтнаар шүүгдэгч М.Ныг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бан бан” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     



 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН