Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/832

 

 

 

 

 

2022           08              22                             2022/ШЦТ/832

 

 

 

                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Бд холбогдох эрүүгийн 2202000001242 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б /РД: ........./.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоотын орчим хохирогч Б.Ггийн жолоодож явсан Ё.Пгийн эзэмшлийн Хово самосмол маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилний зүүн доод булан руу чулуу шидэж устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001242 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...24 дугаарын айлын хажуугаар өнгөрөх үед хашаан дотроос 50-60 орчим насны эрэгтэй хүн гартаа ойролцоогоор 15 орчим диаметртэй чулуу барьж зогсож байгаад намайг хашааных нь харалдаа ойртох үед тэр хүн гартаа барьж байсан чулуугаа миний машины салхины шил рүү шидэж оноод салхины шилний зүүн доод буланг онож хагалсан. Тэгэхээр нь би машинаас буугаад “яагаад машин руу чулуу шидэж байгаа юм бэ, шил хагалаад хаячихлаа” гээд буусан чинь “чи наад гудамжаараа явж болохгүй, хуцаад байгаа новш вэ, хохь чинь, зайл цаашаа” гээд архи үнэртүүлчихсэн согтуу хүн өөдөөс уурлаад байхаар нь гэрээс нь “өөр хүн байна уу” гэж орилоход эхнэр нь бололтой хүн гарч ирээд “наадахыг чинь төлж чадахгүй, чи зүгээр зайл” гэж хөөхөөр нь би цагдаад хандсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайланг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгслийн урд салхины шилний зүүн доод буланд 250 см урттай, 93 см өргөнтэй байх ба уг салхины шилний зүүн доод булангаас бүх тал руу 20 см урттай хагарлууд үүссэн байх ба зүүн доод булангаас баруун тийш хэсэгт дээрээс доош 90 см зайд 0.3 мм хэмжээтэй хагарсан, уг хагарал нь зүүн, баруун тийшээ цууралт өгч зураас татсан, цууралтын уртыг хэмжихэд 102 см урттай байх ба цууралт өгсөн газрыг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-41 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Р.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамж 24 тоотын орчим хохирогч Б.Ггийн жолоодож явсан Ё.Пгийн эзэмшлийн Хово самосмол маркийн 10-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилний зүүн доод булан руу чулуу шидэж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ггийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал), “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-41 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй дахин сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэдэгт эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Р.Б нь хохирогчийн барьж явсан машины салхины шил рүү чулуу шидэж хагалж бусдын эд хөрөнгийг устгасан байна.

 

Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал)-гаас үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 350,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.

 

Тиймээс прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр /150,000 төгрөг/ төлж барагдуулсан, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн (хавтаст хэргийн 47, 51 дүгээр тал) байх тул хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч  Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналыг, шүүгдэгч “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бол, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Р. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН