Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0431/Э/ |
Дугаар | 2022/ШЦТ/656 |
Огноо | 2022-06-20 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/656
2022 06 20 2022/ШЦТ/656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Д.Даваадорж,
Хохирогч: П.Г, түүний өмгөөлөгч А.Ганбат,
Шинжээч: Н.Э,
Шүүгдэгч: А.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ю.Сэвлэгмаа нар оролцсон эрүүгийн 2109017260380 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Э
1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Н” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар .........оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын зусланд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч П.Гтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохих, төмсөг рүү өшиглөх зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун төмсөгний няцрал, хуухагны цус хуралт...” гэмтэл учирч төмсөгний няцрал гэмтлийн улмаас баруун төмсгөө авхуулсан мэс засал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б гэдэг тэтгэвэрт гарсан ахынд ирсэн. Унтаж байхад намайг дээрээс ирж цохьсон. Маргалдсан зүйл байхгүй. Унтаж байхад Б-гийн жолооч хаана байна гэж орилсон. Тэгээд өндийх гэхэд босож ирээд шууд толгой дээр дээрээс нүдээд босоод татаад авсан. Тэгээд намайг цохьдог нь яаж байгаа вэ? гэхэд намайг ирж цохьсон. Эргэж харангуутаа намайг төмсөг рүү өшиглөсөн. Тэгээд хоёулаа барилдаж аваад хаалгаар нь гарангуутаа хоёулаа давхаралдаж үүдэн дээр нь ойчсон. Тэгээд шээх гээд байгаа юм шиг сонин оргиод болдоггүй, 00-ийн өрөө нь хаана байгаа гэхэд Мэга гэдэг жолооч дагуулж яваад тэгээд 00-ийн өрөөнд ороод харахад төмсөг хавтсан байсан. Эмчилгээний зардал буюу Солонгос явж эмчилгээ хийлгэх тул 20.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байна. Бодитоор гарсан зардал байхгүй. Үр шилжүүлэн суулгах хагалгаанд орно. 2 эмчид үзүүлсэн...” гэв.
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 09.00 цагт Эрдэнэбилэг ахынд хүйтэн байхаар нь цаашаа Жавхаа ахын хамаатны газар болох амралтын газар очсон. Тэгээд тамхи татах гэж гартал Г гадаа Лтэй барилдаж байсан. Тухайн барилдаж байгаа талбай нь том чулуутай, хадтай газар байсан. Тэнд барилдаж байхад нь нэг нэгэндээ гэмтэл учруулчих вий гэж бодоод салгасан. Тэгээд Л “чи яасан том юм бэ?” гэж хэлээд агсраад байсан. Том даргын жолооч, жижиг даргын жолооч гэж маргалдсан. Лтэй маргалдсан. Гадаа барилдаж байхад нь салгасан. Тэгээд орж ирээд байж байтал Г над руу агсраад байсан ба хойш нь түлхэхэд цохихоор нь эргүүлж цохиж түлхсэн...” гэв.
Шинжээч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогчийн биед шинжилгээ хийх үед шинжилгээгээр нэг төмсгөө авхуулсан, үр тогтоох чадвар буурсан байсан. Үүнийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үзнэ. Уг гэмтлийг үр тогтоох чадвартай эсэхээс үл хамаараад хүнд гэмтэл гэж үзнэ...” гэв.
Эрүүгийн 2109017260380 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6 дугаар хуудас/,
Хохирогч П.Гийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-н 18 дугаар хуудас/,
Хохирогч П.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 10, 16-17, 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 24-26 дугаар хуудас/,
Гэрч И.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-
н 31-32 дугаар хуудас/,
Гэрч Э.Чы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 34-35 дугаар хуудас/,
Гэрч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 40-41 дүгээр хуудас/,
Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 46-47 дугаар хуудас/,
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 49-50 дугаар хуудас/,
Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 61-62 дугаар хуудас/,
Гэрч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 64-65 дугаар хуудас/,
Шинжээч эмч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 114-115 дугаар хуудас/,
Яллагдагч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 123-124, 158-159 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11131 дугаартай дүгнэлт /хх-н 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн №181 дугаартай дүгнэлт /хх-н 72-76 дугаар хуудас/,
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн оношилгооны баримт, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт /хх-н 83-106 дугаар хуудас/,
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 109-110 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 128, 145 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 151 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 127, 144 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 146 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 147 дугаар хуудас/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-н 148 дугаар хуудас/, хохирогчийн шинжилгээний хариу, эмчилгээний баримт /хх-н 149-150 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын зуслангийн байшинд өндөр насны тэтгэвэрт гарсан нэгнийгээ үдэх үдэлтийн арга хэмжээний үеэр шүүгдэгч А.Э, хохирогч П.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо согтуурхаж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч А.Э нь хохирогч П.Гийн нүүрэн тус газарт цохих, төмсөг рүү нь өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун төмсөгний няцрал, хуухагны цус хуралт...” гэмтэл учирч төмсөгний няцрал гэмтлийн улмаас баруун төмсгөө авхуулсан мэс засал, үлдэц, уршигт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч П.Гийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт,
Хохирогч П.Гийн “...Манай ажлын хамт олон тэтгэвэрт гарсан нэгнийгээ үдэх гээд арга хэмжээ зохион байгуулаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын аманд байрлах Жавхаагийн лагерьт очсон. Тэгээд хонь боож, цайлаад, ууж эхэлсэн юм. Ууж байхад Л намайг дуудаад “би жижиг захирлын тогооч, чи том захирлын жолооч, хоёулаа зодолдъё” гэж хэлээд дуудахаар нь би түүн дээр очоогүй. ...Тэгээд унтаад нэг сэрсэн чинь Э гэх эрэгтэй миний нүүр рүү цохиод, дахин толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би өндийгөөд босож ирэхэд хүмүүс салгасан ба салгаж байх хооронд Э нь миний төмсөг рүү өшиглөсөн юм. Тэгээд дахиад хүмүүс намайг салгасан. Тэгтэл миний шээс хүрээд байгаа юм шиг сонин болоод байхаар нь “00” ороход миний төмсөг хавдсан байсан. Тэгээд би түүн рүү “чи миний төмсөг рүү өшиглөөд хавдчихлаа” гэж хэлэхэд тэрээр юм хэлээгүй ба би “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэхэд тэрээр “танай захирал намайг ажилд оруулсан юм, би танай захиралд муу, тийм учраас би чамайг зодож байгаа юм” гэж хэлсэн. Уг асуудлаар тухайн өдрөө цагдаад хандаад “гомдол, саналгүй” гэж хэлээд эмнэлэгт очоод үзүүлэхэд миний баруун төмсөг бяцарсан байна гэхэд нь 3 дугаар эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Миний төмсгийг эмчлэх арга байхгүй, авахуул гээд би төмсгөө авхуулсан. ...Миний биед зүүн нүд хавдсан, толгой хэсэгтээ өвчтэй, баруун төмсгөө авхуулж хагалгаа хийлгэсэн байдалтай байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Хын “...Тухайн үед Э, Г нарын дуу нилээн өндөрсөөд хэрэлдэж байсан. Би “та нар болиоч дээ, мах гарч байна” гэж хэлэхэд нэг нь “чи цаашаа байж бай, бид нар өөрсдөө мэдэж байна” гэж хэлсэн. Би хөзөр тоглож байсан хүмүүст дахин нэг хундага архи хийж өгөөд ирэхэд Г ах орон дээр Б ахтай сууж байхдаа Этай хэрүүл хийж байсан. Тэгтэл Э нь Г ахын зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед би Э ахыг салгаж холдуулсан. Батаа ах нэлээн согтоод биеэ авч явах чадваргүй байсан. Г ах Э ахад цохиулаад орон дээр цаашаа хараад хэвтсэн. Хажуугаар нь Б ах хэвтсэн. Тэгээд хорхогны мах гараад хоолоо идсэн. Г ах хоол идэхгүй цаашаа хараад унтаад байсан. Махаа идээд тэндээсээ шууд харихаар болоод хоёр машинд хуваагдаж суугаад Баянбүрд дээр очсон. Баянбүрд дээр ирээд нэг шил архи аваад, улмаар тойруулж уугаад гэр гэрт нь хүргэж өгөхөөр болоод суухад Г ах “Старикс” маркийн машины урд талд сууж байхаар нь би хажууд нь суух гээд “цаашаа суу” гэж хэлэхэд тэрээр “миний төмсөг болохгүй байна, ахын дүү хар даа” гэхээр нь би машин дотор Г ахын бэлэг эрхтэнг харахад нилээн том аймаар хавдчихсан байсан. Г ах хэлэхдээ “Э намайг өшиглөсөн” гэж хэлэхээр нь би “Э мөн юм уу” гэж асуухад тэрээр “Э мөн, намайг хэвтэж байхад өшиглөсөн” гэж хэлсэн. Зуслангийн газраас хөдлөх гэж байхад Г ах орноос босож чадахгүй, мөн явж чадахгүй зөөлөн, зөөлөн гишгээд явж байхаар би “та яасан юм бэ гэж асуухад тэрээр “ах нь явж чадахгүй байна, төмсөг хавдчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Т-н “...Тэгээд бид нар Баянбүрдийн тойрог дээр очоод машинаасаа буугаад хэн хэнийг, хаана хүргэх талаар ярьж байхад Г урд талаас бууж ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн, явж чадахгүй, өмднийх нь урд тал нь норчихсон байхаар нь би “яасан юм бэ, шээчихсэн юм уу” гэж асуухад Г “Э намайг цохиж өшиглөсөн, би өөрөө Э.Х-д бэлэг эрхтнээ харуулсан, хавдаад өвдөөд байна, шээх гээд байсан боловч өөрийн мэдэлгүй шээсэн юм шиг байна, хэдий согтсон ч гэсэн хэнд зодуулсан талаар санаж байна” гэж өөрөө хэлсэн. Ер нь бол машинд явж байхад Г нь “миний төмсөг өвдөөд байна, хавдаад байна” гэж байн байн хэлээд байсан. ...Г надад хэлэхдээ “Э гэх хүнд зодуулсан” гэж хэлсэн. ...Машинд явж байхад Г нь “миний төмсөг, бэлэг эрхтэн өвдөөд байна, хавдсан юм шиг байна” гэж хэлээд байсан. Гийг явж чадахгүй, суухад нь өвдөөд байна гэснийг бодоход хамгийн урд талд суулгасан юм шиг байсан. ...Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг өдсөн, хор шар малтсан хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Б-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкинд жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Б ахыг гаргаж өгч, бэлэг сэлт өгөх зорилгоор тус банкинд ажилладаг жолооч нар нийлээд өдрийн цагаар салхинд гарсан. ...Намайг нэг харахад Г нь байшин дотор орон дээр цаашаагаа хараад хэвтэж байсан. Тухайн үед бид нар түүнийг тасраад унтсан байна гэж ярилцаад гарсан. Тэгээд бид нарын арга хэмжээ 18-19 цагийн орчимд дуусаад 2 машинд хуваагдаж суух үед хальт харахад Гийн нүд нь хөхөрч хавдсан байсан ба зүгээр алхаж гишгээд явж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Чы “....Арга хэмжээ дуусах үед Гийн зүүн талын нүд хөхөрсөн байхаар нь би яг хэн гэдэг хүнээс нь асууснаа санахгүй байна, “энэ хүн нүдээ яасан юм бэ” гэж асуухад “Э, Г хоёр жоохон маргалдсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Лгийн “...Би архи ууж байхдаа Гтой жоохон маргалдаад тэгээд бид хоёр хоорондоо 3 удаа бөх барилдсан бөгөөд би 3 удаа түүнийг давсан. Тэгээд бид хоорондоо эвлэрээд дахиж маргаж, муудалцаагүй. Бөх барилдаад дуусах үед Г надад бэртсэн, гэмтсэн гэж ямар нэгэн юм хэлээгүй. ...Намайг Эынд очиж хоноход тэрээр надад хэлэхдээ “Г намайг эхэлж цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохисон, тэрнээс өөр юм болоогүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Э-н “...Сүүлд явахын үед Гийн нүд нь хавдсан байхыг хараад “та нар нэгнийгээ яагаад ийм болгочихвоо” гэж хэлээд машинд суугаад харьсан. Маргааш нь би Тод-Учралаас “Гийн төмсөг нь хагарсан байна” гэдгийг сонсоод “юу болсон” талаар асуухад тэрээр “Г өөрөө хэлэхдээ Эыг өшиглөсөн гэж хэлсэн” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Мийн “....Тэр үед Г нь Эын нэрийг чангаар дуудаж хашгираад “чи Төрийн банкны цалинг голоод явсан” гээд орилоод байсан. Тухайн үед Э нь Гийн хэлээд байсан үгийг тоохгүй байсан. Э гадаа гарч тамхи татаад буцаад орж ирэхэд Г түүнийг өөр рүүгээ татаж ойртуулаад “чи Төрийн банкны цалинг голоод явсан” гэж хэлээд үглээд байхаар нь Э нь “чи одоо жоохон унтчих” гэж хэлээд хойш нь ор руу түлхэж хэвтүүлэхэд Г нь Эын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Э зөрүүлээд Гийн нүүр рүү гараараа нэг удаа цохих үед дотор байсан хүмүүс тэр хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Лгийн “...Гадаа байсан хүмүүс орж ирээд дуулж хуурдаад архиа уугаад сууж байхад Г Э руу агсраад байсан ба Л, Мягмарсайхан эд нар Гийг жаахан унтаадах гээд орон дээр хэвтүүлээд байсан. Г босож ирээд Этай зууралдаад бие биенээ боогоод байсан. Тэгтэл дундуур нь Л, Ч, М нар очиж салгаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Г-ын “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г гэх хүн над руу залгаад “ахынх нь төмсөг няцарсан байна, эмнэлгээр явж байна” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “та гомдол, саналгүй гээд байсан болохоор нь уг материалыг татгалзсан шүү дээ, та одоо 20 дугаар хороо дээр хүрээд ир” гэж хэлээд дуудсан. Тухайн үед Г ганцаараа өрөөнд маань орж ирэхэд түүний зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан ба би түүнээс “та хүнд цохиулаад төмсөг чинь няцарсан байхад яагаад гомдол, саналгүй гэж хэлсэн юм бэ” гэж асуухад тэрээр “тухайн үед гайгүй, надад мэдэгдэхгүй байсан болохоор гайгүй байх гэж бодож байсан юм” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
А.Эын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г орон дээр суучихсан над руу агсараад байсан. Намайг зогсож байхад Г орон дээр сууж байхдаа баруун гараараа зүүн талын эрүү рүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Гийн нүүр лүү нь нэг удаа цохиход тэнд байсан Х, М нар дундуур орж салгасан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11131 дугаартай “...1. П.Гийн биед баруун төмсөгний няцрал, баруун төмсөг авах мэс заслын дараах байдал /2021.11.13/, хуухнагны цус хуралт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар үлдэц, уршигт гэмтэл тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн №181 дугаартай “...1. П.Гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун төмсөгний няцрал, хуухнагны цус хуралт гэмтэл учирч баруун төмсөг авах мэс засалд оржээ, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ 1 удаагийн цохих, өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна, 3. Баруун төмсөгний няцрал гэмтлийн улмаас баруун төмсгийг мэс заслаар авахуулсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Мэс заслын шарх нь хүндрэлгүй анхдагчаар эдгэрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байх ба дунджаар 10-14 хоног байдаг...” гэсэн дүгнэлт,
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн оношилгооны баримт, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд нь агуулгын хувьд хоорондоо харилцан уялдаатай, шүүгдэгч А.Э нь хохирогч П.Гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримтыг бүрэн илэрхийлж, хангалттай хэмжээнд нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.
Ийнхүү А.Э нь хохирогчийн биед хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас П.Гийн биед хүнд хохирол санаатай учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүч хэрэглэн халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Эыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “..шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийг эд эрхтэнээс нь салгаж бие махбод, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн тул хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас “... хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нар шүүгдэгч нь хохирогчийг өшиглөсөн талаар мэдүүлдэггүй бөгөөд мөн хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуугаас “...хохирогчоос гэмтлийн улмаас үргүй болсон нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоолгохоор нэмэлт шинжээч томилуулах саналтай байна..” гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч П.Гийн “...унтаад нэг сэрсэн чинь Э гэх эрэгтэй миний нүүр рүү цохиод, дахин толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би өндийгөөд босож ирэхэд хүмүүс салгасан ба салгаж байх хооронд Э нь миний төмсөг рүү өшиглөсөн юм...тухайн асуудлаар цагдаад хандаад тухайн өдрөө гомдол, саналгүй гэж хэлсэн...” гэж, хэрэг явдал болох үед шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдаж бие биендээ хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоож салгахад оролцсон Э.Х, Ц.М болон бусад хүмүүсээс хохирогчийн төмсөг рүү нь өшиглөж гэмтээснийг хэрэг болсны дараа тухайн газраас явах үед мэдсэн байхаас гадна шүүгдэгчээс хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахдаа бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэхээр үйлдлээ тодорхой хугацааны туршид үргэлжлүүлсэн тарчлаах шинжтэй аливаа үйлдэл хийгээгүй тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос хуульд заасан үндэслэл журмын дагуу хэд хэдэн удаа мэдүүлэг авсан ба түүний мэдүүлэг нь гэрч Э.Хын “Г ах Э ахад цохиулаад орон дээр цаашаа хараад хэвтсэн. Г ах хоол идэхгүй цаашаа хараад унтаад байсан. Махаа идээд тэндээсээ шууд харихаар болоод хоёр машинд хуваагдаж суугаад Баянбүрд дээр очсон...Г ах “Старикс” маркийн машины урд талд сууж байхаар нь би хажууд нь суух гээд “цаашаа суу” гэж хэлэхэд тэрээр “миний төмсөг болохгүй байна, ахын дүү хар даа” гэхээр нь би машин дотор Г ахын бэлэг эрхтэнг харахад нилээн том аймаар хавдчихсан байсан. Г ах хэлэхдээ “Э намайг өшиглөсөн” гэж хэлэхээр нь би “Э мөн юм уу” гэж асуухад тэрээр “Э мөн...” гэж, гэрч С.Т-н “...бид нар Баянбүрдийн тойрог дээр очоод машинаасаа буугаад хэн хэнийг, хаана хүргэх талаар ярьж байхад Г урд талаас бууж ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн, явж чадахгүй, өмднийх нь урд тал нь норчихсон байхаар нь би “яасан юм бэ, шээчихсэн юм уу” гэж асуухад Г “Э намайг цохиж өшиглөсөн, би өөрөө Э.Хад бэлэг эрхтнээ харуулсан, хавдаад өвдөөд байна, шээх гээд байсан боловч өөрийн мэдэлгүй шээсэн юм шиг байна, хэдий согтсон ч гэсэн хэнд зодуулсан талаар санаж байна” гэж өөрөө хэлсэн. Ер нь бол машинд явж байхад Г нь “миний төмсөг өвдөөд байна, хавдаад байна” гэж байн байн хэлээд байсан...” гэж, гэрч Г.Э-н “...“Г өөрөө хэлэхдээ Эыг өшиглөсөн гэж хэлсэн” гэж надад хэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хэргийн үйл баримт агуулгын хувьд бүрэн нотлогдсон байх тул өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас “уг гэмтлийг хохирогчийг боссон эсвэл хэвтэж байх үед учруулсан талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэг
зөрүүтэй, гэрч нар хохирогчийг өшиглөснийг мэдүүлээгүй” гэх нөхцөл байдал нь хэргийн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч А.Э-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба түүний биед гэмтэл учрах үедээ Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар “нэг төмсөггүй болох үлдэц уршиг” үүссэн хүнд гэмтэл үүсч үр тогтоох чадвар нь буурсан болохыг шинжээчээс мэдүүлсэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...үргүй болсон гэсэн, үр шилжүүлэн суулгах зардал болох 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн ч энэ талаарх нотлох баримт хангалттай бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчоос гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч А.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Э нь оршин суух тодорхой хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Н” ХХК-нд цахилгаанчин ажилтай, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчын гаргасан хорих ялын санал бага байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Хэрэг болох үед шүүгдэгчээс түүний хууль бус үйлдлийг бусад этгээд таслан зогсоох арга хэмжээ авах үед тэрээр гэмт үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй буй хандлага, хохирогчийг хос эрхтэний нэгээс хагацуулж хор уршиг учруулсан болон хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, нөгөөтэйгүүр шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хохирогчид цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тэрээр тодорхой хэмжээний хөрөнгө, орлогын эх үүсвэртэй зэрэг нөхцөл байдлуудыг тус тус тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан ялын зорилгод нийцүүлэн шүүх шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж, тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулав.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохисгүй харьцсан, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Э-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-д 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Г-ийн 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дахин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН