Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/836

 

 

 

 

 

 

 

 

2022           08          23                                 2022/ШЦТ/836

 

                               

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өнгөт ургийн овогт Баярцэнгэлийн Бд холбогдох эрүүгийн 2209000001238 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар ..........тоотод хаягтай гэх, .......... байр, 08 тоотод оршин суудаг /яллах дүгнэлт дээрх хаяг/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б /РД:./. 

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Б” ХХК-ийн “С” нэртэй төслийн 16 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын ажлын цахилгаан холбоо, дохиоллын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа “Б” ХХК-ийн өмчлөлийн 48 метр босоо магистралын кабель утсыг мэдэхгүйгээр, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 864,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 723 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001238 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

 

-Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16-17, 21 дүгээр тал),

 

-“Арга Билэг эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 30-36 дугаар тал),

 

-Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 5 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Б” ХХК-ийн “С” нэртэй төслийн 16 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын ажлын цахилгаан холбоо, дохиоллын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа “Б” ХХК-ийн өмчлөлийн 48 метр босоо магистралын кабель утсыг мэгдэхгүйгээр, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 864,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

-Хохирогч Б.Аын “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С гэх барилга дээр туслан гүйцэтгэгч “Б” ХХК-ийн өмнөөс цахилгааны асуудлыг хариуцан 2021 оны 8 сараас эхлэн ажилласан. Барилга дээр 2021 оны 8 дугаар сараас эхлэн нийт 3 удаа бүтэн сайн өдөр хулгай орж, кабель нэг зарчмаар буюу зүсэж авч явсан байсан, гэтэл 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай барилга руу 04 цагт хулгай орж хүчний кабель хулгайлан авч явсан, маргааш өглөө нь 07 цагийн орчим манай барилгын харуул гэх хүн над руу залгаад танай барилгын кабелыг хулгайд алдсан юм шиг байна гэж хэлсэн, хяналтын камерыг шүүж үзэхэд 04 цагийн орчимд эрэгтэй хүн хяналтын камерыг доош нь дараад авч байсан, би хажуу талын ПС тоглоомын камерыг шүүх гэхэд ПС-ны залуу өчигдөр орой танай хашааны гадна 75-16 УАЕ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тоёота приус маркийн машин юм зөөгөөд байсан гэсэн. 35 мм-ийн 3 метр урттай нийт 16 ширхэг кабелын утсыг тасалсан, нийт 48 метр урт кабелын утас алга болсон байсан, 1 метр кабелын утас 18,000 төгрөг гэдэг, нийт 864,000 төгрөгийн үнэ бүхий кабель хулгайд алдагдсан, хяналтын камерын бичлэгийг шүүж байгаад Б гэх залууг олсон. Б нь цахилгааны утас буцааж хуйлж авчирч өгсөн тус утаснууд нь дундаа олон тасарсан болохоор дахиж хэрэглэх боломжгүй байсан. Тиймээс 48 метр цахилгааны утсаа нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 21 дүгээр тал),

 

-“Арга Билэг эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “... 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар ПВЗ 1*35 хэмжээтэй 48 м урт цахилгааны утасны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэн 864,000 төгрөг гэж тодорхойлов” гэх тайлан (хавтаст хэргийн 30-35 дугаар тал),

 

-Яллагдагч Б.Бгийн “... ажиллаж байсан барилга дээрээсээ кабелын утас хулгай хийсэн, кабелын утсыг аваад маргааш нь баригдаад буцааж өгсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, авсан утсаа буцааж өгсөн, тухайн утсыг ашиглах боломжгүй гэсэн тул хөрөнгийн үнэлгээгээр гарсан төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Б нь “Б” ХХК-ийн “С” нэртэй төслийн 16 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын ажлын цахилгаан холбоо, дохиоллын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа “Б” ХХК-ийн өмчлөлийн 48 метр босоо магистралын кабель утсыг авсан буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авчээ.

 

Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аод бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 864,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хулгайлсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

“Арга Билэг эстимэйт” ХХК тус гэмт хэргийн халдлагын зүйл болсон кабелийн утсыг 864,000 төгрөгөөр үнэлснийг (хавтаст хэргийн 30-36 дугаар тал) хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарт танилцуулсан бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрчээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Б” ХХК-д 864,000 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн дээрх заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аод 864,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна  гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б. Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгээс 864,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аод олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН