Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/840

 

 

 

 

 

 

 

 

2022           08          24                                 2022/ШЦТ/840

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ат холбогдох 2109017801211 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 04-ний өдөр У хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Телефон телеграфийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...........тоотод оршин суух хаягтай боловч одоогоор найзындаа амьдардаг, хаягийг нь мэдэхгүй гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц. А, регистрийн дугаар ..........

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У Их Дэлгүүр”-ийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г” гэх нэртэй дэлгүүрээс “Saving” брендийн галууны сөдөн куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Од 990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 615 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2109017801211 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-Хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-39 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг хийсэн гэм буруутайг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч  Ц.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.А 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У Их Дэлгүүр”-ийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г” гэх нэртэй дэлгүүрээс “Saving” брендийн галууны сөдөн куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Од 990,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Оын “...Би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У Их дэлгүүрийн 2 дугаар давхарт “Г” гэх нэртэй эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүрт худалдааны зөвлөх хийдэг юм. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын үед дэлгүүрээсээ эмэгтэй өвлийн куртик алдсанаа мэдээд хяналтын камер шүүж үзэхэд 14 цаг 30 минутын үед манай дэлгүүрт 50 орчим насны эмэгтэй хүн сэмхэн орж ирээд лангуун дээр зарагдаж байсан эмэгтэй өвлийн куртик хулгайлаад авч явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Ингээд өнөөдөр 14 цаг 30 минутын үед нөгөө хулгай хийсэн эмэгтэй дахин манай дэлгүүрт орж ирж байгааг нь анзаарч хараад барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-Сиди бичлэгт үзлэг хийсэн “...уг дэлгүүрээс буцаж гарч ирэх бөгөөд зүүн талын сугандаа бараан өнгийн зүйл сугадаж, энгэртээ тэвэрч барьсан байх ба уг эмэгтэйн урдаа барьж гарч буй эд зүйлс нь тухайн дэлгүүрээс алдагдсан гэх куртик мөн болох нь тодорхой харагдаж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 36-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Ц.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч С.Оын хулгайд алдсан Сийвэнг брендийн Итали улсад үйлдвэрлэгдсэн хар хөх өнгийн галууны сөдөн куртикийг 990,000 төгрөгөөр (хавтаст хэргийн 29-30 дугаар тал) үнэлснийг оролцогчдод танилцуулахад хохирогч, шүүгдэгч нараас тусгайлан санал гаргаагүй болно.

 

Шүүгдэгчээс хохирогчид дээрх үнэлгээний дагуу хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 990,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг, шүүгдэгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулаагүй, хулгайлах гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэмт хэрэг тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн дуудсан цагт ирээгүй, шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 19 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аээс 990,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Од олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН