Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/849

 

 

 

 

 

 

 

 

2022           08            26                                2022/ШЦТ/849

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дид холбогдох эрүүгийн 2209013131248 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 1, ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2006 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, дээрх ялуудыг эдлэж дууссан гэх, .................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дөлгөөн нуурын баруун талын төв замын хойд талд хамтран амьдрагч Ц.Бг зодож, эрүүл мэндэд нь баруун шанаа, бугалга, гуя, шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 721 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209013131248 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),

-Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7305 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Шүүгдэгч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дөлгөөн нуурын баруун талын төв замын хойд талд хамтран амьдрагч Ц.Бтай үл ялих зүйлээр маргалдаж, нүүрэн тус газарт цохисны улмаас түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

                -Хохирогч Ц.Бгийн “...2022 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд Д.Д бид хоёр гэртээ манай 2 найз хүүхэнтэй хамт 1 литрийн Болор архи 2 шилийг уусан ба үдээс хойш манай найз дахиад нэг шил 0.75 литрийн архи авчраад тэрийг нь ууж байхад 21 цагийн орчимд манай бага охин Н гэрт орж ирээд яагаад та нар гэрт архи дарс уугаад байгаа юм бэ гэхээр нь бид нар бөөндөө манайхаас гараад буудалд очиж архи уухаар болоод гарсан ба манай 2 найз гэртээ харипаа гээд түрүүлээд явчихсан. Тэгээд Д.Д бид хоёр буудалд өрөө авах санаатай Дөлгөөн нуурын баруун талд замын хойд талд төв зам дагуу явж байгаад би “чи яагаад ер нь намайг өөртөө ойртуулдаггүй юм бэ, хайраа гэж дуудахаар яагаад уурлаад байдаг юм бэ гэж хэлсэн чинь “болоогүй байхад яаран чи намайг хайраа гэж дуудлаа гэж уурлаад миний хоолойноос боож багалзуурдаад газар унагаад зодоод байсан. Би архи уугаад нэлээн их согтсон байсан болохоор яг яаж зодсоныг нь санахгүй байна. Тэгээд би гэр лүүгээ зугтаад ороод байж байхад Д.Д араас удалгүй орж ирээд чи хаашаа явчихсан юм бэ, таксины мөнгө байна уу гэхээр нь манай бага охин мөнгө өгсөн. Тэгээд тэр оройдоо би юу ч ярилгүй унтаж амраад маргааш өглөө нь Д.Дид чи намайг өчигдөр зодсон гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ, худлаа байлгүй дээ, би чамайг юу гэж зодох вэ дээ гээд байсан. Тэгээд тэр өдөр би зодуулж хөхөрсөн биеэ охидууддаа харуулсан чинь манай охидууд Д.Дийг гэрээсээ хөөчихсөн. Тэгээд би хэд хоног бие өвдөөд гэртээ хэвтсэн ба Д.Д ерөөсөө холбоо барихгүй утсаа авахгүй байхаар нь өөрийн биеэр ирж гомдол гаргаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),

 

-Гэрч Ц.Нийн “...Тэгээд удалгүй ээж гэрт ирээд Д ах чинь ирээгүй юу, залга гээд байхаар нь хөөчихсөн гэж хэлсэн. Тэгээд ээж Д ахад 5 дугаар сарын 12-ны орой зодуулсан тухайгаа надад хэлсэн. Тэгээд биеийг нь харсан чинь хүзүүндээ боолгосон гэмээр хөхөрсөн, 2 гарынхаа шуу хэсгээр хөхөрсөн, 2 хөлийн гуя шилбэ хэсгээр хөхөрсөн байдалтай байсан. Өөрөө хэлэхдээ толгой их өвдөж байна гэж байсан. Ээж яагаад зодуулсан талаараа надад хэлээгүй. ...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би Д ахын утас руу залгаад "та яагаад ээжийг зодож байгаа юм бэ гэхэд ёстой тийм юм байхгүй гээд мэлзээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “...1.Ц.Бгийн биед баруун шанаа, бугалга, гуя, шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх 7305 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.Д нь хохирогчийн биед халдаж, шанаа, бугалга, гуя, шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцжээ.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогчид хэргийн материалыг танилцуулахад “санал хүсэлт байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Дид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгч “би саяхан өгзөг хэсэгтээ мэс ажилбар /пара/ хийлгэсэн. Хүнд юм өргөж болохгүй, 3 кг-аас дээш зүйл өргөхийг хориглодог юм байна, тиймээс миний энэхүү байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д. Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН