Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 678

 

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: “Г” ХХК, 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н-ийн О-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Р-ийн Ц-д холбогдох,

    Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 1.989.200 төгрөг, алданги 994.600 төгрөг, нийт 2.983.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.                                             

ТОДОРХОЙЛОХ  нь: 

  Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Ц нь 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Г” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иргэн Ц нь 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Г” ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 1.989.200 төгрөгийн шатахуун зээлээр авсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч гэрээнд заасан 15 хоног хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэж заажээ. Иймд иргэн Ц-с шатахууны үнэ 1.989.200 төгрөг, алданги 994.600 төгрөг, нийт 2.983.800 төгрөгийг “Г” ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: “Хариуцагч Ц миний бие “Г” ХХК-ийн нэхэмжилсэн шатахууны үнэ 1.989.200 төгрөг, алданги 994.600 төгрөг, нийт 2.983.800 төгрөгийг төлөх болно. Дээрх мөнгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Ц миний бие 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 1.989.200 төгрөг, алданги 994.600 төгрөг, нийт 2.983.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Ц-д 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

    Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0416 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу “Г” ХХК-ийн Зам зуур шатахуун түгээх станцаас иргэн Ц нэг литрийг 1.660 төгрөгөөр, нийт 1.989.200 төгрөгийн үнэ бүхий 1198,31 литр дизель түлшийг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр худалдан авсан байх ба үнийг өнөө хүртэл хугацаанд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Г” ХХК-ийн Шатах тослох материалын зарлагын 25138 дугаартай падаанаар тогтоогдож байна.

    Хэдийгээр талуудын хооронд “Зээлийн гэрээ” гэх нэр бүхий гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээний агуулгаас дүгнэхэд уг гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байх бөгөөд хариуцагчаас “Г” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг, мөн гэрээний 2.3 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алданги тус тус шаардах эрхтэй байна. 

   Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 1.989.200 төгрөг, алданги 994.600 төгрөг, нийт 2.983.800 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй байна.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц-ээс 62.691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 1.989.200 төгрөг, алданги 994.600 төгрөг, нийт 2.983.800 /хоёр сая есөн зуун наян гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.  

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.691 /жаран хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц-ээс 62.691 /жаран хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА