Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/671

 

 

   2022         06        22                                    2022/ШЦТ/671

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч: Л.Д нар оролцсон эрүүгийн 2009015510012 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Л.Д

 1969 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

         Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, түүн дээрх 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан мэтээр хуурамч бичилт хийлгэсэн, мөн 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, түүнтэй адилтгах орлогыг нэмэгдүүлж бичилт хийлгэсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж Америкийн Нэгдсэн Улсад зорчих виз мэдүүлэхдээ ашигласан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний бие эхээсээ зургуулаа. Миний хамгийн бага дүү Америкийн нэгдсэн улсын иргэнтэй суусан бөгөөд Америкийн нэгдсэн улсын Флорида хотод амьдарч байгаа. 2014 онд над руу Америкийн нэгдсэн улсын урилга өгсөн. Миний бие 6 сарын хугацаатайгаар тус хот руу яваад ирсэн. Монгол улсад ирснийхээ дараа хоёроос гурван удаа визэнд орох материал хүсэлтээ өгсөн бөгөөд ямар шалтгаанаар надад виз гарахгүй байгаа талаар асуухад ажилтан нь “Компанийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа учир таны виз гарахгүй байгаа” талаар надад хэлсэн. Тэгээд би хамт ажилладаг Э- гэх хүнээс таньдаг хүн байна уу? нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийлгэх хэрэгтэй байгаа талаар хэлсэн бөгөөд намайг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр визэнд орохоос 1 хоногийн өмнө нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн. Дээрх дэвтэр дээр тамга тэмдэг, бичиг нь бүдэг байсан учир би хуурамч юм байна хэмээн мэдсэн. Визний материалд өгөх хугацаа нь тулсан байсан учир хуурамч гэдгийг мэдсэн хэр нь ашигласан. Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас 2-3 хоногийн дараа надад “энэ бичиг баримт асуудалтай, хуурамч байгаа талаар хэлж, цагдаагийн байгууллагад шалгуул” гэсэн. Дээрх хэрэг нь миний буруутай үйл ажиллагаанаас үүссэн бөгөөд миний үйлдлийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж өгнө үү. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

 

Эрүүгийн 2009015510012 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 10 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 66-74 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 77-83 дугаар хуудас/,

 

Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 85-99 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 100-108 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 139-140 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 142-148 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 157-160 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 163-166 дугаар хуудас/,

 

Гэрч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 168 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1637 дугаартай дүгнэлт /1хх-н 181-191 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2360 дугаартай дүгнэлт /2хх-н 51-70 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3508 дугаартай дүгнэлт /2хх-н 176-179 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Л.Дгийн Нийгмийн даатгалын төлөлтийн мэдээллийг баталгаажуулсан талаархи дэлгэрэнгүй бүртгэл /3хх-н 45 дугаар хуудас/,

 

            Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8/1140 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт /3хх-н 120-122 дугаар хуудас/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-н 156-163 дугаар хуудас/,

           

            Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх-н 165-166 дугаар хуудас/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх-н 178-179 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Л.Дгийн мэдүүлэг /4хх-н 51-53, 56-60 хуудас/,

 

Шүүгдэгч Л.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  дансны хуулга /3хх-н 182-184 дүгээр хуудас/, нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Л.Д нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, түүн дээрх 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан мэтээр хуурамч бичилт хийлгэсэн, мөн 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, түүнтэй адилтгах орлогыг нэмэгдүүлж бичилт хийлгэсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж Америкийн Нэгдсэн Улсад зорчих виз мэдүүлэхдээ ашигласан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Гэрч Ч.Э-ийн “...анх 2018 оноос хойш Л.Д бид хоёр хамтарч ажил хийж байсан юм. Гэтэл нэг өдөр Д нь надад хандаж “Америк руу явах гээд 2-3 удаа виз мэдүүлээд татгалзсан хариу авлаа. Нийгмийн даатгалын төлөлт тасарчихсан учир нөхөж бичүүлэх хэрэгтэй байна” гэх утгатай зүйл ярьж байсан санагдаж байна. Тухайн үед Дд хандаж “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нь нөхөж төлж болдог байх. Нөхөж төлөөд үз” гэх зүйл хэлж байсан юм. Ингээд Д нь “намайг туслаад өгөөч” гэсэн учраас би 2019 оны сүүл 12 дугаар сарын үед би дээрх Т- гэх хүүхэд рүү утсаар ярихад Т- нь ажлаа сольсон. Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын туслах хийж байгаа гэж хэлсэн. Ингээд би Дийг дагуулаад Т-ийн ажил болох Хүнс, хөдөө аж ахуйн яам дээр очсон ба Т- нь ажлаасаа гарч ирээд Д бид хоёртой уулзсан. Тэр үед л Дгийн нийгмийн даатгалыг нөхөж төлөх асуудлыг Т-тэй ярьсан байх. Яг юу ярьсан талаар санахгүй байна. Ямар ч байсан энэ үйл явдлын дараа Д нь надтай нэг удаа уулзахдаа өөрийн нийгмийн даатгалын дэвтрийг өгөөд “Т-эд хүргээд өгчих” гэх зүйл ярьсан юм. Тухайн үед Д нь өөрийнхөө хуучин бичилт хийсэн дэвтрийг надад өгсөн. Би тэр дэвтрийг нь авч яваад Т-ийн ажил болох Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр очиж Т-эд өгсөн юм. Би 2019 оны 12 дугаар сарын үед Т-эд дэвтрийг нь өгсөн ба үүнээс хойш бараг 1 сарын дараа 2020 оны 01 дүгээр сарын үед Т- нь над руу утсаар яриад “ирж дэвтрээ аваарай” гэж хэлсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын үед би Т-ийн ажил дээр очиж уулзаад түүнээс нийгмийн даатгалын дэвтрийг авч, Дд дамжуулан өгсөн юм. Би өмнө нь 2018 онд Т-тэй уулзаагүй, 2018 онд ямар нэгэн дэвтрийн бичилт хийгээгүй. 2018 онд би өөрөө Америк руу явсан байсан санагдаж байна. Т- нь нийгмийн даатгалын дэвтрийг шинээр нээсэн эсэхийг би санахгүй байна. Ямар ч байсан Д нь надад хуучин дэвтрээ өгч, би түүнийг нь Т-эд дамжуулж өгсөн. Тэгээд Т- нь дэвтэрт бичилт хийж, нийгмийн даатгалын байцаагчаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулаад надад өгсөн. Т- нь надад дэвтрийг буцааж өгөхдөө хуучин дэвтэр дээр нь бичилт хийж өгсөн үү, эсвэл шинээр өөр дэвтэр нээж бичилт хийсэн үү гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Д нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхдээ ашиглаарай гээд л надад 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бодвол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нь нөхөж хийгээд, дэвтрийн бичилтэд оруул гэж л мөнгө өгсөн байна. Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хүнс, хөдөө аж ахуйн яам дээр очиж Т-эд дэвтрийг нь өгөхдөө л түүнд 300,000 төгрөг өгсөн байх. Яг нарийн санахгүй байна...Би тухайн үед Т-ээс дэвтэр хүлээн авахдаа Дий хуучин дэвтэр солигдсон байсныг ёстой анзаараагүй юм байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Н-гийн “....2012 онд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажил орж, 2018 оны 10 дугаар сард тус хэлтэстээ орлого, шимтгэлийн байцаагчаар томилогдож байсан юм. Намайг тус хэлтэст томилогдох үед манай Сүхбаатар аймгийн иргэн С.Т- гэх залуу мөн адил орлого, шимтгэлийн байцаагч хийж байгаад 2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Улааны туслахаар томилогдоод явсан юм. Улмаар намайг ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч нарын суудаг 203 тоот өрөөнд сууж байтал, С.Т- манай өрөөнд орж ирээд надтай уулзсан юм. Тухайн үед Т- нь нэг иргэний нийгмийн даатгалын дэвтэр барьчихсан, тэр дэвтэр дээрээ цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мөнгөн дүнг биччихсэн байсан юм. Тэгээд намайг “ахаа энэ дэвтрийг баталгаажуулаад өг” гээд дэвтрээ өгсөн юм. Тэгээд би Т-ийн барьж ирсэн дэвтрийн шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг хэсэгт өөрийн гарын үсгээ зурсан юм. Гарын үсэг зурсныхаа дараа Нийгмийн даатгалын шимтгэлийн программ руу орж тухайн дэвтрийн эзний регистрийн дугаараар шалгасан чинь авсан цалин болон төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь зөрүүтэй байсан юм. Тэгэхээр нь би нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зөрүүтэй байна гээд тамга дарж баталгаажуулаагүй юм. Гэтэл Т- нь тэр дэвтрээ авч яваад миний гарын үсэг дээр орлого, шимтгэлийн байцаагч А-ийн дардсыг дарсан байсан. А-ийн тамгыг хэрхэн яаж дарсан асуудлыг нь би мэдэхгүй байна. Би гарын үсгээ л зурж өгсөн, дэвтрийн бичилтийг би хийгээгүй. Иргэн Л.Дгийн нийгмийн даатгалын дэвртрийг харлаа. 2017 оны 07 дугаар сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны шимтгэл төлөлтийн мэдээлэл буюу шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг хэсэгт би өөрийн гарын үсгээ зурсан байна. Түүнээс бусад 2019 оны 01 дүгээр сараас 09 сар хүртэлх гарын үсэг нь миний гарын үсэг биш байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Т-ийн “...Миний хувьд 2011-2015 оны хооронд Отгонтэнгэр их сургуульд суралцаж Санхүүгийн менежмент мэргэжил эзэмшсэн юм. Улмаар 2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нярваар ажилд ороод 2016 оны 07 дугаар сар хүртэл ажиллаад 2016 оны 10 билүү 11 дүгээр сард тус хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар томилогдож 2019 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан юм. Үүний дараагаар буюу 2019 оны 01 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Улаан сайдын туслахаар томилогдож 2020 оны 07 дугаар сар хүртэл ажилласан юм. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Орлого шимтгэлийн байцаагч нь аж ахуйн нэгжүүдийн тайланг сар болгоны 05-ны өдрийн дотор хүлээж аваад цахим тайлантай нь тулгаж баталгаажуулах, хариуцсан хорооны иргэд даатгуулагч нарын нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулалт хийх үндсэн чиг үүрэгтэй байдаг юм. Дээрх ажлыг өдөр тутамдаа байнга л хийж байдаг юм. Ямар ч байсан намайг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байх үед миний хариуцсан Баянзүрх дүүргийн 5  билүү 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг компаний нягтлан гээд Э- гэх эмэгтэй тайлангаа авч ирж өгдөг байсан юм. Тус компани нь угаасаа 1 билүү 2 даатгуулагчтай компани байсан санагдаж байна. Энэ үед буюу 2017 оны 07 билүү 08 дугаар сарын үед Э- нь компанийнхаа тайлан өгөх гээд ирэхдээ “Нэг хүний дэвтэр баталгаажуулаад өг” гэсэн баталгаажуулж өгөх гээд NDLAW нэртэй программ руу орж тухайн хүний регистрийн  дугаараар шүүж үзэхэд Баянзүрх дүүрэгт харьяалалгүй, хөдөө орон нутагт Дорноговь аймагт ажилладаг, төрийн байгууллагын ажилтан байсан санагдаж байна. Тэгэхээр нь би “тухайн нийгмийн даатгал төлөгч иргэн хөдөө орон нутгийн харьяалалтай учир Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээ дээр очиж баталгаажуулалт хийлгэх ёстой юм байна” гэж хэлсэн юм. Гэтэл Э- нь “өө тийшээ явах цаг зав байхгүй, баталгаажуулаад өгчих” гээд байхаар нь би тухайн иргэний нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийж баталгаажуулж өгсөн юм. Ингэхдээ цахим программ дээр байгаа мэдээллийг нь үнэн зөвөөр бичиж өгсөн байгаа, тэрнээс хойш нэмж хассан, буруу бичсэн зүйл байхгүй. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан 2019 онд Э- нь өөрөө миний утас руу яриад “Миний дүү ажлаа сольсон юм уу, яам дээр оччихсон юм уу, танай ажилтай ойрхон явж байна, нэг уулзъя” гэж хэлээд миний ажил дээр буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр ирж уулзсан юм. Ингэхдээ Э- нь хажуудаа 40-50 орчим настай, нэг эрэгтэй хүнтэй хамт, цагаан өнгийн probox маркийн машинтай ирсэн юм. Би Э-тэй уулзахдаа ажлын гадна гараад модны сүүдэрт зогсож тамхи татангаа уулзсан юм. Энэ үед Э- нь "Хамт яваа эрэгтэй хүнийгээ Жерки буюу бакеттэй борц хийдэг, гадаад руу гаргавал болох болов уу” гэж ярьж байгаад надад нэг жижиг ууттай борц өгсөн юм. Мөн намайг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байх үед нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж байсан, тэр дэвтэр дээр дахиж бичилт хийлгэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “Би ажлаасаа гарчихсан шүү дээ, та Баянзүрх дүүрэг дээр юм уу Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээ дээр очиж бичилт хийлгэ" гэж хэлээд л явуулсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Одоо бодвол 2017 оны 07, 08 дугаар сарын үед л Э- өөрөө манай ажил дээр ирж надтай уулзаад дээрх Д гэх иргэний программ дээр байсан мэдээллийг бичүүлж байсан юм. Дээрх 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг би өөрөө шинээр нээж бичиж байсан юм. Энэ үед чинь би Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан учраас надад шинэ дэвтэр байсан байх. Ямар ч байсан иргэн Дгийн 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг би өөрөө нээсэн байна. Дэвтрийн эхний нүүр хэсэг хар өнгийн балаар бичсэн дармал бичиг миний өөрийн бичиг байна. Мөн 2016 оны 01 сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх бичилтийг би хийж, гарын үсгээ зурсан байна. Нийгмийн даатгалын дэвтэр нь он тус бүрээрээ гардаг. Дээрх 1 дугаартай дэвтэр нь 2018 оны дэвтэр байна. Тэгэхээр Э- нь манай ажил буюу Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж надтай уулзаж Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэсэн цаг хугацаа нь 2017 оны 07, 08 дугаар сар биш 2018 он юм байна. Дээрх дэвтрийг 2018 онд шинээр нээж программ дээр байсан мэдээллийг нь л бичсэн байх, тэгэхээр энэ Д гэх хүний Нийгмийн даатгалын төлөлт нь 2017 оны 06 дугаар сараас хойш бүртгэгдээгүй байсан байх. Би 2017 оны 07, 08 дугаар сард Э- надтай ирж уулзсан гэж яриад байсан учир нь иргэн Дгийн нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилт нь 2017 оны 06 дугаар сар хүртэл байгаа юм. Тэгэхээр 2017 оны 07, 08 дугаар сарын үед л ирж бичилт хийлгэсэн байх гэж бодож мэдүүлсэн юм. Цаг хугацааны асуудлыг би өөрөө нарийн санахгүй байна. Намайг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам дээр Сайдын туслахаар ажиллаж байх үед буюу 2019 онд Э- нь хажуудаа нэг эрэгтэй хүнтэй хамт манай ажил дээр ирж надтай уулзсан нь үнэн. Өмнө нь надаар бичилт хийлгэж байсан дээрх дэвтэр дээрээ дахин баталгаажуулалт хийлгэх талаар ярьсан нь үнэн. Гэхдээ би Э-ээс дэвтрийг нь авч үлдсэн, түүнээс мөнгө авсан, Баянзүрх дүүргийн хэн нэгэн байцаагч руу ярьж бичилт, баталгаажуулалт хийлгэсэн зүйл огт байхгүй. Би Э-т хэлэхдээ “Баянзүрх дүүргийн 303 тоотод очиж орлого, шимтгэлийн байцаагч нартай нь уулз, эсвэл Дүнжингарав төвийн нэг цэгийн үйлчилгээ дээр очиж баталгаажуулалтаа хийлгэ” гэж хэлээд явуулсан. Э- надад мөнгө өгсөн, надтай 2 удаа уулзсан, 1 сарын дараа надаас дэвтэр авсан гэж худал мэдүүлж байгаа юм байна. Д нь надтай утсаар яриад манай ажил дээр ирсэн байна. Уулзмаар байна гээд байсан. Би ажилтай байсан учраас тэр хүнтэй биеэр уулзаж чадаагүй. Утсаар л ярихдаа миний дэвтэр хийгдсэн бичилт буруу байна энэ тэр гээд байсан юм. Тэгэхээр нь би бичилт буруу хийгдсэн юм бол өргөдөл бичээд залруулахгүй юу даа гэж хэлсэн. Тэр хүний манай ажлын үүдэнд ирчихсэн сууж байхад нь би хальт таараад л мэнд мэдчихээд утсаар яръя гээд явсан Тэрнээс биш албан ёсоор уулзаж энэ талаар яриагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.А-ийн “...Иргэн Л.Дий эзэмшлийн 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг би өөрийн нүдээр харлаа. Тэмдгийн дардсыг харахад 2016 оны 01 сараас 12 сар, 2017 оны 01 сараас 12 дугаар сар, 2018 оны 01 сараас 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацааны шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг хэсэгт дарагдсан дардас нь миний албаны 2602 дугаартай дардас дарагдсан байна. Харин 2019 оны 05 сараас 09 сар хүртэлх хугацааны шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг хэсэгт дарагдсан дардасны дугаар тодорхой харагдахгүй байгаа учир миний 2602 дугаартай дардас мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд Н-, С.Т- нарын гуйлтаар болон бусад хэн нэгэн хүний гуйлтаар дээрх нийгмийн даатгалын дэвтэрт дардас дараагүй. С.Т- нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа надтай ажлын хамтрагч буюу бид хоёр бие биеийнхээ ажлыг орлон гүйцэтгэдэг байсан юм. Өөрөөр хэлбэл намайг цайндаа гарах үед, ээлжийн амралтаа авах үед, өвчтэй, чөлөөтэй байх үед гээд намайг байхгүй үед С.Т- миний ажлыг өөрийнхөө ажилтай хамт давхар хийдэг. Т-ийг байхгүй С.Т-ийн ажлаас гарсан цагаас хойш буюу 2019 оны 01 сараас хойш үед би Т-ийг ажлыг хийдэг байсан. Харин Д.Н- бид хоёр ажлын хамтрагч болсон юм. Д.Н- нь одоо хүртэл надтай ажлын хамтрагч бөгөөд бид хоёр залгаа ширээнд зэрэгцээд суудаг юм. Манай нийгмийн даатгалын хэлтсийн 12 байцаагч бүгд хамтдаа 303 тоот өрөөнд заалны системээр тойрч суудаг ба 12 байцаагч тус бүрийн тамга, дардсаа ажлын ширээнийхээ хажуугийн шургуулгад хийж хадгалдаг. Байцаагч нарын ширээний шургуулгын түлхүүр нь өөр хоорондоо таардаг байгаа. Миний хувьд 2602 дугаартай дардас ашигладаг ба ажлын цагаар бол дардсаа ширээн дээрээ гаргаж тавиад өдөржингөө л ашигладаг. Гэхдээ өдрийн цайнд орохдоо, тасгийн даргын өрөө рүү түр орохдоо, өөр бусад өрөө тасалгаа руу түр орохдоо, ажил тараад гэртээ харихдаа заавал ширээнийхээ шургуулга руу хийгээд түгждэг байгаа. Тэгэхээр Н-, Т- нар намайг өрөөндөө түр байхгүй үед миний дардсыг ашиглаж дээрх дэвтэрт өөрсдөө гарын үсэг зурж, миний дардсыг дарсан байхыг үгүйсгэхгүй. С.Т- нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гарснаас хойш буюу Улаан сайдын туслахаар ажиллаж байхдаа ганц хоёр удаа Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр ирсэн. Өрөөгөөр орж гараад мэнд ус мэдээд явдаг л байсан. Чухам яг хэзээ гэдгийг санахгүй байна. Н-гийн түлхүүр миний ширээнд таарч байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Миний ширээний түлхүүртэй ойролцоо түлхүүрээр онгойлгож үзвэл шууд л онгойдог, мөн цоожтой байх үед нь жаахан хүчтэй татах юм бол онгойчихдог шүү дээ. Ер нь бол ширээний цоож ямар ч найдваргүй, ямар ч байдлаар онгойлгож болно...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Ж-ын “...Байгууллагын үндсэн хөрөнгийг тоолж бүртгэх, үндсэн хөрөнгийг картжуулах, албан хэрэгцээний бичиг хэргийн зүйлсийг худалдан авч, алба хаагчдад өгөх, хэлтэст шаардлагатай ахуйн хэрэглээний бараа материалыг татан авах зэрэг ажлыг хийдэг байгаа. 2021 он гаргаад нийгмийн даатгалын бүртгэл нь цахим хэлбэрт Шилжсэн учир нийгмийн даатгалын дэвтэр ашиглахгүй болсон байгаа. Өмнө нь нийгмийн даатгалын дэвтэр ашигладаг байхад орлого шимтгэлийн байцаагч нь шаардах хуудас бичиж өөрт хэрэгцээтэй байгаа дэвтрийг нярваас авдаг байсан юм байна лээ. Би энэ албан тушаалд томилогдоод удаагүй учир нарийн мэдэхгүй. Миний хувьд энэ ажилд томилогдоод удаагүй байна. Танай байгууллагаас ирүүлсэн бичгийг надад хуваарилж өгсөн юм. Нийгмийн даатгалын дэвтэр нь өөрөө үнэт цаас учир би дээрх дэвтрийн олголттой холбоотой материалыг хайхдаа үнэт цаасны тайлан дотроос хайгаад олоогүй юм. Тэгээд ямар нэгэн баримт олоогүй учир дээрх албан бичиг бүхий хариуг буцаан хүргүүлсэн юм. Гэтэл өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өмнө ажиллаж байсан нярав Б.Билгүүн өөрөө ирж дээрх дэвтрийн олголттой холбоотой материалын үнэт цаасны тайланд оруулаагүй, материалын тайланд оруулсан байгаа гэж хэлсэн. Ингээд Билгүүн бид хоёр материалын тайлангаа үзэж байгаад дээрх дэвтрийн олголттой холбоотой шаардах хуудсыг олж хуулбарлаж ирлээ. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шаардах хуудсыг үзэхэд 14 дугаартай дэвтрээс 14 дугаартай дэвтэр хүртэл 25 ширхэг дэвтэр, 14 дугаартай дэвтрээс 14 дугаартай дэвтэр хүртэл 25 ширхэг дэвтэр, нийт 50 ширхэг дэвтрийг орлого, шимтгэлийн байцаагч Ч.О-д олгосон байна....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.О-гийн “...Би 2016 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажилласан. Улмаар 2020 оны 11 дүгээр сараас Баянзүрх дүүргийн үйлчилгээний тасгийн тэтгэврийн байцаагчаар томилогдож одоо хүртэл ажиллаж байна.... Би дээрх дэвтрийг хүлээж авсан нь үнэн. Шаардах хуудсыг би өөрөө бичиж гарын үсгээ зурж, нийт 50 ширхэг дэвтрийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авсан байна. Ер нь бол 50 ширхэг дэвтрийг сайндаа л 14 хоногийн дотор ашиглаад дуусдаг байгаа. Тэгэхээр уг дэвтрийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ашиглаж, аль нэг харилцагч байгууллагын няравт хүлээлгэж өгсөн байх. 2019 оны 03 дугаар сараас өмнө харилцагч байгууллагад олгосон дэвтрийн жагсаалт бүртгэгдээгүй байна. Тэгэхээр уг дэвтрийг яг хэдэн сарын хэдний өдөр хэнд өгсөн гэдгээ санахгүй байна. Учир нь би 600 гаруй байгууллагын 6000 гаруй даатгуулагчийг хариуцаж ажиллаж байсан учраас хэзээ, хэнд ямар дэвтэр өгсөн гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан тухайн байгууллагын нярав нь хэрэгцээтэй байгаа дэвтрээ манай байгууллагаас авахдаа шинээр нь хүлээж аваад өөрсдөө бичилт хийж авч ирээд баталгаажуулдаг байсан юм. Манай орлого шимтгэлийн байцаагч нар бүгд нэг өрөөнд суудаг. Хэн нэгэн байцаагчийн дэвтэр дууссан, тухайн үед байгууллагын нярав байхгүй, дэвтрийн шаардлага зайлшгүй гарсан тохиолдолд хажууд байгаа байцаагчийнхаа дэвтрийг гуйж аваад ашиглах тохиолдол байдаг. Тэгэхээр Т- нь 2018 оны 11 дүгээр сард дээрх дэвтрийг надаас гуйж авсан байхыг ч үгүйсгэхгүй. Би ч гэсэн шаардлагатай үед хажуудах байцаагчаасаа авч л байдаг. Гэхдээ би Т-эд дээрх дэвтрийг өгч байсан эсэхээ мэдэхгүй л юм байна. Тухайн үед шинэ дэвтрүүдийг аж ахуйн нэгжүүдэд олгоод хэдээс хэд хүртэлх дугаартай дэвтрийг аль аж ахуйн нэгжид өгснийг би өөрийн ажлын компьютер дээрээ бүртгээд уг бүртгэлээ хэвлээд гарын үсэг зурж няравт өгдөг байсан юм. Гэтэл уг бүртгэл нь тухайн үед манай байгууллагын архивт ороогүй, одоо баримт нь байхгүй байна. Мөн миний ашиглаж байсан компьютерын хард шатсан учир миний хийсэн бүртгэлийн файл байхгүй болж таараад байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ө.Э-ын “...Миний хувьд 2003 оны 12 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт программистаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Мөн 2020 оны 10,11,12 дугаар сарын нийгмийн даатгалын ногдуулалтын мэдээлэл нь цахим системд автоматаар бүртгэгдсэн байна. Энэ нь ямар учиртай вэ гэвэл иргэн Л.Д нь цахимаар нийгмийн даатгалаа төлсөн, эсхүл өмнө илүү төлөлт хийж, тэр нь өөрөө автоматаар дараагийн  сар руу орж бодогдсон гэсэн үг. Гуравдугаар асуудал нь нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа 9 дүүрэг, 21 аймгийн 30 хэлтсийн эрх бүхий байцаагч нар болон НДЕГ-ийн эрх бүхий албан тушаалтнуудын ашигладаг “НД ЛАВ" нэртэй программаас иргэн Л.Дий регистрийн дугаараар түүний мэдээллийг шүүж үзсэн албан  тушаалтнуудын лог бүртгэл байгаа юм. Үүнд: Баянзүрх дүүргийн тэтгэмжийн байцаагч Батболдын Анузул нь 2018 оны 05 сарын 30, 06 сарын 18, 08 сарын 31-ний өдрүүдэд “Цалингийн мэдээлэл”-ийг нь шүүж харсан. Баянзүрх дүүргийн ахлах нягтлан бодогч Ч.Э нь 2018 оны 07 сарын 05-ны өдөр “Цалингийн мэдээлэл"-ийг нь шүүж харсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн О нь 2018 оны 12 сарын 12-нд даатгалын мэдээллийг харсан. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагч Э.А нь 2019 оны 01 дүгээр сарын 04, 2019 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 03 дугаар сарын 05, 2020 оны 10 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 08, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус бүр иргэн Дий регистрийн дугаараар нь шүүж эрүүл мэндийн даатгал, цалингийн мэдээллийг нь харсан байна. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н нь 2020 оны 04 сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын мэдээллийг харсан. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.М нь 2020 оны 10 сарын 02-ны өдөр цалингийн мэдээллийг харсан Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн О.Х нь 2020 оны 10 дугаар сарын 02, 2021 оны 05 дугаар сарын 24, 2021 оны 08 дугаар сарын 19, 2021 оны 08 дугаар сарын 24, 2021 оны 10 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус бүр иргэн Дий регистрийн дугаараар шүүлж хийж мэдээллийн сангаас нийгмийн даатгалын цалингийн мэдээлэл, нийгмийн даатгалд даатгуулсан эсэхийг нь харсан байна. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тагийн дарга Д.Гнь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цалингийн мэдээллийг нь харсан байна. Дээрх албан тушаалтнууд тус бүр өөр өөрсдийн гэсэн нэвтрэх эрхтэй байдаг тул НД ЛАВ сан руу орж тухайн иргэний мэдээллийг шүүж үзэж байсан байна, энэ шимтгэл төлөлтийн нь баталгаажуулалт хийсэн албан тушаалтан биш, зөвхөн мэдээллийг нь шүүж үзсэн албан тушаалтууд гэдгийг тодотгож хэлье. Д.Н-, Ж.А-, С.Т- нар ямар нэгэн байдлаар мэдээллийн санд нэвтэрч, иргэн Л.Дий нийгмийн даатгалын мэдээллийг шүүж үзэж, шалгаж харж байгаагүй байна. Янз бүрийн шалтгаанаас болж сүлжээ тасрах тохиолдол байгаа. Сүлжээ тасарсан үед дээрх “НД ЛАВ” гэсэн нэгдсэн программ руу нэвтэрч орох боломжгүй, зөвхөн тухайн хэлтэс дээрээ ашиглагддаг локол программ руугаа орж болно. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт сүлжээ тасарсан үед байцаагч нар нь дээрх нэгдсэн программ руу орохгүй, зөвхөн Баянзүрх дүүргийнхээ локол программ руу орж иргэний мэдээллийг харж болно. Гэхдээ тухайн программаас зөвхөн Баянзүрх дүүрэгт нийгмийн даатгал төлдөг иргэний мэдээлэл харагдана, тэрнээс бусад дүүрэг, 2 аймгийн иргэний мэдээлэл буюу Баянзүрх дүүрэгт харьяалалгүй иргэний мэдээлэл харагдахгүй гэсэн үг. Танай байгууллагад ирүүлсэн хариу бичгийн хайлт хийсэн мэдээллийн төрөл гэсэн хүснэгтэд байгаа Salaryinfo гэдэг нь цалингийн мэдээлэл, Health tax гэдэг нь эрүүл мэндийн даатгалын мэдээлэл, Pention Maininfo гэдэг нь тэтгэвэр тогтоолтын тухай мэдээлэл, Ininsured гэдэг нь нийгмийн даатгалд даатгуулсан эсэх мэдээлэл гэдгийг тодотгож хэлье...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Б-ийн “....Миний хувьд 2002-2008 оны хооронд Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны мэргэжилтэн, 2008-2012 оны 12 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2013 оны 04 сараас  2014 оны 04 дүгээр сарын хооронд Эрдэнэс монгол ХХК-ийн мэргэжилтэн, 2014-2016 оны 06 сар хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар ажлын үндсэн чиг үүргийн хувьд Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжилтийг зохион байгуулах, тухайн байгууллагыг удирдлагаар хангах, хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргын үүргийг давхар гүйцэтгэдэг байсан. Бүх ажилтан албан хаагчдыг ажилд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг юм. Өдөр тутамдаа хэлтсийн ажилтнуудыг өдөр тутмын ажлын чиг үүргээр ханга, тэтгэвэр тогтоох, тэтгэмж олгох, нийгмийн даатгалын дэвтэр нээх зэрэг ажлыг хийдэг. Гэхдээ би өөрөө байнга өрөөндөө байж чаддаггүй учраас манай тасгийн дарга Хаш-Эрдэнэ нь миний өмнөөс дэвтрийн нээлт дээр гарын үсэг зурдаг байгаа. Би 2012 онд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаа хүлээлгэн өгөх үедээ Н-г архивын ажилтнаар томилж байсан санагдаж байна. Харин 2008 онд намайг тус хэлтсийн даргаар томилогдож очих үед А- нь тус хэлтэст ажиллаж байсан, сүүлд 2016 онд намайг хэлтсийн даргаар томилогдож очих үед С.Т- орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан санагдаж байна. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн хувийн харилцаа байхгүй. Нийгмийн даатгалын дэвтрийг тухайн орлого шимтгэлийн байцаагч нар дээр байдаг. Ер нь бол дэвтрийг байгууллагын нярав нь орлого шимтгэлийн байцаагч нарт хүлээлгэж өгдөг. Шинээр дэвтэр нээх үед хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа харьяа байгууллагын хариуцсан нягтлан бодогч нь манай нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж орлого шимтгэлийн байцаагчтай уулзаад шаардлагатай байгаа дэвтрээ шинээр авдаг юм. Тэгээд ямар нэгэн бичилт хийгдээгүй шинэ дэвтэр хүлээн авсан нягтлан бодогч эсвэл тухайн байгууллагыг хариуцсан орлого шимтгэлийн байцаагч нь дэвтрийн нүүрэн хэсэгт иргэний овог нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг нь бичээд зургийг нь наадаг байгаа. Үүний дараа надаар гарын үсэг зуруулж, дэвтрийн нээлтийг баталгаажуулж, тэмдэг дардаг байгаа. Үүний дараагаар тухайн байгууллагын нягтлан бодогч нь байгууллагынхаа ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн цалин болон түүнтэй адилтгах орлогыг нь бичдэг, мөн дэвтрийн ар хэсэгт тухайн ажилтны ажилд томилогдсон тушаалын огноо дугаарыг бичиж ирээд хариуцсан орлого шимтгэлийн байцаагчдаа өгч хянуулдаг. Орлого шимтгэлийн байцаагч нь тухайн дэвтрийн бичилт үнэн зөв эсэхийг программ дээрээс хянаж, тулгаад үнэн зөв бол бичилт болгоны ар хэсэгт гарын үсгээ зурж, хувийн тэмдэг дарж баталгаажуулдаг юм. Байцаагч болгон тусдаа өөрийн гэсэн тэмдэгтэй байгаа. 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг харлаа. Энэ дэвтэрт би өөрийн биеэр гарын үсэг зураагүй, миний гарын үсгийн дардас дарагдсан байна. Намайг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх үед өдөрт маш олон нийгмийн даатгалын дэвтэр нээгддэг байсан. Тэгэхээр миний хувьд байнга өрөөндөө суух боломжгүй учир дэвтэр болгон дээр гарын үсэг зураад суух ямар ч боломжгүй. Иймд гарын үсгийн дардас ашигладаг байсан юм. Миний гарын үсгийн дардас нь тухайн үед туслах ажилтан Д гэх залуу дээр байдаг байсан. Намайг байхгүй үед орлогын шимтгэлийн байцаагч нар шинээр дэвтэр нээхээр бол туслах ажилтан дээрээс гарын үсгийн дардас дарчихдаг байсан юм. Гэхдээ дардас дарах үед заавал огноо дугаарыг нь тавих ёстой. Би өөрийн биеэр гарын үсэг зурж байгаа тохиолдолд заавал он, сар, өдрийг нь бичдэг юм. Дээрх дэвтэрт миний гарын үсгийн тэмдэг дарагдсан байна. Тэгэхээр дэвтрийн нүүрэн хэсэгт бичилт хийж, дэвтрийг нээсэн албан тушаалтан нь дээрх огноо, дугаарыг бичих ёстой. Яагаад огноо дугаар бичээгүй байгааг би мэдэхгүй байна. Миний гарын үсгийг тэмдэг дээр дарагдсан байгууллагын улаан тэмдэг нь мөн туслах ажилтан  Д дээр байдаг, тэгэхээр дээрх тэмдгийг туслах ажилтан Д дарсан байх ёстой. Миний хувьд хоосон шинэ дэвтэр нээгээд л орхиж байгаа, тэгэхээр дэвтрийг үнэн зөв хөтлөх, баталгаажуулах асуудлыг хариуцсан байцаагч нь хийгээд явах ёстой. Уг нь бол байцаагч тус бүрдээ тэмдэгтэй учир өөр өөрсдийн гарын үсэг дээр өөр өөрсдийн тэмдэг дарах ёстой. Хэрэв нэг байцаагчийн гарын үсэг дээр өөр байцаагчийн тэмдэг дарах юм бол дундаа нэг тэмдэгтэй байх ёстой шүү дээ.  Тухайн дэвтрийн эзэн нь өөрөө нийгмийн даатгалын дэвтрээ хаясан, гээгдүүлсэн зэрэг тохиолдолд өмнөх оны бичилтээ нөхөж бичүүлдэг тохиолдол байгаа, үүнийг хууль журмаар хориглосон эсвэл зөвшөөрсөн зохицуулалт байхгүй. Гэхдээ өмнөх оны бичилтийг хийж баталгаажуулж байгаа бол хариуцсан орлого шимтгэлийн байцаагч нь цахим сангаас тулгаж үзээд баталгаажуулдаг байгаа. Дэвтрийн бичилтийг орлого, шимтгэлийн байцаагч хийх ёсгүй, зөвхөн тухайн байгууллагын нягтлан бодогч нь бичилт хийж, түүнийг нь орлого шимтгэлийн байцаагч баталгаажуулах ёстой. Эцэст нь хэлэхэд үнэхээр программ дээр байхгүй мэдээллийг бичиж баталгаажуулсан бол гарын үсэг зурж, тэмдэг зарсан албан тушаалтнууд л хариуцлага хүлээх ёстой....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Д-ын “...Би 2018 оноос хойш Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, Аюулгүй байдлын хэлтэст визний зөрчил шалгагчаар ажиллаж байна. Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, Аюулгүй байдлын албаны дарга Ж-н нэрээр дээрх өргөдлийг бичсэн байгаа. Гэхдээ иргэн Л.Д нь Америкийн нэгдсэн улсын виз мэдүүлэхдээ нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээ хуурамчаар өсгөж бичсэн зөрчлийг нь миний бие олж илрүүлсэн юм. Иргэн Л.Д нь өмнө нь виз мэдүүлээд татгалзсан хариу авсан байсан ба 2020 оны 02 дугаар сард дахин виз мэдүүлэхдээ нийгмийн даатгалын дэвтрээ ирүүлсэн юм. Тэгээд иргэн Л.Дий өмнө эрхэлж байсан ажил нь зөрүүтэй байсан учраас би түүнийг ТҮЦ машинаас нийгмийн даатгалын лавлагаа авч ирж өгөхийг шаардсан юм. Ингээд Д нь ТҮЦ машинаас нийгмийн даатгалын лавлагаагаа авч ирж өгсөн ба түүнийг нь үзэхэд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс нь зөрүүтэй байсан юм. Энэ нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаа хоёр нь яагаад зөрүүтэй байгаа талаар иргэн Л.Дээс өөрөөс нь асуухад “өө би энийг анзаарсангүй, манай байгууллагын нягтлан бодогч миний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийхдээ андуурч зөрүүтэй бичсэн юм шиг байна, нягтлан бодогчоо олохгүй байна, намайг уучлаарай” гэж хэлж байсан юм. Тэгээд л энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Ер нь бол Л.Д нь өөртөө давуу байдал олж авахын тулд ийм хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн. Түүний ажил байдлыг нь тодруулах гэж л дэвтрийн бичилтийн ТҮЦ машины лавлагаатай тулгаж үзсэн байгаа. Манай байгууллагаас Л.Дий нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хуурамч болохыг олж тогтоосон тул түүнд Америкийн Нэгдсэн Улсын виз олгоогүй, виз олгохоос татгалзсан хариу өгсөн байгаа. Тэгэхээр зөрчлийг илрүүлж таслан зогсоосон учир Л.Дд ямар нэгэн давуу байдал олгогдоогүй гэсэн үг. Хэрэв манай байгууллагын зүгээс энэ дэвтрийн бичилт хуурамч байсныг олж илрүүлээгүй бол магадгүй түүнд виз гаргаж өгснөөр давуу байдал үүсэх боломжтой байсан байх. Манайх бол зөрчлийг илрүүлээд хуулийн байгууллагад л ханддаг. Тэгээд тухайн иргэнд виз гаргахаас татгалзаж хариу өгдөг байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1637 дугаартай “...1. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-, Б.Г, Д.Э, С.У, Б.Т Э.Н, Ж.А-, Х.А, Ч.О-, Г.У нарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд, З.О, Л.Э, Ц.Н нарын гэх гарын үсгийн туршилтын загварууд болон С.Т-ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-гийн гэх “Б3Д2603” дугаартай, Б.Ггын гэх “БЗД2610” дугаартай, Д.Эийн гэх “БЗДНД0647” дугаартай, С.Уын гэх “БЗДНД0656” дугаартай, Б.Т-гийн гэх “БЗД2600” дугаартай, Э.Нийн гэх “БЗДНД0652” таартай, Ж.А-ын гэх “БЗД2602” дугаартай, Х.Аын гэх “БЗДНД0658” дугаартай, Ч.О-гын гэх “БЗДНД0663” дугаартай, Угын гэх “БЗДНД0646” дугаартай, Л.Эгын гэх “БЗДНД0654” дугаартай, Ц.Нгийн гэх “БЗД2608” дугаартай тэмдгийн дардасны туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. 3.     Шинжилгээнд ирүүлсэн “НДД № 1” дугаартай, “ Л Д” эмшигчтэй нийгмийн даатгалын дэвтрийн 2,3,4-р нүүрний “2016, 2017, 2018 онд төлсөн шимтгэл /төгрөгөөр/” гэсэн хаяглалтай бүртгэлүүдийн хүснэгтэн нөхөх хэсгийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн 6-р багананы “сар 1-12, 1-9” гэсэн мөрүүдэд байх шинжилж буй тэмдгийн дардсуудыг хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлээгүй, бараар дарагдсан байна. Харин шинжилж буй тэмдгийн дардаснуудын будагч бодисны өнгийг цаасны гадаргууны өнгөнөөс шүүх “Docu center-Projectina 6000” төхөөрөмж одоогоор ашиглах боломжгүй байх тул шинжилж буй тэмдгийн дардасуудыг харьцуулах загварт ирүүлсэн Д.Н-, Б.Г, Д.Э, С.У, Б.Т Э.Н, Ж.А-, Х.А, Ч.О-, Г.У, Л.Э, Ц.Н нарын гэх тэмдгийн дардастай адилтгалын шинжилгээ хийх боломжгүй байна. 4.       Шинжилгээнд ирүүлсэн “НДД № 1” дугаартай, “Л Д” эзэмшигчтэй нийгмийн даатгалын дэвтрийн 2 Гэж дугаарласан нүүрэнд байх 2016 бүртгэлийн мэдээллийн хэсгийн “Шалгасан- нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “сар 1-12’’ гэсэн мөрөнд болон 3 гэж дугаарласан нүүрэнд байх 2017 оны бүртгэлийн мэдээллийн хэсгийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “сар 1-6” гэсэн мөрөнд тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.Т-ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирно. 5.Шинжилгээнд ирүүлсэн “НДД № 1” дугаартай, “Л Д” эзэмшигчтэй нийгмийн даатгалын дэвтрийн 3 гэж дугаарласан нүүрэнд байх 2017 оны бүртгэлийн мэдээллийн хэсгийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “сар 7-12” гэсэн мөрөнд болон 4 гэж дугаарласан нүүрэнд байх 2018 оны бүртгэлийн мэдээллийн хэсгийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “сар 1-9” гэсэн мөрөнд тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирно. 6. Шинжилгээг ирүүлсэн материалын хүрээнд хийсэн болно. 7. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2360 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 1 3,4,5 гэж дугаарласан нүүрэнд бичигдсэн шинжилж буй тоон болон бичмэл гар бичвэрүүд, 4 гэж дугаарласан нүүрний 2018 оны бүртгэлийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн 6-р багананы “сар 10-12” хүртэл дугаарласан мөрөнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд, 3.4.5-р нүүрэнд 2017 оны 7 сараас 12 сар, 2018 он, 2019 оны 1 сараас 4 сар хүртэлх бүртгэлийн мэдээллийн хэсэг дэх шинжилж буй тэмдгийн дардсуудаас 2018 оны 12 сар, 2019 оны 01 сарын бүртгэл дэх тэмдгийн дардас, 5 гэж дугаарласан нүүрний 2019 оны бүртгэлийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг/тэмдэг/” гэсэн багананы “сар 1-4” хүртэл дугаарласан мөрөнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд тус тус адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин дэвтрийн 5 гэж дугаарласан нүүрний 2019 оны бүртгэлийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн 6-р багананы “сар 5-9” хүртэл дугаарласан мөрөнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд болон мөн бүртгэлийн “сар 5-9” хүртэл дугаарласан мөрөнд байх шинжилж буй тэмдгийн дардсууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-, Б.Г, Д.Э, С.У, Б.Т Э.Н, Ж.А-, Х.А, Ч.О-, Г.У, С.Т-, Ц.Н нарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд болон З.О, Л.Э нарын гэх гарын үсгийн туршилтын загварууд, мөн Д.Н-, Б.Г, Д.Э, Б.Т Э.Н, Ч.А-, Х.А, Ч.О-, Г.У, С.Т-, Ц.Н нарын гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загварууд, С.Уын гэх бичгийн хэвийн туршилт загварууд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Мөн шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-гийн гэх “Б3Д2603”, Б.Ггын гэх “БЗД2610”, Д.Эийн гэх “БЗДНД0647”, С.Уын гэх “БЗДНД0656”, Б.Т-гийн гэх “БЗД2600”, Э.Нийн гэх “БЗДНД0652”, Ж.А-ын гэх “БЗД2602”, Х.Аын гэх БЗДНД0658”, Ч.О-гын гэх “БЗДНД0663”, Г.Угын гэх “БЗДНД0646”, Г.Эгын гэх “БЗДНД0654”, Ц.Нгийн гэх “БЗД2608” тус тус бичиглэлтэй тэмдгийн дардасны туршилтын загварууд шинжилгээнд тэнцэнэ. 3.   Шинжилгээнд ирүүлсэн “НДД № 1” дугаартай, “Л Д” эзэмшигчтэй нийгмийн даатгалын дэвтрийн 4 гэж дугаарласан нүүрэнд байх 2018 оны бүртгэлийн мэдээллийн хэсгийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “сар 10-12” гэсэн мөрөнд тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “НДД № 1” дугаартай, “Л Д” эзэмшигчтэй нийгмийн даатгалын дэвтрийн 5 гэж дугаарласан нүүрэнд байх “2019 онд төлсөн шимтгэл /төгрөгөөр/” гэсэн хаяглалтай бүртгэлийн “Шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн “сар 1-4” хүртэл дугаарласан мөрөнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.О-, Д.Н-, Г.У, Б.Г, Д.Э, С.У, Б.Т Э.Н, Ж.А-, Х.А, Л.Э, Ц.Н, З.О, Д.Т- нарын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн бүтэц илэрхийлэх ерөнхий шинж тэмдгээрээ өөр хоорондоо тохирохгүй байна. Уг гарын үсгүүдэд механик арга ашиглан хуулбарласан, хэвлэсэн, дуурайлган зурсан гэх шинж тэмдэг илрэхгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай “Л Д” эзэмшигчтэй Нийгмийн даатгалын дэвтрийн 1 гэж дугаарласан нүүрний нөхөх хэсэгт бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Т-ийн гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. Харин бусад 2,3,4,5 гэж дугаарласан нүүрний нөхөх хэсэгт бичигдсэн шинжилж буй тоон болон бичмэл гар бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.О-, Д.Н-, Г.У, Б.Г, Д.Э, Б.Т Э.Н, Ж.А-, Х.А, Ц.Н нарын гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 2.3.4 гэж дугаарласан нүүрний болон 5 гэж дугаарласан нүүрний 2019 оны бүртгэлийн “Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Төлсөн шимтгэл /Бүгд, Үүнээс даатгуулагчаас/” гэсэн багананы “Сар 1-12, 1-4” гэсэн мөрөнд бичигдсэн шинжилж буй тоон гар бичвэрүүдийг нэг хүн, 5 гэж дугаарласан нүүрний 2019 оны бүртгэлийн “Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл /Бүгд, Үүнээс даатгуулагчаас/” гэсэн багананы “Сар 5-9” гэсэн мөрөнд бичигдсэн шинжилж буй тоон гар бичвэрүүдийг нэг хүн, 2,3,4 гэж дугаарласан нүүрний болон 5 гэж дугаарласан нүүрний 2019 оны бүртгэлийн “Бичилт хийсэн нягтлан бодогчийн гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “Сар 1-12, 1-4” гэсэн мөрөнд бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүдийг нэг хүн, 5 гэж дугаарласан нүүрний 2019 оны бүртгэлийн “Бичилт хийсэн нягтлан бодогчийн  гарын үсэг /тэмдэг/” гэсэн багананы “Сар 5-9” гэсэн мөрөнд бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүдийг нэг хүн тус тус бичсэн байна. 7.    Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай “Л Д” эзэмшигчтэй Нийгмийн даатгалын дэвтрийн 4.5-р нүүрний 2018 оны 12 сар, 2019 оны 01 сарын бүртгэл дэх шинжилж буй тэмдгийн дардсууд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ж.А-ын гэх “БЗД2602” бичиглэлтэй тэмдгийн дардастай тохирно. 8. Шинжилгээг ирүүлсэн материалын хүрээнд хийсэн болно. 9. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3508 дугаартай “....1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.            Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигчийн мэдээлэл бүхий 1 дугаартай нүүрний нөхөх хэсэгт бичигдсэн 1969.10.03  П.......... гэсэн тоон бичвэр нь уг дэвтрийн 2,3,4,5 дугаартай рний “Сарын хөдөлмөрийн           хөлс, түүнтэй адилтгах орлого”, “Бүгд", “Үүнээс даатгуулагчаас” гэсэн багананд бичигдсэн тоон бичвэрүүдтэй ерөнхий болон йн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна. 3. Дээрх 2,3,4,5 дугаартай нүүрний “Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”, “Бүгд”, “Үүнээс даатгуулагчаас” гэсэн багананд бичигдсэн тоон эрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Т-ийн гэх бичгийн хэвийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт, 

 

            Шүүгдэгч Л.Дгийн Нийгмийн даатгалын төлөлтийн мэдээллийг баталгаажуулсан талаархи дэлгэрэнгүй бүртгэл,

 

            Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8/1140 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тухай “...Үзлэг хийсэн дэвтэр нь тунгалаг өнгийн хавтастай, “Кассын дэвтэр” гэх хаягтай цагаан цэнхэр өнгийн дэвтэр байна. Уг дэвтэр нийт 50 хуудастай байх бөгөөд эхний 5 хуудас буюу 10 нүүрэнд тэмдэглэгээ хийгдсэн байна. Дэвтрийг нээж үзэхэд доорх хүснэгтэд оруулж, гараар бичсэн мөнгөн орлого зарлагын гүйлгээ байх ба хэрэгт ач холбогдолтой байж болохуйц хэсгүүдийг хүснэгтийн дагуу оруулав.  Үзлэгээр хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй бөгөөд дээрх мөнгөн гүйлгээний тэмдэглэл хийгдсэн 5 хуудас материалыг хуулбарлан үзлэгийн тэмдэглэлд хавсаргав. Үзлэг хийсэн зөөврийн компьютер нь хар өнгийн нүүртэй, улаан өнгийн дотортой, АСЕR маркийн зөөврийн компьютер байна. Тус компьютерыг Л.Дээр өөрөөр нь асаалгахад 20032003 гэсэн кодоор дэлгэцийн түгжээг гаргав. Л.Д нь миний өөрийн Д хаягаар орвол Т-ээс ирсэн мэйл байгаа гэв. Компьютерыг интернэт сүлжээнд холбож “Google”-р дамжуулан Gmail гэсэн хэсэг рүү ороход Л.Дий ашигладаг гэх Д мэйл хаяг нээлттэй байв. Уг хаягийн “ирсэн имэйл” хэсэгт нийт 252 мэйл ирсэн байх ба 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Tumursukh Samdan гэх нэр бүхий иргэний Т  гэсэн имэйл хаягнаас “Миний бие 2019 оны 9 дүгээр сард Нийгмийн даатгалын дэвтэрээ” гэсэн нэршилтэй программ дээр бичсэн файлыг Л.Дий Д хаяг руу явуулсан байна. Уг файлыг нээж үзэхэд “Тайлбар хүргүүлэх тухай” гэсэн толгойтой, “Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх үед ашигласан нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг алдаатай бичсэн, нягтлан бодогчийн буруу байсан тул уучлалт хүссэн тухай” хүсэлтийг бичиж ирүүлсэн байсныг гэрэл зургийн аргаар баримтжуулж авав. Үзлэгээр хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй тул үзлэгийн ажиллагааг үүгээр дуусгав...” гэсэн тэмдэглэл,

 

Шүүгдэгч Л.Дгийн “....Би “Б” ХХК-ийн захирлаар ажилладаг юм...2019 онд 02 дугаар сард Америкийн нэгдсэн улс руу явахаар болж Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд виз мэдүүлсэн. Виз мэдүүлэхэд холбогдуулан бүрдүүлэх материал дунд нийгмийн даатгалын асуудал гарч ирсэн. Миний нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт болон ТҮЦ машины лавлагаагаар авсан бичилт хоёр хоорондоо зөрүүтэй гарч ирсэн. Ямар зөрүү байдаг вэ гэхээр Нийгмийн даатгалын төлөлтийн үнийн зөрүү гарч ирсэн. Ингээд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас намайг дуудаж таны Нийгмийн даатгалын лавлагаа, дэвтэр асуудалтай байна, үүнийг цааш нь шалгах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд би Америкийн нэгдсэн улс руу явж чадаагүй юм. Би 2019 оны 11 дүгээр сар гэж санаж байна. Нийгмийн даатгалын дэвтэрт хувиараа нэг төлөлт хийгээд компанийн нэрээр нэг төлөлт давхар хийдэг бол виз гарахад болон тэтгэвэрт ч гарахад ч тэр өндөр тогтоогдох байх, яаж бичилт хийдэг юм бол гэж компанийн менежер Э-т хэлэхэд тэр би асууя гэж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Нийгмийн даатгалын дэвтэр дээр шинээр бичилт хийлгэхчихлээ гэж Э- нь шинэ дэвтэр авчирч өгсөн. Ингээд уг дэвтрийг би Америкийн нэгдсэн улсын визэнд орох гээд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд гаргаж өгсөн. №1 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт яг хэн бичилт хийсэн гэдгийг бол би мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлын талаар надаас мэдүүлэг авсны дараа би Э-тэй уулзаж хэнээр бичүүлсэн юм бэ? хэн зуучилж өгсөн юм бэ? гэж асуухад Хүнс хөдөө аж ахуй яамны сайдын туслах Төмөрөө гэдэг хүнтэй уулзаж Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийх материал өгсөн. Уг хүнтэй холбогдож байгаад дэвтэрт бичилт хийж авсан шүү дээ гэж хэлсэн. Э- нь тухайн үед дэвтэр дээр бичилт хийхэд мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь би 300.000 төгрөгөөр нэг удаа, 700.000 төгрөгөөр нэг удаа, нийт 1.000.000 төгрөгийг Э- рүү шилжүүлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсний дараа Төмөрөө гэх хүнийг олж уулзсан. Тэрээр тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр сайдын туслах хийж байсан бөгөөд би ажил дээр нь очиж уулзан “ямар хүнээр бичилт хийлгэсэн юм бэ? очиж уулзаад энэ бичилтэд залруулга хиймээр байна, нөхөн тайлан өгмөөр байна” гэж хэлэхэд тэр “би хэнээр зуруулснаа санахгүй байна, миний гар утсан дээр л байгаа байх” гээд өнгөрөөсөн. Дараа нь дахин очиж уулзахад тэр үл тоосон шинжтэй, гайгүй дээ, зүгээр Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам руу уучлалт гуйсан мэйл бичээд л болоо доо, мэйлийн утгыг нь би хэлээд өгье. Одоо би яг хэнээр бичилт хийлгэсэн гэдгийг санахгүй байна” гээд тоогоогүй...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Л.Д нь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн 1 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, түүн дээрх 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан мэтээр хуурамч бичилт хийлгэсэн, мөн 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, түүнтэй адилтгах орлогыг нэмэгдүүлж бичилт хийлгэсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж Америкийн Нэгдсэн Улсад зорчих зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны консулын газарт виз мэдүүлэхдээ ашигласан болохыг шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1637 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2360 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3508 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилан тодорхойлсон байдаг.

 

            Хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт гэдэгт иргэний нийгмийн даатгалын төлөлтийг илэрхийлсэн баримтыг хамааруулж үзнэ.

 

             “Хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, давуу байдал үүсгүүлэх, эдийн болон эдийн бус баялгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах болон бусад зорилгоор хэрэглэхийг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухай гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Дг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, харин шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тусгайлан гаргах саналгүй..”. гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг тус хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Мөн шүүх шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна. 

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснөөс гадна тэрээр тус хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон. 

 

Шүүх шүүгдэгч Л.Дг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба түүний үйлдсэн гэмт хэрэг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон эрүүгийн гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 дугаартай 1 ширхэг нийгмийн даатгалын дэвтрийг хэрэгт хавсарган хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

                                                            ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Л.Д-г хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Л.Д-гийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 дугаартай 1 ширхэг нийгмийн даатгалын дэвтрийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДУЛАМСҮРЭН