Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0402

 

 

 

 

“МГТБҮ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б;

 

Нэхэмжлэгч: “МГТБҮ” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0314 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ч, С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Хариуцагч Б.Б, Д.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0479/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МГТБҮ” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 314 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МГТБҮ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:

 

3.1. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн эрх бүхий этгээдээс авсан удаа дараагийн зөвлөмж, чиглэлийн дагуу татварын ногдлыг тодорхойлж татварыг зөвхөн өөрийн хуулийн этгээдийн дансаар дамжуулан төлсөн гэсэн тайлбарыг буруутгахгүй...” гэж хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь үйлдэгдсэн зөрчилд гэм буруутай эсэх талаар огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үйлдэгдсэн гэх зөрчилд өөрийгөө гэм буруугүй, уг үйлдэл нь зөрчлийн шинжгүй гэж үзэж, татварын улсын байцаагч нарын дүгнэлт, нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

3.1.1. Учир нь: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан бөгөөд зөрчил нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр илэрдэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд Бүгд Найрамдах Итали Улсын “КТ-КТ” компанийг Засгийн газрын 2017 оны 177 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас олон улсад нээлттэй тендер зарлах замаар сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний “03/01 тоот” гэрээг захиалагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төсөл хэрэгжүүлэгч компани “МГТБҮ” ХХК, зөвлөх “КТ-КТ” компани нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээт ажлыг “ЭМ” ХХК-аас санхүүжүүлсэн.

 

3.1.2. Тухайн үед захиалагч тал болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвлөх компанид ногдуулах татварын хувь хэмжээний асуудлаар Сангийн яамнаас чиглэл авсан бөгөөд тус яамнаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн 4-2/7158 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул Итали улсын “КТ-КТ” компанийн Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод дээрх хэлэлцээрийн дагуу татвар ногдуулахыг мэдэгдсэн. Мөн гэрээний талууд татварын хувь, хэмжээг 5 хувь байхаар харилцан тохиролцож, гэрээний тусгай нөхцөлийн 1.8-т заасан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэх бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр байхгүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Мөн гэрээний 6.1-д зааснаар нэхэмжлэгч нь гагцхүү “ажлын явц, чанарт тогтмол хяналт тавих” үүрэгтэй бөгөөд уг гэрээний харилцаанд бие дааж шийдвэр гаргах эрхгүй, гэрээний төлбөрийг төлөх үүрэггүй.

Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээ болон Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас удаа дараа өгсөн мэдэгдэл, чиглэлийг дур мэдэн өөрчилж, татварын хувь хэмжээг 20 хувиар тооцож суутгах эрхгүй тул өгөгдсөн чиглэлийн дагуу 5 хувийн татвар суутган “КТ-КТ” компанид гэрээний төлбөр шилжүүлсэн үйлдэлд ямар ч гэм буруугүй, зөрчлийн шинжгүй байх атал анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар огт дүгнэлт хийсэнгүй.

 

3.2. Мөн гэрээний 6.2 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус зааснаар захиалагч буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь гэрээний төлбөрийг зөвлөх компанид шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь “ЭМ” ХХК-аас олгосон санхүүжилтийг өөрийн дансанд хүлээн авч гүйлгээ хийхэд хүндрэлтэй байсан тул “МГТБҮ” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн чиглэлийн дагуу гэрээний төлбөрийг захиалагчийн өмнөөс “КТ-КТ” компанид дамжуулан төлсөн.

Нэхэмжлэгчийн хувьд захиалагчийн өмнөөс гэрээний төлбөрийг дамжуулан төлсөн, тодруулж хэлбэл бусдын үүргийг гүйцэтгэж, хийх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлсэн. Энэ тохиолдолд НӨАТ-ыг суутгаж төлөх талаар нарийвчилсан зохицуулалт хуульд байхгүй тул нэхэмжлэгчийн тухайд НӨАТ-ыг суутган төлөх үүрэг хүлээхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг НӨАТ суутган төлөгч мөн эсэх, суутган төлөх үүрэгтэй эсэх талаар, мөн тухайн харилцаанд НӨАТ-ыг суутган төлөх үүрэг бүхий этгээдийг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

 

3.3. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын акт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль бус акт гэж үзэж байна.

 

3.3.1. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үзэглэж, 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурж, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн мэдээллийг татварын байгууллагын цахим (https://or.mta.gov.mn/?page_id=1391) байршуулсан байсан.

 

3.3.2. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яамнаас 4-2/63 тоот албан бичгээр “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрийн статусыг нягтлахад хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр тул мөрдөж ажиллана уу” гэх чиглэлийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн, нэхэмжлэгч компанийн зүгээс дээрх гэрээний харилцаанд татварын хувь, хэмжээ ямар байх, мөн хэлэлцээрийг дагаж мөрдөх нь зөв эсэх талаар асуулга, тодруулга хүсч Татварын ерөнхий газарт удаа дараа хандаж байсан. Гэтэл Татварын ерөнхий газар нь дээрх албан тоотуудад огт хариу ирүүлээгүй, нэхэмжлэгчийг мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан. Сангийн яамны 4-2/63 тоот албан бичгийг хүлээн авсан атлаа ямар ч хариу өгөөгүй. Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авч ажилласан, тухайн үеийн бодит нөхцөл ямар байсан талаар тодруулах шаардлагатай ажиллагааг огт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

3.3.3. Мөн актын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, гомдол гаргах хугацаа, хандах этгээдийг заагаагүй, акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалт тодорхойгүй, хуульд байхгүй заалтыг үндэслэсэн зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй, хууль бус акт болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

 

3.4. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлчилгээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 13.14-т “Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу дээрх гэрээ нь НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлчилгээнд хамаарч байх атал анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болсон.

 

3.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0314 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн нэг дэх заалтад “... нарт холбогдуулан гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/336 дугаартай “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэжээ. Энэ нь “МГТБҮ” ХХК-ийн тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0314 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

  1. Маргаан бүхий үйл баримтын талаар;

 

1.1. Нэхэмжлэгч “МГТБҮ” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн татвар ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 177 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас олон улсад нээлттэй тендер зарлах замаар сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний “03/01 тоот” гэрээг Захиалагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, гүйцэтгэгч зөвлөх үйлчилгээг “КТ-КТ” Италийн компани нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, төсөл хэрэгжүүлэгч “МГТБҮ” ХХК, гэрээт ажлыг “ЭМ” ХХК-аас санхүүжүүлсэн.

 

1.3. Нэхэмжлэгч нь “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон “КТ-КТ” компанитай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 03/01 тоот гэрээний 6.1-д заасанчлан гагцхүү “ажлын явц, чанарт тогтмол хяналт тавих” үүрэгтэй бөгөөд уг гэрээний 6.2-т заасны дагуу захиалагч буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь гэрээний төлбөрийг зөвлөх компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн захиргааны байгууллагын хувьд “ЭМ” ХХК-аас олгосон санхүүжилтийг өөрийн дансанд хүлээн авч гүйлгээ хийхэд хүндрэлтэй байсан тул манай компани захиалагчийн өмнөөс төлбөрийг дансаараа дамжуулж шилжүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч бус субъектийн өмнөөс шилжүүлсэн төлбөрөөс манай байгууллагыг татвар аваагүй зөрчил гаргасан гэж 51,398,923.39 төгрөгийн нөхөн татвар, 15,419,677.02 төгрөгийн торгууль, 10,279,784.68 төгрөгийн алданги ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

 

Хоёр. Хууль хэрэглээний талаар;

 

2.1. Нэхэмжлэгч “МГТБҮ” ХХК-д хариуцагч татварын байцаагч нарын хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил нь

 

а/ 2018 оны зөвлөх үйлчилгээний, сургалтын төлбөрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг /НӨАТ/ уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөөгүй зөрчлийн дүн 513,989, 233.92 төгрөг,

 

б/ 2018 оны сургалтын төлбөрийг суутгагч нь Монгол Улсад байрладаггүй, албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг шилжүүлэхдээ албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн дүн 53,196,912.00 төгрөгт, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нөхөн ногдуулалтын акт” НА-21220000*** дугаартай үйлдсэн.

 

2.2. Уг нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгтээ “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1.-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэсэн заалтуудыг удирдлага болгон 89,067,690.29 төгрөгийн төлбөр төлүүлэх акт тогтоосон байна.

 

2.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “нийт 89,067,690.29 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2,393,861.04 төгрөгийн торгууль, 1,595,907.36 төгрөгийн алданги нийт 3,989,768.40 төгрөгийг төлбөрийг хүчингүй болгож, 59,378,460.19 төгрөгийн нөхөн татвар, 15,419,677.02 төгрөгийн торгууль, 10,279,784.58 төгрөгийн алданги нийт 85,077,921.89 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсүгэй” гэж нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулахдаа үндэслэл нь “...Сангийн яамнаас татвар төлөгчид хүргүүлсэн чиглэлүүд, Татварын ерөнхий газрын цахим хуудас дахь мэдээлэлд үндэслэн татварыг ногдуулж суутган тайлагнасан зөрчилд гэм буруу тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт хийжээ.

 

2.4. Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн болно.

 

2.5. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг;” гэж заажээ.

 

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /захиалагч/ нь Бүгд Найрамдах Итали улсын “КТ-КТ” компанитай /зөвлөх/ байгуулсан 03/01 тоот гэрээний Ерөнхий зүйл 1.1-д ““гэрээний үнэ” гэж ГЕН-ын 6 дугаар зүйлд заасны дагуу Үйлчилгээний гүйцэтгэлийн төлөө Зөвлөхөд төлөх төлбөрийн хэмжээг хэлнэ”, 6.2-т “... Захиалагч нь төсөл хэрэгжүүлэгч нэгжийн дүгнэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр гэрээний төлбөрийг Зөвлөхөд шилжүүлнэ” гэж заасны дагуу Нөхөн ногдуулалтын актад дурдсан төлбөрийг “гэрээ хэлцлийн үндсэн дээр” зөвлөх компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /захиалагч/ байхад хариуцагч татварын байцаагч нар татвар төлөгчийг зөв тогтоолгүй гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-д тусгагдсан “төсөл хэрэгжүүлэгч нэгж “МГТБҮ” ТӨХК /ХХК/-д акт тавьсан байна.

 

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” гэж тодорхойлсон байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Агентлаг нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын сайдын тогтоосон журмыг үндэслэн гэрээ, хэлэлцээр байгуулж хамтран ажиллана.” гэж зааснаас үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвлөх үйлчилгээ авах гэрээг байгуулах эрхтэй, гэрээний дагуу төлбөр шилжүүлэгч ба Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш болох нь тогтоогдож байна.

 

2.8. Гэтэл хариуцагч эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгч “МГТБҮ” ХХК-д нөхөн ногдуулалтын акт тавьсан байна.

 

2.9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд, гадаадын компанид зөвлөх үйлчилгээний хөлсийг шилжүүлсэн мөнгөний эх үүсвэр “МГТБҮ” ХХК-аас гараагүй, ямар шалтгаанаар захиалагч төлбөр төлөгч болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өөрөө төлбөрийг шилжүүлээгүй, акт тогтоохдоо гэрээний нэг тал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг болон “МГТБҮ” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн эх үүсвэрийг гаргасан гэх “ЭМ” ХХК-аас тус тус тайлбар аваагүй, тэдгээрийг татварын хянан шалгалтын ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулаагүй, татвар төлөгч үүрэгтэй этгээдийг зөв тогтоогоогүй, “ЭМ” ХХК төлбөр төлөгч мөн эсэх, нэхэмжлэгч хуулийн этгээд Татварын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалган тодруулалгүйгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг зөрчил гаргасан гэж буруутгасан үндэслэлгүй байна.

 

2.10. Дээрх асуудлыг шалган тогтоох нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0314 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Том татвар төлөгчийн газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нөхөн ногдуулалтын акт” НА-21220000*** дугаартай актыг татварын улсын байцаагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, Тогтоох нь хэсгийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, Тогтоох нь хэсгийн “2, 3” гэсэн дугаарыг “3, 4” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Т.ЭНХМАА