Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга:Х.Түмэнчимэг;

улсын яллагч: Н.Бадамцэцэг;

шүүгдэгч: Э.Хэрлэн, Э.Цэлмүүн, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт;

шүүгдэгч: Э.Данзанравжаа, түүний өмгөөлөгч С.Одгариг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Данзанравжаа, Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарт холбогдох 201601000147 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 61 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, УЮ94092811 регистерийн дугаартай, Эцээд овогт Энхтайваны Данзанравжаа,

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн график дизайны 3 дугаар дамжааны  оюутан, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 57 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ФБ96113011 регистерийн дугаартай, Харнууд овогт Эрдэнэсайханы Цэлмүүн,

 

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологийн сургуулийн газрын тосны барилга байгууламжийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 595 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ШУ94031512 регистерийн дугаартай, Зодоч овогт Энхбаатарын Хэрлэн.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Данзанравжаа нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хос өргөө” хотхоны 72 дугаар байрны гаднаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 16.9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 8 дугаар байрны 61 тоот гэртээ хууль бусаар хадгалсан,

яллагдагч Э.Цэлмүүн нь яллагдагч Э.Данзанравжаагийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дээрх хууль бусаар түүж бэлтгэн олж авч хадгалсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 16.9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 8 дугаар байрны 61 тоотод борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

яллагдагч Э.Хэрлэн нь яллагдагч Э.Данзанравжаагийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дээрх хууль бусаар түүж бэлтгэн олж авч хадгалсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 16.9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо 8 дугаар байрны 61 тоотод борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Данзанравжаа мэдүүлэхдээ: Урьд мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар хангалттай мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цэлмүүн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хэрлэн мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Э.Данзанравжаагийн гэрт очиж хамт хоносон. Цэлмүүн маргааш өдөр нь 13, 14 цагийн үед ирсэн. Бид нар нийлж хайрцагтай өвсийг татахаар савыг цоолоод сорохоор болсон. Би сорох гэсэн боловч муухай үнэртэхээр нь амандаа хүргээд хаясан. Би сорж хэрэглээгүй. Их муухай үнэртэй зүйл байсан гэв.

 

           Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12/, Э.Хэрлэнгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/, Э.Цэлмүүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, Э.Данзанравжаа, Э.Цэлмүүн, Э.Хэрлэн нараас асууж авсан тайлбарууд /хх-ийн 15-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн 6579, 6580 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 31, 33-34/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22-23/, Э.Данзанравжаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/, Э.Цэлмүүний сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-64/, Э.Хэрлэнгийн сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-69/, Э.Данзанравжаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 93-99/, Э.Хэрлэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 100-107/, Э.Цэлмүүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 108-112/, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргаж өгсөн Зэрлэг олсны ургамалын тархацын судалгааны материал /хх-ийн 116-138/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж өгсөн Мансууруулах бодист донтох эмнэлгийн эмчилгээний талаарх тайлбар /хх-ийн 143-145/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Данзанравжаа, Э.Цэлмүүн, Э.Хэрлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг гагцхүү тэдгээрийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Данзанравжаа нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Хос өргөө хотхон” 72 дугаар байрны гаднаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинолын” агууламж бүхий 16,9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 61 тоот гэртээ хадгалсан болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд Э.Данзанравжаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 54-59/: “…2016 оны 07 дугаар сарын 22-ны Баасан гарагт орой 13 дугаар хороолол орж найзуудтайгаа сагсан бөмбөг тоглоод, дараа нь сааданд юм яриад сууж байтал хажууханд зурагт, интернетээс харж байсан “каннабис” өвстэй ижил төстэй ургамал ургасан байсан. “Энд ургадаг юм байх даа” гэж бодож байгаад найзуудаасаа салаад ганцаараа гэртээ харих гэж байгаад “сонирхоод үзье” гээд хэдэн навчийг нь салгаж аваад хоосон тамхины хайрцагт хийж гэртээ ирсэн…Түүсэн өвсөө нуух гээд “Пантень” нэртэй шампунийн савыг хогон дундаас олж, өвсөө хийж тагтан дээр тависан…Маргааш нь манай хамаатны Э.Хэрлэн манайд ирж хоносон…2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө Э.Хэрлэн бид хоёр сэрээд кино үзээд хэвтэж байтал Э.Цэлмүүн утсаар яриад манайд ирсэн…Би Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарт “өвс” байгаа тухайгаа хэлээд хэрэглэхээр болсон…Э.Хэрлэн, Э.Цэлмүүн хоёртой “өвс” хэрэглэхэд надад кино, клип дээр гардаг шиг сайхан болж байгаа мэдрэмж огт төрж, үйлчлээгүй…” гэх мэдүүлгээр,

 

 Мөрдөн байцаалтын шатанд Э.Хэрлэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 65-69/: “…Би 2016 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 03 цагийн үед үеэл Э.Данзанравжаагийн гэрт очиж хоносон. Өдөр унтаж байгаад 13 цагийн үед сэрэхэд манай найз Э.Цэлмүүн Э.Данзанравжаа руу залгаж байгаад гэрт нь хүрээд ирсэн…Э.Данзанравжаа хаанаас юм бүү мэд, шампунийн савтай “өвс” гаргаж ирээд “татах уу?” гэхээр нь “тэгье” гээд бид гурав хамт хэрэглэсэн…”Өвсийг” Э.Данзанравжаа түүж ирсэн гэсэн, хаанаас, хэзээ түүснийг нь мэдэхгүй…” гэх мэдүүлгээр,

 

Мөрдөн байцаалтын шатанд Э.Цэлмүүний сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 60-64/: “…2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр найз Э.Данзанравжаа руу залгахад “Э.Хэрлэнтэй хамт гэртээ байна” гэхээр нь замдаа дэлгүүр орж тамхи, ундаа, бэлэн гоймон аваад 13-14 цагийн үед 11 дүгээр хороололд байх гэрт нь очсон…Бид гурав хөзөр тогтлож байхад Э.Данзанравжаа тагтан дээрээ гараад “өвс” гаргаж ирээд “хэрэглэх үү?” гэхээр нь “тэгье” гээд бид гурав ундааны сав цоолж байгаад тагтан дээр нь өвсөө татаж хэрэглэсэн…” гэх мэдүүлгээр,

 

 

Э.Данзанравжаагийн түүж бэлтгэн, олж авч, “Пантень” нэртэй шампунийн саванд хадгалж байсан ургамалд “дельта 9 тетрагидроканнабинолын” агууламж илэрсэн. “Дельта 9 тетрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6580 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33-34/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 61 тоотод (Э.Данзанравжаагийн гэрт) болон уг байрны 2 дугаар орцонд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/, “Pantene” гэсэн бичигтэй, хуванцар савтай, дотроо 16,9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавсаргасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг “Дельта 9 тетрагидроканнабинол” агууламж бүхий хогийн олсны ургамал /каннабис/ нь Монгол Улсад 15.000 га газарт буюу түгээмэл байдлаар ургадаг ургамал болохыг мэдээлсэн Эрүүгийн цагдаагийн газрын мэдээлэл /хх-ийн 83-85/, шүүгдэгч Э.Данзанравжаагийн мөрдөн байцаалтад өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Э.Данзанравжаа нь НҮБ-ын баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон, байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий ургамлыг ямарч зөвшөөрөлгүйгээр, худалдах, арилжих, солилцох, бэлэглэх, өрөнд өгөх зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэлгүй, өөрийн эзэмшлийн болгоход чиглэсэн идэвхтэй үйлдлээр түүж цуглуулсан, орон байранд байлгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх Э.Данзанравжаад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэнээс гадна тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин прокуророос шүүгдэгч Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарыг “Э.Данзанравжаагийн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинолын” агууламж бүхий 16,9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 61 тоотод борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” хэмээн яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар буюу Нэгдсэн үндэсний байгууллагын баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд уг бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан, бэлэг, хандив, өр зээлээр гэх мэт бусад аргаар өөрийн болгосон аливаа идэвхтэй үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж ойлгоно.

 

Хэдийгээр Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нар Э.Данзанравжаагийн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинолын” агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг татаж хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байх боловч тэднийг уг бодисыг дээр дурьдсан өөрийн болгоход чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлээр бусдаас эсхүл өөрсдөө  “олж авсан” гэж дүгнэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг бусдад хэрэглэхийг санал болгон “түгээж” байгаа Э.Данзанравжаагийн үйлдлийг прокурор “борлуулсан” үйлдэлд хамааруулж үзээгүй бөгөөд нэгэнт Э.Данзанравжаагийн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан “дельта 9 тетрагидроканнабинолын” агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нар татаж хэрэглэсэн нь тэднийг бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан, бэлэг, хандив, өр зээлээр гэх мэт бусад аргаар өөрийн эзэмшил болгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Ийм учраас прокуророос шүүгдэгч Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Данзанравжаа, Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

 

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Pantene” гэсэн бичигтэй голоороо хуваагдсан савтай, “дельта 9 тетрагидроканнабинолийн” агууламж бүхий 16,9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Эцээд овогт Энхтайваны Данзанравжааг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Данзанравжааг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Данзанравжааг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

5. Шүүгдэгч Э.Данзанравжаа, Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Pantene” гэсэн бичигтэй голоороо хуваагдсан савтай, “дельта 9 тетрагидроканнабинолийн” агууламж бүхий 16,9 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Данзанравжаад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Данзанравжаад авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Хэрлэн, Э.Цэлмүүн нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ