Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2021/0023

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2021/0023

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б- М-ийн ******* /................../-ын гомдолтой,

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Дашийн Д-д холбогдох Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.А--------------, гомдол гаргагч М.Г--------------, түүний өмгөөлөгч А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Гомдол гаргагч М.Гд шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд өрсөлдсөн.

Миний бие Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар сонгуулийн зардлын дансаа нээж улмаар тус зүйлийн 51.4 дэх хэсэгт зааснаар төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдсэн.

Гэтэл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Д Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй гэх шалтгаанаар Үндэсний аудитын газрын 2879 тоот албан бичиг гэгчийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулж уг шийтгэлийн хуудсыг шуудангийн хаягаар явуулсныг миний бие 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ийнхүү танай шүүхэд хандаж байна.

Миний бие тухайн үед хуульд зааснаар зардлын дансны талаарх мэдээллээ өөрийн төрсөн дүү М.Галхүүгээр Үндэсний аудитын газарт хүргүүлж мэдэгдсэн боловч олон нэр дэвшигчийн материалд төөрөгдсөн үү миний материал гарч ирээгүй гэх тайлбарыг Татварын улсын байцаагчид өгч улмаар улсын байцаагч 10 000 000 төгрөгийн торгууль тавьж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Татварын улсын байцаагч Д.До нь бодит байдалд нийцэхгүй, хийсвэр дүгнэлт гаргаж надад торгууль тавьж байгаа үйл баримт нь үндэслэлгүй юм.

Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Хуульд заасны дагуу сонгуулийн зардлын дансаа нээж, бүх баримт бичгээ журмын дагуу Үндэсний аудитын газарт дүүгээрээ хүргүүлсэн. Дүү маань 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр оройхондоо бичиг баримтыг маань хүлээлгэж өгсөн гэдэг. Миний бичиг баримт яагаад алга болсныг ойлгохгүй байна. ХААН банкинд сонгуулийн зардлын дансаа нээж, гүйлгээ хийж байсан баримт нь он, сар, өдрөөрөө тодорхой байгаа. ... гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон байдаг. М.*******ын гаргасан гэх зөрчил нь 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсон өдрөөс 20 хоногийн өмнө гэж үзвэл өнөөдрийн байдлаар 1 жил 1 сар 10 хоногийн хугацаа өнгөрч байна. М.******* шийтгэлийг хуудсыг хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхэд хандсан байдаг. Одоо энэхүү шийтгэлийг хуудсыг биелүүлж, шийтгэлийг гүйцэтгэж хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.

Хариуцагч Д.Догсом шүүхэд гаргасан тайлбартаа: 1.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, мөн Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн чиглэлийн дагуу холбогдох албан бичгүүдтэй танилцан 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл үйлдэж хяналтын ажиллагааг эхлүүлсэн болно.

2.Сонгуулийн Ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №71 тоот бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гарснаас хойш 2020 оны 05 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн ХААН банкны төв салбарт хуулийн дагуу 5916356054 тоот дансыг нээлгэсэн бөгөөд хуулийн хугацаанд уг дансаар хандив тусламжийн орлого, зарлагаа хийсэн. Данс нээсэн гэрээний маягт, нэр дэвшигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбарын хамтаар Үндэсний аудитын газар битүүмжлэн хүргүүлсэн гэх боловч дансаа бүртгүүлээгүй болох нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/3415 дугаартай Үндэсний аудитын газрын албан бичгээр бие даан нэр дэвшигч М.******* нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт холбогдох материалыг ирүүлээгүй болохыг мэдэгдсэн албан бичиг ирсэн.

Иймээс нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэргийн оролцогчид, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Гомдол гаргагч М.*******ын шүүхэд гаргасан Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

М.******* нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн болох нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 06 дугаар сарын 24-ний лхагва гарагт болсон /нийтэд илэрхий үйл баримт/ бөгөөд үүнээс хориос доошгүй хоногийн өмнө гэж тооцвол 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу түүнээс өмнө нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байв.

Нэр дэвшигч М.******* 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ХААН банкны 5916 дугаар тооцооны төвд 5916356054 дугаар данс нээлгэж, хуулийн хугацаанд нь уг дансаар орлого, зарлагын гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан иргэдийн харилцах данс, хугацаагүй хадгаламжийн гэрээ /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/, 5916356054 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 22 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.

Гэвч уг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэлгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т ... нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэснийг зөрчжээ.

Тодруулбал гомдол гаргагч М.******* 2020 оны 06 дугаар сарын 05-ны 16-17 цагийн хооронд данс нээсэн гэрээний маягт, нэр дэвшигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбарын хамтаар Үндэсний аудитын газарт өөрийн төрсөн дүү М.Галхүүгээр хүргүүлсэн гэх боловч энэ нь гэрч Н.Чулуунбаатарын Үндэсний аудитын газрын жижүүрээр 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн хооронд ажиллаж байсан. Албан үүргээ тухайн цагт гүйцэтгэсэн. 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн хооронд Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт нэр дэвшигч М.*******ын сонгуулийн зардлын дансны талаарх баримт материалыг хэн нэгэн хүн авчирч өгсөн зүйл байхгүй. Материал авах шаардлага харуулуудад байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч Д.Цэцэгмаагийн Үндэсний аудитын газрын 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны мэдээллийг хүлээн авч бүртгэх ажлыг хариуцан ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн хооронд ажлын байран дээрээ байсан. Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт нэр дэвшигч М.*******ын сонгуулийн зардлын дансны талаарх баримт материалыг жижүүр надад өгсөн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 78-79 дүгээр хуудас/, Үндэсний аудитын газрын 2020 оны ирсэн бичгийн бүртгэл /ХХ-ийн 69-73 дугаар хуудас/, Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1053 тоот албан бичиг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байна.

Иймд М.*******ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т ... нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно гэсний дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон байдаг. М.*******ын гаргасан гэх зөрчил нь 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсон өдрөөс 20 хоногийн өмнө гэж үзвэл өнөөдрийн байдлаар 1 жил 1 сар 10 хоногийн хугацаа өнгөрч байна. М.******* шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхэд хандсан байдаг. Одоо энэхүү шийтгэлийн хуудсыг биелүүлж, шийтгэлийг гүйцэтгэж хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: ... 1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэж заасан боловч мөн зүйлийн 6Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно гэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 06 дугаар сарын 24-ний лхагва гарагт болжээ. Үүнээс хориос доошгүй хоногийн өмнө гэж тооцвол 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу түүнээс өмнө нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байх юм.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан байна /ХХ-ийн 11 дүгээр хуудас/.

Хуульд зааснаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу түүнээс өмнө нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр тооцсон ч зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл 6 сар гаруй хугацаа зарцуулжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч М.*******ын Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Догсомд холбогдох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ