Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0803/Э |
Дугаар | 2022/ШЦТ/852 |
Огноо | 2022-08-30 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/852
2022 08 30 2022/ШЦТ/852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Ч.Батбаатар,
Хохирогч Д.Х,
Шүүгдэгч Н.Г,
Иргэний хариуцагч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” болон “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гид холбогдох эрүүгийн 2203002910340 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо барилгын коллежид сурдаг, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г, регистрийн дугаар: .
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Новотел” зочид буудлын урд талын замд Тоёота Приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Хыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 338 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2203002910340 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 06-13 дугаар тал),
-Хохирогч Д.Хы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Иргэний хариуцагч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
-Мөрдөгчийн 561 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогч Д.Х “өөрт учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлттэй, хохиролтой холбоотой баримтуудаа шинжлэн судлуулах саналтай байна гэж,
Шүүгдэгч Н.Г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж тус тус мэдүүлсэн болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Новотел” зочид буудлын урд талын замд Тоёота Приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зорчигч Д.Хыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-13 дугаар тал),
-Хохирогч Д.Хы “2022 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 30 минутын үед би гэрээсээ гараад “Новотел” зочид буудал руу хуралд оролцохоор замын ертөнцийн зүгээр урд талаас хойшоо чиглэлтэй явган хүний гарцтай хэсгээр ногоон гэрлээр зам хөндлөн гарч байх үед буюу бараг 5 алхам дутуу байх үед хойд талаасаа замаар ирж баруун гар тийш эргэж байсан цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган хүний зам дээр намайг мөргөсөн. Эхлээд тэр миний баруун гар талаас буюу баруун хөлийн өвдөг, шилбэ хэсэгт машиныхаа хамар хэсгээр мөргөсөн. Мөргүүлээд би биеэрээ машин руу эргэж хараад 2 гараараа копут хэсэг дээр тулаад зогссон. ...Би тухайн үед 103-ын эмчид үзүүлчихээд намайг аваад явах гэхээр нь чухал хуралтай байсан учраас явалгүй “Новотел” зочид буудал руу хүнээр түшүүлээд орсон. Ороод миний хөл өвдөөд, ажлаа хийж чадахгүй байсан учраас гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Иргэний хариуцагч П.Бгийн “...Осол гарах үед Гийн жолоодож явсан Тоёота приус маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Өөрийн хамаатны дүү Гид 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “1.Урьд гаргасан Д.Хы биед хийсэн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн №7296 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Д.Хы биед баруун тахилзуур ясны толгой хэсгийн зөрүүгүй далд хугарал, ясны хэмт эдийн няцрал, баруун өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсийн урд эврийн урагдал, урд чагтан холбоосын суналт, тахимны булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх 514 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
-Мөрдөгчийн 561 дугаартай “1.Жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Н.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар /жолооны үнэмлэхний дугаар-1413780/ (хавтаст хэргийн 84 дүгээр тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.
Тухайн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Н.Гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Н.Гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Хы биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал)-ээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.Х гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний болон гэм хорын хохиролд нийт 6,192,500 төгрөгийг нэхэмжилжээ.
Хохирогч Д.Хд гэмт хэргийн улмаас учирсан шууд зардалд нийт 595,000 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 98, 100 дугаар тал) нотлох баримтуудаар, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Х “Новотел” зочид буудалд зохион байгуулагдсан “Байгаль орчин, Нийгмийн хүрээний асуудлаарх сургалт”-д орчуулагчаар ажиллахаар байсан нь хавтаст хэргийн 91-95 дугаар талд авагдсан баримт болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Энэхүү сургалтад орчуулагчаар нийт 7 цагийн хугацаагаар ажиллахаар төлөвлөж (1 цагийн орчуулгын хөлс 150 ам.доллар х 7 цаг =1050 ам.доллар буюу 3,307,500 төгрөг) ажлын хөлсөнд нийт 3,307,500 төгрөг авахаар байжээ.
Шүүхээс дээрх орлогыг хохирогчийн олох байсан орлого буюу шууд бус хохирол мөн гэж тооцсон тул 3,307,500 төгрөг дээр шууд хохирол болох 595,000 төгрөгийн хохирлыг нэмж нийт 3,902,500 төгрөгийн хохирлыг гэм буруутайд тооцогдсон этгээд болон иргэний хариуцагч нараас дараах байдлаар гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Н.Гоос гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохирол болох 595,000 төгрөгийг гаргуулж, мөн шууд бус хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч болох иргэний хариуцагч П.Б нараас гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ. Тодруулбал, шүүгдэгчээс шууд хохирол 595,000 төгрөг дээр шууд бус хохирлын 50 хувь болох 1,653,750 төгрөгийг нэмж, нийт 2,248,750 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар, иргэний хариуцагч П.Бгаас шууд бус хохирлын 50 хувь болох 1,653,750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Д.Х гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар дээрх хохирлыг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсны дараа хохирогчид хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь нотлогдож байна. /хохирлоо хүлээн авсан тухай баримт/
Тиймээс шүүгдэгч нь хохирогчид учруулсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлж барагдуулсан, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Гоос эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгч “гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна, хохирлыг нөхөн төлсөн байгаа, торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэдийгээр шүүгдэгчид хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршиг арилаагүй байгаа нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н. Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН