Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/862

 

 

 

 

 

 

 

 

2022           09          06                                 2022/ШЦТ/862

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн н Цад холбогдох эрүүгийн 2209000001222 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т. Ц, регистрийн дугаар: ........

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.Отай холбогдож “Та “Б апплекейшнийн зээлийг чөлөөлөөд өгвөл 990,000 төгрөгийн зээл аваад буцаагаад хүүтэй нь хамт төлөөд өгье” хэмээн итгүүлэн хуурч, хохирогчийг төөрөгдөлд оруулж, “Б” апплекейшнийн өөрийн нэр дээр байгаа 862,870 төгрөгийн зээлийг төлүүлэхээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001222 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-Б апплекейшнд үзлэг хийсэн “...2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 17 минутад таны зээл төлөгдөж зээлийн данс хаагдлаа гэсэн байв. Мөн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 19 минутад 990,000 төгрөгийн зээлийн эрх үүслээ гэсэн мэдэгдэл ирсэн байв” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Mishka oyunaa гэсэн цахим хаягаасаа "Апплекейшн зээл” чөлөөлнө гэсэн зарын групп дээр “апп-зээл чөлөөлнө” гэж пост байрлуулсан. Удалгүй 80809076 гэсэн дугаараас залгаад “би “Б” апп 862,870 төгрөгийн зээлтэй юмаа, хаагаад өгөөч, хаачих юм бол би 990,000 төгрөгний зээл авч болох юмаа, буцаагаад тодорхой хэмжээний хүүтэй, мөнгийг чинь өгчихнө” гэж хэлсэн. Би “чи хаана байдаг юм бэ?” гэж асуусан чинь “хөдөө байдаг юмаа” гэхээр нь “хөдөө байдаг хүнд зээлэхгүй, боломжгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн эрэгтэй Gantulga gantulga гэсэн фэйсбүүк хаягаар дахин орж ирж миний хувь чатаар хувийн мэдээллээ явуулаад 2 өдөр гуйгаад байхаар нь итгээд зөвшөөрсөн. Тэгээд уг эрэгтэйн Б апп нэвтрэх нэр, нууц үгийг авч байгаад 862,870 төгрөгийн зээлийг дарсан. Тухайн эрэгтэйд зээлийг чинь дарчихлаа гэж хэлсэн, холбоо барихгүй, хувь чатаар явуулсан мэдээллээ устгаад өөр хүний иргэний үнэмлэхийн зураг явуулаад байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Хохирогч М.Оын эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Т.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж иргэн М.Отай холбогдож “та “Б” апплекейшний зээлийг чөлөөлөөд өгвөл 990,000 төгрөгийн зээл аваад буцаагаад хүүтэй нь хамт төлөөд өгье” хэмээн итгүүлэн хуурч, хохирогчийг төөрөгдөлд оруулж, “Б” апплекейшний өөрийн нэр дээр байгаа 862,870 төгрөгийн зээлийг төлүүлэхээр шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт хохирогч дээр дурдсан Б апплекейшнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), хохирогч М.Оын эзэмшлийн Хаан банкны ........тоот дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Т.Ц нь хохирогч М.Оыг хуурч, төөрөгдөлд оруулж  залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 862,870 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан, шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний эд зүйлийн хуурч залилах аргаар авч болохгүй гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Цад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Цыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж  залилсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Цыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН