Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 3005

 

 

 

 

 

    2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03005

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Нын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХЦГ ХХКомпанид холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би  ХЦГ ХХКомпанийн барьж байсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын тосны ажилчдын 18 дугаар байрны 96 тоотод байрлах 57,48 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 57 480 000 төгрөгөөр захиалан худалдан авахаар болж тус компанитай 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Гэвч ХЦГ ХХКомпани тус байрыг худалдах боломжгүй болсон тул бид харилцан тохиролцож байрыг сольж тус байрны 54 тоотод байрлах 52,98 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 52 980 000 төгрөгөөр худалдан авахаар болж 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ шинэчлэн 17/22 тоот орон сууц захиалах гэрээг байгуулан зөрүү 4 500 000 төгрөгийг надад буцаан өгсөн.Би захиалсан байрныхаа мөнгийг анх гэрээ байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлсөн бөгөөд орон сууц ашиглалтанд орсон үеэс өнөөдрийг хүртэл тухайн байрыг эзэмшиж ашиглаж байна.ХЦГ ХХКомпани эхлээд орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байна гэж гэрчилгээ гаргаж өгөхгүй явсаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлбөр тооцоо дууссан гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн ба уг тодорхойлолтыг үндэслэн байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандахад тус байр нь НШШГА-ны шийдвэрээр захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн гэх үндэслэлээр надад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзсан.Би тухайн байрыг ашиглалтанд орохоос өмнө гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн байсан учраас өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна.Иймд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын тосны ажилчдын 18 дугаар байрны 54 тоотод байрлах 52,98 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 онд ХЦГ ХХК-д бүх төлбөрөө барагдуулж,  2015 онд гэрээгээ хийсэн, байрандаа 2017 оны 8 дугаар сард орсон, түүнээс хойш эзэмшиж байна, би 2015 оны 6 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахаар бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн байгууллагаас байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барьцаанд байна тодруулж ир гэсэн тул хариуцагч байгууллагатай уулзаад шүүхэд нэхэмжлэл гаргасан, намайг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын тосны ажилчдын 18 дугаар байрны 54 тоот орон сууцын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч ХЦГ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Нын нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдийн дагуу манай компанийн барьж байсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоот, 2 өрөө орон сууцыг захиалж төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд орон сууц ашиглалтанд орсон үеэс өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь үнэн болно.Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай компанийн шүүхээр тогтоосон өр төлбөрийн барьцаа болгож тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул бид Б.Над өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч чадаагүй өнөөдрийг хүрсэн.Иймд тус орон сууцны өмчлөгч нь Б.Н мөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай байгууллага 2015 онд Б.Нтай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан, явцын дунд байраа сольсон тул 2017 оны 6 сарын 14-ний өдөр дахин орон сууц худалдан авах гэрээ байгуулсан, 2017 онд Улсын комисс хүлээн авч 2018 оны 5 дугаар сараас байрны ордерийг олгож эхэлсэн.“Оюут констракшн” ХХКомпани нь манай туслан гүйцэтгэгч байсан.Хөрөнгө оруулалт хийж оролцоод, өр төлбөртэй ихэнх байрыг авсан.Ингээд цөөн байр битүүмжлэгдсэн. Одоо 6 байрны ордерийн асуудал байгаа.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сард захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан.Манай байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрөө төлсөн иргэдийн орон сууцны гэрчилгээ гаргуулах талаар албан бичиг илгээсэн боловч үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, манайх Б.Нын байрыг барьцаалаагүй байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:ХЦГ ХХК-иас иргэн, аж ахуйн нэгжид олгогдох 795 531 130 төгрөгийн 3 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар хөрөнгийн лавлагаа авахад 2201047134 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн Москва хороолол, үйлдвэрчний гудамжны 18 дугаар хороонд байрлах дуусаагүй барилгын өмчлөгч нь болох тогтоогдсон, 2016 оны 3/10265 дугаартай албан бичгээр уг барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.Тухайн үед 5 гүйцэтгэх хуудастай байснаас 2 гүйцэтгэх хуудас дуусгавар болж одоо 3 гүйцэтгэх хуудастай байгаа.Хариуцагч байгууллага 795 513 130 төгрөгөөс 329 000 000 төгрөгийг харилцан тохирох шатанд явж байгаа.Манай байгууллага дуусаагүй барилгыг байраар нь битүүмжилсэн.Байр ашиглалтанд орж улсын бүртгэлийн газраас манайд албан бичиг явуулсан ба уг  бичгийн дагуу байрыг чөлөөлж, төлбөрт дүйцэхүйц 7 орон сууцыг авч үлдсэн. Битүүмжлэлтэй 7 орон сууцны нэг нь Б.Нын 54 тоот орон сууц битүүмжлэгдсэн байгаа.Одоогоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа.Энэ хөрөнгө бол барьцаа биш, лавлагаагаар гарч ирсэн хөрөнгө байгаа.ХЦГ ХХК-иас эдгээр айлуудыг төлбөрийн үлдэгдэлтэй гэж эдгээр байруудыг үлдээсэн байгаа.Өөрөөр хэлбэл дуусаагүй барилгыг манайх лавлагаагаар олж тогтоон битүүмжилсэн, битүүмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр сэргээхэд ХЦГ ХХКомпанийн зүгээс төлбөрөө бүрэн төлсөн айлуудын байрыг чөлөөлүүлж, төлбөр бүрэн төлөөгүй айлуудын байрыг битүүмжлэлд байлгах, эдгээр айлууд нь манайд төлбөрийг төлсөн нөхцөлд манайх уг хөрөнгийг чөлөөлөхөөр тохирсон гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч ХЦГ ХХКомпанид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Б.Н нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ХЦГ ХХКомпанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээнд төлбөрийг 100 хувь төлсөн, тооцоогүй гэж бичигдсэн байна.

Мөн талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалах 17/22 дугаартай гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд ХЦГ ХХКомпани нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоот, 2 өрөө орон сууцыг барьж Б.Над хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, Б.Н нь уг орон сууцны үнэ 52 980 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж гэрээнд бичигдсэн байна.

Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны байшин болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж талууд тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Б.Н ХЦГ ХХКомпанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүрэн төлсөн, хариуцагч  тал ажлын үр дүн буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьж 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан, Б.Н 2017 оны 8 дугаар сараас хойш уг орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

Гэрээний нэг тал болох хариуцагч байгууллага нь Б.Наас орон сууцны үнийг бүрэн хүлээж авсан гэж тайлбарлаж байхад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд НШШГГ нь Б.Н-аас орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэхийг шаардах эрхгүй бөгөөд улмаар Б.Н нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмнө гэрээгээр болон хуулиар үүрэг хүлээгээгүй байна.

Б.Н-ын захиалж 2014 онд үнийг нь бүрэн төлж, улмаар 2017 оны 8 дугаар сараас хойш эзэмшиж байгаа орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 1/8029 тоот баримтаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь буруу болжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоот орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүйн улмаас хариуцагч байгууллагын төлбөрт тооцон уг хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн гэх боловч уг хөрөнгийн үнэ 2014 онд төлөгдсөн талаар судалж шалгаагүй байна.

Нөгөө талаар ХЦГ ХХКомпани нь Б.Н-ын захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийг бусдын төлбөрт барьцаалаагүй болох нь талуудын болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоотод байршилтай орон сууцыг хариуцагч ХЦГ ХХКомпаниас үнийг нь төлж дуусаагүй байгаа гэж манай битүүмжлэлд үлдээсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байх тул Б.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс 422 850 төгрөг төлж 352 650 төгрөгийг илүү төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 850 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 352 650 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах газрын тосны газрын ажилчдын 18 дугаар байрны 54 тоотод байршилтай, 2 /хоёр/ өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Н-ыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 850 төгрөгөөс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  үлдсэн 352 650 /гурван зуун тавин хоёр мянга зургаан зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Н-ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН