Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/680

 

 

 

 

2022           06           27                                      2022/ШЦТ/680  

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: М.Энхбаатар /Нийслэлийн прокурорын газар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С,

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч нар Б.Бат-Ерөөлт, У.Нармандах,

Шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

Шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Батнасан нар оролцсон эрүүгийн 2109002010022 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц.О

1990 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ........тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод оршин суух, урьд:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

З.Т,

1970 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Б.А,

1986 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер техник хангамжийн инженер мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ............ оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Т.Ч,

1982 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг гэх, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Б.Н,

1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай эрэгтэй дээд боловсролтой, программист мэргэжилтэй, .......... багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь өөрийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Хан-Уул дүүрэгт  иргэн З.Тд 2,500,000 төгрөгийг өгч хөлслөн, мөн иргэн Б.А, Т.Ч, З.Т нараар буюу бусдаар дамжуулан цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар оролцсон,

Шүүгдэгч З.Т нь иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт  Б.Аээр буюу бусдаар дамжуулан цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд зуучилж, 1,500,000 төгрөгийг дамжуулан өгч дэмжлэг үзүүлэх аргаар хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.А нь иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Б.Нийг ятгаж цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Т.Ч нь иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Нид 1,200,000 төгрөгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.Н нь 2015 оноос 2021 оны хооронд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэлт хяналтын төвийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг “ТР8” бүртгэлийн программ дээр ажиллаж байх хугацаандаа өөрийн олж авсан мэдээллийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тус төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийг сүлжээнд хууль бусаар халдаж, иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан мэдээллийг устгаж, урьдын төлөвт нь өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.Т 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.Отай тохиролцон, улмаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт  Ц.Оаас авсан бэлэн 2.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

Шүүгдэгч Т.Ч 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.Отай тохиролцсон Хан-Уул дүүрэгт  оршин суух иргэн З.Тгээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

Шүүгдэгч Б.Н 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.Отай тохиролцсон Хан-Уул дүүрэгт  оршин суух иргэн З.Тгээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс иргэн Т.Чаар дамжуулж өгсөн 1.200.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч З.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр буюу хэрэг болсон цаг хугацаа тохирохгүй байна. Тухайн үед шөнийн цагаар сууж ажил хийж байсан. 2015 оноос хойш тухайн байгууллагын программ сайжруулахад ажиллаж байсан. Маш олон программ дээр ажилласан. Чаас 1.200.000 төгрөгийг аваагүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Н нарт холбогдох хэрэгт намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Манай байгууллагын үйл ажиллагаа жолоочийн бүртгэл, мэдээллийн санг хариуцаж явж байгаа. Б.Н нь энэ программыг зохион бүтээсэн хүмүүсийн нэг нь юм. Б.Нтой өдий болтол яагаад харилцаа холбоотой байдаг вэ гэхээр программ дээр ямар нэгэн алдаа үүсэх, программ дээр ямар нэгэн хөгжүүлэлт хийх хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд ганцхан Б.Н бид нарт хийж өгдөг. Бид тэр хэмжээнд мөнгө өгч чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд төрийн бус байгууллагын хүрээнд гэрээ, бүртгэл хийж ажиллаж байсан. Уг байгууллага нь журмаараа дүүрэгт 2-3 байх ёстой байсан бөгөөд программ дээр ажиллахдаа хамтарч ажилладаг. 2021 оны 3 сараас бүртгэл, хяналтын төв ажиллаж ирсэн. Тэр хугацаанд манай ажилтнууд программ хангамжийг засаж сууж байгааг харсан. Программ хангамж дээр алдаа үүсэхээр Б.Н ирээд ганцаараа сууж байгаад өөрөө засдаг. Манай мэдээлэл технологийн сүлжээ хариуцсан мэргэжилтнийг гаргаж байгаад өөрөө засдаг. Б.Н нь тухайн программыг явуулах эх код мэдэж байгаа. Эх код байхгүй бол манай технологийн төвөөс гаднын ямар ч хүн ТиПиЭс гэдэг программд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийх, түүхийг нь устгах ямар ч боломжгүй. Эх кодыг мэддэг хүн нь ганцхан Б.Н юм. Дахиад нэг хамтран ажилладаг компанийнхан энэ кодыг мэдэхгүй. Тухайн программ дээр чөлөөтэй ажилладаг хүн нь ганцхан Б.Н юм. Манайхаас илүү, дутуу өөрчлөлт, хөгжүүлэлт хийх ямар ч боломжгүй. Манайх жолоочийн мэдээллийг орууллаа, хэвлээд гаргадаг. Программ дээр гацалт үүсэхэд хөгжүүлэлт хийх, доторх загварыг нь өөрчлөх, нэмэлт мэдээлэл оруулах зэрэг программтай холбоотой асуудлууд Б.Ноор дамждаг. Манай программ дээр ямар нэгэн гацалт үүслээ гэхэд Б.Н л засдаг ба өөр хүн засах боломжгүй. Ц.Отай холбоотой мэдээлэл 2020 оны 6 дугаар сард устсан гэж байгаа. Тэгэхээр Ц.Отай холбоотой мэдээлэл устсан эсэхийг бид нар мэдэх боломжгүй. Ц.О гэдэг хүний мэдээлэл гэж хайнгуут эрхээ хасуулсан эсэх, хэзээ, хаана торгуулж байсан эсэх нь мэдээлэл гэсэн хэсэг рүү орохоор тэр мэдээлэл нь байхгүй. ..Мэдээлэл устсан нь Б.Нтой шууд холбоотой. Манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй...” гэв.

 

Эрүүгийн 2109002010022 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /2хх-н 205-206 дугаар хуудас/,

 

Гэрч В.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-н 34-36 дугаар хуудас/,

           

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-н 42-43 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-н 152-153, 2хх-н 190-191 дүгээр хуудас/,

 

Шинжээч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-н 16-17, 20-21, 3хх-н 57 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-н 161, 209-210, 213 дугаар хуудас/,

                       

Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-н 224-225 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-н 236-237 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Чын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-н 249-250 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3хх-н 82-83 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3хх-н 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 38, 148-151 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 39-41, 86-88, 154-156 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 44-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Чын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-н 22-24 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-н 25-26 дугаар хуудас/,

           

            Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам /1хх-н 60-63 дугаар хуудас/,

 

            Ховд аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар /1хх-н 201-212 дугаар хуудас/,

 

            “Үндэсний дата төв”-ийн УТҮГ-ын Мэдээлэл, технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Б-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-н 249-250 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Оын  иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 166 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 167 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 180 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-н 103, 108-114, 160-165 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-н 176 дугаар хуудас/, шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /1хх-н 214-227, 3хх-н 36-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 168 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 169 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-н 175 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 179 дүгээр хуудас/, дансны хуулга /2хх-н 61-62, 64-102, 113, 123-128 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч З.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 170 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 171 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 177 дугаар хуудас/, дансны хуулга /2хх-н 103-111, 130-133, 135, 137 дугаар хуудас/, гэрч Б.Билгүүний мэдүүлэг /2хх-н 198-199 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 172 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 173 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 178 дугаар хуудас/, цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалууд /1хх-н 229-234 дүгээр хуудас/, албан тушаалын тодорхойлолт /1хх-н 235-238 дугаар хуудас/, ажил байдлын тодорхойлолт /1хх-н 239-240 дүгээр хуудас/, дансны хуулга /2хх-н 37-60, 115-121 дүгээр хуудас/, гэрч О.Гүнжидмаагийн мэдүүлэг /2хх-н 194-195 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-н 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 65 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын даргын Ажлаас чөлөөлөх, томилох, цол олгох, сэргээх, сахилгын шийтгэл оногдуулах, арилгах, дутагдлаар халах, сургалтын төлбөр, эмчилгээний зардал олгох тухай тушаал /2хх-н 143-144 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О нь өөрийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд Хан-Уул дүүрэгт иргэн З.Тд 2.500.000 төгрөгийг өгч хөлслөн, мөн иргэн Б.А, Т.Ч, З.Т нараар буюу бусдаар дамжуулан тухайн программд хөгжүүлэлт хийж ажилладаг Б.Ноос цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар оролцсон,

Шүүгдэгч З.Т нь иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт тоотод Б.Аээр буюу бусдаар дамжуулан тухайн программд хөгжүүлэлт хийж ажилладаг Б.Ноос цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд зуучилж 1.500.000 төгрөгийг дамжуулан өгч дэмжлэг үзүүлэх аргаар хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.А нь иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд тухайн программд хөгжүүлэлт хийж ажилладаг Б.Нийг ятгаж, түүнийг цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Т.Ч нь иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийн сүлжээнд өөрчлүүлэхийн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тухайн программд хөгжүүлэлт хийж ажилладаг Б.Нид 1.200.000 төгрөгийг дамжуулан өгч түүнийг цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөхөд хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.Н нь 2015 оноос 2021 оны хооронд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэлт хяналтын төвийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг “ТРS” бүртгэлийн программд хөгжүүлэлт хийж ажиллаж байх хугацаандаа өөрийн олж авсан мэдээллийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тус төвийн үйл ажиллагаанд ашигладаг “ТРS” бүртгэлийн программ буюу цахим мэдээллийг сүлжээнд хууль бусаар халдаж, иргэн Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан мэдээллийг устгаж, урьдын төлөвт нь өөрчилсөн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сийн “...Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв нь цагдаагийн байгууллагад захиргааны хяналтыг хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг хариуцаж хийдэг. Үүнд зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох, шалгалт авах үндсэн үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Дээрх үндсэн үүргүүдээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хувьд дараах үйлчилгээг үзүүлж, бүртгэл хяналтыг тогтоодог. Үүнд: Жолооны курст суралцсан иргэнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалт авдаг. Шалгалтад тэнцсэн иргэдэд жолооны үнэмлэх олгож бүртгэлд авдаг.  Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, Жолооны үнэмлэхийн хугацаа дууссан, жолоодох эрх хасуулсан хугацаа дууссан иргэдээс 6 цагийн давтан сургалтад хамрагдсан эсэхийг үндэслэн жолооны үнэмлэх олгож бүртгэлд авдаг. Тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн онооны бүртгэлийг явуулдаг. Зөрчлийн оноо дууссан иргэдэд давтан сургалтад хамруулж оноо олгодог. Олон улсын жолооны эрхийн бүртгэл, олголтын үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын TPS программ дээр жолоодох эрхтэй холбоотой бүх мэдээлэл бүртгэгддэг. Манай байгууллагын үйл ажиллагаа жолоочийн бүртгэл, мэдээллийн санг хариуцаж явж байгаа. Б.Н нь энэ программыг зохион бүтээсэн хүмүүсийн нэг нь юм. Б.Нтой өдий болтол яагаад харилцаа холбоотой байдаг вэ гэхээр программ дээр ямар нэгэн алдаа үүсэх, программ дээр ямар нэгэн хөгжүүлэлт хийх хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд ганцхан Б.Н бид нарт хийж өгдөг… Б.Н нь тухайн программыг явуулах эх код мэдэж байгаа. Эх код байхгүй бол манай технологийн төвөөс гаднын ямар ч хүн ТиПиЭс гэдэг программд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийх, түүхийг нь устгах ямар ч боломжгүй. Эх кодыг мэддэг хүн нь ганцхан Б.Н юм.  Гэтэл иргэн Ц.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан мэдээлэл тус программаас устгагдсан байсан. Уг мэдээлэл устгагдсанаар манай төвийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд алдаа гарч, манай байгууллагад хадгалагдаж байх ёстой мэдээлэл алдагдах хохирол учирсан. Өөрөөр хэлбэл манай байгууллагын мэдээлэлд хууль бусаар халдаж жолоочийн мэдээллийг устгаж биет бус хохирол учруулсан байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэнэ үү...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч В.Б-ын “...Би Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжил хяналтын тасгийн лавлагааг архив хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Эрх хасагдсан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг манай байгууллагаас сэргээх шийдвэр гаргадаг. Хугацаанаас нь өмнө жолоодох эрхийг сэргээх эрх нь зөвхөн надад байдаг. Бүртгэл хяналтын төвийн дарга давхар хянаж баталгаажуулснаар тухайн жолоочийн эрх сэргээгддэг. Дээрх байдлаар сэргээгдсэн тохиолдолд сэргээсэн алба хаагч болон баталж хянасан албан тушаалтны овог, нэр, PU дугаар, сэргээсэн огноо нь системээс тодорхой харагдаж байдаг. Би энэ ажлыг хариуцаж байгаа хүний хувьд хэлэхэд Ц.От холбогдуулан шалгасан зөрчлийн материалтай уншиж танилцахад яалт ч байхгүй Ц.О гэх хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн дэслэгч Б.Г гэдэг алба хаагч хассан байна. Тэгэхээр энэ хүний жолооны эрх хасагдсан гэж ойлгох нь зүйтэй. Бүртгэл хяналтын төвийн ТРS системд эрх хасагдсан талаарх мэдээлэл огт шивэгдээгүй байгаа, мөн Ц.Оын жолооны эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн байдлаас үзэхэд энэ нь мэргэшсэн IT программын мэргэжилтэй хүний хийсэн үйлдэл байх боломжтой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч Г.Б-ын “...Би Ц.Оыг эрхээ хасуулсан өдрөөс нь хойш сүүлд мэдсэн. Тэрнээс яг тэр үед бол мэдээгүй. Одоо бол яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр мэдсэн гэдгээ нарийн тодорхой огноотой хэлж мэдэхгүй байна. Би Оын жолооны эрхийг сэргээж өгөөгүй. Харин одоогоос нилээн хэдэн жилийн өмнө хэсэг нөхдүүд хоорондоо жолооны эрх сэргээдэг хүн байдаг талаар хоорондоо ярьж байхыг нь сонсож байсан. Мөн утасны дугаарыг нь тэд хоорондоо ярьж байхыг нь сонссон учраас хожим хойно хэрэг болж магадгүй гээд утасны дугаарыг нь /88/ цээжилчихсэн байсан юм. Тэгээд О жолооны эрхээс хасуулчихсан гэж надад ярихаар нь би “надад нэг жолооны эрх сэргээдэг гэж өөрийгөө бусдад ярьсан хүний дугаар байгаа шүү үнэн эсэхийг нь мэдэхгүй, би утасны дугаарыг нь цээжлээд авчихсан байсан юм, чи яриад үзээч” гэж хэлсэн. О тэгж хэлсний дагуу тэр хүнтэй өөрөө холбогдсон байх...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.У-ын “...Тэр өдөр О надтай холбогдоод “эгчээ мөнгө зээлчих дүү нь жолооны эрхээ хасуулчихсан юм. Одоо харин нэг хүн эрхийг маань сэргээж өгье” гэсэн. “Тэр хүнд өгөх мөнгө хэрэгтэй байна, та зээлээч би 2, 3 хоногийн дараа буцаагаад өгчихнө” гэхээр нь би өөрийн дансанд байсан 2 сая төгрөгийг дүү От зээлүүлсэн юм. Би Ц.Оыг жолооны эрхээ хасуулсан гэдгийг бол мэдээгүй байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр надтай холбогдоод “эгчээ мөнгө зээлчих” гэхээр нь би “яах гэж байгаа юм, юунд хэрэглэх гээд байгаа юм” гээд элдэв янзаар асууж шалгаасаар байгаад хэлүүлсэн. Тэгэхэд л жолооны эрхээ нэг жилээр хасуулчихсан юм байна гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч Э.Б-ийн  “...Тухайн системийн өгөгдлийн сан руу хандах sа гэдэг хэрэглэгчээр хандаж Ц.Оын мэдээллийг устгасан нь тогтоогдсон боловч тухайн sа гэдэг хэрэглэгч нь хэн болохыг тогтоох боломжгүй болсон. Учир нь Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүд нь дээрх программын өгөгдлийн сан руу sа гэсэн эрхээр нэвтэрдэг тул аль дүүрэг, орон нутгийн цагдаагийн байгууллагаас нэвтэрснийг тогтоох боломжгүй гэж ойлгоход болно…Би дүгнэлт гаргахдаа TPS программд Оын мэдээллийг устгасан хүний мэдээлэл лог байдлаар үлдээгүй, уг хүнийг тогтоох боломжгүй талаар тусгаж өгсөн байгаа. Цагдаагийн TPS  программ руу нэвтрэх боломжтой сүлжээнээс жишээ нь backdoor  буюу ямар нэгэн системд нэвтрэх боломж үлдээсэн эмзэг байдлаар дамжуулан нэвтэрсэн байх боломжтой. Программын эмзэг байдлыг тухайн программд хөгжүүлэлт хийж байсан хүмүүс үлдээх боломжтой байдаг. Тус эмзэг байдлын тусламжтайгаар хэзээ ч үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Харин мэдээлэл устгасан этгээд цагдаагийн байгууллагын ямар нэг ажилтны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж программ дахь мэдээллийг устгаагүй байсан. Байгууллагын дотоод сүлжээ буюу Цагдаагийн байгууллагын дотоод цахим сүлжээг хэлнэ....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Нийн “...Ер нь бол А надаас хасагдсан жолооны эрх сэргээлгэх талаар гуйж байгаагүй. А нь Чинбааг надтай танилцуулж байсан болохоор би А гэж андуурч хэлсэн байж магадгүй. Хасагдсан жолооны эрх сэргээлгэх талаар Чинбаа надад хандаж байсан. Би түүний гуйлтаар ТРS программын мэдээлэлд өөрчлөлт оруулсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Мэдээлэл өөрчилсөн цаг хугацаа нь шөнийн цаг байна. Би шөнийн цагаар ажиллаж байгаагүй...Ч надад 1.2 сая төгрөг авчирч өгөөгүй. Сая төгрөгөөс доош хэмжээтэй мөнгө авчирч өгч байсан шиг санагдаад байгаа юм. Би ер нь Ч надад яг хэдэн төгрөг авчирч өгсөн гэдгийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Оын “...Цагдаагийн байгууллагад ашигладаг ТРS программаас жолооны эрх хасагдсан эрх яаж устгадаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин Т гэдэг хүнээс “жолооны эрх сэргээгээд өгөөч” гэж гуйж байгаад сэргээсэн. Би урьд нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Би Ттэй л танилцсан. Түүний цаана ямар хүмүүс байсан гэдгийг би мэдэхгүй байна. Би зөвхөн Тд жолооны эрх сэргээгээд өгөөч гээд 2.5 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч З.Тгийн “...Би жолооны эрх сэргээдэг хүн биш харин таньж мэддэг хүмүүсээсээ “жолооны эрх сэргээж болох уу” гэж асууж сураглаж өгсөн. Иргэн Ц.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хэн, хэрхэн сэргээсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин би “хүнээс лавлаж асууж өгье” гээд таньдаг хүмүүсээсээ асууж байгаад Чтай холбогдсон. Ч нь цаашаа хэнтэй холбогдсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Чын “...Би нэг л хүний материалыг Аээс аваад Нид аваачиж өгсөн, өөр бусад эрх хасагдсан хүмүүстэй холбоотой материалыг тэр хоёрын дунд зөөж байгаагүй...Би хэн нэгэн хүний жолооны эрхийг сэргээдэг албан тушаалтан нь биш тэгэхээр надад тэгж хэлэх үндэслэл байхгүй. А нь намайг тэгж хэлсэн мэтээр худал ярьсан байна. Би Тгээс мөнгө аваад Нид зуучилж өгсөн. Миний хувьд уг хэрэгт өөр ямар нэгэн оролцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Аийн “...Би Ч ахад хандаж “Т эгчид боломжтой бол туслаад өгөөрэй, боломжгүй бол болохгүй гэдгийг нь хэлээд өгөөрэй” гэж хэлсэн. Тухайн үед Тгийн гуйгаад байсан хүн нь эрхээ хасуулаад, эрх хасуулсан хугацаа нь дуусгавар болсон гэж бодож Ч ахтай холбож өгсөн…2021 оны 02 сард хэрэг үүсэхэд би Чтай Тг холбож өгсөн гэдгээ хэлсэн. Дараа нь Ч нь олдохгүй хэсэг удаж байгаад 2021 оны 09 дүгээр сард Ч олдсон. Ингээд Ч Ноор энэ хэргийг хийлгэсэн гэдгээ мэдүүлсэн байсан. Тухайн үед би Нийг ийм зүйл хийсэн болохыг мэдсэн...” гэсэн мэдүүлэг, 

 

“Үндэсний дата төв”-ийн УТҮГ-ын Мэдээлэл, технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Б-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн “...Цогтбаатар овогт Оын эрх хасагдсан мэдээлэл устгагдсаныг олж тогтоон хүснэгтэнд үзүүллээ...Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн “MGLTPS” программын өгөгдлийн санд хандах хэрэглэгч нь “sa” тул чухам хэн устгасныг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт,

 

            Ховд аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зөрчилд холбогдогч Ц.Оын Ховд аймгийн Жаргалант сумын нутагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын баталгаажуулсан хуулбар зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Оыг эрх бүхий албан тушаалтан болох ...... аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Г нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчсөн гэж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан байх ба түүний жолооны эрх хасагдсан талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн хяналтанд хамаарах “ТРS” бүртгэлийн программд бүртгэсэн байсныг Ц.Оаас устгуулж, өөрчлүүлэх буюу өөрийн жолоодох эрхээ хууль бусаар сэргээлгэхээр З.Ттэй, З.Т нь  Б.А, Т.Ч нартай тус тус холбогдож, Т.Ч нь “ТРS” бүртгэлийн программын хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг Б.Нтой холбогдсоны эцэст Б.Ноос Ц.Оын хууль бус хүсэл сонирхлыг хангахын тулд тухайн программд бүртгэгдсэн түүний жолооны эрх хасагдсан мэдээллийг устгасан болох нь тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар жолоодох эрхээ хасуулсан ба эрх бүхий албан тушаалтнаас жолоочийн бүртгэлийн сан буюу TPS системд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 45 минутанд түүний жолооны эрх хассан шивэлтийг хийснээр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн хяналтанд орж улмаар хугацаа нь тоологдож тооцогддог байна.

 

Ийнхүү хугацаа нь тухайн программд тооцогдож дууссан тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолооны эрхийг сэргээх шийдвэр гаргадаг ба ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам”-ын 3 дугаар зүйлд заасан зохих сургалтанд хамрагдах нөхцлийг хангаж байж жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хууль ёсоор сэргээдэг байна.

 

Гэтэл шүүгдэгч Ц.Оаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уг хууль бус хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор бусад нэр бүхий шүүгдэгч нартай хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хууль зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус заасан.

 

Гэмт хэрэгт хамтран оролцогч болох бүлэглэн гүйцэтгэгч, хатгагч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, хоорондоо харилцан хамааралтай, гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг бий болгоход өөр өөрсдийн зохих хувь нэмэр оруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ц.Оын 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан хугацааг хугацааны өмнө хууль бусаар сэргээлгэх зорилгоор жолооны эрх хасагдсан мэдээллийн агуулгыг илэрхийлдэг “ТРS” бүртгэлийн программд бүртгэгдсэн тухайн мэдээллийг устгуулж, өөрчлүүлэх хууль бус үйлдэлд шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч, Б.Н нар үйлдлээрээ тус тус санаатай нэгдэж оролцжээ.

 

Өөрөөр хэлбэл жолоочийн бүртгэлийн сан буюу TPS системд Ц.Оын 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мэдээллийг устгаж өөрчлөхөд шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдлүүд зохих хувь нэмэрээ оруулж тухайн мэдээлэл устгагдаж тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэхээр байна. 

 

Тиймээс шүүгдэгч Ц.Оаас бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, шүүгдэгч З.Т, Б.А, Т.Ч нараас нэг нэгнээ бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан гэж тус бүрийг гэмт хэргийн хатгагч, шүүгдэгч Б.Нийг гэмт үйлдлийг гардан гүйцэтгэсэн гэж гэмт хэргийн гүйцэтгэгч гэж тус тус үзэхээр байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

“Цахим мэдээллийг устгах” гэдэгт комьпютерийн программд агуулагдсан мэдээллийг арилгах, буцаан сэргээх боломжгүй болохыг ойлгох ба шүүгдэгч нарын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Ийнхүү шүүгдэгч Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарыг хамтран оролцож цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөлт орсон хэдий ч шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй холбоотой гэмт хэргийн шинжийг тодорхойлсон үйлдлүүдэд хуулийн зүйлчлэл хэвээр байх ба тус Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед тухайн хуульд заасан хуулийн зохицуулалтаар тэдгээрийг гэм буруутайд тооцсон болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна...” гэж, шүүгдэгч Ц.О, Б.А, Т.Ч, З.Т нарын өмгөөлөгч нараас тус тусын “...шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй...” гэж, шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.Нийн үйлдлийг зөвхөн шүүгдэгч Т.Чын мэдүүлгээр тогтоосон нь хангалтгүй, шинжээчийн дүгнэлтээр эрх хассан мэдээллийн шөнийн цагаар устгагдсан нь байдал нь ойлгомжгүй, тухайн программд нэвтэрдэг “sa” гэсэн хэрэглэгчийг хэн болохыг шалгах, тухайн цаг хугацаанд түүнийг хаана байсныг тогтоолгох шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Нийн гэрчээр өгсөн “...Би Тээврийн цагдаагийн албанд ажилладаг Б.Аийн гуйлтаар 2020 оны 6 дугаар сар шиг санаж байна. Нэг хүний жолооны эрх хасагдсан гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд ашигладаг TPS программын мэдээллийн сан руу хууль бусаар нэвтрэн орж эрх хасагдсан гэсэн төлөвийг арилгасан нь үнэн, тэр буруугаа зөвшөөрч байна...” гэж /2хх-н 25-27/, яллагдагчаар өгсөн “...Ер нь бол А надаас хасагдсан жолооны эрх сэргээлгэх талаар гүйж байгаагүй. А нь Чинбааг надтай танилцуулж байсан болохоор би А гэж андуурч хэлсэн байж магадгүй. Хасагдсан жолооны эрх сэргээлгэх талаар Чинбаа надад хандаж байсан Би түүний гуйлтаар TPS программын мэдээлэлд өөрчлөлт оруулсан...” гэж /2хх-н 209-210/, шүүгдэгч Т.Чын гэрчээр өгсөн “...Анх над руу А утсаар залгаад “жолооны эрх сэргээдэг таньдаг хүн байна уу” гэж асуухаар нь би “хүн амьтнаас асууя” гэж хэлээд хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би Наяа /Н/-той утсаар холбогдсон чинь регистрийн дугаарыг нь өгчих гэсэн. Ингээд би Амараад “регистрийн дугаараа өгчих гэнээ” гэж хэлсэн чинь “би таны утсыг таньдаг эгчдээ өгчихсөн шүү” гэж хэлсэн. Тэгээд миний 98118898 дугаарын утас руу “Амараагийн эгч нь байна” гээд нэг эмэгтэй холбогдоод “эрх хасагдсан жолооны үнэмлэх сэргээлгэх” гэсэн юм гэсэн. Тэгээд би надтай утсаар ярьсан эмэгтэйн гэр рүү өөрийн дүү Отгонзаяаг явуулсан, манай дүү эрэгтэй найзтайгаа очсон байх. Тэгээд тухайн мөнгийг надад авчирч өгсөн. Тэгээд би 1.200.000 төгрөгийг Наяа руу хүнээр дамжуулж өгүүлсэн...” гэж /2 хх-н 186-187/, яллагдагчаар өгсөн “...Би Тгээс мөнгө аваад Нид зуучилж өгсөн...” гэж /2 хх-н 249-250/, шүүгдэгчээр өгсөн “...Жолооны эрх сэргээлгэхээр Нид 1.200.000 төгрөг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж, шинжээч Э.Б-ийн “...цагдаагийн TPS программ руу нэвтрэх боломжтой сүлжээнээс жишээ нь backdoor буюу ямар нэгэн системд нэвтрэх боломж үлдээсэн эмзэг байдлаар дамжуулан нэвтэрсэн байх боломжтой. Программын эмзэг байдлыг тухайн программд хөгжүүлэлт хийж байсан хүмүүс үлдээх боломжтой байдаг. Тус эмзэг байдлын тусламжтайгаар хэзээ ч үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Тэгэхээр программын өгөгдлийн сангаас Ц.Оын мэдээллийг устгасан үйлдэл нь хакерын шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй...тухайн системийн өгөгдлийн сан руу хандах “sa” гэдэг хэрэглэгчээр хандаж Ц.Оын мэдээллийг устгасан нь тогтоогдсон боловч тухайн “sa” гэдэг хэрэглэгч нь хэн болохыг тогтоох боломжгүй болсон. Учир нь Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүд нь дээрх программын өгөгдлийн сан руу “sa” гэсэн эрхээр нэвтэрдэг тул яг аль дүүрэг, орон нутгийн цагдаагийн байгууллагаас нэвтэрснийг тогтоох боломжгүй гэж ойлгоход болно...” гэж /2 хх-н 20-21, 3 хх-н 57/ тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэг авагдсан бусад нотлох баримтуудтай нийцэж харилцан хамааралтай байх тул шүүгдэгч Б.Нийн гэмт үйлдэл хангалттай баримтаар нотлогдсон.

 

Тодруулбал шүүгдэгч Б.Нийн үйлдэл өөрийнх нь мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч С.Батнасангийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Т.Ч болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Ноос жолоочийн бүртгэлийн сан буюу TPS бүртгэлийн системийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж тухайн системд хаанаас ч холбогдож болох нөхцлийг бүрдүүлсэн байх боломжтой болон “sa” гэх хэрэглэгчийн ямар этгээд болохыг тогтоох боломжгүй талаар шинжээч тодорхой мэдүүлсэн.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгчийн саналуудыг шүүх хүлээн авах үндэслэлгүй, боломжгүй гэж үзлээ.        

 

Мөнгө угаах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч З.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.Отай тохиролцон, улмаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт тоотод Ц.Оаас авсан бэлэн 2.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа авч, ашиглан мөнгө угаасан,

Шүүгдэгч Т.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.Отай тохиролцон Хан-Уул дүүрэгт тоотод оршин суух иргэн З.Тгээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан,

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан бүртгэлийг засаж өгөхөөр Ц.Отай тохиролцон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид”  хорооллын 27 дугаар байрны 124 тоотод оршин суух иргэн З.Тгээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан бэлэн 1.500.000 төгрөгөөс иргэн Т.Чаар дамжуулж өгсөн 1.200.000 төгрөгийг хувьдаа авч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж хувьдаа ашиглан мөнгө угаасан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Оын “...Цагдаагийн байгууллагад ашигладаг ТРS программаас жолооны эрх хасагдсан эрх яаж устгадаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин Т гэдэг хүнээс жолооны эрх сэргээгээд өгөөч гэж гуйж байгаад сэргээсэн. Би урьд нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Би Ттэй л танилцсан. Түүний цаана ямар хүмүүс байсан гэдгийг би мэдэхгүй байна. Би зөвхөн Тд жолооны эрх сэргээгээд өгөөч гээд 2.5 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч З.Тгийн “...Би жолооны эрх сэргээдэг хүн биш харин таньж мэддэг хүмүүсээсээ жолооны эрх сэргээж болох уу гэж асууж сураглаж өгсөн. Тэгээд Ц.О надад 2.500.000 төгрөг өгсөн. Би 1.000.000 төгрөгийг өөрөө авсан. 1.500.000 төгрөгийг Т.Чт өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Чын “...Би Тгээс мөнгө аваад Нид зуучилж өгсөн. Хасагдсан жолооны эрх сэргээлгэх талаар Чинбаа надад хандаж байсан. Би түүний гуйлтаар ТРS программын мэдээлэлд өөрчлөлт оруулсан....миний ойлгосноор А нь жолооны эрх сэргээх хүн олдог, Н нь сэргээх ажлыг нь хийдэг юм болов уу гэж бодсон...2020 оны 06 дугаар сарын орчимд А надад нэг хүний материал /ТҮЦ машинаас авдаг жолоочийн үнэмлэхийн лавлагаа 1 хуудас/-ыг 1.200.000 төгрөгийн хамт өгөөд Нид аваачаад өгчих гэж хэлсэн, би Нтой нь холбогдоод Аийн өгсөн материал болон 1.2 сая төгрөгийг бэлнээр нь аваачиж өгсөн. Тэр үед Н нь надад хэлэхдээ ганц нэг эрх сэргээлгэх найдвартай хүн байвал хэлээрэй зохицуулж өгч болно шүү гэж хэлж байсан. Тэгээд би бодохдоо Н гэх залууг жолооны эрх сэргээдэг юм байна гэж ойлгосон юм....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Нийн “....Би тухайн байгууллагаас гадна байж байгаа тохиолдолд программ руу нэвтрэх боломжгүй, Бүртгэл хяналтын төв дээр мэргэжилтэн Пүрэвдоржийн өрөөнд сууж программын баяжилтыг хийдэг байсан, тэр үед л Аийн гуйгаад байсан хүний мэдээллийн төлөвийг хасаж өгсөн байх гэж бодож байна. Би Т.Чаас мөнгө авсан, хэдийг авснаа санахгүй байна. 800.000 төгрөг авсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Т нь Ц.Оын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх мэдээллийг жолоочийн бүртгэлийн сан буюу TPS системд бүртгэгдсэн байсныг хууль бусаар арилгуулахаар Ц.Отай тохиролцон, улмаар Ц.Оаас авсан бэлэн 2.500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг өөртөө, 300.000 төгрөгийг Т.Чт, 1.200.000 төгрөгийг Б.Нид тус тус дамжуулан өгч буюу цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөх гэмт хэргийн улмаас олсон, хууль бус мөнгө болохыг мэдсээр байж шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нар нь хувьдаа авч, ашиглан мөнгө угаасан болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

“Мөнгө угаах” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох ба шүүгдэгч нарын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Тодруулбал шүүгдэгч Т.Ч, З.Т, Б.Н нар нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг сайн мэдсээр байж зориуд авч өөрсдийн мэдэл эзэмшилд оруулан ашигласан байх ба өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж  авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас бодитоор учирсан хохирол байхгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” гэж заасан байна.


            Шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нар 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд З.Т, Т.Ч нарыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Б.Нийг 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

 

Иймд шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэргийг хөөн хэлэлцэх дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр З.Т, Т.Ч, Б.Н нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.О нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байсан, шүүгдэгч З.Т нь ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бараа судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч Б.А нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, компьютер техник хангамжийн инженер мэргэжилтэй, ....... ажилтай, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч Т.Ч нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч Б.Н нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, программист мэргэжилтэй, ......... багш ажилтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ оролцсон оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Т.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Т, Б.А, Т.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Ц.О нь Хан-Уул дүүрэгт оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг өөрийн оршин суух  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарын цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял , шүүгдэгч Т.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна.  Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж, шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Э.Намжилцэрэн “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэл тогтоогдож байна. Мөн тэрээр ам бүл 4, эхнэр, бага насны хүүхдүүдтэй амьдардаг. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэж, шүүгдэгч З.Тгийн өмгөөлөгч М.Билгүүтэй “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй. З.Т нь 17 настай охинтой, ганц бие эх. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Б.А нь шүүгдэгч нараас мөнгө аваагүй.  Миний үйлчлүүлэгчийн дээрх байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч У.Нармандах “...Миний үйлчлүүлэгчийн  хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж, шүүгдэгч Т.Чын өмгөөлөгч Ж.Баасанжав “...Миний үйлчлүүлэгч Т.Ч нь тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Т.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхтэй бус тухайн этгээдийг нийгэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах зорилготой байдаг. Миний үйлчлүүлэгчийн ажил, үүргийн хувьд авто тээврийн техник тоног төхөөрөмжийн сэлбэг оруулж ирдэг, мөн ногоо, тариа тарьдаг. Иймд улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял шүүгдэгч Т.Чын хувьд тохиромжгүй байна. Оногдуулж байгаа ял тухайн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тохирсон байхыг шаарддаг учраас түүнд оногдуулах ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэж, шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч С.Батнасан “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлснээр миний үйлчлүүлэгч цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор байнгын үйл ажиллагаа явуулж, дуудсан цагт нь очиж, программд хөгжүүлэлт хийж байсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ оролцсон оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсаны дотор шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тус бүрт ялыг ялгамжтай оногдуулсан ба шүүгдэгч Ц.О-г зайлшгүй нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй, бусад шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад нэг талаас гэмт халдлагад өртсөн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн хяналтанд хамаарах “ТРS” бүртгэлийн программд зохих албан тушаалтан хяналт тавьдаггүй, хууль, журмын хүрээнд үндсэн орон тоонд энэ асуудлыг хариуцан ажиллах боловсон хүчин авч ажилуулдаггүйн улмаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жолоочийн бүртгэлийн сан зохих хяналтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, нөгөөтэйгүүр шүүгдэгч нараас нийгэмд тогтсон хуулиар хамгаалагдсан эрх зүйн харилцаанд холбогдох хууль, журмыг баримтлах эрх зүйн, шударга ёсны, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №......... дугаартай жолооны үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд...олсон...орлогыг ойлгоно...” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг буюу шүүгдэгч З.Тгээс 1.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Чаас 300.000 төгрөг, шүүгдэгч Б.Ноос 1.200.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.О, Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нар нь хамтран оролцож цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шүүгдэгч Ц.О, З.Т, Б.А, Т.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд,

 

Мөн шүүгдэгч З.Т, Т.Ч, Б. Н нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч З.Т, Т.Ч, Б.Н нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А, Т.Ч, З.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.О-ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №.......... дугаартай жолооны үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.А, Т.Ч, З.Т нарт оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Т.Ч, З.Т, Б.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох мөнгийг шүүгдэгч З.Т-гээс 1.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Ч-аас 300.000 төгрөг, шүүгдэгч Б.Ноос 1.200.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Б.Н, Б.А, Т.Ч, З.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН