Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/684

 

 

 

 

 

2022           06           28                                      2022/ШЦТ/684

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ц.Шагдар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ж,

Шүүгдэгч: О.Н, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нар оролцсон эрүүгийн 2209007110908 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   О.Н

   1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, ..........оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.Н нь “2021 оны төл мал” худалдан хэмээн өөрт байхгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр Т.Ж-д итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мал худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар түүний Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болон 22-ны өдрүүдэд шилжүүлсэн 22.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 25 дугаарын дансаар авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай захиралтай холбогдоод яаралтай мал зарах гэж байна гэж хэлсэн. 100 гаруй мал худалдаж авах гэрээ хийсэн. Хүүхдүүдээ яаралтай эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд 1.500.000 төгрөг урьдчилгаа шилжүүлсэн. Тэгээд дараа нь холбогдож мөнгө хэрэгтэй талаар хэлж гэрээ хийгээд мөнгө шилжүүлж, мал авъя гэхээр 3 сар холбогдож чадаагүй, энэ хүн мал тооллуулаагүй талаар мэдэж цагдаад өгсөн. Нийт 22.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.” гэв.

 

Эрүүгийн 2209007110908 дугаартай хэргээс:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 13-15, 20 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 27 дугаар хуудас/,

           

Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 34-35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 5 дугаар хуудас/,

 

.......... багийн засаг дарга Д.Тийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10, 11 дугаартай “О Н /С/, Б.У /С/... 2021 оны мал тооллогоор мал тоологдоогүй өөрийн нэр дээр малын “А” данс байхгүй нь үнэн болно...” гэх албан бичиг /хх- н 35-38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Н, “Х” ХХК-ийг төлөөлж Т.Ж нарын хооронд байгуулсан хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 5684 дугаартай гэрээ /хх-н 44-45 дугаар хуудас/,

 

 Төрийн банкин дахь О.Нгийн 25 дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /хх-н 63-68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Нгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36 дугаар хуудас/, 2019-2020 оны мал тооллого /хх-н 39-40 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 63 дугаар хуудас/, дансны хуулга /хх-н 66-70 дугаар хуудас/,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 73 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 74 дүгээр хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 8 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Н нь “Х” ХХК-ийн төлөөлөгч Т.Жд итгэл төрүүлэн “2021 оны төл мал нийлүүлнэ” хэмээн өөрт байхгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр хэлж, ойлгуулан бодит байдлыг нуух замаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “мал худалдах, худалдан авах” гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болон 22-ны өдрүүдэд нийт 22.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны 25 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Жгийн  “...Би Улаанбаатар хотод “Х  ХХК”-д хөрөнгө оруулалтын менежер ажил алба хашаад 1 жил болж байна. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-аас эхлээд “Фэйсбүүк”-ээр хөдөө сумдын групп зарууд дээр мал авна гэж зар тавьсны дагуу Хэнтий аймгийн ... сумын иргэн болох О овогтой Н нь утсаар холбогдож төл мал зарах гэж байгаа ерөнхийдөө бол эмнэлгээр явах гээд малаа зарж байгаа юмаа гэж ярьсан тэгээд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ...... тоот хаягт байрлах ...... регистрийн дугаартай байранд надтай ирж уулзаад тохиролцоод гэрээ хэлэлцээр байгуулж гарын үсгээ зураад 22 сая 500 мянган төгрөг 25 тоот данс болох төрийн банкны дансанд мөнгөө хийлгэж аваад одоог хүртэл сураггүй байгаа тул манай компанийн хувьд Хэнтий аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм..Манай байгууллагад 22.500.000 төгрөгийн хохирол учраад байна. Би өөрөө сайн мэдээлэл байхгүй бөгөөд намайг итгүүлсэн зүйл нь малтай гэсэн малын а данс байсан учраас итгээд өгсөн юм. Эмэгтэй хүн учраас гайгүй байх гэж бодоод гэрээ хэлэлцээр хийгээд тохиролцсон юм. Тэр Н гэх эмэгтэйг ажихад нэлээн бие муудсан байдалтай байсан болохоор нь нээрээ эмнэлгээр явах гэж байгаа юм  байна гэж бодсон...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзсан, тэгээд би гэрээ хийхэд батлан даагч хэрэгтэй гэхэд миний ах болох Уламбаяр гэх хүн байгаа гээд батлан даалт хийлгэсэн. Гэрээн дээр хэдэн мал авахаар тохиролцсон бүгд байгаа....Гомдолтой байна, мөнгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Дийн “...Би Улаанбаатар хотод “.......” ХХК-п хөрөнгө оруулалтын менежер ажил алба хашаад 1 жил болж байна... Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-аас эхлээд “Фэйсбүүк”-ээр хөдөө сумдын групп зарууд дээр мал авна гэж зар тавьсны дагуу Хэнтий аймгийн ... сумын иргэн болох О овогтой Н нь утсаар холбогдож төл мал зарах гэж байгаа ерөнхийдөө бол эмнэлгээр явах гээд малаа зарж байгаа юмаа гэж яриад Жтэй Улаанбаатар хотод ирж уулзахаар болж тохиролцоод гэрээ хэлэлцээр байгуулахаар болсон юм байна лээ. Тэгээд ярьж тохиролцоод гэрээгээ байгуулаад гарын үсгээ зураад 22.500.000 төгрөг 25 тоот данс болох төрийн банкны дансанд мөнгөө хийлгэж аваад явсан юм байна лээ. Манай байгууллагад 22.500.000 төгрөгийн хохирол учраад байна. би өөрөө ... сум руу 3-н сард очиж Засагд даргын тамгын газартай Нг малтай эсэх талаар асуухад 2021 онд мал тоолуулаагүй малын “А” дансгүй байсан тэгээд л цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... Н нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод манай ажил дээр ирээд уулзаад надтай гэрээ хийх талаар ярьсан. Ингээд 12 үнээ, 6-н гүү авах талаар гэрээ хийх санал надад тавьсан. Би эргэлзээд өгөх боломжгүй юм байна гээд та өмнө манайд өгөх малаа өгч байж ахиад гэрээ хийж болно гээд буцаагаад явуулсан. Гэхдээ гэрээ хийх гэж байсан хуулбар нь байгаа...” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч Д.Тийн “...О.Нг танина. Манай багийн нутагт амьдарч байгаад одоо Хэнтий аймаг руу түр шилжээд байгаа хүн байна. О.Н нь 2021 онд мал тооллогоор мал тоолуулаагүй мөн нөхөр нь болох Б.Уламбаяр бас мал тоолуулаагүй. Малгүй болсон байна лээ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Оийн “...О.Н нь 2021 онд мал тооллогоор мал тоолуулаагүй одоо бол байхгүй болсон байна лээ өр зээл гээд дуусгасан юм шиг байна лээ. Мөн нөхөр нь болох Уламбаяр бас мал тоолуулаагүй. Малгүй болсон байна лээ...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Нгийн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод байх Х ХХК-ний төсөл хариуцсан менежер болох Т.Ж гэх хүн фейсбүүкээр “мал авна” гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож тохиролцоод Улаанбаатар хотод 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө уулзахаар тохиролцсон. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уулзаад гэрээ байгуулсан. Үүнд: тугал эр-20, эм -10, унага эр 20, эм-10, хурга эм-40, эр-20, ишиг эм-40, эр-20 ширхэгийг тугалнуудаа 300.000 төгрөгөөр, унагануудаа 250.000 төгрөгөөр, эр эм хургаа 60.000 төгрөгөөр, эм эм ишигээ 40.000 төгрөгөөр бодоод гэрээгээ үзэглэсэн...гэрээндээ болохоор 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр малаа өгөхөөр тохиролцсон. Тэгээд би өөрийн данс болох төрийн банкны 25 дугаарын дансаар хийлгээд мөнгөө аваад явсан. 2021 онд мал тоолуулаагүй ээ. Би болон манай нөхөрийн нэр дээр 30-аад тооны адуу байгаа өөр мал бол байхгүй ээ. Энэ жил А дансандаа оруулаагүй. Би нөхөр болох Уламбаярыг өөрийн төрсөн ах болгоод батлан даагчаар оруулсан....22.500.000 төгрөгийг ажил хийж барагдуулна. Өөр аргагүй болоод байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хэнтий аймаг дахь ... сумын талын булаг багийн засаг дарга Д.Тийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10, 11 дугаартай “О Н /С/, Б.У /С/... 2021 оны мал тооллогоор мал тоологдоогүй өөрийн нэр дээр малын “А” данс байхгүй нь үнэн болно...” гэх албан бичиг,

 

Шүүгдэгч О.Н, “Х” ХХК-ийг төлөөлж Т.Ж нарын хооронд байгуулсан хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 5684 дугаартай гэрээ,

 

 Төрийн банкин дахь О.Нгийн 25 дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар О.Н нь  “2021 оны төл мал” худалдана хэмээн өөрт байхгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр хэлж, бодит байдлыг нуух замаар “Х” ХХК-ийн худалдааны төлөөлөгчтэй “мал худалдах худалдан авах гэрээ байгуулж түүнээс мөнгө авсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “мал худалдан авах” гэсэн “Х” ХХК-ийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогч компанид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч О.Нг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч О.Н нь хохирогч болох “Х” ХХК-нд 22.500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчээс 22.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Х” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч О.Н-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Н нь ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, тогооч мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Н нь Хэнтий аймагт оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух  Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчтай санал нэг байна....” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний төлөгдөөгүй байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хохирогч “Х” ХХК-нд учирсан хохирол төлөгдөөгүй байдал, ялын зорилгыг хангах зорилгоор шүүгдэгчид оногдуулсан ял дээр нэмж “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүгдэгчээс 1 жил түүнээс бага хугацаанд “Х” ХХК-нд учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөгдөх эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Н-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-д 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Н-г Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н-гээс 22.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Х” ХХК-нд олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан ял дээр нэмж “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН