Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/685

 

 

 

 

 

 

 

2022           06           28                                      2022/ШЦТ/685

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нар оролцсон эрүүгийн 2209004551086 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Г.Г,

  1978 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Э” ХХК-нд туслах ажилтан хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Орхон аймаг ......... тоотод оршин суух, урьд:

  Орхон аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3/05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

  Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Г нь цахим хэрэгсэл сайтад бусдаар “2008/2018 онтой саарал өнгийн приус зарна 80” зарыг байршуулан өөрийн эзэмшлийн .... ОРХ улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашиныг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бусдад худалдан борлуулж, өөрийн эзэмшил, өмчлөлд байхгүй гэдгийг мэдсээр байж цахим сайтад байршуулсан зараа устгалгүйгээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарын дагуу холбогдсон хохирогч А.Ад өөрт байгаа, автомашинаа худалдан борлуулна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “Дарханд ажилтай байна, Шарын голд байгаа машинаа хот руу аваачаад өгнө” хэмээн хуурах аргаар машины төлбөрт хэмээн 6.000.000 төгрөгийг өөрийн харилцах Хаан банкны ...... дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2209004551086 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.А-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 12 дугаар хуудас/,

 

Хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 36 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 45-46 дугаар хуудас/,

           

Гэрч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 50 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 6 дугаар хуудас/,

 

Хаан банкны албан тоотоор “... ...... тоот дансыг ..... регистрийн дугаартай  Г эзэмшдэг, хуулгаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийн орлого орсон, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөгийн орлого орсон” талаарх мэдээлэл, дансны хуулга /хх-н 37-43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Гын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 59-65 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь цахим хэрэгсэл ашиглан сайтад “2008/2018 онтой саарал өнгийн приус зарна 80” зарыг байршуулан өөрийн эзэмшлийн .... ОРХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашиныг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бусдад худалдан борлуулж, өөрийн эзэмшил, өмчлөлд байхгүй гэдгийг мэдсээр байж цахим сайтад байршуулсан зараа устгалгүйгээр улмаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарын дагуу холбогдсон хохирогч А.Ад “өөрт байгаа, автомашинаа худалдан борлуулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “Дарханд ажилтай байна, Шарын голд байгаа машинаа хот руу аваачаад өгнө” хэмээн хуурах аргаар машины төлбөрт гэж 6.000.000 төгрөгийг өөрийн харилцах Хаан банкны ...... дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч А.А-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч А.А-гийн “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний фейсбүүк дээр байсан “.... ОРХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн 2008 онд үйлдвэрлэж 2017 онд Монголд орж ирсэн тоёота приус 20 загварын машин зарна” гэсэн зарын дагуу Ганхуяг овогтой Г гэх хүнтэй холбоо барьж ярьж тохиролцон 8.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, эхлээд 6.000.000 төгрөгийг Г.Г гэх хүний Хаан банкны ...... дугаарын дансанд өөрийн нөхөр Э-ын ....... дугаарын дансаас шилжүүлсэн, энэ хүн надад хэлэхдээ “би Дархан хотод тээвэр хийж явна, Шарын голд гражид машин байгаа, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аваад очье, үлдэгдэл 2 сая төгрөгөө аваад зээлийн үлдэгдэл өгөөд албан тоот гаргаад өгье” гэж ярьсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр залгахад утсаа авахгүй байсан, сүүлд над руу Г.Г гэх хүн нь “....... гэсэн дугаар руу холбогдчих, манай найз Очироо гэж хүн байгаа, машин унаад өөрт чинь өгөх гээд хот руу явж байгаа гэж хэлсэн, дахиж холбоо бариагүй, харин надад хот руу авч ирж өгөх хүнтэй дахиж залгаж холбоо барьсан, тухайн хүн тэр машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн, Г.Г гэх хүн өөр хүнд машинаа зарсан байж зараа устгалгүй надаас 6 сая төгрөг залилсанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Д-ын “...би Г.Гыг танина, Г.Гаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед приус 20 маркийн .... ӨРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Г.Гаас бэлэн 3.000.000 төгрөг өгөөд банк бус санхүүгийн байгууллагад 2 сая төгрөгийн барьцаанд байснаас сарын төлөлтийг нь өөрөө төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлэх гээд өөрийн найз Д.Б-н хамт машинаа аваад явсан. Надад машинаа зарсны дараа өөр хүнд машин зарсан талаар би сонссон. Г.Гаас авсан машинд надад үлдэгдэл төлбөр байхгүй. Би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч М.Ц-гийн “...2021 оны 11 дүгээр сард Г.Гтай Дарханаас Улаанбаатар хот руу явах унаанд танилцаж байсан, 2022 оны 01 дүгээр сард Г.Г над руу залгаж “би машинаа зарах гэж байгаа юм, чи фейсбүүкээр нэг зар бичээд өг” гэж хэлсэн, хэлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ашигладаг “М.Ц” гэсэн хаягаар 2-3 групп дээр “2008/2018 онтой саарал өнгийн приус зарна 80” гэсэн зар тавьсан. Надад машин зарсан эсэх талаар хэлээгүй, зар дээр өөрийнх нь утасны дугаарын бичиж өгсөн, надад мөнгө өгсөн зүйл байхгүй, миний данс ашигласан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Гын “...Би Д-оос 3.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсаны дараа түүнд машинаа өгч явуулсан юм. Д- шарын голд байхгүй байсан учраас машинаа авч А.А-д өгч чадаагүй юм. Би өөрийн дансаар шилжүүлж авсан 6.000.000 төгрөгийг машинд эд зүйлс авч, гутал авч ихэнхи мөнгийг хувийн хэрэгцээ болон машины эд зүйлс худалдан авахад зарцуулчихсан юм....” гэсэн мэдүүлэг,

 

Хаан банкны албан тоотоор “... ...... тоот дансыг .......... регистрийн дугаартай \Г эзэмшдэг, хуулгаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийн орлого орсон, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөгийн орлого орсон” талаарх мэдээлэл, дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар Г.Г нь автомашинаа Б.Д-т худалдан борлуулж, өөрийн эзэмшил, өмчлөлд байхгүй гэдгийг мэдсээр байж цахим сайтад байршуулсан зараа устгалгүйгээр зарын дагуу холбогдсон хохирогч А.А-д “өөрт байгаа, автомашинаа худалдан борлуулна” хэмээн худал хэлж төөрөгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хуурч хохирогчоос мөнгө авсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “автомашин худалдан авах” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Г.Гыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргахгүй. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хүсэлтэд “...Г.Г гэх хүнд 6.000.000 төгрөгийг машины урьдчилгаа гэж өгч залилуулсан...дээрх хохирлын мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г.Гын цалин орлогоос гүйцээж авахаар тохиролцов...” гэжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Г нь хохирогчид 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд харин шүүх шүүгдэгчээс үлдэгдэл 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг богино хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, жолооч мэргэжилтэй, “Э” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргахгүй. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа учраас хохирлоо төлөх боломж олгож торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогчид учирсан үлдэгдэл хохирлыг богино хугацаанд нөхөн төлөхөө бодитой илэрхийлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж нөхцлийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.А-д 3.500.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-аас 2.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.А-д олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН