| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/699 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/699
2022 06 30 2022/ШЦТ/699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,
Улсын яллагч:С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч: Т.Т, түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар оролцсон эрүүгийн 1709026501456 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Т,
1972 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ............ тоотод оршин суух, урьд:
2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ГСАДШ-н 1986 оны Эрүүгийн хуулийн 172.1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Т нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Г-т “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2015 оны 08-09 дүгээр саруудын хугацаанд 17.500.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1709026501456 дугаартай хэргээс:
Хохирогч А.Г-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 27 дугаар хуудас/,
Хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60, 93 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87 дугаар хуудас/, дансны хуулга /хх-н 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 77, 85 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 91 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 92 дугаар хуудас/, шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Г-д “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2015 оны 08 дугаар сард 5 удаагийн үйлдлээр нийт 17.500.000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч А.Г-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
Хохирогч А.Г-ийн “...Би танил Ө гэдэг хүнээр дамжуулан Т.Т гэдэг хүнтэй холбогдсон юм. Тэгээд Т.Т нь “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэсэн. Тэгээд би “гаалийн ерөнхий газарт ажилд оръё” гэж түүнд хэлэхэд 10 сая төгрөгийг ажлын хөлсөнд нь надад өгөх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд түүний хэлсний дагуу би 2015 оны 08 дугаар сард нийт 5 удаа цувуулж нийт 17.500.000 төгрөгийг өгсөн боловч тэгээд л миний мөнгийг авчихаад дараа сараас нь гар утас нь холбогдохоо болиод алга болсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Тын “...2015 оны 08 дугаар сарын үед нэг танилаар дамжуулан хамгийн анх Г- гэдэг залуугийн аавтай нь уулзсан юм, энэ үед надаас Гаалийн газарт ажилд оруулан өгөх боломж байгаа талаар асуусан, тэр үед нь “надад боломж байна” гэж хэлсэн. Тэгээд оруулан өгөхөд мөнгө хэрэг болох талаар хэлсэн бөгөөд оруулан өгөхөд 17.500.000 төгрөг хэрэг болно гэж хэлсэн, тэгтэл Г- нь хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд Гаалийн газарт ажилд оруулан өгөхөд хэрэг болно гэж хэлээд цувуулан нийт 17.500.000 төгрөг авсан юм...Г-оос мөнгийг бэлнээр авсан санагдаж байна, сайн санахгүй байна. Тухайн үед үрээд л дууссан. Мөнгийг би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Гаалийн газрын ойролцоо л авсан санагдаж байна...Хохирлоо төлнө, удахгүй төлж дуусгана...Хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлж хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т нь хохирогч А.Г-ийг “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчоос мөнгө авсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх байдлаар худал хэлж бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “Гаалийн ерөнхий газарт ажилд орох” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Т.Тын гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Тыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тус тус тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирогч А.Г- нь “...17.500.000 төгрөгөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлж, илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Тыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Т-ыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.
Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “…дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Мөн шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хууль, зүйл хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” тус тус зохицуулжээ.
Процессын шинжтэй хуулийн уг заалтууд нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дээрх байдлаар өмнөх тухайн хуулийн зохицуулалтаас нэмэгдэж болон өөрчлөгдөж зохицуулагдсан ба шүүх хэрэг хянан хэлэлцэх цаг хугацаанд тухайн хэм хэмжээнүүд хүчин төгөлдөр үйлчилж буй тул уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглээгүй болно.
Тиймээс шүүгдэгч Т.Т-ын 2015 оны 8 дугаар сард үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд буюу гурван жилийн дотор түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч 1 хоног сэжигтнээр баривчлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Т-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Т-ын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.Т нь 1 хоног сэжигтнээр баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН