Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0677/Э |
Дугаар | 2022/ШЦТ/704 |
Огноо | 2022-07-01 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/704
2022 07 01 2022/ШЦТ/704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Б.Дэлгэрмаа /Тээврийн прокурорын газраас/,
Хохирогч: Д.С,
Иргэний нэхэмжлэгч: Б.П,
Шүүгдэгч: П.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай нар оролцсон эрүүгийн 2203002530283 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
П.Б,
1990 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар , урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Шинэ замын уулзварын замд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 00 минутын орчимд “Toyota Prius" маркийн ....... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.П жолоочтой "Nissan Advan” маркийн ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...50 жилийн уулзалтын зохион байгуулалтын үйл ажиллагаа хийх гэж явж байсан. Төв зам дээр 2 машин явж байхад 2 машин л байсан. Араар өнгөрөх юм байх гэж бодсон боловч миний сууж байсан тал дээр ирж мөргөсөн. Гайгүй өнгөрчлөө гэж бодож байсан. Зам дээр Б болон бид нарын суусан машин л байсан өөр машин байгаагүй. Миний сууж байсан талаас мөргөсөн байсан бөгөөд миний нуруу хөндүүрлээд байсан. Бууж ирээд “яараад явж байсан, даатгал дуудъя” гэж хэлсэн. Даатгал дуудсаны дараа 2 цагийн дараа ирж хоёр жолоочтой ярьж зураг авсан. Гайгүй байсан юм чинь гэж очих газар луу явсан. Орой нь хөндүүрлээд өвдөж байсан. Орой нь Б яриад “гайгүй юу” гээд эмнэлэг рүү нөхөртэйгөө аваад явсан. Эмнэлэг орж үзүүлэхэд “хавирга хугарсан байна” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд миний 4 хавирга хугарсан. Томографт үзүүлсэн. 3 сарын дотор рашаан сувилалд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бодит гарсан зардлыг буюу 480.000 төгрөгийг төлсөн. Баримтаар гарсан өөр зардал байхгүй. Цаашид гарах зардлыг буюу урт хугацааны эмчилгээ хийлгэж, сувилалд хэвтэн эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжилж байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Төв замаар явж байхад дээрээс машин ирж байсан. Зөрж явж байгаад 4 хүнтэй машин ирээд 180 эргээд зогссон. Хойд суудлын араар ирж мөргөсөн. Утсан дээр зураг байгаа. Утсаа алдчихаад үзүүлэх боломжгүй болсон. Зөрсөн байх гэж бодсон, ард нь нэлээд зай байсан. Тоормос дараагүй байсан. Бууж ирээд салгалаад харсангүй яарч явж байсан талаар хэлсэн. Хүүхэд рүүгээ яарч явж байгаа, даатгал дуудъя гэж хэлсэн. Хавирга өвдөж байсан. Даатгал 2 цагийн дараа ирж аваад явсан. Эрүүл мэндийн байдал хэвийн, автомашинд хохирол учруулсан. 1.300.000 төгрөгийн хохирол гарсан. Хаалга авсан 120.000 төгрөг, 88.000 төгрөгөөр засуулсан. 1.500.000 төгрөгөөр засуулсан. Хаалгыг 120.000 төгрөгөөр авсан, 88.000 төгрөг, зөрүү зардал хохирол төлөөгүй. Баримтууд нь байхгүй...” гэв.
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2203002530283 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Сгийн тээврийн цагдаагийн албанд гаргасан өргөдөл /хх-н 3, 21 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-10 дугаар хуудас/,
Хохирогч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 13 дугаар хуудас/,
Д.С-гийн эмчилгээний зардлын баримтууд /хх-н 16-19 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 35 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №6999 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 48-49 дүгээр хуудас/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 57-64 дүгээр хуудас/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 72-78 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 85-88 дугаар хуудас/,
Мөрдөгчийн №571 дугаартай магадлагаа /хх-н 92-93 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 106 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 112 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 111 дүгээр хуудас/, гэрч Б.Саранхүүгийн мэдүүлэг /хх-н 38 дугаар хуудас/, гэрч Ш.Нармандахын мэдүүлэг /хх-н 41 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 108 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 109 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 113 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 114 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 115 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 116 дугаар хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-н 117 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-н 118 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Шинэ замын уулзварын замд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 00 минутын орчимд “Toyota Prius" маркийн ....... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.П жолоочтой "Nissan Advan” маркийн ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Сгийн тээврийн цагдаагийн албанд гаргасан өргөдөл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч Д.Сгийн “...Манай ангийхан 2022 оны 06 дугаар сард 10 жилийн уулзалт болох гээд ангийн хэдэн хүмүүсийн хамтаар гадуур явж уулзалтын арга хэмжээ болох газрыг очиж үзэх гээд П, Н, Б нарын хамтаар хойшоо Бэлхийн тийшээ явж байсан. Тухайн үед П машин бариад Б- жолоочийн хажуу талд суугаад Н зүүн хойд талд, би баруун хойд талд нь суугаад явж байсан. Тухайн үед хаана явж байсныг ч мэдээгүй машин дотор нөгөө хэдтэй юм яриад явж байтал гэнэт миний талаас түс хийгээд осол гарсан. Хэсэг машиндаа сууж байгаад гарч ирэхэд эмэгтэй жолоочтой машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд нөгөө эмэгтэй жолооч яаралтай юманд явах хэрэгтэй болчихоод яарч явж байсан юм гэж хэлж байсан. Тэгээд бид хэд тэндээ даатгалыг хүлээж 2 цаг гаран болж байгаад даатгалын хүн ирээд зураг авч байгаад яваад өгсөн. Дараа нь нөгөө газар луугаа явчхаад гэрлүүгээ харьсан. Тухайн өдрөө миний зүүн тал хөндүүрлээд байсан юм. Маргааш нь харин жолооч хүүхэн залгаад “таны зүүн тал хөндүүрлээд байсан биеийн байдал зүгээр үү” гээд намайг гэрээс ирж аваад “Гялс” гээд эмнэлэгт очиж үзүүлэхэд хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдээ хэлтэл цагдаад өргөдөл гаргах хэрэгтэй гээд манай хүүхдүүд өргөдөл өгсөн. Миний зүүн хавирга хугарсан мөн хөхөрсөн гэмтэл учирсан байсан. Ямар нэгэн түгжрэл байхгүй. Гадаа гэрэлтэй өдөр байсан учир үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Жолооч нар согтууруулах ундааны зүйл хоёулаа хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.П-ийн “...Би өөрийн эзэмшлийн “Nissan Advan” маркийн ....... УНЗ дугаартай машиныг унаад 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад арван жилийн уулзалтад явах гээд ангийн найз болох С, Б-, Н нарыг аваад 12 цаг болж байхад хотын төвөөс Бэлхийн амралтад очиж уулзахаар бид 4 явсан. Тухайн үед би жолоо бариад Б- миний хажуу талд суугаад С зүүн хойд талд харин Н баруун хойд талд суугаад явж байсан. Тэгээд 6-н буудлаар баруун эргэж шинэ засмал зам руу ороод явж байтал уулзвар дээр туслах замаас буюу зүүн гар талаас суудлын жижиг тэрэг орж ирээд миний машины хойд хэсэг рүү мөргөж осол гарсан. Тухайн үедээ мөргүүлснээс болж машин буцаж эргэж зогссон. Тэгээд намайг машинаас буухад нөгөө машины жолооч эмэгтэй хүн гарч ирээд сандраад айсан байдалтай байсан. Чи болгоомжтой явахгүй гэж хэлээд байж байхад манай найзууд машинаас буугаад ирсэн. Тэгтэл жолооч эмэгтэй “та нарын бие зүгээр үү гэхэд С миний суганы доод хэсэгт хөндүүрлээд өвдөж байна, өөр зүйл байхгүй байна” гэсэн. Би тухайн үедээ цагдаад дуудлага өгөх ёстой гэтэл нөгөө эмэгтэй даатгал дуудъя гэх хэлээд өөрийнхөө даатгалыг дуудаад 2 цаг гарангийн дараа ирээд зураг аваад мэдээлэл аваад явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Б-ын “....2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр П, С, Н нартай уулзаад 32-н тойрог дээрээс хойшоо амралтын газар руу явахаар хөдөлсөн. Тухайн үед П өөрийн машинтай ирсэн. Тэгээд би урд талд нь суугаад хоёр эмэгтэй хойд талд нь суугаад П машинаа бариад хойшоо явсан. Бид хэд явж байгаад төв замаас салаад шинэ засмал зам руу ороод явж байтал уулзвар дээр ирэхэд зүүн талаас машин гарч ирээд ар тал руу мөргөөд сууж явсан машин бүтэн эргээд зогссон...Тухайн үедээ С зүүн талын хавирга бага зэрэг хөндүүртэй байна гэж хэлээд тэгэхдээ зүгээр байх гэж хэлж байсан...надад гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Миний бие зүгээр байгаа. Ослоос үүдэлтэй надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Нийн “...Намайг 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай ангийн П, С нар манай гэрт ирээд хойшоо амралтын газар явж үзэх гээд явсан. Замдаа 32-н тойргийн буудал дээрээс Б-ыг аваад хөдөлсөн. Тухайн үед П нь машин бариад хажуу талд нь Б- суугаад арын суудал дээр С бид хоёр сууж явсан. Тэгээд П нь 6 буудал хавьцаа ертөнцийн зүгээр зүүн гар тийш эргэж шинэ засмал замаар ороод явж байтал хажуу талаас буюу зүүн талаас нэг машин орж ирж ар хэсгийг нь мөргөж бүтэн эргүүлээд осол гаргасан....Тэр үед нөгөө машины жолооч эмэгтэй 2 хүүхдээ гэртээ үлдээчихсэн болохоор яарч явж байсан гэж ярьж байсан. Тэр үед бид хэд машиндаа 4-үүлээ явж байсан. Харин нөгөө машины жолооч нь ганцаараа явж байсан. Би Сг аваад замын хажуу талд суухад жолооч П нь нөгөө эмэгтэй жолооч хоёр цагдаа, эмнэлэг дуудах тухай ярилцаж байгаад даатгал дуудсан. Маргааш нь С орой над руу залгаад эмнэлгээр явсан чинь хавирга хугарсан байсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №6999 дугаартай шинжээчийн “...1. Т.Сгийн биед цээжний зүүн 3, 4, 5, 6-р хавиргануудын хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,
“Хас үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “... “Nissan Advan” маркийн ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 840.000 төгрөгийн, нийт 1.300.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн тайлан,
Мөрдөгчийн №571 дугаартай “...1. Nissan Advan маркийн ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Toyota Prius-20 маркийн ....... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэх үндэслэлтэй байна....” гэсэн магадлагаа,
Шүүгдэгч П.Б-ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд гэрээсээ гараад хүнс цуглуулчхаад Сүхбаатар дүүргийн 13-р хороонд байрлах тоглоомын талбайн хажуу талын туслах шинэ замаар явж байсан Тухайн үед тоглоомын талбайн тэнд хэр хүн байна гэж харчихаад бага хүнтэй бол хүүхдүүдээ гэрээс аваад тэнд тоглуулах санаатай явж байсан. Би тэр өдөр Тоуоtа prius-20 маркийн ....... УАА улсын дугаартай машиныг унаад шинэ замаар явж байгаад туслах замаас төв зам буюу 6, 7 буудлын голын замаар орж чигээрээ явж байсан ....... гэсэн дугаарын машинтай мөргөлдсөн. ... Цагдаад дуудах шаардлага байхгүй ээ гэж хэлээд хоорондоо тохиролцоод маргааш өглөө уулзахаар салсан. Тэгээд маргааш нь би нөгөө машины жолоочтой уулзаад гадуур даатгалын материалаа бүрдүүлж өгчихөөд зорчигчтой уулзаж гадуур эмнэлэгт үзүүлэхэд нөгөө хүний хавирга хугарсан байна гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг рүү явж эмчид үзүүлээрэй гэж хэлсэн...Би анх харахдаа машин байхгүй байна гэж хараад уулзвар руу орсон юм. Тэгтэл уулзвар нэвтэрч байсан машинтай мөргөлдсөн. Би машиндаа ганцаараа явж байсан. Toyota Prius 20 маркийн ....... УАА улсын дугаартай машин миний өөрийн эзэмшлийн миний нэр дээр бүртгэлтэй машин. 30-35 км цагийн хурдтай явж байсан. Зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, гадаа нартай цэлмэг байсан. Гол замын тэмдэг нөгөө машины ирж явсан талд байсан. Өөр тэмдэг, тэмдэглэгээ ослын газарт байсныг бол анзаараагүй. Би тээврийн хэрэгслийнхээ урд талаараа нөгөө машиныг зүүн хойд хэсэг рүү нь мөргөсөн...Би осол гарсанд маш их харамсаж байна, өөрийн бурууг ойлгож гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч П.Б нь “Toyota Prius" маркийн ....... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Б.П жолоочтой "Nissan Advan” маркийн ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болохыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нар болон шүүгдэгчээс тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон байна.
Шүүгдэгч П.Б нь “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүгдэгчээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч П.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй..” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогчоос гаргасан нотлох баримтын шаардлага хангасан 236.384 төгрөгийн баримт /хх-ийн 17-19/ байх тул шүүгдэгч П.Б-оос 236.384 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчээс хохирогчид 480.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирогч Д.С-д нийт 888.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С-гаас “...Сахиурын мөнгө нэхэмжилнэ, мөн цаашид эмчилгээ, сувилгаанд явна...” гэж, иргэний нэхэмжлэгч Д.П-оос “...Миний эрүүл мэндийн байдал хэвийн, автомашинд хохирол учруулсан. 1.300.000 төгрөгийн хохирол гарсан ч түүнээс илүү зардал гарсан. Машины хаалга 120.000 төгрөг, оношилгоо 88.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүхэд энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй тул хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч П.Б-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос баримтаар гаргасан гэм хорын нэхэмжлэлийг хангаж төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.Б нь ам бүл 3, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүрэгт оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчид 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдал, цалин орлогогүй байдал, бага насны хүүхдүүдтэй, нөгөөтэйгүүр хохирогчид учирсан гэмтлийн улмаас үүссэн хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг дундаж хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч П.Б-оос замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч Д.С-д 888.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нь нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой гарсан гэм хорын хохирлын талаар хохирогч Д.С, эд хөрөнгөд учирсан гэмтэлтэй холбоотой гарсан хохирлын талаар иргэний нэхэмжлэгч Б.П нараас иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН