Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/705

 

 

 

 

   2022          07         01                                    2022/ШЦТ/705

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Э,  

Шүүгдэгч: А.А нар оролцсон эрүүгийн 2209000000809 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /машин худалддаг/, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,  ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 04.00-05.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” /...../ баарны гадна иргэн У.Б-г найзынхаа эрүүл мэндэд халдсан иргэнтэй андууран түүний нүүрэн тус газар нь мөргөн У.Б-н эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Явцын дунд манай найзыг цохьсон, олуулаа байсан. Цохиж байгаа хүн дунд манай найз байсан. Цохьсон хүнийг хараагүй. Манай найзыг цохиж байгааг нь харсан. Цаашаа Б- зугтаасан байсан. Санаандгүй нэг удаа нүүр лүү нь цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Боломжгүй байсан тул хохирлыг төлж чадаагүй. Уг асуудал нь 4 дүгээр сард болсон. Одоогоор хохирлыг барагдуулах боломжгүй байгаа....” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....У.Б нь хагалгаанд орох заалттай байгаа. 445.400 төгрөгийн бодит гарсан зардлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд үүнийг нэхэмжилж байна. Мөн хамрын таславчын муруйлт засуулах хагалгааны бодит зардал нийт 2.252.307 төгрөгийг нэхэмжилнэ. Одоогоор хагалгаанд орсон зүйл байхгүй. Дараа жилийн 4 сард хагалгаанд орно. Өөр нэхэмжлэх мөнгө байхгүй..” гэв.

                                                                                                                

Эрүүгийн 2209000000809 дугаартай хэргээс:

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10 дугаар хуудас/,

 

            Хохирогч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 14, 16 дугаар хуудас/, 

 

            Гэрч У.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 27 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 6 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5541 дугаартай дүгнэлт  /хх-н 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39 дүгээр хуудас/, хохирогчоос гаргаж өгсөн баримтууд /хх-н 30, 41-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  А.А нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 04.00-05.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” /......./ баарны гадна иргэн У.Б-г өөрийн найзын эрүүл мэндэд халдсан иргэнтэй андууран түүний нүүрэн тус газар нь мөргөн У.Б-н эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч У.Б-н “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “.......” баарны гадна талд миний биед халдсан хүн энэ хүн мөн байна. А.А нь толгойгоороо миний нүүрний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тухайн үед миний хамраас цус гарч найз У.С-н хамт 00 орж цусаа цэвэрлэсэн юм. Манай найз У.С, манай найз охин М.Э болсон асуудлыг харж байсан юм. Манай найзууд хүнтэй маргалдаад би салгаад байж байхад тэр залуу надтай маргалдсан зүйл байхгүй байж шууд мөргөчихсөн юм. Андуурсан байж магадгүй. Би бусдын биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Зодоон салгах үеэр нэг хүнийг түлхсэн л зүйл байгаа. Миний хамрын яс 4 хугаралтай байсан. Энэ гэмтлийг А.А намайг мөргөх үед учруулсан юм. Өмнө нь хамарт гэмтэл авч байгаагүй юм. Би эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоогийн байдлаар томограф зураг авахуулсан 140.000 төгрөг, эм авсан 56.000 төгрөг, хамар тэгшлэх эмчилгээ хийлгүүлсэн 250.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд нийт 446.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Герман улс руу явах гэж байгаа бөгөөд цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн найз охин М.Э /...../-г оролцуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....У.Б нь хагалгаанд орох заалттай байгаа. 445.400 төгрөгийн бодит гарсан зардлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд үүнийг нэхэмжилж байна. Мөн хамрын таславчын муруйлт засуулах хагалгааны бодит зардал нийт 2.252.307 төгрөгийг нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч У.С-н “...Би 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй бааранд өөрийн найз У.Б, н.З, н.Б, н.Б нарын хамт үйлчлүүлж байсан бөгөөд шөнө 04 цагаас 05 цагийн үед би хувцсаа өмсөөд баарнаас ганцаараа гарахад тухайн баарны ертөнцийн зүгээр урагш харсан хаалганы баруун талд 20 гаруй залуучууд зодоон, маргаан үүсгээд байж байсан ба энэ дунд манай найз У.Б үл таних залуучуудыг салгаад байж байхад хажууд нь байсан А.А гэх халзан залуу нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Манай найз У.Б-н хамраас цус гарсан байсан бөгөөд би найзыгаа дагуулж 00 ороод цусыг нь цэвэрлэчхээд буцаж гараад юу болоод цохисон талаар А.А-өөс асуухад “Манай найзыг цохиж байсан, тэгэхээр нь мөргөчихсөн” гэж хэлсэн бөгөөд би У.Б-г хүн цохисон эсэх үед гадаа байгаагүй намайг баарнаас гараад ирэх үед У.Б-н нүүрэнд А.А нэг удаа нүүрэнд нь мөргөж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.А-ийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай найзтай хэд хэдэн хүмүүс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй бааранд маргалдаж байхыг нь харсан юм. Тэр хүмүүс дунд У.Б байсан бөгөөд би баарны гадна нэг удаа нүүр лүү нь мөргөчихсөн юм. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гаргаж өгсөн баримтын дагуу хохирлын мөнгийг төлж өгөх болно..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5541 дугаартай “....1. У.Б-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид эрүүл мэндэд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь “өөрийн найзын эрүүл мэндэд халдсан иргэнтэй андуурсан” гэх шалтгаанаар хохирогч У.Б-н нүүрэн тус газарт мөргөсөн болохыг хохирогч У.Б-, гэрч У.С, шүүгдэгч А.А нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал А.А нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас У.Б-н биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

 Иймд шүүх шүүгдэгч А.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч У.Б-гээс 445.900 төгрөгийн хохирлын баримт /хх-н 30/ гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгчээс 445.900 төгрөгийг гаргуулж хохирогч У.Б-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Харин  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  “....У.Б- нь хагалгаанд орох заалттай, хамрын таславчын муруйлт засуулах хагалгаанд орох шаардлагатай бөгөөд бодит зардал болох 2.252.307 төгрөгийг нэхэмжилнэ. Одоогоор хагалгаанд ороогүй байгаа....” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хангалтгүй, дутуу байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчоос гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч А.А-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.А нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, хохирогч болон шүүгдэгчээс “...торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв. 

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-өөс 445.900 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-д олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Б- /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э/-гээс нэхэмжилсэн 2.252.307 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН