Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 142/2019/01658/И |
Дугаар | 001/ХТ2021/00476 |
Огноо | 2021-05-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00476
2021 05 18 001/ХТ2021/00476
Б.Мөнгөнсарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар магадлалтай,
Б.Мөнгөнсарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнгөнсарын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, Б.Мөнгөнсарын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Б.Мөнхтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Мөнгөнсарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бэхболот овогтой Мөнгөнсар нь 2007 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ХХК-д референт нарийн бичгийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2011.12.16-ны өдрийн Б/378 тоот тушаалаар 2011.09.28-ны өдрөөс 2013.09.28-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөнд, 2013.09.26-ны өдрийн Б/452 тоот тушаалаар 2013.09.29-ний өдрөөс 2014.09.10-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг сунгуулах тушаал гаргуулан чөлөөтэй байсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох байсан хэдий ч хөл хүнд байсан учир 2015.03.12-ны өдрийн Б/234 тоот тушаалаар 2016.12.21-ний өдрийг дуустал хүүхэд асрах чөлөө, хөдөлмөрийн хуульд заагдсаны дагуу 2017.01.10-ны өдрийн Б/92 тоот тушаалаар 2016.12.22-ны өдрөөс 2017.12.22-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг олгосон. Б.Мөнгөнсар нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд гэр бүлийн минь хүн, миний нөхөр Б.Батхишиг нь Улаанбаатар хотод томилогдон ажилласан ба бид гэр бүлээрээ Улаанбаатар хот руу нүүх шаардлагатай болсон. Ийнхүү хүүхэд асрах чөлөө дуусахаас өмнө 2017.04.12-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар шилжүүлэн ажиллуулж өгнө үү хэмээн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийн шийдвэрийг өгөөгүй болно. Ингээд дахин 2017.12.06-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хандан Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар шилжүүлэн ажиллуулж өгнө үү хэмээн хүсэлт өгсөн хэдий ч хүсэлтийн минь хариуг мөн л өгөөгүй болно. Гэтэл тухайн үед Б.Мөнгөнсарын дунд хүү Б.Дөлгөөн нь БНСУ-ын Sejong General Hospital эмнэлэгт 100 хувийн буцалтгүй тусламжаар зүрхний хагалгаанд орох алтан боломж олдож хүүгээ эмчлүүлэхээр Эх нялхсын зүрхний тасагт хэвтэн эмчлүүлж буй хэд хэдэн хүүхэд тэдний гэр бүлийнхэнтэй хамт БНСУ-ыг зорих болсон. 1 сарын хугацаанд хүүгийнхээ дэргэд сахиур хийх шаардлагатай байсан учир 1 сарын чөлөө олгохыг хүссэн хүсэлт гаргасны дагуу 2018.01.10-ны өдрийн Б/45 тоот тушаалаар 2017.12.22-ны өдрөөс 2018.01.13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй /цалингүй/ чөлөө олгосон болно.
2018.01.13-ны өдрөөр чөлөөний хугацаа дуусмагц Эрдэнэт үйлдвэр ХХК-д эргүүлэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн боловч хариу шийдэгдээгүй. 2018.02.13-ны өдөр, 2018.04.01-ний өдөр мөн адил утгатай Эрдэнэт үйлдвэр ХХК-д эргүүлэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин өгсөн боловч бичиг хэрэг хөтлөлтийн ажилтан Ганчимэг өмнөх өгсөн өргөдлүүдийн чинь хариу шийдвэрлэгдээгүй тул ижил утгатай өргөдлийг бүртгэдэггүй гэсэн тайлбарыг өгч бүртгээгүй болно.
Ингээд өгсөн өргөдлүүдийн минь хариу тодорхой бус, шийдэгдэхгүй, хүлээлт үүсгэн удсан тул 2019.04.17-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй өөрийн биеэр уулзах гэсэн боловч тухайн үед томилолтоор явсан гэдэг шалтгаантай байсан ба Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзах завшаан тохиосон билээ. Түүнтэй уулзахдаа ажилдаа эргэн орох хүсэлтийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл намайг ямар ч ажлын байраар хангах нь бүү хэл, миний өргөдлийг хянан үзэж, ямар нэгэн хариу тайлбарыг хуульд заасны дагуу өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Та удирдах ажилтны хувьд миний хүсэлтийг хүлээн авч эрхэлсэн ажилд минь буцаан ажиллуулах талаар хариуцах эрх бүхий албан тушаалтанд уламжилж ажлын байраар хангаж өгнө үү хэмээн аман болон бичгээр өгсөн болно.
Өргөдлийг ЗХНБГ-ийн дарга О.Отгонбаярт Журмын дагуу шийдвэрлэх гэж шилжүүлсэн байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу ямар ч хариу тайлбар өгөөгүй, тэр бүү хэл ажлаас халах тушаалыг гар утас, нөхрийн гар утасны дугаар, гэрийн хаяг, захидал, facebook, Instagram гэх мэт ямар ч нөхцөлөөр холбоо барих бүрэн боломжтой байхад надад урьдчилан мэдэгдэж дуулгалгүй, миний саналыг харгалзахгүйгээр 2019.11.07-ны өдрийн Б/5501 тушаалаар 2018.01.15-ны өдрөөс хойш ажил олгогчийн олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж 2019.11.11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг минь цуцлах тушаалыг гаргасан байна.
Иймд миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2019.11.07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнгөнсарын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилуулах, Б.Мөнгөнсарын ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнгөнсар нь хүүхэд асрах чөлөөнөөс үргэлжлүүлэн Ерөнхий захирлын 2018.01.10-ны өдрийн Б/45 дугаар тушаалын дагуу 2018.01.13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй чөлөө авсан. Энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалсаар байсан ба ажлын байрыг цөөрүүлсэн, цомхтгосон зүйл одоог хүртэл байхгүй. Б.Мөнгөнсар нь ажил олгогчоос албан ёсоор олгосон чөлөөний хугацаа дуусмагц өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн орж ажиллах үүрэгтэй. Гэтэл 2018.01.13-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд ажил олгогчийн 2019.11.07-ны өдрийн Б/5501 дугаар тушаал нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Мөнгөнсарын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичгийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31,049,268 төгрөг гаргуулан Б.Мөнгөнсарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Мөнгөнсарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 383,396 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...цалинтай тэнцэх нөхөх олговорт 31,049,268 төгрөг гаргуулан Б.Мөнгөнсард олгосугай ... гэснийг ...цалинтай тэнцэх нөхөх олговорт 3,116,688 төгрөг гаргуулан Б.Мөнгөнсард олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,932,580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж, Шийдвэрийн 3 дахь заалтыг ...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 383,396 төгрөг... гэснийг ...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 64,817 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,197 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Б.Мөнгөнсарыг 2018.01.18-ны өдрөөс хойш ажлаа эрхэлж чадахгүй, цалингаа аваагүй байх тул тус өдрөөс хойш 2 жил ажлын 12 хоногоор бодож нийт 30,343,608 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан. Хэдийгээр нэхэмжлэгч бидний зүгээс Б.Мөнгөнсарыг ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаан дээр захиргааны чөлөө дууссан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнийг ч үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэдий хугацааны цалин олговрыг тооцож гаргуулах талаар тодорхой заагаагүй хэмээсэн нь ойлгомжгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх Нэхэмжлэгч Б.Мөнгөнсарын референт-нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2019.11.07-ны өдрөөс эхлэн түүний цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байхад шүүх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2018.01.13-ны өдрөөс эхлэн тооцож ... шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцээгүй байна гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь Б.Мөнгөнсарыг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.11.07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоосон гэж үзэж болно. Түүнчлэн хариуцагч тал Б.Мөнгөнсарыг 2018.01.13-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэдгийг дурдах хэрэгтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1-д заасны дагуу нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас нь энэ асуудал тодорхой харагддаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн болон Иргэний хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан цалингийн тодорхойлолтыг үндэслэн хариуцагчаас гаргуулах цалингийн хэмжээг тодорхойлсон ба давж заалдах шатны шүүх ч үүнийг үндэслэн шийдвэрлэсэн. Эндээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ мэт хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тиймээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 142/ШШ2020/0170 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 48 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 48 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.Мөнгөнсар нь Ерөнхий захирлын 2018.01.10-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар 2017.12.22-ны өдрөөс 2018.01.13-ны өдрийг дуустал хугацаанд захиргааны чөлөөтэй байсан. Энэхүү тушаалаар түүний хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар ажил олгогч захиргааны чөлөө олгосон. Иймд Б.Мөнгөнсар нь 2018.01.14-ний өдөр буюу ажил олгогчоос олгосон захиргааны чөлөөний хугацаа дууссан тэр өдөр ажилдаа ирэх үүргийг Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн. Гэтэл Б.Мөнгөнсар нь энэ үүргээ биелүүлээгүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1 дэх заалт, ажилтан Б.Мөнгөнсартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4. дэх заалтуудыг үндэслэн Б.Мөнгөнсарыг 2018.01.15-ны өдрөөс хойш ажил олгогчийн олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн одоог хүртэл /тушаал гаргах өдрийг хүртэл/ ажилдаа ирээгүй ажил тасалсан тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019.11.11-ний өдрөөс цуцалсан. Б.Мөнгөнсар нь 2018.01.14-ний өдрөөс тушаал гаргах өдөр буюу 2019.11.07-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, ажил олгогчоос олгосон чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж буй энэ зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байхад давж заалдах шатны шүүх ...Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульд заасан ба нэхэмжлэгч хэдийнээс эхэлж ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Ажил олгогч нь Б.Мөнгөнсарын 2018.01.14-ний өдрөөс хойш 2019.11.07-ны өдөр хүртэл ажил тасалсан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчөөгүй. Б.Мөнгөнсар нь тушаал гаргах өдөр буюу 2019.11.07-ны өдөр ч мөн ажилдаа ирээгүй ажил таслах зөрчил гаргасан хэвээр байсныг анхаарч үзэх ёстой байсан.
2. Давж заалдах шатны шүүх ...уг чөлөөний хугацаа дууссаны дараа түүнийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, ажилд эгүүлэн авах үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, түүний ажилд орох тухай өргөдлийг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт нарийн бичгийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд тэрээр өөр ажил буюу Улаанбаатар хот дахь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөгчийн газарт ажиллах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Өргөдлийн энэ агуулгаас үзэхэд: А. Нэхэмжлэгчийн өөр ажилд шилжиж ажиллах хүсэлтэй байгаа нь Б.Мөнгөнсар ямар нэг ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан боловч өмнө эрхэлж байсан ажилдаа сайн дураар ирж ажиллах сонирхолгүй буюу ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа дуусмагц ажилдаа ороогүй болохыг харуулж байна. Б. Өөр ажилд ажиллуулж өгнө үү гэснээс үзэхэд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа ямар нэг байдлаар дуусгавар болох, цуцлагдах талаар ажил олгогчийн аливаа шийдвэр гараагүй байсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсныг харуулж байна. Энэ нь түүний ажлын байр хадгалагдсаар байтал үндсэн ажилдаа ирээгүй атлаа өөр ажилд ажиллахын тулд санаатайгаар ажил тасалсан гэж үзэхээр байна. В. Түүний өргөдөл нь бүхэлдээ өөр ажилд ажиллах тухай. Гэтэл нэхэмжлэлийн буюу маргааны сэдэв нь түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай. Өөр ажилд шилжих тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл биш, нэхэмжлэлийн агуулга ч биш. Хэрэв тухайн өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулга бүхий нэхэмжлэлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримтлан шийдвэрлэх боломжтой. Гэтэл энэ маргаан нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан байтал өргөдлийн хариуг өгөх асуудлыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн ажилтан ямар нэг захиргааны чөлөөнөөс эргэн ажилдаа орохдоо хүсэлт гаргах ёстой, түүнийг ажил олгогч хүлээж авч шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хуулиар зохицуулаагүй харилцааг нарийвчлан зохицуулсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар Б.Мөнгөнсар нь ажилдаа саадгүй ирэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн. Харин ажилдаа саадгүй ирж өмнө эрхэлсэн ажилдаа эргэж орсны дараа тэрээр өөр ажилд шилжих тухай өргөдөл хүсэлтийг гаргах эрх нь нээлттэй байсан. Ажил олгогчийн зүгээс түүний хүсэлт гаргах эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй.
Өргөдөлтэй холбоотой дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж буй дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн үйлдэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн харилцааны процессыг буруу тайлбарлаж шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Нөгөө талаас ажилдаа эргэж орох хүсэлтийг хүлээж авахгүй байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн байсан гэж үзэх боломжтой. Гэтэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар холбогдох байгууллагад хандаагүй нь өөрөө энэ асуудлаарх хөөн хэлцэх хугацаа өнгөрснийг нотолж байна. Өөрөөр хэлбэл түүний өргөдөл гаргасан хамгийн сүүлийн хугацаа нь 2019 оны 4 сар гэж үзвэл үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сар хүртэл буюу тушаал гарах өдрийг хүртэл хугацаа нь гомдол гаргах хөөн хэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.4,-т заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Мөнгөнсарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Мөнгөнсар ...ажилдаа эргэн орох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу өгөхгүй байсаар хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж марган, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх Б.Мөнгөнсарыг 2018.01.18-ны өдрөөс хойш ажил эрхэлж, цалингаа аваагүй хохирсон гэж дүгнэн, энэ хугацаанаас цалин хөлсийг тооцсон байхад давж заалдах шатны шүүх хэдий хугацааны цалин олговор гаргуулах талаар тодорхой заагаагүй гэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч 2018.01.14-ний өдөр буюу захиргааны чөлөө дууссан өдөр ажилдаа ирэх үүргээ биелүүлээгүй тул ажил олгогчоос ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй. ...түүний өргөдөл нь бүхэлдээ өөр ажилд ажиллах тухай байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл биш... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичиг Б.Мөнгөнсарыг, ерөнхий захирлын 2019.11.07-ны өдрийн Б/5501 тушаалаар 2018.01.15-ны өдрөөс хойш ажил олгогчийн олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн, одоог хүртэл ажилдаа ирээгүй ажил тасалсан үндэслэлээр сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дэх зүйлийн 4.4.b дэх заалтыг үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг, 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын шийтгэл гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахыг хуульчилсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Мөнгөнсар нь 2 удаа хүүхэд төрүүлсний улмаас 2013.9.29-ний өдрөөс жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан байх ба энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т удаа дараа өргөдөл гаргасан; эдгээрээс хүүхдээ гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас чөлөө хүсч 2017.12.12-нд өргөдөл гаргасныг ажил олгогчоос шийдвэрлэж, 2018.01.10-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар 2018.01.13-ны өдрийг дуустал хугацаагаар тэтгэмжгүй чөлөө олгосон, харин Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт шилжүүлж өгөхийг хүсч 2017.4.12, 2017.12.06-ны өдөр гаргасан, мөн хүүхэд асрах чөлөөний хугацаа болон захиргааны чөлөөний хугацаа дууссан учир ажилдаа орохыг хүсч 2018.01.13, 2019.4.17-ны өдөр гаргасан өргөдлүүдэд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй нь тогтоогджээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Мөнгөнсар нь ажлаас чөлөөлсөн тушаалд заасан ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь захиргааны чөлөөний хугацаа дуусахад ажилдаа орохыг хүсч 2018.01.13-ны өдөр өргөдөл гаргасан боловч хариуцагч хариу өгөөгүй, түүнийг ажиллуулах эсэхийг шийдвэрлээгүй атлаа захиргааны чөлөө дуусахад ажилдаа ирээгүй, ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэн, ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн, иймд 2 шатны шүүхийн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэл зөв байна.
Хариуцагч дээрх байдлаар Б.Мөнгөнсарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хуулийн энэ заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019.11.11-нээс 2020.01.31-ний өдөр хүртэл хугацааны олговорт 3,116,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 27,932,580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Харин анхан шатны шүүх олговрыг 2018.01.13-ны өдрөөс тооцож гаргуулсан нь хуульд заасан ажлаас буруу халсан үеийн олговор олгох хуулийн зохицуулалтад үл нийцнэ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Одгарьд, П.Одгэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,613 төгрөг, хариуцагчаас төлсөн 135,017 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ