| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2021/0021/З |
| Дугаар | 126/ШШ2021/0021 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 126/ШШ2021/0021
| 2021 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 126/ШШ2021/0021 | Хөвсгөл аймаг
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг хэрэгжүүлэх тендерийн шалгаруулалтын гүйцэтгэгчээр Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр болох хуралдааны тэмдэглэл, зөвлөмж нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанитай байгуулсан ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчингүй болгох, ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг үзүүлэх тендерт оролцсон Ворлд стандарт консалтинг ХХКомпани нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий Ворлд стандарт консалтинг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ворлд стандарт консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь олон улсын стандартчиллын байгууллага болох ISO-оос гаргасан Менежментийн тогтолцооны стандартуудын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах үндсэн чиглэлтэйгээр 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн урилгыг 2021 оны 3 сарын 15-ны өдөр манайд онлайнаар ирүүлсэн. Тус урилгын дагуу манай байгууллагаас тендерийн жишиг маягтын дагуу материалаа бүрдүүлж тендерийн материал хүлээн авах хугацаанд нь багтаан хүргүүлсэн. Тендерийг нээх ажиллагаанд манай байгууллагаас гадна Гүүдвилл Стар Монголиа ХХК-ийн материал ирсэн талаар мэдсэн. Улмаар тухайн тендерийн сонгон шалгаруулалтын хариу болгож Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 4 сарын 9-ний өдрийн 3/793 тоот албан бичгээр танай компаний ирүүлсэн үнийн санал нь техникийн оноогоор 72.0, санхүүгийн оноогоор 52.95 нийлбэр дүнгээр 124.95 оноотой байгаа нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.16-д заасан заалтыг хангахгүй байгаа тул шалгараагүй болохыг мэдэгдье гэсэн хариуг ирүүлсэн. ... Иймд шүүхэд дээрх тендерийн асуудлыг шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын удаа дараагийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүхэд хандах нэхэмжлэл гаргаж байна.
1.Орон нутгийн өмчийн газраас тендер зарлахдаа тендерийн өгөгдлийн хүснэгтийн 6.5-д заасан үнэлгээний шалгуур үзүүлэлтийн 2.1-д заасны дагуу уг ажлын даалгавартай тоо, хэмжээ, объёомоороо дүйцэхүйц ажлын тендерт оролцогч ААН өөрөө дангаараа 3 ба түүнээс дээш жилийн гүйцэтгэсэн туршлагатай байх шаардлагыг заасан. Гэтэл тус тендерт шалгарсан Гүүдвилл Стар Монголиа ХХК нь 2020 оны 2 сард Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнээс хойш нэг жилийн хугацаанд л ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ нь ТӨХ-ийн 6.5 дугаар зүйлийн 2.1-д заасан шалгуурыг хангахгүй гэж үзнэ.
2. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4.4-д Үндсэн мэргэжлийн зөвлөхийн баг нь 50 хувиас доошгүй хувь нь үндсэн ажилтан байна гэсэн шаардлага байсан ба үүнийг нотолсон нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байсан. Гэтэл Гүүдвилл Стар Монголиа ХХК-ний материалд энэ талаар ирүүлэх ёстой 2020 оны 11, 12 сарын, 2021 оны 01, 02 сарын ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийн аж ахуйн нэгж өөрөө төлсөн баримт бичиг НД-7, НД-8 маягтаар тодорхойлсон мэдээлэл, өр төлбөргүй талаарх лавлагаа, үндсэн мэргэжлийн ажилтнуудын хувийн баримтыг баталгаажуулж, тодорхойлсон баримтуудыг шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй байхад тухайн компанид үнэлгээ өгсөн нь буруу. Гүүдвилл Стар Монголиа ХХК-ний зөвлөх үйлчилгээ үзүүлэх өөрийн мэргэшсэн, үндсэн ажилтангууд байхгүй гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байхад энэ үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзээгүй. Манай байгууллагаас дээрх ажилтнуудтай талаар мэдээллийг холбогдох журмын дагуу хүргүүлсэн.
3. Орон нутгийн өмчийн газраас хоёр дахь шатны шалгаруулалтын ТӨЗ 4.5-д Техникийн санал ирүүлэх хэлбэр нь хялбаршуулсан техникийн санал байна. Техникийн саналтай холбоотой бусад нэмэлт мэдээлэл Хялбаршуулсан техникийн санал ирүүлэх учраас маягт 3.2, 3.3-ыг бөглөх шаардлагагүй бөгөөд ажлын даалгаварыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ажлын хөтөлбөр болон аргачлал, санал, зөвлөмжийг ирүүлнэ гэсний дагуу материалаа явуулсан. Гэтэл энэ зааврын дагуу явуулсан материалын талаар оноо өгөхдөө Техникийн санал ирүүлээгүй тул 0 оноо авсан байна гэсэн нь оноо дүгнэх шалгуур үзүүлэлт, хуулиа зөрчсөн. ... Энэ мэтчилэн ТӨЗ-д заасан шаардлагыг манай байгууллага хангасан байхад ТӨЗ-н шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн өмчийн газар, тэдгээрийн үнэлгээний хороо нь илтэд хууль зөрчиж туршлагын шаардлага хангахгүй, үндсэн ажилтны шаардлага хангахгүй, тендерийн баримт бичигт заасан бүрдлийг дутуу ирүүлсэн Гүүдвилл Стар Монголиа ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37-39 дүгээр зүйл, мөн хуулийн 6.1, 14, 15, 16 дугаар зүйлд заасан холбогдох заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг хэрэгжүүлэх тендерийн шалгаруулалтын гүйцэтгэгчээр Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр болох хуралдааны тэмдэглэл, зөвлөмж нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанитай байгуулсан ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчингүй болгох, ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг үзүүлэх тендерт оролцсон Ворлд стандарт консалтинг ХХКомпани нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ворлд стандарт консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Хөвсгөл аймаг дахь Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ тендерийн шалгаруулалттай холбоотой нэхэмжлэл гаргасан.
Тус нэхэмжлэлтэй холбоотойгоор танай шүүхэд Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажиллагааны явцад тухайн тендерт шалгарсан Гүүдвилл Стар Монголиа ХХК нь Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу тухайн компани үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Нөгөө талаар улс орон даяар Ковид-19 цар тахал дэгдэн манай байгууллагаас тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Дээрх шалтгааны улмаас Хөвсгөл аймаг дахь Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн шалгаруулалттай холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д заасан эрхийн дагуу татгалзаж байна. Иймд тус хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ворлд стандарт консалтинг ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг хэрэгжүүлэх тендерийн шалгаруулалтын гүйцэтгэгчээр Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр болох хуралдааны тэмдэглэл, зөвлөмж нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанитай байгуулсан ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчингүй болгох, ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг үзүүлэх тендерт оролцсон Ворлд стандарт консалтинг ХХКомпани нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Ворлд стандарт консалтинг ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ворлд стандарт консалтинг ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг хэрэгжүүлэх тендерийн шалгаруулалтын гүйцэтгэгчээр Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр болох хуралдааны тэмдэглэл, зөвлөмж нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Гүүдвилл Стар Монголиа ХХКомпанитай байгуулсан ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчингүй болгох, ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг үзүүлэх тендерт оролцсон Ворлд стандарт консалтинг ХХКомпани нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН