Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0377

 

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0377

Улаанбаатар хот

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нар;

 

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Ц.Б-т холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын Ц.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2024/0013 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х,

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 125/2023/0040/З

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б-ээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Ц.Б-т холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын Ц.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0013 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэтгэлцэж маргасан бөгөөд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

3.1.1. Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн шүүхийн үндэслэлийн тухайд: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын БОГГЗЗХУБ-ын 2022 оны 10 дугаар сарын 19-ний дүгнэлт, ГХБХБГ-ын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр газрыг ойжуулах чиглэлээр үйл ажиллагаа хийгээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон. Шүүхээс хийсэн үзлэгт хашаалсан газарт 1 гэр барьсан, худаг гаргасан боловч тарьж ургасан мод байхгүй, ойжуулалт нөхөн сэргээх ажил хийгээгүй нь тогтоогдож байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.1.2. Учир нь шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... 2 жил дараалан...” гэдгийг хэргийн баримтаар тогтоож дүгнэлт өгөх үүрэгтэй байхад энэ цаг хугацааны талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь шийдвэр ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй байх хуулийн хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авснаасаа хойш 2021 онд хашаа татаж хамгаалж, хол хаягдлыг цэвэрлэж, 2022 онд худаг гаргаж, ус тавьснаар ямар ч ургамал ургадаггүй байсан халцгай газрын хөрсийг бүтэн ногооруулж нөхөн сэргээж, манаач цалинжуулж ажиллуулсан байхад шүүх аль аль дараалсан 2 жил нь гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй талаар дүгнэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн газрын гэрчилгээг авч гэрээ байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 3 жил 6 сар 10 хоног эзэмшсэн байгаагаас яг аль 2 жил нь дараалан гэрээнд заасан аль зориулалтаар ашиглаагүй болохыг тодорхойлох ёстой.

 

3.1.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, гэрээнд заасан зориулалт гэдэг хэсгийг тодруулж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сард эрх шилжүүлэн авахдаа нэг гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт байгаа, мөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээ хавтаст хэрэгт ГХБХБ-ын газраас нотлох баримтаар гаргаж өгдөг бөгөөд тухайн гэрээг нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших дээрх 2 гэрээний аль гэрээнд, эсхүл газар эзэмших захирамж, гэрчилгээний аль дээр нь заасан зориулалтаар эзэмших ёстой болохыг тодорхойлсноор нэхэмжлэгчийн тухайн газар дээрээ хийсэн үйл ажиллагаа нь тухайн зориулалтаар эзэмшсэн гэж үзэх нөхцөл мөн эсэх талаар дүгнэлт хийх байтал ийм дүгнэлтийг шүүх хийгээгүй. Мод үржүүлэг, нөхөн сэргээлт, ойжуулалтын аль ч зориулалтаар эзэмшсэн байсан худаг гаргах, хашаа татаж хамгаалах, газрын хөрсийг нөхөн сэргээсний дараа л ойжуулалт, хийж мод тарих боломжтой болох нь ойлгомжтой байсаар байхад илт үндэслэлгүйгээр гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэх дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хийсэн. Учир нь тухайн газар нь хөрсний үржил шимгүй болсон байсан тул эхлээд хашаа татаж хамгаалаад хог хаягдлыг нь зайлуулж, худаг гаргаж газрын хөрсийг сэргээсний дараагаар мод тарихгүй бол ургахгүй, цаг хугацаа, эдийн засгаараа хохирч болзошгүй гэж мэргэжлийн байгууллага зөвлөсний дагуу тухайн зөвлөгөө хэрэгжүүлээд явж байсан.

 

3.1.4. Нэхэмжлэгч нь тухайн газрыг 11 жилийн хугацаанд эзэмшихээр шилжүүлэн авсан учир эхний жилүүдэд газрын хөрсөө нөхөн сэргээсний дараа модоо тарихаар төлөвлөж байсан бөгөөд дээрх 2 гэрээний алинд ч эхний жилд тийм ийм юм хийсэн байх ёстой гэж нарийн заагаагүй байж мод тарихаар бэлтгэл ажлаа жил бүр өөрийн бололцоогоороо хийгээд явж байхад зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Газрын албаны Улсын байцаагчийн гаргасан дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн дүгнэлтүүдийг өмнө нь гардаж авч танилцаж байгаагүй, мэдээгүй бөгөөд энэхүү газрын маргаантай холбоотойгоор хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Энэ талаар шүүх хуралдаан дээр тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлсэн байхад маргаагүй, мэтээр тайлбарласан нь буруу юм. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үйл баримтыг шүүх талуудын мэтгэлцээний явцад заавал шалган тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмаар захиргааны байгууллага мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй улсын байцаагчийн актыг хүчин төгөлдөр, хөтөлбөргүй тогтоогдсон үнэн зөв баримт гэж үзэх үндэслэл болохгүй.

 

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг төлөөгүй гэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч нь тухайн газрын төлбөр нь яг хэдэн төгрөг болох талаар шүүх хуралдаанд оролцож чадаагүй тул энэ талаар тайлбараа өгч мэтгэлцэж чадаагүй. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим болон хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд энэ үүргээ Татварын алба заавал биелүүлэхээр императив шинжтэйгээр зохицуулсан байхад энэ талаар ямар ч нотлох баримтыг цуглуулаагүй, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

3.3. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08401-2020/08455 дугаар гэрээний 2 гэрээний нөхцөл хэсгийн 2.2...” гэж тухайн гэрээг үндэслэсэн байх бөгөөд тухайн гэрээнд нэхэмжлэгч огт унших танилцаж гарын үсэг зурж баталгаажуулж байгаагүй бөгөөд Газрын алба программаасаа өөрсдөө хэвлээд авч ирж өгсөн баримтыг хүчин төгөлдөр гэрээ мэтээр үндэслэж байгаа нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Би 2022 оноос өөрийн төрсөн ээж хорт хавдар оноштойгоор эмчилгээ хийлгэж, хагалгаанд орж байсан тул ээжийгээ асарч Увс аймаг Улаанбаатар хотод тухайн цаг хугацаанд амьдарч байсан. Сонсох ажиллагааны талаар талууд мэтгэлцсэн байх бөгөөд хэрвээ сонсох ажиллагааг зохих хууль журмын дагуу хийсэн бол, Татварын алба хуульд заасан газрын татварын ногдлыг тухай бүрт нь мэдэгдэж байсан бол татварыг зохих хүү алдангийн хамт төлөөд явчих боломжтой байсан. Ийм байхад нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

 

3.4. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2024/0013 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020 оны 12 дугаар сард гэрчилгээ гаргуулж авснаас хойш 2021 онд “Грийн элдорадо” ХХК-д хандаж хэрхэн нөхөн сэргээх мод үржүүлэх талаар хамтран ажиллаж зөвлөгөө аваад тухайн зөвлөгөөг хэрэгжүүлж хөрөнгө мөнгө зарцуулаад зохих журмын дагуу арчилж хамгаалж ирсэн. Тухайн газраа худаг гаргаж, хашаа хайс хийж хамгаалсан бөгөөд манаач авч цалинжуулаад услалт арчилгаа тордолгоог хийж байна” гэж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаас “...нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээг 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй.” гэж, хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 13 дугаар хуралдааны дээрх тогтоолууд нь ... агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээ багасгах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтийн эрх ашгийг хангах үүднээс гарсан шийдвэр” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б-ийн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 

3.1. Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Ану хатан-3, 303 хаягт байрлах 2800 м.кв газрыг ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар 11 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Л.Д-оос шилжүүлэн авч, улмаар мөн оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 000041534 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 08401-2020/08455 дугаар гэрээ байгуулагджээ.

 

3.2. Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасныг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон хавсралтад нэр дурдсан Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ц.Б-ийн 2800 м.кв талбай бүхий газар багтсан байна.

 

3.3. Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж, газар эзэмших гэрээг дүгнэн, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ажлын хэсэг/-ын 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/17 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр “...Тухайн газрынхаа хашаа хамгаалалт сайн, гар худаг гаргасан, байгалиараа сэргэн ургаж байгаа, ойжуулах чиглэлээр үйл ажиллагаа хийгээгүй” гэж, мөн нэхэмжлэгч Ц.Б-ийн 2021, 2022 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”-д гэрээ дүгнүүлээгүй, тайлан ирүүлээгүй гэж /1хх-ийн 40, 41 дэх талд/, 2023 оны газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудад төлбөр төлсөн дүн “0” төгрөг, “2023-12-31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 212872 төгрөг байна” гэсэн зэрэг баримтуудаас үзэхэд, газар эзэмшигч Ц.Б нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

3.4. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, Ховд аймгийн Жаргалан сумын Газрын даамалтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний дагуу Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Ану хатан-3, 303 хаягт байрлах 2800 м.кв газрыг “ойжуулалт, нөхөн сэргээх”-ээр Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх харилцаа үүсжээ.

 

3.5. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”,10 дугаар зүйлийн 3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 2020 оны “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т газрын төлбөрийн нөхцөлийг “...Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх ...” гэжээ.

 

3.6. Дээрхээс үзэхэд, газар эзэмшигч буюу нэхэмжлэгч Ц.Б нь жил бүр гэрээний үүргийн биелэлтийг дүгнүүлээгүй, тайлагнаагүй, газрын төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ огт биелүүлээгүй, мөн газрыг зориулалтын дагуу ойжуулах, нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг Газрын тухай хуульд заасан эрх, үүргийн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, зохих байгууллагын хяналт шалгалт хийсэн дүгнэлт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

3.7. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “...Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “...худаг гаргаж, хашаа татаж хамгаалан, манаач авсан” гэх гомдол үндэслэлгүй.

 

3.8. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.9. Энэ талаар анхан шатны шүүх “...маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр хашаалсан газарт 1 гэр барьсан, худаг гаргасан боловч тарьж ургасан мод байхгүй, ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгдээгүй байсан тогтоогдож байх тул ... нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа зориулалтаар ашиглаагүй ... 2021, 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, 2023 оны 1-р улирлын төлбөрөө төлөөгүй гэж ...буруутгасан нь үндэслэлтэй” гэж зөв дүгнэжээ.

 

3.10. Мөн хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын фейсбүүк цахим хуудаст байршуулсан зэргээс үзвэл, хариуцагч нь захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, оролцоог нь хангаагүй гэх үйл баримт нотлогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

4. Нэхэмжлэгч Ц.Б-ийн “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд;

 

4.1. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 13/05 дугаар тогтоолоор Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэр газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар баталж, үүнд Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн 32.6 га газрыг хамруулж, мөн өдрийн Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 13/15 дугаар тогтоолоор Ховд хотыг 2023 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах шийдвэрлэсэн байршилд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 2800 м.кв газар багтжээ.

 

4.2. Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;”, 20.1.14-т “нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж тус тус заажээ.

 

4.3. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу, хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын харилцааны талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн дагуу Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6-д заасан зарчимтай нийцжээ.

 

4.4. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны А/283 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасантай нийцсэн бөгөөд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

4.5. Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2024/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ   

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН    

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА