Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 51

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч А.Анхбаяр шүүгдэгчийн  өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүгдэгч Х.Алибек хохирогч С.Загиаш, орчуулагч Т.Уатхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн шүүгдэгч Х.Алибекд холбогдох эрүүгийн 201621000140 дугаартай, 153/2016/0053/Э/ индекстэй хэргийг 2015 оны 07дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Ховд  сумын харъяат 1979 оны 11 сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, ард казак, боловсрол, мэргэжилгүй,  хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд  сумын Баянбулаг, 1 дүгээр  багт оршин суух, аминдаа 6 ханатай  гэр -1 УАЗ маркийн машин-1, адуу 7, хонь 20, ямаа 150 нийт 177 толгой малтай сарын өрхийн орлого 100000 төгрөг, ял шийтгэлгүй,  ПЛ 79112419  дугаарын регистртэй,  Жадик баян овогт Хуанбайгийн Алибек.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Алибек нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой 21 цагийн орчимд  Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг 10-н газарт иргэн Жандарбекын гэрийн гадна хохирогч С.Загиаштай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Алибекийн ...   Эхнэрийнхээ биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи уусан байсан. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Цаашид эхнэрээ зодохгүйгээр хамт амьдарна. Манайх 2-14 насны таван хүүхэдтэй, мал маллаж амьдардаг. Хөнгөн  шийтгэл оногдуулж өгнө үү  ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Загиашийн... Би таван  хүүхдээ бодож цаашид хамт амьдрах хүсэлтэй байна. Бид нар эвлэрч байна. Хохирол төлбөр байхгүй. Эвлэрсэн тул хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү? ... гэх мэдүүлэг болон хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтад хохирогч С.Загиашийн... Нөхөр Х.Алибекийн хамт машинд суугаад явж байтал машины тоормос зуураад хүүхдийн толгой машины шил мөргөсөн.  Тэгээд нөхрийгөө машин барьж явж чадахгүй байна гээд би машинаас буусан. Намайг Жандарбекийн гэрт хоноод явъя гэтэл уурлаж над руу чулуу аваад шидэх гэсэн. Би зугтаад гүйсэн. Тэгээд бахардаад унахад толгой болон бөгс рүү өшиглөсөн. Бахитгүл, Назыра нар салгасан. Мөн чулуугаар толгой руу цохисон. Ер нь архи уусан үедээ намайг зоддог... гэх мэдүүлэг / хх- ийн 12-13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Наранцэцэгийн... Намайг С.Загиаш эгч  болон Х.Алибек ах дээр очиход хоорондоо хэрэлдсэн. С.Загиаш эгч нь Х.Алибек намайг зодлоо гээд сууж байсан. Тэр хоёрыг зодолдсоныг би хараагүй ... гэх мэдүүлэг / хх- ийн 21-22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Нурызагийн... Ах Х.Алибек нь гэрийн гадна бэргэн эгч С.Загиаштай хэрэлдэж байсан. Нэг мэдэхэд ах, эгч хоёр гэрээс 2 км газар орчим очсон, Х.Алибек ах  эх болох С.Загиашийг гараараа нүүр лүү нь цохиж байхыг гэрийн гаднаас хараад ах дээр очоод ахыг  боль гээд аваад явсан. Би өөрөө жирэмсэн тул салгаж чадаагүй амаараа  “боль” гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх- ийн 24 дүгээр хуудас/

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Энэбишийн... 2016 оны 06 сарын 21- ний өдрийн 257 дугаартай ...

  1. С.Загиашийн биед гэмтэл учирсан байна.

2.С.Загиашийн биед духанд 2х1 см, хамрын зүүн талд 1х0,5 см, эрүүнд 2х3  хэмжээтэй зулгаралтууд, зүүн эгэмний доод хэсэгт 3х1 см, хэмжээтэй цус хуралт, баруун бугалганы гадна хэсэгт 3х2 см, баруун бугалганы дотор хэсэгт 2х1 см , зүүн өгзөгөнд 4х3 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн шимэгдэж буй цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.С,Загиашийн биед гэмтэл үүссэн нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.С.Загиашийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

5.С.Загиашийн биед учирсан дээрхи гэмтэлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн  гэмтлийн зэрэг тогтоох журам “- ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос  доош буюу түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

6. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх- ийн  32 дугаар хуудас/

Өвчтөний түүх / хх- ийн 34-41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтанд Х.Алибекийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн... Би эхнэр С.Загиашийг гэр лүүгээ явъя гэтэл явахгүй гээд гэрээс гараад гүйхээр нь би араас хөөсөн юм. Надаас зугтаад гүйж байхдаа газар 2-3  удаа унаад босож ирээд гүйгээд байхаар нь барьж аваад ар нуруу нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Манай эхнэр надад хэлэлгүй үр хөндүүлсэн тул уурлаад нэг удаа цохисон. Би эхнэрээ хааяа нэг зоддог. Сүүлийн жилүүдэд гар хүрч байгаагүй... гэх мэдүүлэг / хх- ийн 49, 63 дугаар  хуудас/  зэрэг нотлох баримтууд болно.

Хуульд заасан журмын дагуу цугларсан хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдэх ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Х.Алибек нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой 21 цагийн орчимд  Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг 10-н газарт иргэн Жандарбекын гэрийн гадна хохирогч С.Загиаштай гэртээ харьсангүй гэж маргалдаж, зодож улмаар түүний  духанд 2х1 см, хамрын зүүн талд 1х0,5 см, эрүүнд 2х3  хэмжээтэй зулгаралтууд, зүүн эгэмний доод хэсэгт 3х1 см, хэмжээтэй цус хуралт, баруун бугалганы гадна хэсэгт 3х2 см, баруун бугалганы дотор хэсэгт 2х1 см, зүүн өгзөгөнд 4х3 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн шидэгдэж буй цус хуралт, тархи доргилт гэмтэл хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 257 дугаартай дүгнэлт, гэрч С.Наранцэцэг, Х.Нурыза нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Алибекэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн  хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Х.Алибекийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Загиаш нь нэхэмжлэх зүйлгүй,  шүүгдэгч Х.Алибек нь гэм буруугаа хүлээж  бид эвлэрч, цаашид хамт амьдрах болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн хүсэлтийг гаргаж байх тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, учруулсан хор уршиг, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал,  шүүгдэгч хохирогч нар нь 2-14 насны таван хүүхдийн эцэг эх, гэр  бүлээрээ мал маллаж амьжиргааныхаа  эх үүсвэрийг   бий болгодог байдал зэрэг болон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан   шүүгдэгч Х.Алибекийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй , төлөх төлбөргүй болохыг дурьдаж, ш 5 настай эр ямаа 2, 3 настай эр ямаа 20, 4 настай эр ямаа 10 , 1 настай хар ишиг-1  тус тус   битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 11- ний  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй  болгож шийдвэрлэв.

 Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар  зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Жадик баян овогт Хуанбайгийн Алибекийг  бусдын биед  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.  

2. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч  Жадик баян овогт Хуанбаягийн Алибект эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч , шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Х.Алибекийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Х.Алибекийн  өмчлөлийн 5 настай эр ямаа 2, 3 настай эр ямаа 20, 4 настай эр ямаа 10,  1 настай хар ишиг-1  тус тус   битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 11- ний  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 286 дугаар зүйлийн 286.1.11-д зааснаар шүүгдэгч Х.Алибекэд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА