Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02572

 

     “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02460 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 193 421 085 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар ашиг олох болон бусад тодорхой зорилго хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож, “Хамтын санхүүжилтийн гэрээ"-г нэг жилийн хугацаатай бичгээр байгуулсан. Гэрээний 2.1.4-т заасан нөхцөлтэйгээр мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар тодорхой ажил, үйл ажиллагааг санхүүжүүлэхээр, гэрээний 3.1-т төслийн санхүүжилтийг талууд тэнцүү хэмжээгээр гаргаж “С” ХХК-ийн нэрээр санхүүжилтийг хийж, санхүүжилтааас олох ашгийг талууд тэнцүү хуваахаар тохиролцож гэрээний 3.4-т тусгасан. Хариуцагч компани гэрээний дагуу санхүүжүүлэх төслийг сонгон шалгаруулж, “Б” ХХК-д 245 000 000 төгрөгийг, жилийн 48 хувь, сарын 4 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай газар тариалангийн зориулалтаар зээлдүүлж “О” ХХК уг зээлийн санхүүжилтэд 115 000 000 төгрөгийг “С” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бөгөөд “Б” ХХК-д олгосон зээлийн хугацаа дууссан. Нэхэмжлэгч байгууллагад гэрээнд зааснаар санхүүжүүлсэн зээлийн талаарх мэдээллийг сар бүр өгөх үүрэгтэй байсан ч мэдээллийг өгөөгүй. Нэхэмжлэгч “О” ХХК-иас удаа дараа и-мэйл хаягаар хүсэлт, мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний 3.6-д зааснаар олсон ашиг авахыг хүссэн боловч зээл авсан байгууллага зээлийн төлбөрөө төлөөгүй гэж хариуцагч байгууллага тайлбарладаг. Гэрээнд зааснаар санхүүжилт олгосон дараа сараас буюу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж ашиг авах ёстой ч өгөөгүй. Нэгэнт хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2017 оны 3 дугаар сард и-мэйлээр “С“ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э-д гэрээнээс татгалзахаа урьдчилан мэдэгдсэн тул гэрээний 7.1.2, 9.1-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээнээс татгалзаж, үүргийн биелэлтийг шаардаж байгаа болно.

Мөн гэрээний 3.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хуульчийн зардал буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцох тул өмгөөлөгчийн зардал нэхэмжилнэ. Иймд үндсэн санхүүжилтийн 115 000 000 төгрөг, “Б” ХХК-д олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өдрийн 153 300 төгрөгөөр, гэрээний 3.4-т заасны дагуу тавин хувиар тооцон хүү 54 740 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 948 047 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 12 732 800 төгрөг, нийт 193 421 085 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “О” ХХК-тай хамтран тохиролцсоны үндсэн дээр хоёр талаас ижил хариуцлага хүлээн, санхүүжилт болон ашгийг тэнцүү хуваах нөхцөлтэй “Хамтын санхүүжилтийн гэрээ”-г байгуулсан. Үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-д зээл олгохдоо харилцан зөвшилцөж зээл хүссэн материалыг судалж олгосон. Гэвч “Б” ХХК нь ургац алдсаны улмаас зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлж чадахгүй болсноо албан бичгээр мэдэгдсэн. Тус зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “Б” ХХК-д холбогдуулан шүүхэд хандсан бөгөөд тус компанийг зээлээ төлөх бүх нөхцөл бололцоогоор хангаж ажиллаж байгаа. Тус гэрээг байгуулсан 2 талын эрх бүхий албан тушаалтнууд цахим шуудангаар харилцан мэдээллээ солилцож байсан, нэхэмжлэгч талаас ирсэн тодорхой асуудлаар хариултыг тухай бүрт өгч байсан нь гэрээний 9.1-д заасныг мөрдөж байсныг нотолно. Иймд гэрээний ямар үүрэг зөрчсөний улмаас гэрээг цуцлахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 3 дугаар сард шүүхэд хандана гэсэн утгатай и-мэйл хүлээн авсан ч үүнд гэрээ цуцлах тухай дурдагдаагүй тул хуульд зааснаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хуульд зааснаар гэрээнээс нэг тал татгалзах эрхтэй тул үүргийн зөрчилтэй холбоогүйгээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд хохирол яригдах ёстой ч “Б” ХХК-д олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний бодит ашиг биш. Гэрээний 3.5-д заасан хуульчийн зардал нь хамтран олгосон зээлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой зардал тул хохиролд тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хамтын санхүүжилтийн гэрээний дагуу үүрэг хариуцлага хүлээж хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-иас 115 000 000 төгрөгийг гаргуулж, “О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78 421 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1 142 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17 365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 732 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 181/ШЗ2017/06943 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс 78 421 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Хамтын санхүүжилтийн гэрээний дагуу хариуцагч болон "Б" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016/33 тоот зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн графикаар “Б” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сараас зээлийн төлбөрийн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд "Б" ХХК нь зээлийн хүүг графикийн дагуу төлөөгүй, үндсэн зээлийн төлбөрийг 2 хувааж буюу 2016 оны 12 дугаар cap, 2017 оны 6 дугаар саруудад төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч байгууллагын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы орлогод "Б" ХХК-иас зээлийн төлбөр 9 000 000, сэлбэгийн үнэ 15 000 000 төгрөг мөн 2 300 000 төгрөг төлснөөс үзэхэд "Б" ХХК нь зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор төлж байсан байдаг. Уг гэрээ ёсоор төслийн санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр гарган санхүүжилтийн ашгийг тэнцүү хуваах байтал хариуцагч байгууллага нь "Б" ХХК-иас зээлийн эргэн төлөлтийг тодорхой хэмжээнд төлсөөр байтал төлөөгүй мэтэ тайлбарлаж гэрээний 3.4-д заасан ашгийг тэнцүү хуваах зарчмаа зөрчсөн.

Түүнчлэн хариуцагч зээлийн гэрээ байгуулсан "Б" ХХК-ийн зээлийн буцаан төлөлтийн байдал, зээлдэгчийн зээлээ төлөх чадварын байдлыг тухай бүр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Хамтын санхүүжилтийн гэрээ 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, зээлийн гэрээ 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс төслийн санхүүжилт болох 115 000 000 төгрөгийн ашгийг авахаар нэхэмжлэл гаргасан болохоос хариуцагч байгууллагын ашгаас авахаар нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх гэрээнээс татгалзах үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй гэсэн боловч хариуцагч мэдэгдлийг хүлээн авсан гэдгээ маргаагүй гэж нэг ойлголтонд хоёр янзын дүгнэлтийг өгсөн байна. Хамтын санхүүжилтийн гэрээнд талууд хамтын ажиллагааны ашиг, алдагдлийг хэзээнээс эхлэн хувиарлах талаар тухайлан зохицуулаагүй гэжээ. Хамтын санхүүжилтийн гэрээний 3.4-д санхүүжилтийн ашгийг тэнцүү хуваана, 3.1-д төслийн санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр гаргаж Б талын нэрээр төслийн санхүүжилтийг олгохоор заасан. Б тал буюу "С" ХХК-д олгосон зээлийн хүү нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс /10 126 666/ эхлэн олгогдох ёстой, үүнээс эхэлж нэхэмжлэгч тал ашиг авна гэж ойлгож болох юм. Мөн Хамтын санхүүжилтийн гэрээ дуусгавар болж, "Б” ХХК-д олгосон зээлийн хөрөнгө шилжин ирснээр ашиг, алдагдлыг хуваарилах ёстой, хугацаа болоогүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэжээ. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болох боловч зээлийн гэрээ ёсоор "Б" ХХК нь 2016 оны 9 дүгээр сараас зээлийн хүү, 2016 оны 12 дугаар cap, 2017 оны 6 дугаар саруудад зээлийн төлбөрийг төлөх ёстой байтал зээлийн ямар хөрөнгө шилжин ирснээр ашиг, алдагдлыг хувиарлах асуудал гарна. Хариуцагчийн энэ тайлбараас харахад зээлийн графикт зааснаар зээлийн хүүгээ аваагүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг хариуцагч тал өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар ашиг хувиарлах ёстой гэж ойлгогдохоор байна. Гэсэн хэдий ч "Б” ХХК нь зээлийн төлбөрийн зохих хувийг хариуцагч байгууллагын данс руу шилжүүлж байсан нь баримтаар тогтоогддог.

Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хамтын санхүүжилтийн гэрээний санхүүжилт болох 115 000 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй боловч гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөхөөр байсан зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй ашиг болох зээлийн хүү 54 740 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 948 047 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргаагүйд гомдолтой байна. Хариуцагч байгууллагын “Б" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тухайн гэрээ зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд үүссэн харилцаа төдийгүй хариуцагч байгууллагын зүгээс санхүүжилтийн гэрээгээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна зээлийн гэрээний мэдээллийг нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй, биелэлтэд хяналт тавиагүй, зээлдэгч байгууллага зээлээ төлөхгүй байна гэсэн мэдээллийг өгөөгүй.

Хариуцагч байгууллага хамтын санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар буруугүй болохоо нотолж чадаагүй тул мөн хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гарсан зардал болон өмгөөллийн хөлс нэхэмжилж байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 193 421 085 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд ашиг олох зорилгоор, тэнцүү хэмжээгээр санхүүжилт гаргаж гэрээнд заасан нөхцөлөөр мөнгөн хөрөнгийг тодорхой ажил болон үйл ажиллагааг санхүүжүүлэх, захиран зарцуулах, гаргасан зардлаа тэнцүү хариуцаж, ашгаа тэнцүү хувааж авах  буюу  хариуцагч “С” ХХК-ийн нэрээр төслийн санхүүжилт хийх буюу зээл олгохоор харилцан тохиролцож, “Хамтын санхүүжилтын гэрээ”-г 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан байна.

 Нэхэмжлэгч “О” ХХК нь “Хамтын санхүүжилтийн гэрээ”-ний дагуу 115 000 000 төгрөгийн санхүүжилтыг хариуцагч “С”-ын дансанд шилжүүлж, “С” ХХК  2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 245 000 000 төгрөгийн  зээлийг 10 сарын хугацаатай олгосон үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин зохигчид хамтран ажиллах гэрээг цуцалсан буюу гэрээнээс татгалзсан эсэх, ашиг хуваах эсэх, өмгөөллийн зардлыг бодит хохиролд тооцон гаргуулах эсэх талаар маргажээ.

Хариуцагч “С” ХХК хамтын санхүүжилтыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас гэрээнээс гарч татгалзсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар нөгөө талдаа мэдэгдэж сайн дураар гэрээнээс татгалзаж байгаа учраас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үр дагавар буюу өгсөн авсан зүйлээ буцаах үүрэг талуудад үүссэн байна.

Хэдийгээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч уг зээлийн үүргийн гүйцэтгэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нь бусдаас бодитойгоор гаргуулан авч ашигласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хамтран ажиллах гэрээнээс гарах үед бий болсон ашиг буюу бодит хохирол гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн шаардаж буй өмгөөллийн хөлсийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй талаархи шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн нь зөв болжээ.

Хариуцагч байгууллага нь санхүүжилтийн гэрээгээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна зээлийн гэрээний мэдээллийг нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй, биелэлтэд хяналт тавиагүй, зээлдэгч байгууллага зээл төлөхгүй байгаа талаарх мэдээллийг тус тус өгөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “С” ХХК, “Б“ ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан уг гэрээний дагуу ашиг орлого бий болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагын тухайд эрх зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд үүнийг хариуцагч байгууллагад үүрэг болгох үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА