Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1043

 

 

 

 

 

 

 

   2022         07         04                                    2022/ШЦТ/1043

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02867 1770 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 30-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Модны 2-т цайны газар ажиллуулдаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0-0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: хх-0000000/ Б овогт Б-ийн Б-.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны 0-0 тоотын гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

       -мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 0-0н 8 дугаар гудамжны 170 тоот хашааны гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр тохойн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн буруугаа маш сайн ойлгож байгаа...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  Эд мөрийн баримтаар хураагдсан сд бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-9/ хохирогч Н.Э-ын мэдүүлэг /хх-13-15/ гэрч О.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-20-21/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7529 дугаартай дүгнэлт /хх-24-25/ Н.Э-ын ажил байдлын тодорхойлолт /хх-41-49/, гэрч Ө.Пүрэвдоржийн мэдүүлэг, /хх-123-124/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2476 дугаартай дүгнэлт /хх-35-38/ шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, шүүгдэгч Б.Б-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-128/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 0-0н 8 дугаар гудамжны 170 тоотын гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 0-0н 8 дугаар гудамжны 170 тоот хашааны гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр тохойн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Эд зүйл /сиди/-д үзлэг хийсэн тэмдэглэл: “...Эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгт үзлэг хийсэн тухай “CD-r уншуулахад, VID210415111948F гэсэн нэртэй 839 MB хэмжээтэй MP4 файл байх бөгөөд уг бичлэгийг тоглуулахад, бичлэгт цагаан өнгийн ханцуйгүй цамцтай хүзүү хүрсэн тайрмал үстэй эмэгтэй, цээж хэсгээрээ нүцгэн эрэгтэйн дүрс бичигдсэн байлаа. Уг цээж нүцгэн эрэгтэй ярилцаж гараараа зааж байгаа нь бичигдсэн мөн хажуугаар нь саарал өнгийн ханцуйгүй цамц өмссөн эмэгтэй хүн ирээд цааш мөн зааж гараа сугавчилж зогсоход нь цээж нүцгэн эрэгтэй, эмэгтэй хоёр алба хаагчийн гарыг тавиулах гэж оролдох бөгөөд уг эрэгтэй гараа татаж алба хаагчийн гарыг барьж үүрч шидэж байгаа нь бичлэгийн 00.35 секундэд бичигдсэн байна. 00:42 секундэд уг эмэгтэй цагдаагийн алба хаагчийн баруун гараар зүүн гараараа цохиж байгаа нь бичигдсэн байлаа. 00:41 секундэд бичлэгт алба хаагчтай зууралдаад газарт цээж нүцгэн эрэгтэй ноцолдож байгаа нь бичигдсэн. 01:44 секундэд алба хаагчийн мөн үүрч шидэж байгаа нь бичигдсэн. Алба хаагч уг иргэний дээр нь гарч доош харуулан хэвтүүлэн дээрээс нь өвдөглөн сууж байх бөгөөд уг согтуу иргэн эсэргүүцэл үзүүлж тонгочиж байх бөгөөд хажуугаас нь согтуу эмэгтэй татаж зулгааж байна. 03.28 секундэд алба хаагч уг цээж нүцгэн иргэнийг ард нь хоёр гарыг нь гавлаад дээш босоход уг иргэн өндийж бөгсөөрөө газар сууж орилж байгаа нь бичигдсэн. 03:50 секундэд алба хаагч уг иргэний баруун гараас нь сугадаж босгоод, хашааны үүд хэсэг рүү явж байхад уг иргэн эргэж харан эсэргүүцэж 03:56 секундэд алба хаагчийн хамт газар баруун мөрөөрөө унаад алба хаагчийг хөлөөрөө түлхэж эсэргүүцэл үзүүлж байлаа. 04:14 секундэд уг иргэнийг босгож зогсоох бөгөөд удалгүй 04:48 секундэд уг иргэн алба хаагчийг толгойгоороо мөргөж мөн эсэргүүцэл үзүүлж байгаад 04.57 секундэд газар бүдэрч унахад нь алба хаагч босгох гэтэл мөн эсэргүүцэж, энгэрийн камерыг нь цохиж газарт унагааж байв. 05:18 секундэд алба хаагч уг иргэнийг машины гадна аваачиж хаалга онгойлгох гэхэд нь толгойгоороо цохиж, биеэрээ түлхэж, хаалга хааж байгааг нь эсэргүүцэл үзүүлж байгаа нь бичигдсэн.Тээврийн хэрэгсэлд уг цээж нүцгэн эрэгтэйг оруулахад нь хамт байсан согтуу эмэгтэй эсэргүүцэл үзүүлж машинаас уг согтуу эрэгтэйг гаргах гэж алба хаагчтай зууралдаж байв. Алба хаагч тээврийн хэрэгслийн хаалганд гараа тавин хаалгыг хааж зогсож байхад, уг эмэгтэй алба хаагчийн зүүн гарын булчин хэсгийг хазаж алба хаагч толгой хэсэг рүү нь түлхэж байгаа нь бичигдсэн. Уг эмэгтэйг салгах гэж хар футболктой эрэгтэй хажуугаас нь барьцалдаж байгаа нь бичигдсэн байлаа. Бичлэгийн 07.25 секундэд уг согтуу эмэгтэй алба хаагчийн футболкноос зуурсан байдалтай байх ба эмэгтэйг араас нь хар футболк, шорттой эрэгтэй барьсан юм ярьж байгаа нь бичигдсэн. 07.47 секундэд алба хаагч футболкоо тайлж бариад хоёр удаа угзрахад нь тавихгүй байсан тул тавиад машины хаалга руу очиж сууж байгаа нь бичигдсэн. 08:02 секундэд уг эмэгтэй алба хаагчийн хувцсыг элгэндээ тэврээд цааш харж зогсож хажуудаа байсан хүүхдэд өгч цааш яв гэж байгаа үйлдэл нь бичигдсэн. Улмаар орилж байх бөгөөд хар өнгийн футболктой эрэгтэй уг хүнийг араас нь тэвэрч хориглож байлаа. Улмаар 10:15 секундэд алба хаагч тээврийн хэрэгсэлд орж суун тээврийн хэрэгслийн ард суулгасан эрэгтэй рүү гар утасны гэрлээ тусгахад уг эрэгтэй тээврийн хэрэгслийн тусгаарласан торны хажууд дээш харж хэвтсэн байх бөгөөд баруун мөр хэсгээс цус гарсан байсныг гэрэл тусгаж харж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсныг үзлэгт тусгав.” гэх тэмдэглэл /хх-08-09/.   

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Э-ын өгсөн“...Улиастай-116 чиглэлд тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ө.Пүрэвдоржийн хамт үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд ...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 0-0н 08 дугаар гудамжны 178 тоотод “Аав, ээж хоёр согтуу агсан тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад, ...эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу агсам тавьж байсан. Юу болсон талаар цагдаагийн дэслэгч Ө.Пүрэвдорж очиж тодруулахад, тухайн согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаагийн дэслэгч Ө.Пүрэвдоржийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан ба согтуу эрэгтэй өөдөөс нь дайраад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би яваад очиход, Ө.Пүрэвдорж, согтуу эрэгтэй хоёр зууралдаад газар унасан. Би согтуу эрэгтэйн дээрээс нь дараад авсан. Тэгсэн хажууд нь байсан согтуу эмэгтэй над руу орилоод, намайг цохих гээд дайрсан. Тухайн үед хамтрагч Ө.Пүрэвдорж босоод нөгөө эмэгтэйг надаас холдуулсан. Тэгтэл миний доор байсан согтуу эрэгтэй намайг түлхээд, нуруу хэсгээр газар унагаасан. Би босоод ирэхэд нөгөө согтуу эрэгтэй “намайг амжихгүй шүү” гээд орилоод, над руу дайрсан. Цагдаагийн дэслэгч Ө.Пүрэвдоржийн хамт нөгөө эрэгтэйг газар дарж байгаад хоёр гарыг нь ард нь гавласан. ...согтуу эрэгтэй миний зүүн гарыг хөшөөд, миний хөлийг дэгээдээд, намайг үүрч шидээд, миний дээрээс дарж унасан. Энэ үед би толгойгоороо хүчтэй газар унаснаас болж нуруу болон толгой доргисон ба хоёр гарын тохой хэсгээр шалбарсан. Цагдаагийн дэслэгч Ө.Пүрэвдоржийн хамт тухайн согтуу эрэгтэйг босгоод, эргүүлийн машинд суулгах гэтэл эхнэр болох согтуу эмэгтэй нь миний хантааз болон цагдаагийн фудволкноос хоёр гараараа зуураад миний зүүн гарын мөрний доод гадна хэсгээс хазаад тавихгүй байсан бөгөөд толгой ихээр өвдөөд байсан учир гарыг нь тавиулж чадаагүй. Фудволк, хантаазаа тайлахад, нөгөө согтуу эмэгтэй миний фудволк, хантаазыг аваад гэр лүүгээ орчихсон. ...би дуудлагад очиж шалгахдаа энгэрийн камерыг тогтмол ажиллуулж шалгадаг. Тухайн дуудлага мэдээлэлд очихдоо албанаас тавьж олгосон энгэрийн камерыг ажиллуулсан. Тухайн үйл явдал нь энгэрийн камерт бичигдсэн. Миний гарны хоёр тохой шалбарсан ба мөн толгой, нуруу хэсэг хүчтэй доргисноос болж ихээр өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-13-15/.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ичинхорлоогийн “ ...орой уг айлын эзний эх нь болох хүн гэртээ орж ирээд бид нарыг архи уулаа гэж загнасан. Тэгээд би эгчээс тэнд байгаа архи хаана байгаа юм бэ? гэж асуутал би аваагүй, хамт ууж байсан архичид чинь аваад явсан байлгүй гээд бид маргалдсан юм. Гэтэл цагдаа нар ирсэн бөгөөд гэрт орж ирээд юу болсон талаар асуухад, надтай маргалдаж байсан эгч наад хүүхэн чинь надаас архиа нэхээд, агсам тавиад байна: би архи байсан эсэх талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Хоёр цагдаа орж ирээд, намайг авч явах гэтэл манай нөхөр наад хүн чинь нялх хүүхэдтэй яасан гэж авч явах гээд байгаа юм гэсэн. /Манай нөхөр Уранхүү эгч бид хоёрыг маргалдсан талаар мэдээгүй байсан/ Цагдаа нар манай гэрийг заагаад, танай гэр тэр хашаанд байгаа айл мөн үү? гэж асуухад нь би мөн гэж хариулсан. Манай нөхөр манай эхнэрийг авч явах гэлээ гэж хэлээд байсан бөгөөд уг цагдаа нь манай нөхрийг энэ согтуу байна тэгвэл нөхрийг нь авч яваад эхнэрийг нь үлдээчихье гэж хэлсэн. Манай нөхөр чи яагаад намайг авч явах гэж байгаа юм ямар үндэслэлээр авч явах гээд байгаа юм. Би ямар нэг зөрчил гаргаагүй, намайг асран хамгаалах хүмүүс, манай насанд хүрсэн хүүхдүүд гэртээ байгаа гэж хэлээд би явахгүй гэж хэлэхэд нь цагдаа нар авч явна гээд байхаар нь манай нөхөр явахгүй гэж хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд би гэрээсээ 11 настай охиноо гар утсаа аваад гүйгээд, хүрээд ир гэж хэлээд дуудсан. Манай охиныг ирэхэд, хоёр цагдаа нийлээд газар хэвтүүлээд дээр нь дарж байсан. Тэгээд манай нөхөр эсэргүүцээд байсан бөгөөд явахгүй гээд гавтайгаа босож ирээд энийгээ тайл гээд эсэргүүцсэн. Тухайн үед гавлачхаад авч явах гэхэд нь манай хүн хөлөөрөө дэгээ тавиад цагдаа залууг унагаасан. Гэтэл уг залуу босож ирээд, цамцаа тайлаад зодолдъё гээд асаж ирээд, манай хүүхдийг бичлэг хийгээд байх юм бол танай ээжийг шоронд хийнэ гэж сүрдүүлсэн. Тухайн үед цагдаа манай хүүхдийн бичлэг хийж байсан охины гар утсыг гараараа цохиод газар унагаасан бөгөөд уг гар утас яваандаа дэлгэц нь эвдэрчихсэн байгаа юм. ...би цамцаа тайлсан цагдаад хандаж наад хүнээ болиоч гэж хэлээд тавихгүй болохоор нь цагдаагийн гарыг нь хазсан юм.” гэх мэдүүлэг /хх-20-21/.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7529 дугаартай:

1.Н.Э-ын биед тархи доргилт, хоёр тохойн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой.

 З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, б.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-27-28/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2476 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай хар хөх өнгийн цамц гэмтэлгүй, шар өнгийн хантааз гэмтэлтэй байна.

2.Шар өнгийн хантаазанд татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд байна. гэх дүгнэлт /хх-35-38/,

Хохирогч Н.Э-ын ажилд томилогдсон тушаал /хх-172-173/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

 

Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/

 

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-128-129/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.Б- нь цагдаагийн албан хаагчийн тавсан шаардлагыг эсэргүүцэн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогчийн хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

Хэргийн үйл баримтын талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 0-0н 8 дугаар гудамжны 170 тоотын гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

-Мөн ийнхүү эсэргүүцэхдээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ын эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр тохойн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 0-0н 8 дугаар гудамжны 170 тоотын гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 0-0н 8 дугаар гудамжны 170 тоот хашааны гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр тохойн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэж үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Э- нь гэм хорын хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй ба гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн”, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт төлөх торгуулийн ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС