Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/612

 

 

 

 

 

 

 

2022           06          08                                     2022/ШЦТ/612

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Б.Н-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 2209000000594 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... газарт бүртгэлтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Б.Н- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайн орчим хохирогч Ж.А-ийн цахим шуудан буюу жимэйл цахим олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн “А”, “А” гэх цахим хаягуудад нь хууль бусаар халдаж, фэйсбүүк хаягийнх нь нэвтрэх нууц үгийг өөрчилсөн,

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ж.А-ийн “А” гэх фэйсбүүк хаягаас түүний найз М.А-тай зурвасаар харилцаж, хуурч, өөрийгөө Ж.А- байна гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ байхад нь 70.000 төгрөгийг Ж.Г-ийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа маш их ухамсарлаж ойлгож байна. Би хотод их сургуульд оюутан. Зуны амралтаараа хөдөө гэр рүүгээ явж аав ээждээ тусалж ажил хийдэг. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.А-ийн мэдүүлэг / хх 25-26 /, хохирогч М.Алтанхундагын мэдүүлэг / хх 29 /, гэрч Н.Г-ийн мэдүүлэг / хх 41 /, Н.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / хх 20 /, яллагдагч Б.Н-ийн мэдүүлэг / хх 34 /, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 14-16 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 71 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 54 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайн орчим хохирогч Ж.А-ийн цахим шуудан буюу жимэйл цахим олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн “А”, “А” гэх цахим хаягуудад нь хууль бусаар халдаж, фэйсбүүк хаягийнх нь нэвтрэх нууц үгийг өөрчилсөн,

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ж.А-ийн “А” гэх фэйсбүүк хаягаас түүний найз М.А-тай зурвасаар харилцаж, хуурч, өөрийгөө Ж.А- байна гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ байхад нь 70.000 төгрөгийг Ж.Г-ийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Ж.А-ийн / хх 25-26 / “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өөр би фэйсбүүк дээр гар утас зарна гэсэн зар байршуулж, өөрийн ашиглаж байсан Iphone XR гар утсыг зарын дагуу холбогдсон нэг эрэгтэйд өөрийн ажил болох Sunday plaza худалдааны төвийн 6 давхар 9044 дүгээр лангуун дээр байж байгаад 730.000 төгрөгөөр зарсан. Тухайн үл таних залууд би гар утсаа зарахдаа өөрийн фэйсбүүк апплекэйшнээ устгаад өгсөн боловч өөрийн фэйсбүүк хаягтай холбоотой жимэйл хаягийг устгаагүй өгсөн байсан. Тэгээд утас зарснаас хойш 3, 4 хоногийн дараа миний фэйсбүүк хаягаар үл таних хүн нэвтэрч миний ойр дотны хүмүүс рүү чат бичиж манай найз А- гэх хүнээс 70.000 төгрөг авсан байсан. Тэгээд мөн 4, 5 хүн рүү дахин мөнгө зээлээч гэсэн чат бичсэн байсан. Тэгэхдээ нөгөө хүмүүс маань мөнгө өгөөгүй байсан. Дээрх шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний тогтмол ашигладаг “А А”, “А А” гэх фэйсбүүк хаягуудтай жимэйл хаягаа холбосон байсан. Гар утсаа өгөхдөө бүх юмаа устгасан ч жимэйл хаягаа устгахаа мартчихсан байсан. А- сая төрсөн нялх биетэй. Гэртээ байгаа тул ирж мэдүүлэг өгч чадахгүй. А- надаас өмнө нь 70.000 төгрөг зээлж байсан юм. Тэгээд тухайн өдөр чат бичих үед нөгөө зээлсэн мөнгөө өгсөн байсан. Би дээрх Б.Н- гэх хүнээс хохирлын мөнгө болох 70.000 төгрөг, фэйсбүүк хаягаа буцаан авсан тул одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.А-гын / хх 29 / “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оройн 18 цагийн үед манай Ж.А-ийн “А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягаас миний “М.Х” гэсэн хаяг руу найз нь машин мөргөчихлөө. 100.000 төгрөг нэхээд байна. Надад 30.000 төгрөг байна. 70.000 төгрөг өгчих гэсэн утгатай зурвас ирсэн. Тухайн үед би над руу найз маань мөнгөний хэрэг гараад чат бичлээ гэж бодоод 70.000 төгрөгийг казак нэртэй данс эзэмшигч рүү шилжүүлсэн. Тэгээд өглөө сэрээд харсан чинь миний хаягийг блоклочихсон байсан. Тэгэхээр нь би Ж.А-ийн өөр хаяг руу зурвас бичсэн чинь надад хандан хүнд утсаа зарсан чинь миний фэйсбүүк хаягаар ороод хүмүүсээс мөнгө авчихсан байна гэж хэлсэн. Би 70.000 төгрөгийг өөршийн оршин суух хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн ... тоотод шилжүүлсэн. Би 70.000 төгрөгөө буцааж авсан болохоор одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Г-ийн / хх 41 / “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед ...-ийн мал эмнэлгийн 1 дүгээр дамжааны оюутан манай ангийн Б.Н- гэх хүүхэд надаас Хаан банкны карт байна уу, дансаа хэлчих гэхээр нь би яах гэж байгаа талаар нь асуухад эгчээсээ мөнгө авах гэж байгаа юм. Мөнгө орохоор миний данхс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ... тоот дансыг хэлсэн. Харин удаагүй миний дансанд 70.000 төгрөг орж ирсэн. Тэгээд мөнгө орж ирсэн талаар хэлэхэд чи 5000 төгрөгийг нь авчих 65.000 төгрөгийг нь миний ... тоот данс руу шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

 

Н.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / хх 20 /

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 14-16 /

 

Яллагдагч Б.Н-ийн / хх 34 / “...Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сандэй худалдааны төвөөс 730.000 төгрөгөөр Айфоне икс ар маркийн гар утас худалдаж авсан. Тухайн үед 2-3 хоногийн дараа тус утасны жимэйл хаяг дээр фэйсбүүкийн хаяг солигдсон тухай мэдэгдэл ирсэн. Үүн дээр нь дараад орсон чинь Ж.А- гэх хүний фэйсбүүк рүү нь яваад орчихсон. Тэгэхээр нь Аз ёндоо гэх группын админ руу нь Ж.А-ийн хаягнаас мөнгөө зээлээч гээд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр худлаа хэлж чат бичээд 70.000 төгрөгийг найзын дансаар авсан. Би найздаа болсон асуудлын талаар хэлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н-ид холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, цахим сүлжээнд хууль бусаар халдаж фэйсбүүк нэрийг сольж өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Н-ид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн, оюутан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шүүгдэгч Б.Н-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэв.

 

Харин Б.Н- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүхээс тогтоосон хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ид оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.А-, М.А- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Н- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Н-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, цахим сүлжээнд хууль бусаар халдаж фэйсбүүк нэрийг сольж өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Н-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ид оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, шүүхээс тогтоосон хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Б.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ