Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/701

 

 

 

 

 

 

 

 

2022            09          05                                    2022/ШЦТ/701

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Г” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2211011161407 дугаартай хэргийг 2022 оны 9 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Х-ын Ц /РД:хх000000/, 1956 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. моторчин мэргэжилтэй, “ХХХХ” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ц /РД:ХХ000000/ нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.А-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдан зодож хүний биед нь сээрний 7, 10-р нугалмын их биеийн хугарал, сээрний голоор цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн зулайн орой хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Д.А-ын мэдүүлэг, яллагдагч Х.Ц-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 9051 тоот дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мэдүүлэг, шинжээч О.Болороогийн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Х.Ц-ыг:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Х.Ц нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 4 дүгээр гудамжны 29 тоотод 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.А-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж улмаар хүний биед сээрний 7, 10 дугаар нугалмын их биеийн хугарал, сээрний голоор цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн зулайн орой хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл үүсгэн зодож  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 9051 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...биед сээрний 7, 10-р нугалмын их биеийн хугарал, сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрний голоор цус хуралт, доод хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун мөрний ард цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн зулайн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” (хавтаст хэргийн 21-23 дахь тал), гэх гэмтлийг учруулсан болох нь хохирогч Д.А-ын мэдүүлсэн “...”2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр миний бие өөрийн ажил болох Номт Монгол ХХК-наас Х.Ц гэгчийн гэр болох ЧД-ийн 17 дугаар хороонд очисон. Тэгээд би Х.Ц-ын хамт 2 шил 0.75 граммын архийг хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн Х.Ц гэгч нь намайг заамдаад хувцасны захаар хоолой боогоод байхаар нь би та яаж байна гэж хэлхэд Х.Ц нь пизда чамайг ална гэж хэлээд байсан ба тэгсэн би ухаан алдах шиг болсон бөгөөд нэг мэдсэн Х.Ц-ын хашааны гадаа хэвтэж байсан бөгөөп босоод иртэл миний хамаг бие өвдөөд, нуруугаар хөдөлж болохгүй, амьсгаа авч болохгүй байхаар нь би Х.Ц-ын хашааны хаалгыг нь нүдсэн ба хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь би хажуу талын айлын хүн рүү ороод цагдаагийн байгуулллага дуудаач өгөөч гэж хэлж цагдаа дуудуулсан юм. Тэгээд бас 103 дуудаж үзүүлэхэд та гэмтлийн эмнэлэг орж яаралтай үзүүл гэж хэлсэн. Тухайн өдөр Х.Ц гэгчийн гэрт очиход эхнэр нь байсан ба эхнэр нь бид хоёрын эхний шил архийг ууж байхад хоол хийж өгчөөд ажилдаа явлаа гээд гараад явсан ба Х.Ц бид хоёр үлдсэн бөгөөд өөр хэн нэгэн хамт байгаагүй..” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 8-9 дэх тал), шинжээч О.Болороо мэдүүлсэн “...Д.А-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй цохих цохигдох үед үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 3. Шүүгдэгч Х.Ц нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнийг зодсон үйлдэлд хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогч Д.А нь тухайн үед 0.75 граммын 2 шил архийг Х.Ц-той хувааж уусан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа хохирогч мэдүүлсэн байна.

4. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 59 дахь тал), хохирогч Д.А, шүүгдэгч Х.Ц нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 56, 58 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 61 дахь тал) зэрэг болно.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Ц гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

6. Хавтаст хэрэгт хохирогч Д.А нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...ямар нэгэн гомдолгүй, хоорондоо тохирсон, одоо нэхэмжлэх зүйл алга” (хавтаст хэргийн 56 дахь тал) гэх Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан хүсэлтэндээ мэдэгдсэн, Шүүгдэгч Х.Ц нь хохирогч Д.А-ын нэхэмжилсэн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол , эмчилгээний зардал болох нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж ”Миний бие Д.А-ын нэхэмжилсэн 1.550.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршууулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” (хавтаст хэргийн 58 дахь тал), мөн хохирогч Д.А-ын “...Х.Ц-д ямар нэг гомдолгүй байна. Хоорондоо тохирсон. Одоо нэхэмжлэх зүйл алга санал гомдолгүй”  гэсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан хүсэлтэндээ дурьджээ. Иймд шүүгдэгч Х.Ц нь хохирогч Д.А-т төлөх төлбөргүй байна. Иргэний нэхэмжлэгчээр оролцсон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаа “...Иргэн Д.А  нь 2022 оны 6 дугаар сарын 23 нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 4 дүгээр гудамжны 29 тоот хаягт Х.Ц--д зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Д.А нь дээрх гэмт хэргийн улмаас 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлага 48,000 /дөчин найман мянга/ төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Ц-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №01/3845 албан тоот, уг албан тоотын хавсралт (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Ц-оос 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялын төрөл, хэмжээг тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

8. Шүүгдэгч Х.Ц нь санаатай гэмт хэрэг үйлдсэн хэдий боловч урьдаас төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Н овогт Х-ын Ц /РД:ХХ000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ц-д сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Х.Ц нь хохирогч Д.А-т төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Ц-оос иргэний нэхэмжлэлийг хангах хүрээнд 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаахыг дурьдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ГАЛБАДАР