Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2018/01429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоот хаягт  байрлах, /Улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, С ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Б-ийн О,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б-ын Д нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О, Б.Д нар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1500110901 тоот цалин барьцаалсан Зээлийн гэрээ, БДЗГ1500110901 Батлан даалтын зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 882,500 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 314,635 төгрөгийг төлж байсан. Хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Даас үндсэн зээлийн үлдэгдэл 617,500 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,966,107 төгрөг, нэмэгдсэн хүүгийн үлдэгдэлд 2,219,025 төгрөг, нийт 4,802,632 төгрөг гаргуулахаас 2,302,632 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Даас 2,500,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.О зээл авахад нь батлан даалтын гэрээ байгуулсан. 2011 оноос хойш надтай нэг ч холбоо барьж мэдэгдэж байгаагүй. Б.О 2018 оны 02 дугаар сард Турк явсан. Түүнээс өмнө энд байж л байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлбөр төлөхгүй. Намайг шүүх дээр дуудагдаж ирэх үед энэ дээр гарын үсэг зур гээд уншуулахгүй зуруулсан. Би эвлэрлийн гэрээ гэж мэдээгүй. Эвлэрэх хүсэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч  С ХХК нь хариуцагч Б.О Б.Д нарт холбогдуулан зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.    

 

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь Б.Отэй 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1500110901 тоот цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, 1,500,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Дтай БДЗГ1500110901 дугаартай батлан даалтын зээлийн гэрээ байгуулсан болох нь Зээлийн болон барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр ирүүлсэн ба шүүх хуралдааны үед “Хариуцагч Б.Од холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн тайлбар гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Батлан даалтын гэрээний тухайд:

 

Нэхэмжлэгч  С ХХК нь хариуцагч Б.Дад холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БДЗГ1500110901 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулагдсан /хх-ийн 10 тал/ байна.

 

Батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.ББСБ зээлдэгчид ЗГ1500110901 тоот зээлийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй  олгож байгаа бөгөөд зээлдэгч төлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон буюу нас барсан бусад шалтгаанаар зээлээ төлөөгүй тохиолдолд  батлан даагч  үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтэрсэн алдангийг өөрийн цалин болон эд хөрөнгөөр хариуцан төлнө гэж заажээ.

 

Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэж заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй бөгөөд хариуцагч Б.Дын 2011 оноос хойш надад нэг ч удаа мэдэгдээгүй гэх тайлбарыг няцааж чадахгүй байна.

 

Талууд шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Манай байгууллагаас Б.О, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа тул Б.Од холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна. Б.Дтай нэхэмжилсэн дүн 2,500,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг татгалзан 1,200,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 600,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Д “Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж мэтгэлцэж байна.

 

Дээрх эвлэрлийн гэрээнд “Б.Од холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна” гэсэн нь ойлгомжгүй, хариуцагч Б.О холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ  бүхэлд нь татгалзсан  эсэхийг тодруулах  шаардлагатай байх ба хариуцагч Б.Д эвлэрлийн гэрээгээр тохиролцсон тохиролцоог зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.6.Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэсэн зохицуулалттай нийцээгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь Б.Отэй 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1500110901 тоот 1,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж зааснаар хариуцагч Б.Дад холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч  С ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч нь “Зээлдэгч Б.О гадаад явсан. Оршин суух хаяг нь тодорхойгүй үндэслэлээр батлан даагч Б.Дад холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэсэн тайлбар гаргасан боловч түүнийг гадаад улсад амьдардаг, оршин суух хаяг нь тодорхойгүй талаарх болон зээлдэгч төлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон буюу нас барсан бусад шалтгаантай эсэх талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дад холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НАРАНГЭРЭЛ