| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1051/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1060 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1060
2022 07 05 2022/ШЦТ/1060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
Шүүгдэгч, хохирогч Н.Д-,
Шүүгдэгч, хохирогч Д.И- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д-, Д.И- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2090 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 4-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: хх-000000/ Д овгийн Н-ийн Д-,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: х-000000/ Б овгийн Д-ийн И-,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Д- 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 1 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна хохирогч Д.И- нь Б.М-тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохих зодож байхад “эмэгтэй хүнийг битгий цохиод бай” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм“ гэж хэлээд маргалдан зодолдож улмаар хохирогчийг зугтаахад араас нь хөөж очоод өшиглөж, гараараа цохих зэргээр зодож түүний биед хамрын таславчийн мурийлт зөөлөн эдийн няцралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.И- 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 1 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна иргэн Б.М-тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохих зодож байхад иргэн Н.Д- “эмэгтэй хүнийг битгий цохиод бай” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм“ гэж хэлээд түүнийг барьж аваад баруун гараараа нүүр лүү цохиж зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцралт, дотор салстын зулгаралт, эрүү, нуруу, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.Д- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гомдол санал байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.И- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гомдол санал байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.И-ийн мэдүүлэг /хх-10/, хохирогч Н.Д-ын мэдүүлэг /хх-6/, гэрч Б.М-гийн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-16-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Д.И-ийн, Н.Д- нарын гаргасан хүсэлт/хх-53-54/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/ шүүгдэгч Н.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, шүүгдэгч Д.И-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-53-54/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Д-, Д.И- нар нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 1 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна “эмэгтэй хүнийг битгий цохиод бай” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм“ гэж хэлээд маргалдан зодолдож шүүгдэгч Н.Д- нь хохирогч Д.И-ийн эрүүл мэндэд, шүүгдэгч Д.И- нь хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.И-ийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 01 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна үл таних эрэгтэй хүн ирээд надтай маргалдаад байсан яг сайн санахгүй байна. Намайг зодох гээд байхаар нь би Баянцээлийн арк руу зугтаж газар унахад тэр залуу хөөж ирээд нүүрэн тус газарт хөлөөрөө олон удаа өшиглөж зодсон. Тэгээд би... нэг айлд ороод тусламж гуйсан. ” гэх мэдүүлэг /хх-10/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Д-ын өгсөн: “ ...Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 2 цагийн үед гэртээ харих гээд 23 дугаар байр буюу манай байрны гадна талд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байхтай таарсан. Эмэгтэй нь уйлаад эрэгтэй нь тухайн эмэгтэйн толгой руу гараараа нэг удаа цохиж байхыг хараад тэр залууд “эмэгтэй хүн битгий цохиод бай” гэж хэлэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм, пизда минь” гэж хэлээд намайг барьж аваад баруун гараараа миний ам руу цохиж үүдэн дээд нэг шүд хугалсан. Цамцны захаас боож машины зогсоол руу чирээд газар унагаж дээр өвдөглөсөн. Би тэр залууг доороос нь түлхэж салгаад цагдаа дуудсан. Миний нэг ширхэг шүд унасан шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг /хх-6/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М-гийн өгсөн: "... И-ээ намайг хүчээр таксинд суулгаад Баянзүрх дүүргийн Баянцээл дээр ирсэн. Таксинд явж байхад И-ээ намайг чи дуугай бай гээд толгой дээр дараад байхаар таксины 2 залууг надад туслаач гэхэд надад туслаагүй. Таксинаас буугаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 8 дугаар орцны хажууд би уйлаад явж байгаад И-ээг явчих гэхэд явахгүй байсан. И-ээ надтай цуг манай гэрт орвол хэл амаар доромжлох байх гээд явж байтал үл таних 40 орчим насны эрэгтэй хүн И-ээг чи болиоч гээд тэр 2 маргалдсан. Би тэр үед гэр лүүгээ орсон чинь гадаа тэр 2 маргалдаж байгаа чимээ сонсогдоод байхаар нь гараад очтол И-ээгийн нүүр цус болсон нөгөө үл таних эрэгтэй цагдаа дуудчихсан байж байсан. Цагдаа нар ирэхэд И-ээ орцноос гарч ирээд бид нар цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг /хх-13/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 7150 дугаартай:
1.Н.Д-ын биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцралт, дотор салстын зулгаралт, эрүү, нуруу, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-23/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7111 дугаартай:
1.Д.И-ийн биед хамрын таславчийн муруйлт зөөлөн эдийн няцралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл дух, баруун дээд зовхи, эрүү цээжний урд дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-16-17/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Шүүгдэгч, хохирогч Д.И-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тухай хүсэлт /хх-53/,
Шүүгдэгч хохирогч Н.Д-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тухай хүсэлт /хх-54/
Шүүгдэгч Д.И-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/
Шүүгдэгч Н.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож, шүүгдэгч Н.Д-, Д.И- нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч нар нь өөрсдөө болон хохирогчоор хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Н.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 1 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна “эмэгтэй хүнийг битгий цохиод бай” гэж хэлэхэд , Д.И- “чамд ямар хамаатай юм“ гэж хэлээд маргалдан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 1 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна “эмэгтэй хүнийг битгий цохиод бай” гэж хэлэхэд , Д.И- “чамд ямар хамаатай юм“ гэж хэлээд маргалдан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Д-, Д.И- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч Н.Д-, Д.И- нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Мөн хохирогч Н.Д-, Д.И- нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Д-, Д.И- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Д-, Д.И- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Н-ийн Д-, Б овгийн Д-н И- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.И-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-, Д.И- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Д-, Д.И- нар нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Д-, Д.И- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-, Д.И- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Д-, Д.И- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС