Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1061

 

 

  2022        07         05                                    2022/ШЦТ/1061

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Я.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Я.О-д холбогдох эрүүгийн 2206 02369 2144 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ахын хамт, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: хх-00000000/  Б овгийн Я-ийн О-.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч Я.О- нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баянтөхөмийн 0 дугаар гудамжны 0 тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа хохирогч Ч.Б-ыг гараараа цохиж газарт унагаасны улмаас хохирогчийн биед баруун тахилзуур ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Ч.Б-аас гаргасан мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б-ы өгсөн мэдүүлгүүд /хх-7-8, 10-11/, гэрч Г.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-17/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6553 дугаартай дүгнэлт /хх-19-20/, Я.О-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Я.О- нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баянтөхөмийн 0 дугаар гудамжны 0 тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа хохирогч Ч.Б-ыг гараараа цохиж газарт унагаасны улмаас хохирогчийн биед баруун тахилзуур ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Ч.Б-аас 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 9 цаг 20 минутад гаргасан “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 15-11 тоотод 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бусадтай маргалдаж улмаар баруун хөлийн шилбэ хугарсан” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б-ы өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянтөхөмийн 15-11 тоотод 1999 оноос хойш эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хашааны урд байрлах хоосон газарт газар авах зорилгоор шон суулгасан бөгөөд 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цагийн орчимд манай баруун талд амьдардаг хөрш Я.О, Мижээ гэх ах дүү хоёр гэрийн гадаа намайг дуудаж байна гэсэн тул гарч очиход Я.О “...гөлөг минь, миний авах гэж байсан газрыг чи авдаг хэн бэ, ална шүү” гэж хэлэхэд нь би Я.О, Мижээ нарт хандаж "...та нар энэ хавийн бүх газрыг авсан биз дээ, би алгын чинээ газар авч болохгүй юу, намайг алаад дараа нь энэ газрыг аваарай" гэж хэлэхэд ална" гэж дайраад ...Я.О бид 2 бие биеийнхээ нүүр орчимд 1-2 удаа цохисон. Я.О намайг цохих үед би биеийнхээ баруун талаар газар унаад дахиж босож ирэх үед миний баруун хөл шилбэ хэсгээрээ зовуурьтай өвдөж байсан бөгөөд босож ирэх үед Я.О миний гэдэс орчимд 1 удаа өшиглөөд өөрөө хойш унасан. ...тэгээд би хашааны суурь ухаж байсан хэсэгт очиж суугаад буцаж босох гэхэд баруун хөл шилбэ хэсгээрээ өвдөөд босож болохгүй байсан тул хүү Анхбаяраар үүрүүлж гэртээ орсон. Тухайн үед хөл хавдаад байсан тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд баруун шилбэний нарийн савхан яс хугарсан байна гэж хэлсэн. ...Я.О миний баруун хөл рүү нэг удаа хавирч унагаасан. ...би тухайн үед цээж нүцгэн байсан. Газар унах үед нуруу, баруун гарын тохой орчим зулгарсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Баруун хөлөө урьд өмнө гэмтээж байсан зүйл байхгүй.” гэх /хх-7-8/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б-ы 2 дах удаагаа өгсөн: “...би өмнө өгсөн мэдүүлэгт мэдүүлснээр Я.О гэдэг хүнийг Я.О- гэдэг. Миний биед учруулсан гэмтлийг Я.О- ганцаараа учруулсан. Миний эмчилгээний зардалд Я.О- 1.500.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-10-11/

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Пүрэвдоржийн өгсөн:“...Манайх гэрийнхээ урд байрлах газрыг авахаар хөөцөлдөж байгаа юм. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр бид 2 хашаа барихаар ажил хийж байгаад гэртээ орж ирээд цай уугаад сууж байхад манай хөрш Я.О- /Я.О гэж дууддаг/ хүрч ирээд манай нөхөр Ч.Б-тай маргалдаж эхэлсэн. Маргалдсан шалтгаан нь манай авч байгаа газар дээр маргаан үүсгээд байсан. Тэгээд Я.О- манай нөхөр Ч.Б- руу дайраад барилцаж аваад хавсарч унагаад дээрээс нь цохиод байсан. ...нөхөр бид 2 хашааны шон ухаж байсан газраа очоод хэсэг сууж байгаад босох гэхэд манай нөхрийн хөл хавдаад гишгэж болохгүй байхаар нь гэмтлийн эмнэлэг орж зургийг нь авхуулахад баруун хөлийн савхан яс нь хугарсан байсан. Эмнэлэгт шууд гипс тавиулаад гэртээ ирсэн. ...нөхрийн баруун хөл нь хугарсан, нуруунд нь зууралдаж ноцолдсоноос болж зулгарсан байсан. нөхрийн биед учирсан гэмтлүүдийг хөрш Я.О- хавсарч унагааж болон зууралдаж байхдаа учруулсан.’’ гэх мэдүүлэг /хх-17/

       

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6553 дугаартай:

1.Ч.Б-ы биед баруун тахилзуур ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-19-20/,

 

Шүүгдэгч Я.О-гийн яллагдагчаар өгсөн: “...найзыгаа гэмтээсэндээ харамсаж байна. ...хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-52/

 

Шүүгдэгч Я.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/

 

Хохирогч Ч.Б-ы хохирол төлбөр гомдол саналгүйгээ илэрхийлэн бичгээр гаргасан хүсэлт /хх-46/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Я.О- нь хохирогч Ч.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Я.О- нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баянтөхөмийн 0 дугаар гудамжны 0 тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа хохирогч Ч.Б-ыг гараараа цохиж газарт унагаасны улмаас хохирогчийн биед баруун тахилзуур ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Я.О-гийн 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баянтөхөмийн 0 дугаар гудамжны 0 тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа хохирогч Ч.Б-ыг гараараа цохиж газарт унагаасны улмаас хохирогчийн биед баруун тахилзуур ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Я.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б- нь хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Мөн хохирогч Ч.Б- нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Я.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Я.О- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Б овгийн Я-ийн О-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Я.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Я.О- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

           5. Хохирогч Ч.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Я.О- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Я.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Я.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС