Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1072

 

 

2022          07          06                                    2022/ШЦТ/1072 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Н.Ганчимэг

Шүүгдэгч Э.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овгийн Э-ын Ч-т холбогдох эрүүгийн 2206 01899 1923 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орчлон хорооллын 0 дугаар байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

         Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дугаар зүйлд зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:хх-0000000/ У овгийн Э-ын Ч-

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд хохирогч Ц.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний зүүн гарын ядам хурууг дарж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч- мэдүүлэхдээ:”...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Д.Б-ээс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч Ц.Д-ын өгсөн мэдүүлэг /хх-26-27/, Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт /хх-31-32/, шүүгдэгч Э.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45/ шүүгдэгч Э.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, хохирогч Ц.Д-ын гаргаж өгсөн хохирлын баримт /хх-11-12/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд хохирогч Ц.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний зүүн гарын ядам хурууг дарж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Иргэн Д.Б-ээс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутад гаргасан “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн хашаанд маргаан болоод байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Д-ын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би “Тэнгэр худалдааны төв”-ийн машин ордог хэсэг рүү охинтойгоо явж байхад машины арын хажуугаас цохих чимээ гарахаар нь эргээд хартал 30 гаран насны хар бэлтгэлийн хувцастай, хар малгайтай залуу зогсож байсан. Би тэр залуугаас яагаад машин цохиод байгаа юм бэ гээд наанаас нь яваад очиход тэр залуу миний зүүн гарын ядам хуруунаас бариад хажуу тийш дараад үе мулталчихсан. Тэр бас миний охиныг мангасдаад зам руу түлхээд унагаачихсан.”  гэх мэдүүлэг /хх-16-17/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б-ийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр аав Ц.Д-ын хамт “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд машинтай явж байтал манай машины ар тал руу нэг эрэгтэй хүн цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд тэр залуу юун сүртэй юм бэ, зайлаач гэсэн. Аав машинаас буугаад тэр залуутай барьцалдаж аваад би салгах гэхэд тэр залуу миний нүүр рүү мангасдаад намайг янхан минь гэж хэлэхээр нь би нүүр рүү нь нулимчихсан юм. Тэгтэл тэр залуу намайг гараараа маш хүчтэй цээж рүү түлхэхэд би маш хүчтэй газар цементэн дээр бөгсөөрөө унасан.” гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

         Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 03 дугаартай:

1. Ц.Д-ын биед зүүн гарын ядам хурууны хоёрдугаар үений мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

З. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-31-32/,  

 

Шүүгдэгч Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 4 сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд автомашины зогсоол дээр  хөдөө хүн тээвэрлэж явах гээд зогсож байсан гаднаас тоёото румион маркийн  автомашинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирэхэд би уг хүмүүсээс Сүхбаатар аймаг явах хүн байна уу гэхэд машин барьж байсан 50 орчим насны эрэгтэй “машин тэрэг цохилоо ална шүү” гэж хэлээд ... над руу дайраад байхаар нь зүүн гарын хуруунуудыг нь баруун гараараа базсан. Тэгсэн уг эрэгтэй миний хуруу хугарсан гэж ярьж байсан. ...хохирогч гаргаж өгсөн баримт байгаа бол хохирлын мөнгийг нь төлж барагдуулж болно. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 

Хохирогч Ц.Д-аас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-12/,

 

Шүүгдэгч Э.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Э.Ч- нь хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зүүн гарын хуруугаа даруулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Э.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд хохирогч Ц.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний зүүн гарын ядам хурууг дарж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч Ц.Д- нь гэм хорын хохирол 197.100 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч-оос 197.100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-т олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ц.Д- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ч-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч Э.Ч- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У овгийн Э-ын Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ч-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ч- нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ч- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч-оос 197.100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Д- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ч- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС