Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0306

 

 

2021-05-13 128/ШШ2021/0306

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: А мГтгГ,ууКх

Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг уул уурхайн кадастрын системд дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, С ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааг хасаж тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож уг хугацаагаар ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Дорноговь аймгийн ******* сумын нутаг ******* толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр *******-д олгосон бөгөөд ******* нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар уг хайгуулын талбайд жил бүр батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу хайгуул хийж, тайлангаа тухай бүрд өгч байсан. Хайгуулын лицензийн төлбөрт 203,000,000 төгрөг, хайгуулын ажилд 500,000,000 төгрөг, нийтдээ 700 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байна.

2020 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 6 дугаар сарын 29-нд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 7 дугаар сарын 06-нд батлуулсны дагуу аймаг, сум, орон нутгийн байгууллагуудад хандан тухайн сумаас байгаль хамгаалах төлөвлөгөөг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, улмаар Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ус ашиглах дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус батлуулан бичиг баримтын бүрдлийг ханган геологи хайгуулын Т******* ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээ ёсоор 10 дугаар сарын 18-ны өдрөөс уг ажлыг гүйцэтгэхээр эхний ээлжийн бүрэлдэхүүнт хайгуулын анги талбайд очиж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан.

Харин хоёр дахь ээлжийн өрөмдлөгийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн явагдах төлөвлөгөөтэй байсан боловч Монгол Улсад Ковид-19" цар тахлын дотоод дахь халдвар илэрч бүх нийтийн бэлэн байдал зарласнаар уг баг Улаанбаатар хотоос гарах боломжгүй болж, энэ тухай албан ёсны хариуг Улсын онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 330 тоот албан бичгээр авсан.

Манай компанийн зүгээс дээрх үйл явдалтай холбоотойгоор Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан нь хайгуулын ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх боломжгүй болсныг тогтоож, хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлох баримтаар нотолсон явдал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасан бөгөөд манай компани 2020 онд хайгуулын ажлын үр дүнг үндэслэн нөөцийн тайланг боловсруулан хуулийн хугацаанд шинжээч томилуулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ өгөх ёстой байсан боловч дээрх давагдашгүй хүчин зүйлс тулгарсан учраас хайгуулын ажлыг дуусгах боломжгүй болсон нь уг хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ эдлэхэд гол хүндрэл болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "... Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс удаа дараа хандсаны эцэст буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ы өдөр 01/622 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй талаар мэдэгдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим баримтална гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр давуу эрхээ ашиглан нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 -д хүндэтгэн үзэх шалтгаан гэж 6.1.41-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-д Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ", 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 24.5-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэж тус тус заасан бөгөөд энэхүү хуулийн заалтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ- ******* тоот тусгай зөвшөөрлийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааг хасаж тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацаагаар ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг даалгаж нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Дорноговь аймгийн ******* сумын нутаг ******* толгой нэртэй 10642.61 га талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр С ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаар шийдвэрээр 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 жилээр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.

С ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зарим хэсгийг буцаан өгөх тухай өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр 10637.03 га талбайгаас 8294.87 га талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 2342.16 га талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл С ХХК-нь Дорноговь аймгийн ******* сумын нутаг ******* толгой нэртэй 10642.61 га талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оноос хойш 12 жилийн хугацаанд эзэмшиж байсан байсан бөгөөд энэ хугацаанд геологи, хайгуулын ажил хийж нөөцийн тайлан боловсруулан шинжээч томилуулж Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх боломжтой байсан.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу С ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүй байх тул ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан'' гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заажээ.

Гэтэл С ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Ковид-19 цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар дурджээ.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан Бүх нийтийн бэлэн байдал-ыг Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарласан.

Нөгөө талаар 2020 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан боловч хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээлттэй байсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуулиар хүлээсэн бүхий л үүргийг биелүүлэх үйл ажиллагааг хориглоогүй байсан болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах.... гэж хуульд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болгон бүртгэхэд төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй болно.

Нөгөө талаар төрийн захиргааны байгууллага нь уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл нь С ХХК-ийн ямар эрх ашгийг зөрчсөн болох нь тодорхой бус байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааг хасаж тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацаагаар Х\/-014660 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь эцсийн байдлаар С ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг уул уурхайн кадастрын системд дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, С ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааг хасаж тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож уг хугацаагаар ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А мГтгГ,ууКх  даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

С ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлчийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар тус сунгасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

Харин Засгийн газрын 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай 194 дүгээр тогтоолоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байна.

Мөн Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийг сунгаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх Засгийн газрын тогтоолуудаас үзэхэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг Засгийн газрын тогтоолуудад заасан хугацаагаар хязгаарласан болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/595 тоот Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл /Force majeure/ гэрчилгээгээр Монгол Улсын Засгийн газрын гамшгийн бэлэн байдалд шилжүүлсэн холбогдох шийдвэрүүдийн улмаас С ХХК-ийн Топсойл Инженеринг ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн C-20/01 дугаартай Хайгуулын ажлын гэрээ-ний өрөмдлөгийн үйл ажиллагааг гүйцэтгэх бүрэлдэхүүнт баг орон нутагт зөрчих боломжгүй болж, хуваарьт ажил хийгдээгүйгээс шалтгаалж С ХХК-ийн эзэмшлийн 14660X дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон байна гэж тодорхойлон С ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ... боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж хууль тогтоогч хуульчилсан байх ба харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хэдий хугацааны /хэд хоногийн/ өмнө хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх талаар хугацаа зааж хуульчлаагүй байна.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хэдий хугацааны өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад өгөх талаар хуульд тодорхой хугацаа заасан зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Дээрх тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд давагдашгүй хүчин зүйл /Covid-19/-ийн улмаас буюу Засгийн газрын тогтоолуудаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас Улаанбаатар хотоос гарч хайгуул хийж чадаагүй тул төрийн захиргааны байгууллагад хайгуулын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгч чадаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хэдий хугацааны өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад өгөх талаар хуульд тодорхой хугацаа заасан зохицуулалт байхгүй, түүнчлэн эрх бүхий байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын ажил хийж чадаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг уул уурхайн кадастрын системд дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, С  ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас хасаж тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг хугацаагаар ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А мГтгГ,ууКх-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ