Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0691/З |
Дугаар | 221/МА2024/0376 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0376
2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2024/0376 | Улаанбаатар хот |
“ЭБӨИ” ХХК,
“БЭВД” ХХК,
“ГИ” ХХК нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга;
Нэхэмжлэгч: “ЭБӨИ” ХХК
Нэхэмжлэгч: “БЭВД” ХХК
Нэхэмжлэгч:“ГИ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “ТДС” БСБ
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн “ТДС” БСБ-д холбогдох хэсгээс нийтийн эзэмшилтэй давхацсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0186 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Л нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2022/0691/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭБӨИ” ХХК, “БЭВД” ХХК, “ГИ” ХХК нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн “ТДС” БСБ-д холбогдох хэсгээс нийтийн эзэмшилтэй давхацсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0186 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭБӨИ” ХХК, нэхэмжлэгч “БЭВД” ХХК, нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо:
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:
Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ш.А-ын зүгээс хэд хэдэн асуудлууд тодорхойгүй буюу шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу цуглуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зайлшгүй нэмэлт нотлох баримт шаардлагатай болсон талаар дараах асуудлаар хүсэлт гаргасан. Үүнд:
3.1.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар 2003 оны А/25 дугаар захирамжийг сунгасан гэсэн байдаг ба анх гуравдагч этгээдүүдэд эрх олгосон 395 дугаар захирамжийн үйлчлэл дууссан нөхцөл байдал байдаг. Уг асуудлыг шүүх тодруулаагүй бөгөөд хариуцагчийн “бичилтийн алдаа гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа” хэмээн шүүх хуралдаанд тайлбар гаргасныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.
3.1.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2023 оны А/64 дүгээр тушаалаар байгуулсан шинжээчийн ажлын хэсгийн 2023/25 дугаар шинжээчийн дүгнэлтэд дараах асуудлууд нотлогдоогүй байхад шүүх нотлогдсон мэтээр дүгнэж бичсэн нь зөрчилтэй болсон.
3.2. Тус шинжээчийн дүгнэлтийн 1 /3хх 99-104/-д “хавтаст хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн 488 дугаартай гэрчилгээг 2003 оны 10 сарын 15-ны өдөр олгосон байх бөгөөд 2003 онд үйлдэгдсэн кадастрын зураг хавтаст хэрэгт авагдаагүй, харин шүүгчийн туслахын ирүүлсэн “Г” ХХК-ийн 2015 оны 09 сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан үзэхэд 1099 м.кв талбайтай байна” гэжээ. Гэтэл 2003 оны 395 дугаар шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн 488 дугаартай гэрчилгээтэй газрын хувийн хэрэг шүүхэд бүрэн ирсэн бөгөөд уг хувийн хэрэгт байхгүй “Г” ХХК-ийн 2015 оны үйлдсэн зургийг шүүгчийн туслах хаанаас, хэнээс авч шинжээчид өгч дүгнэлт гаргуулсан болох нь тодорхойгүй.
3.2.1. Нөгөө талаар хэрэгт байхгүй материалд үндэслэж үйлдсэн кадастрын зураг нь хэргийн бусад материалтай тохирохгүй байгаа талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.8.3-т “нэгж талбарын 18640308829284 дугаар бүхий 594 м.кв талбайтай газрыг газрын кадастрын мэдээллийн санд 2019 оны 02 сарын 16-ны өдөр нэгж талбарын 1780800357 дугаар бүхий 1100 м.кв талбайтайгаар “ТДС” БСБ-ын нэр дээр бүртгэсэн байх ба...” гэсэн атлаа уг дүгнэлтийн өмнөх буюу үндэслэх хэсгийн 7.8.2-д “... нэгж талбарын 18640308829284 дугаар бүхий 594 м.кв талбайтай газар нь “МГ” ХХК-ийн нэр дээр 2011 оны 02 сарын 24-ний өдөр бүртгэсэн” талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, “ТДС” БСБ-ын эзэмшиж буй газар нь 2011 онд 594 м.кв хэмжээтэйгээр явж байгаад бүүр сүүлд 2019 онд 1100 м.кв талбай болгон өөрчилсөн буюу газрын хэмжээ, нэгж талбарын дугаар, өөрчлөгдсөн огноонууд өөр өөр байсаар байтал эдгээр өөрчлөлтүүдийг ямар шийдвэрийг үндэслэж өөрчилсөн талаарх баримт зайлшгүй шаардлагатай байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан.
3.2.2. Мөн уг асуудлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан.
3.3. 1-р хавтаст хэргийн 60-р талд авагдсан ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад шийдвэрлэсэн тэмдэглэл хэсэгт “ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт /1780800357/ нэгж талбарын дугаартай хуулийн этгээдийн эзэмшил газрыг тус албаны дэргэдэх “Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж кадастрын зургийн эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр танай компанийн орц, гарцыг нээж газрын мэдээллийн санд бүртгэсэн байна” гэж хариу ирүүлсэн байдаг. Гэвч уг өөрчлөлт хэрхэн хийгдсэн талаар ямар ч баримт хэрэгт байхгүй уг өөрчилсөн агуулга нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар харагдахгүй байх ба уг өөрчлөлттэй холбоотой мэдээллийг авч байж хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэнгүй. Дээрх агуулгаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг огт хэлэлцэж шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “... өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн.
3.4. Шүүх хэргийн бодит нөхцөлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2460 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээр дахин шинээр нөхцөл байдал илэрсэн нь тогтоогдсон. Үүнд:
3.4.1. Анх “МГ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 2296 м.кв талбайтай, 18640308846289 нэгж талбарын дугаартай газар нь 2 хуваагдаж улмаар
1. 18640308839308 нэгж талбарын дугаартай 1144 м.кв талбайтай,
2. 18640308848278 нэгж талбарын дугаартай 1152 м.кв талбайтай болж хоёр хуваагдсан нь тогтоогдсон. Үүний дараа 18640308839308 нэгж талбарын дугаартай 1144 м.кв талбайтай газар нь дахин 2 хуваагдаж улмаар 1. 18640308829284 нэгж талбарын дугаартай 594 м.кв талбайтай, 2. 18640308844307 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай болж хоёр хуваагдсан нь тогтоогдсон.
Үүний дараа 18640308829284 нэгж талбарын дугаартай 594 м.кв талбайтай газар нь: 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1780800357 нэгж талбарын дугаартай 1100 м.кв талбайтай болж талбайн хэмжээ нь нэмэгдэж, нэгж талбарын дугаар нь өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон. Миний зүгээс дээрх хоёр хуваагдсан байгаа газрын хувийн хэргийг хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авсан ч нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй буюу ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэл болсон. Эдгээрээс үзэхэд “ТДС” БСБ нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар захирамжаар авсан 1100 м.кв газраа 594 м.кв, 600 м.кв болгож 2 хуваасан ба улмаар 594 м.кв газраа буцааж 1100 м.кв болгож томруулсан нь нотлогдож байна. Үүнийг анхан шатны шүүх ойлгоогүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн, үнэн зөв дүгнээгүй дүгнэх ёстой нөхцөл байдлыг орхигдуулсан, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц бүрд шинээр нөхцөл байдлууд урган гарч ирсэн ч үүнийг харгалзаж үзээгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анх шүүхэд нэхэмжлэгч “ЭБӨИ” ХХК, “БЭВД” ХХК, “ГИ” ХХК нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/261 дүгээр захирамжаар “ТДС” БСБ-д газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн “ТДС” БСБ-д холбогдох хэсгээс нийтийн эзэмшилтэй давхацсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодруулан, нэхэмжлэлийн үндэслэлээ “…гуравдагч этгээдэд олгогдсон газар нь илүү томорсон… нийтийн эзэмшилтэй давхацсан, нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж орц гарц, авто машины зогсоолыг хаасан” гэжээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар “ТДС” БСБ-д сургалтын зориулалтаар, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг үндэслэн ... хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт... Газрын тухай хуульд заасан бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй” гэж, гуравдагч этгээд “ТДС” БСБ-аас “…сургуулийн байр болох 1100 м.кв талбайг хуулийн дагуу 2003 оноос хойш эзэмшиж байгаа ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан...нийтийн эзэмшилд дур зоргоороо аашилж орц, гарцыг өөрийн эзэмшилд хашаалсан зүйл байхгүй” гэж тус тус маргажээ.
4. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаар нэхэмжлэгч нарын “орц гарцыг хаасан” эсэх, хашаалсан гэх газар нь “нийтийн эзэмшлийн талбайд” хамаарах эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж шүүх үзлээ.
5. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “ЭБӨИ” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1317 дугаар захирамжаар “Набсан” ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан 656 м.кв талбай бүхий “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-аар эзэмшүүлсэн газарт барилга руу орох, гарах гарцыг хаасан /1-р хх-ийн 108 дахь тал/, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар “ТДС” БСБ-д эзэмшүүлсэн нэгж талбарын 1780800349 дугаартай 1069 м.кв газар дээр баригдсан /ТДС-ийн баруун талд орших/ 4 давхар үйлчилгээтэй 16 давхар барилгын 90а байрны 2, 3 дугаар давхарт байршилтай, тус бүр 510.10 м.кв талбайг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нар болох “БЭВД” ХХК, “ГИ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
6. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 395 дугаар захирамжаар “ТДС” БСБ-д “сургалтын” зориулалтаар 1101 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 09 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.
7. Газар эзэмшигчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/13 дугаар гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт, газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын шийдвэр, газрын хувийн хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/102 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасантай нийцсэн, газар эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж үзээд шинээр гэрчилгээ олгож, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 196-202 дахь тал/
8. Үүнээс үзвэл, газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан нь хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн газрын хэмжээ болон байршил өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
9. Гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно” /Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалтай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заасан нийтийн эдэлбэрийн зориулалттай “нийтийн эзэмшлийн газар”-т хамаарахгүй байна.
10. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн хашаалсан гэж маргаж буй газар нь нийтийн эзэмшлийн талбай биш байх бөгөөд “зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, хууль ёсоор өөрийн мэдэлд байгаа газраа хашаалсан, газар эзэмших эрх нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс өмнө үүссэн нэхэмжлэгч нарын “...талбайг орц гарц, авто зогсоол хэлбэрээр ашигладаг байсныг “ТДС” БСД-д эзэмшүүлснийг хууль бус” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Харин нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдийн эзэмшил газрыг авто зогсоол хэлбэрээр ашигладаг байсан байх бөгөөд гуравдагч этгээд нь газраа хашаалсны улмаас автомашины зогсоолгүй болох, үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэх зэрэг нөхцөл байдал үүссэн гэж маргаж байгаа энэ тохиолдолд газар эзэмшигчтэй тохиролцох, эсхүл Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “... аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу зохих албан тушаалтанд хандах эсхүл иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.
12. Энэ талаар анхан шатны шүүх “...маргаан бүхий газар дахь орц, гарцын асуудлаар иргэний шүүхэд хандахад энэхүү захиргааны хэргийн шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
13. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 тоот захирамжийн хавсралтын 60 дугаарт “НЗД-ын 2003 оны 25” гэж гуравдагч этгээд “ТДС” БСБ-ын газар эзэмших эрх үүссэн 2003 оны 395 захирамжийн дугаарыг буруу бичсэн нь техникийн шинжтэй хэлбэрийн төдий алдаа гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон” гэх гомдол үндэслэлгүй.
14. Мөн нэхэмжлэгч нараас “...Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа ...газрын байршил, хэмжээг өөрчилсөн” гэж маргаж байх боловч нэгж талбарын 1780800357 дугаар бүхий 1100 м.кв талбайтайгаар “ТДС” БСБ-ын нэр дээр бүртгэгдсэн байх ба гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 захирамжаар эзэмшүүлсэн 1100 м.кв газар нь нэхэмжлэгч нарын орц, гарцыг хаагаагүй, нийтийн эзэмшлийн газартай давхцалгүй болох нь шинжээчийн дүгнэлт болон газрын кадастрын мэдээллийн сангийн архивын баримт, лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
15. “МГ” ХХК-ийн 1996 оны А/176 дугаар захирамжаар эзэмшиж, ашиглаж байсан 2898 м.кв талбай бүхий газраас 1101 м.кв газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь “ТДС” БСБ-ын эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт дээр “нийт талбай 1101 м.кв барилга 328 бусад 773” гэж Хот байгуулалт, газрын харилцааны газраас хийсэн эдэлбэр газрын схем зураг, “МГ” ХХК-ийн эдэлбэр газрын схем зураг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож /2-р хх-ийн 160, 185-198 дахь тал/ байх тул нэхэмжлэгчийн “...284 нэгж талбарын дугаартай 594 м.кв талбайтай газар нь ...357 нэгж талбарын дугаартай 1100 м.кв талбайтай болж талбайн хэмжээ нь нэмэгдэж, нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон” гэх гомдол үндэслэлгүй.
16. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА