Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 37

 

                     

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

өөрийгөө өмгөөлөн оролцож байгаа шүүгдэгч Б.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сүх боржигон овогт Батбаярын Ууганбаярт холбогдох 201625021599 дугаартай  хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 34-79 тоотод оршин суух, Сүх боржигон овогт Батбаярын Ууганбаяр /РД: ТЖ84020976/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар байрны 14 тоотод 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр иргэн Батбаярын Ууганбаяр нь найз Н.Амраатай хамт архи ууж байгаад Н.Амрааг хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирогч Н.Амраатай эвлэрсэн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

түүний хэрэг бүртгэлтэд өгсөн: “…2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо НҮБ-н урд байдаг Амраагийн гэрт очсон. Орох үе ганцаараа 1 шил архи уугаад сууж байхаар нь хамт архи ууцгаасан. Архи ууж байгаад 2 лаа унтаад 23 цагийн үед сэрээд гэр рүүгээ явах гэтэл намайг явуулахгүй гэж маргалдаж эхэлсэн. Миний гараас зуурахаар нь гараа татаж авах гэж байгаад Амраагийн нүүрэн тус газар цохьчихсон. Тэгээд Амраа “нүүр цохилоо” гээд хамтдаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү орсон. …Амраа намайг цохисон гэж надад өргөдөл гаргаж өгсөн. Тэгтэл цагдаагийн ажилтан намайг саатуулах байранд саатуулсан. …Амраагийн зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Маргаан болсноос хойш хамт эмнэлэг явж үзүүлсэн. …Би Амраагаас уучлал гуйж эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийн талаар бид 2 ярьж тохирсон байгаа. …Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /хх-23/,  

 

Хохирогч Н.Амраагийн “…2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр найз Б.Ууганбаяр 12 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн. Бид 2 архи ууж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгээд орой болсон учраас Ууганбаярыг “чи одоо яв гэр рүүгээ харь” гэхэд уурлаад “чи өөр хүнтэй болчихсон юм уу” гэж намайг хардаж маргаан эхэлсэн. Маргалдаж байх явцад ширээн дээр байсан нөүтбүк бичиг баримтыг цонхоор гаргаж шидэх гээд байхаар нь болиулах гэтэл түлхэж унагаасан. Тэгэхээр нь би “намайг түлхэж унагаалаа” гээд маргалдаж байтал Ууганбаяр нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгтэл нүд харанхуйлаад “чи намайг цохилоо” гэтэл гараад зугтаасан. Араас нь гартал орцонд байхаар нь барьж аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст дагуулж орсон. Цагдаа Ууганбаярыг саатуулах байранд оруулж надаас тайлбар авсан. …зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, толгой өвдөж тархи доргисон. Газар унасны улмаас ахар сүүл хөндүүрлэж хөхөрсөн, баруун тохой хөхөрч няцарсан. …Ууганбаяраас эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Ууганбаяр надаас уучлалт гуйж 500.000 төгрөг төлсөн. үлдэх 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…”  гэсэн мэдүүлэг /хх-14/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8166 дугаартай актын: “…Амраагийн биед зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга,  зүүн тохой, ууцны төвгөрт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-17/,

 

Хохирогч Н.Амраагийн “сайн дураараа эвлэрсэн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шалгуулан шийдвэрлүүлэх талаар харилцан зөвшөөрч хүсэлт гаргаж байгаа тул түргэн шуурхай шийдвэрлэж  өгнө үү,  

шүүгдэгч Б.Ууганбаярын “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогч Н.Амраагаас уучлал гуйсан хохирлыг бүрэн барагдуулж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шалгуулан шийдвэрлүүлэх талаар харилцан зөвшөөрч хүсэлт гаргаж байгаа тул түргэн шуурхай шийдвэрлэж  өгнө үү” гэсэн хүсэлт /хх-3/,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, шүүгдэгч Б.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28/, хохирогч Н.Амраагийн шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн тухай гаргасан хүсэлт /хх-29, 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар байрны 14 тоотод өөрийн найз Н.Амраатай хамт архи ууж байгаад Н.Амрааг хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь “…зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга,  зүүн тохой, ууцны төвгөрт цус хуралт, тархи доргилт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Н.Амраагийн мэдүүлэг, Шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8166 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Ууганбаярын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Ууганбаярын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

Хохирогч Н.Амраагаас “шүүгдэгч Б.Ууганбаяртай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Прокуророос яллагдагч Б.Ууганбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2-т зааснаар ял оногдуулах тухай прокурорын санал гаргаж шүүхэд ирүүлсэн хэдий боловч шүүхийн шатанд хохирогч Н.Амраагаас “шүүгдэгч Б.Ууганбаяртай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдолгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн хүсэлтийг ирүүлснийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.4-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Сүх боржигон овогт Батбаярын Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Ууганбаярт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ууганбаярт авсан авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР