Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00888

 

2021           07            01                                          001/ХТ2021/00888

 

 

 

...................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 793 дугаар магадлалтай,

 

...................ын нэхэмжлэлтэй,

“...................” Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох

 

Ажил олгогчийн 2019.07.17-ны өдрийн А/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингийн нэмэгдэл 409,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюун-Ундрамын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюун-Ундрам, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................... нь 2013 оноос хариуцагч байгууллагад мэргэжилтэн, 2015.06 дугаар сараас ахлах мэргэжилтэн, 2015.10 дугаар сараас захиргаа удирдлагын хэлтсийн дарга, 2017.02 дугаар сараас Технологи мэдээлэл, сургалт, судалгааны хэлтсийн дарга, 2019.05 дугаар сараас Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогдож, тус байгууллагад нийт 7 жил ажилласан. Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ сайн хийж гүйцэтгэсэн ба сахилгын шийтгэл авч байгаагүй. Нягтлан бодогч С.Золзаяа, М.Оюун-Ундрам нар тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ажлын байр болон сэтгэл санааны хууль бус дарамтад орсон. 2019 оны 5, 6 дугаар сард үндэслэлгүйгээр цалингийн 15 хувийг хассан. 2019.7.18-ны өдөр нарийн бичиг утсаар “ажилдаа ирэх хэрэггүй, ажлаас халах тушаал гарсан, дуудсан цагт ирж ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэсэн. 2019.7.19-ний өдөр захирлын 7 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбарыг хүлээн авсан. Дээрх тушаалд олон дүрэм, журам зааврыг дурдсан боловч яг ямар зөрчил, хэрхэн гаргасныг тодорхой заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй зүйлсийг тушаалд заасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2019.7.9, 10-ны өдрүүдэд ажилдаа ирээд хуралд орсон, 16-ны өдөр “битгий ир” гэж хэлсэн. Нэхэмжлэгч зохих ёсны дагуу ажлын шаардлага тавьсны төлөө хавчигдаж, гадуурхагдсан. Түүнчлэн, тус төвийн бүтэц, ажлын байр, албан тушаалын нэр өөрчлөгдөх тохиолдол бүрд ТЭЗҮ, барилгын зураг төсөл, барилгын угсралтын ажил болон ажлын явцад хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах гэсэн ажлын чиг үүргийг гүйцэтгэж байсан учир барилгын инженерийн мэргэшсэн зэргийн нэмэгдлийг хамтын гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу үндсэн цалингийн 15 хувиар олгож байсныг үндэслэлгүйгээр хассан. 2019.5.27-ны өдрийн хэлтсийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар энэ асуудалд гомдолтой байгааг илэрхийлсэн, энэ үед Захиргаа санхүүгийн хэлтсийн ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдон төвийн санхүүгийн тооцоо баримт, санхүүгийн тайлан, нягтлан бодогчийн ажил, мөнгө зарцуулалт, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулж байгаа, зарцуулах гэж байгаа талаар зөрчлүүд илэрсэн учир шүүмжлэлтэй хандаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж тодруулж эхэлсэн. Үүнээс болж төвийн дарга А.Буяннэмэх, нягтлан бодогч С.Золзаяа нар илтэд ажлаа хийх боломжгүй байдалд оруулж, олон өдөр сэтгэл зүйн дарамтад байлгасан. Сүүлдээ ямар ч ажилтан надад шаардсан материалыг өгөхгүй, хэн ч үг хүлээх авахгүй, нэгдсэн арга хэмжээнд оруулахгүй, дуудахгүй, мэдэгдэхгүй болсон. Иймд урьд эрхэлж байсан Санхүү захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 8,697,666 төгрөг, цалингаас суутгасан 15 хувийн зэргийн нэмэгдэл 409,059 төгрөг, нийт 9,106,725 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюун-Ундрам шүүхэд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус төвд 2019.04 дүгээр сард хийгдсэн хяналт, шалгалтын ажлын тайлангийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2.1-т хоёр орон тоон дээр барилгын болон сургалтын мэргэжилтэн авсан, нэгжийн даргад мэргэжлийн бус ажилтан тавьсан зэрэг зөрчилтэй, төмөр замын хөдөлгөөн удирдлагын дадлага туршлагатай мэргэжилтэн боловсон хүчнийг сонгох заалтыг хэрэгжүүлж, төвийн захирлын 2019.5.23-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Технологи, мэдээлэл, сургалт, судалгааны хэлтсийн дарга ...................ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Захиргаа санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. ................... нь дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Хөдөлмөрийн гэрээний 2.8.5 дахь заалтыг удаа дараа зөрчиж, ажлын байранд ажилтнуудыг хэл амаар дайрч доромжлох, дарамт шахалт үзүүлэх зэргээр зүй бус үйлдэл гаргаж, энэ нь ажилтнуудын өргөдөл, гомдлоор нотлогдсон ба хүндэтгэх шалтгаангүйгээр 2019.7.9, 10, 16-ны өдрүүдэд ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.9-т заасныг зөрчсөн. Ажил тасалсан шалтгаан нь ямар нэг чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагаар нотлогдоогүй, 09-ний өдөр удирдлагад мэдэгдэлгүй шалтгаангүйгээр ажил тасалж, ажилчдын цалингийн төлбөрийн хүсэлт, яаралтай албан бичгүүдэд тамга, тэмдэг дараагүй, 10-ны өдөр мөн шалтгаангүй ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан. 2019.7.10-ны А/34 дүгээр сахилгын шийтгэлийн тушаалыг захирал, хүний нөөцийн мэргэжилтний дэргэд урж, шидсэн зөрчил гаргасан. Удирдах албан тушаал хашиж байсны хувьд тэрээр байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг хэрхэн хэрэгжүүлэхэд үлгэр дуурайлалтай байх атал ийнхүү сахилгын зөрчил гаргаж байсан нь ойлгомжгүй юм. Ажлаас халах тушаалд шалтгаануудыг тодорхой заасан нь нотлох баримтаар тогтоогдоно. Ажилчид 2 удаа ...................ын ёс бус үйлдлээс болж гомдол гаргаж байсан. Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод барилгатай холбоотой ажил байхгүй учраас өмнө авч байсан зэргийн нэмэгдлийг хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчил удаа дараа гаргасан үндэслэлээр ажлаас халсан, 2 өдөр дараалан ажил тасалсан, 7 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирээгүй гэдгээ 7 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн зөвлөлийн хуралд хэлсэн. 7 дугаар сарын 10, 16-ны өдөр ажил хийгээгүй, ажлаас халах тушаалыг урсан. Цалингийн баримтуудад удаа дараа тамга дараагүйг гэрчүүд хэлсэн, хурууны хээгээ уншуулж бүртгүүлдэггүй, ажилчидтай зүй бус харьцдаг. Захиргааны дарга болсноос хойш албан ёсоор чөлөө авч байгаагүй. Ажлын уур амьсгалыг таагүй болгодог, орилж хашхирдаг, ажилчид бүгд түүнээс айдаг, 2 хурал хийхдээ ерөөсөө ажил яриагүй ажилчдыг хараасан, дарамталсан зүйл бүтэн цаг ярьсаар дуусгасан. Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй нь тогтоогдоно. Яагаад ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй. Үүнтэй холбоотой цалин болон 15 хувийн нэмэгдэл гаргуулах шаардлагыг гаргасан. Ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн гэрээний 2.8.1-т заасныг дурдсан. Түүнийг ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч ...................ыг “...................” УТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 8,330,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 776,437 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ...................ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “...................” УТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч “...................” УТҮГ-аас  тэмдэгтийн хураамжид 148,243 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 793 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...8,330,288 ...” гэснийг “...8,198,287...” гэж, “...776, 437...” гэснийг “...908,438...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “...................” УТҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюун-Ундрам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Хариуцагч “ГТХЗНТ” УТҮГ-ын Захирлын 2019. 7.17-ны өдрийн А/38 тоот тушаал хуульд заасан дээрх шаардлагад нийцээгүй буюу, тушаалд дурдагдсан зөрчлүүдийг ................... хэзээ, хэрхэн гаргасан гэдэг нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн гэрээний 2.8.1, 2.8.5, 2.8.6, 2.8.7 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна ” гэжээ. Гэтэл ажил олгогчийн 2019.7.17-ны өдрийн А/38 тоот тушаалд ажилтан ................... нь дараалан 2 ажлын өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тамга тэмдгийг хувийн сэдлээр түшсэн, хэвлэмэл хуудас урж үрэгдүүлсэн, бусад ажилчдаас ажил үүргээ хэвийн явуулахад нь саад учруулсан зэрэг асуудлуудыг нэг бүрчлэн дурдаж тушаалаа гаргасан, нэхэмжлэгч нь дурдсан зөрчлүүдийг гаргаагүй гэж тайлбарлан мэтгэлцэж, өөрөөр хэлбэл, 2019.7.09,10,16-ны өдрүүдэд ажил тасалсан, таслаагүй гэж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн гэж, тамга тэмдгийг хувийн сэдлээр түшсэн, түшээгүй гэж, хэвлэмэл хуудас урж үрэгдүүлсэн, үрэгдүүлээгүй гэж, бусад ажилчдаас ажлын үүргээ хэвийн явуулахад нь саад учруулсан, учруулаагүй гэж маргаж мэтгэлцсэн. Шүүх энэ талаар өөрөө ч холбогдох дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн дүгнэлт хийсэн атлаа “................... хэзээ, хэрхэн гаргасан гэдэг нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “......................ыг дараалан ажлын хоёр ба түүнээс дээш хугацаагаар хэзээ ажил тасалсан гэх үндэслэлээ нотлохоор 2019.7.10-ны өдрийн Захирлын шуурхай хурлын тэмдэглэлийг баримтаар гарган, түүнийг 2019.7.09, 10, 16-ны өдрүүдэд ажил олгогчид мэдэгдэлгүй ажил тасалсны улмаас ажлаас халсан гэж тайлбарлах боловч ................... нь 2019.7.09-ний өдрөөр эмнэлэгт очиж үзүүлж, тус өдрийн үдээс хойш болон 7 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт, захирлын шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгтээ: “...................... нь ажил тасалсан гэх цаг хугацаанд эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь дээрх баримтаар нотлогдсон. Үүнийг ажил олгогчийн зүгээс мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ” гэж дүгнэсэн. Гэтэл ................... нь 2019.7.09-ний өдөр өвчтэй байсан талаар удирдлагадаа огт мэдэгдээгүй, энэ талаар ажил олгогчоос албан ёсоор чөлөө аваагүй, чөлөө авах хүсэлтийг ч гаргаагүй, эдгээр нотлох баримтыг ажил олгогчид болон шүүхэд гаргаж өгөөгүй, үүнийгээ нотолж чадаагүй байхад шүүх худал дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч ................... нь хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан баримтыг шүүхэд гарган өгч, нотлох баримтаар шинжлэн судлуулсан. Асуулт хариултын шатанд ч “танилцсан, миний гарын үсэг мөн гэж өөрөө хэлсэн. Үүнийг тайлбарлаж байгаагийн учир нь ажилтан чөлөө авах журмыг сайн мэдэж байсан гэдгийг хэлэх гэж байгаа ба нэхэмжлэгч өөрөө хэлтсийн даргын хувьд өөрийн хэлтэст хамаарах ажилчдад өөрөө бичгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн чөлөө олгож байсан баримтуудыг нь ч мөн адил шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн юм. Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь чөлөөг хэрхэн олгодог буюу хэрхэн хүсэлт гаргадаг, хэнд хүсэлтээ гаргадаг, хэн, хэрхэн шийдвэрлэдэг талаар хэнээс ч илүү мэдэж байсан гэдгийг хангалттай нотлох юм. Үүнийг сайн мэдэж байсан ажилтан гэх нэхэмжлэгч нь “Чөлөө авсан” гэх үйл баримтаа нотолж чадаагүй байхад, “Чөлөө авсан болохыг тогтоосон нэг ширхэг ч нотлох баримт байхгүй байхад” шүүх ямар баримтыг үнэлээд тийм дүгнэлт хийгээд байгааг ойлгох ямар ч аргагүй байна. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гэж байгаа бол “хэрэгт авагдсан нотлох баримт”-д тулгуурлан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Гэтэл шүүх хэргийн үйл баримтад дээрх байдлаар тайлбар хийж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь “амбулаториор эмчлүүлэгчдийн карт” гэхийг шүүхийн шатанд гаргаж өгсөн ба үүнийг шүүх “ажилтан ажил таслаагүй”, “ажил олгогчоос чөлөө авсан” гэж тайлбарлах нь ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэгч нь ажил олгогчоос чөлөө авалгүй дур мэдэн 2019.7.09-ний өдөр ажил тасалсан, үүнийгээ 2019.7.10-ны өдрийн хурал дээр “Ажил тасалсан” гэж хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байдаг ба үүнийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан. Мөн шүүх хуралд оролцсон гэрч нар болон 2019.7.10-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр олон удаа залгахад нэхэмжлэгч уг өдөр нэг ч удаа утсаа аваагүй талаар мэдүүлэг, тэмдэглэлээр тогтоогддог. Шүүгч нь “тус өдрийн үдээс хойш болон 7 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн болох нь захирлын шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон" гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь “тус өдрийн үдээс хойш гэх буюу 09-ний өдөр хуралд ирэх нь битгий хэл ажил дээр үзэгдээгүй. Өөрөө ч энэ өдөр ажилд ирээгүй гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлдэг. Нэхэмжлэгч нь 09-ний өдрийг чөлөө авсан гэж тайлбарладаг боловч энэ нь тогтоогдоогүй талаар дээр тайлбарласан. Тиймээс шүүхийн “тус өдрийн үдээс хойш ... шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон” гэж тайлбарлаж байгаа нь ор үндэслэлгүй. Ийм хурлын тэмдэглэл ч хэрэгт байхгүй. Хэрэгт байхгүй баримтыг өөрийн үзэмжээр гарган ирж ийм дүгнэлт хийж байгааг ойлгох боломжгүй байна. Харин нэхэмжлэгч нь 2019.7.10-ны өдрийн шуурхай хуралд суусан нь түүнийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын 8 цагт ажил үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй, ийм үндэслэлгүй юм. Шүүх “7 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн болох нь захирлын шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон” гэх нь өөрөө алдаатай дүгнэлт болсон. Учир нь ажил олгогч нь зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан байхад энэ агуулгыг “Ажилдаа ирсэн болох нь тогтоогдож байна” гэх утгагүй агуулгаар тайлбарласан нь дээрх алдаатай дүгнэлтийг хийхэд хүргэсэн. Ажилтан өөрийнх нь асуудлыг ажил олгогчоос хэлэлцэж байгаа хурал дээр ирчхээд ажил үүргээ гүйцэтгэлгүй, ажил олгогчоос зөвшөөрөл авахгүйгээр ажлаа таслаад явсан үйл баримт нь гэрч нарын мэдүүлэг, хурлын тэмдэглэл, ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх бүртгэл зэргээр хангалттай тогтоогдож байхад “ирсэн байна” гэх утгаар үндэслэлгүй тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв шүүх ингэж тайлбарлах юм бол Монгол Улсад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй бүх ажилчид “Ажилдаа ирсэн” гэдэг агуулгаар ажил үүргээ гүйцэтгэхгүй, ажлаа таслаад явсан ч болох юм байна. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээгээр ажлын цагийг зааж тодорхойлон тохиролцох нь ямар ч утгагүй болох юм. Нэхэмжлэгч дараалан 2 ажлын өдөр ажил таслаагүй гэж маргаж байгаа бол тухайн маргаж буй дараалан 2 өдөр ажлын бүтэн цагт ажил олгогчийн өмнө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажилласан гэдгээ өөрөө нотлох ёстой. Хэрэгт түүнийг нь нотолсон баримт огт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хурал дээр хийсэн өөрийнх нь тайлбар болох “09-ний өдөр ажилдаа ирээгүй, 10-ны өдөр хурал дээр бол байсан” гэх тайлбараар дараалан 2 ажлын өдөр ажил тасалсан гэдэг нь ч тогтоогдож байгаа ойлгомжтой зүйл юм. Нэхэмжлэгч нь 10-ны өдөр хурал дээр ирсэн гэдэг зүйлийг л ярьдаг болохоос биш “Ажлын цагт ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэсэн, эсхүл ажил олгогчоос чөлөө авсан” гэж маргаж чадахгүй байгаа бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй, ийм нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1781 дугаар зүйлийн 178.3.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, сахилгын зөрчил давтан гаргах, хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил, сахилгын шийтгэл ногдуулах журам зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай ...................ын нэхэмжлэлийг хангаж, нэмэгдэл хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх олговрын хэмжээг зөвтгөн, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа техникийн шинжтэй алдаа гаргаснаас гадна улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхисон алдааг залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба ................... нь давтан болон ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй тул ажил олгогчийн тушаалыг хууль зөрчсөн гэж үзнэ.

 

Сахилгын зөрчлийг байгууллагын дотоод хэм хэмжээнд тодорхой зааж, хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчлийг тохирсон байхаас гадна зөрчил тогтоогдсон байх, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа зэргийг хуулиар зохицуулсан байдаг тул тушаалд заасан зарим зөрчлүүдийг ажилтан хэзээ гаргасан, ажил олгогч яаж  илрүүлсэн, хэзээ арга хэмжээ авч байгаа нөхцөл байдал нотлогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан болохоос гадна ...................ыг ажил тасалсан гэж үзэх хангалттай баримт хэрэгт байхгүй байв. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 7 сарын 9,10,16-ны өдөр ажил тасалсан гэж үзэж байгаа боловч нэхэмжлэгч нь 16-ны өдөр ажилдаа ирээд хэрэггүй гэж хэлсэн тул очоогүй, 9-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар очоогүй, 10-ны өдөр ажилдаа очсон, шуурхай хурал дээр байсан гэж тайлбарласан шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд ажил тасалсан гэж үзэх боломжгүй талаар зохих дүгнэлт хийжээ. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэхэмжлэгч нь 9-ний өдөр чөлөө аваагүй боловч өвчтэй байсан тухай баримтыг шүүхэд өгсөн, уг хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх ажил тасалсанд тооцоогүй байна.

 

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, гомдлын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 793 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...8 330 288 ...” гэснийг “...8 330 288 /найман сая гурван зуун гучин мянга хоёр зуун наян найм/...” гэж, “...өөрчлөн, гэсний өмнө шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...148,243...” гэснийг “...146,122...” гэж нэмж оруулан, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.СОНИНБАЯР             

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ           

               ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                      Б.УНДРАХ