Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1074

 

 

 

 2022          07          06                                    2022/ШЦТ/1074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.А-од холбогдох эрүүгийн 2203 00000 0300 дугаартай хэргийг шүүх 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “хх” такси дуудлагын үйлчилгээ болон “хх”-д жолооч хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Дэнжийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн дугаар:хх-0000000 И овогт Х-ийн А-,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Х.А- нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Шинэ Монгол” сургуулийн хойд талын замд “Hyundai Sonata” маркийн 00-00 ХХХулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ,явган зорчигч Б.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “...Өчигдөр компьютер томографын шинжилгээ хийлгэхэд суурин хөндийд 1.3 см хэмжээтэй уйланхай гарсан байсан. Үүнийгээ би нарийн мэргэжлийн эмчид үзүүлмээр байна. Бас тархиндаа хүчил төрөгчийн дутагдалтай гарсан тул мэдрэлийн эмчид үзүүлмээр байна. Би өөрөө сайн босож явж чадахгүй болохоор баярын дараа үзүүлэх шаардлага гарсан. Дүүргийн эмнэлэгт хэвтсэн 140.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, хохирогч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-13/, иргэний нэхэмжлэгч Л.Бямбадуламын өгсөн мэдүүлэг /хх-38/, иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-47/, гэрч Т.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-56/, гэрч Ө.Алтанзулын өгсөн мэдүүлэг /хх-59/, гэрч Д.Санжаадэмидийн өгсөн мэдүүлэг /хх-62/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дүгээр сарын 27-ны өдрийн 7477 дугаартай дүгнэлт /хх-69-71/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 1138551611 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-78-83/, 609 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-86/, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-21-32/, шүүгдэгч Х.А-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/, шүүгдэгч Х.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-100/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х.А- нь  2022 оны 5 дугаар сарын 21-ний 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Шинэ Монгол” сургуулийн хойд талын замд “Hyundai Sonata” маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ,явган зорчигч Б.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 21-ний өглөө зээ хүүгээ аялалаар явахад нь автобусанд суулгаж өгөх гээд нөхөртэйгээ бид 3 гэрээсээ гараад натурын зам замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй манай нөхөр, зээ 2 түрүүлээд би араас нь явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэтэл 1-р эгнээнд нэг машин зогсчихсон байхаар нь зам хөндлөн гарч байтал зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан машин ирээд миний зүүн талын хэсэг рүү мөргөөд би газар унасан. Би түүнээс хойш юм санахгүй байгаа нэг мэдэхэд 103-н машин ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Л.Бямбадуламын өгсөн  “...Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр жолооддог юм. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-35/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Алтангэрэлийн өгсөн: “...би түрүүлээд явган хүний гарцаар зээ хүүтэйгээ хамт, манай эхнэр Б.Б- араас зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл манай эхнэрийг явган хүний гарц дээр мөргөчихсөн, тэгээд манай эхнэр газар унаад жолооч нь машинаас бууж гарч ирээд түргэн болон цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-56/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн өгсөн  “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ад 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.563.000 төгрөгийг гаргасныг яллагдагч Х.А-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-47/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Алтанзулийн өгсөн: “...Би осол болсон өдрөөс хойш 3 хоногийн дараа Х.А-оос  өөрөөс нь сонссон. Надад хэлэхдээ явган хүний гарц дээр хүн шүргэчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-59/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Санжаадэмидийн өгсөн: “...Тухайн осол болсон өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Х.А- машин барьж явж байгаад хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-62/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дүгээр сарын 27-ны өдрийн 7477 дугаартай:

1. Б.Б-ийн биед зүүн зулайн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн талын умдаг ясны далд хугарал, зүүн чихний ар, шанаа, эрүү, зүүн бугалга, ташаа гуяыг хамарсан, шилбэ, баруун бугалга, тохойн дотор тал, сарвууны ар, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, эрүүний зүүн доод булан, баруун сарвуу, зүүн шуу, сарвуунд зулгаралт, зүүн чих түнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.  

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтэд /хх-69-71/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1138551611 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-78-83/,

Мөрдөгчийн магадалгаа. Дугаар 609 “...Жолооч Х.А- нь  Монгол улсын  Замын хөдөлгөөний  дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж,  уг гарцаар  гарч байгаа болон гарахаар  завдаж байгаа явган зорчигчид  зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг  зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх-86/,

Шүүгдэгч Х.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт талаарх тодорхойлолт /хх-100/

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-21-32/,

Шүүгдэгч Х.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/, хохирлын баримтууд зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Х.А- нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Шинэ Монгол” сургуулийн хойд талын замд “Hyundai Sonata” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ,явган зорчигч Б.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

 

          Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Х.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Х.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.А- нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардалд 1.851.593 төгрөг төлсөн байна. Хохирогч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд эмчилгээний зардал 140.000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяа Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Б-ийн эмчилгээний зардалд гаргасан 1.563.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А-оос 1.563.000 гаргуулж Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэх, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгохоор тогтов.

 

Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний болон гэмт хорын хохиролд гарсан зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Х.А- нь баримтаар учирсан хохирол 1.851.593 төгрөгийг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэгт холбогдсон зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.А-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Х.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И овогт Х-ийн А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А-оос 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгож, 1.563.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

6. Хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС