Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/237

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа  

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Бгийн Бөд холбогдох эрүүгийн 2212000000263 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын У.............. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хиад боржигон овогт Бгийн Б/РД:АИ............../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний оройн 21 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайд иргэн Д.Үыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хохирогч Д.Үын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000263 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Үын өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед манай сумын 80 жилийн ой болоод морь цоллох гээд зогсож байгаад Б.Бөд наадам зохион байгуулж байгаа юм бол наадмаа олигтойхон зохион байгуул гэж хэлэхэд намайг  цохиод унагаасан унах үедээ наадмын талбайн баруун талын цутгасан цементэн шатыг мөргөөд толгойн зүүн хэсэг хагарч эмнэлэгт очиж 5 ширхэг оёдол тавиулсан. Б.Б бид хоёр маргалдсан зүйл болоогүй. Би Б.Бөд наадмаа олигтой зохион байгуулсангүй гэж хэлэхэд морь будилууллаа гэж хэлэхэд намайг Б.Б баруун гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон өөрөөр маргалдсан зүйл болоогүй. Б.Б нь намайг зүүн шанаа хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би Б.Бийг цохиж зодоогүй. Миний зүүн шанаа хавдаж уруул хэгзэрсэн, цементэн шат мөргөөд унах үед толгойн зүүн хэсэг хагарч 5 оёдол тавиулсан өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би Б.Бөөс эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг авсан. Би тухайн үед жоохон халамцуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  Би Б.Бөөс эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг авч Улаанбаатар хот явж биеэ эмчлүүлж байгаад ирсэн. Одоо миний биед ямар нэгэн зовуурь байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Гэрч Д.Цын өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 80 жилийн ойн баяр наадам болоод 21 цагийн үед азарга цоллох гээд байж байхад наадмын талбайн баруун талын арын хаалган дээр нэг танихгүй согтуу хүнтэй Б.Б барьцалдаж аваад газар унаад босч ирээд Б.Б наадмын талбайн баруун талын арын хаалгаар гараад явж харагдсан. Тэгээд би наадмын талбайгаас гараад явсан. Б.Б, Ү нар юунаас болж маргалдсанг би мэдэхгүй. Б.Б, Ү нар зууралдаад унаад босч ирээд Б гараа шувт татаад хойд талын хаалгаар гараад явсан. Өөрөөр цохиж зодолдсон зүйл болоогүй. Д.Ү нь Б.Бийг цохиж зодсон асуудал болоогүй. Б.Б, танихгүй согтуу залуу хоёр зууралдаад босч ирээд Б гараа шувт татаад гараад явж харагдсан. Тэгээд би наадмын талбайгаас гараад явсан. Гэмтэл учирсан эсэхийг би хараагүй. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Танихгүй залуу нь нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

 *Гэрч С.Бы өгсөн:

 “...Манай сумын 80 жилийн ой болоод орой 20 цагийн алдад Азарга цоллох үйл ажиллагаа болоод айргийн тавын морь будилаан болоод тэгээд морины комисс болох орлогч дарга Б.Б бид хоёр наадмын талбай дээр очсон. Наадмын талбайн баруун хойд хаалган дээр Д.Ү согтуу нэг хүнтэй зогсож байсан бид хоёр хажуугаар нь гарах гэхэд Б.Бийн бүсэн дээрээс Д.Ү барьж аваад агсараад байсан, чи сумын орлогч дарга гэл үү чи морь хасдаг эрх мэдэлтэй гэл үү гээд Б.Б рүү дайрахаар нь би салгаж аваад цаашаа наадмын талбайн асар руу ороод камерын бичлэг үзээд гарч ирээд Азарган насны будилааныг гаргаж өгчөөд морио цоллосон. Айраг түрүү авсан морьдод бай болох нэмнээг өгөх гэсэн чинь байхгүй өрөөнд орхисон байсан. Засаг дарга Б.Бямбаа орлогч дарга Б.Бийг нэмнээ аваад ир гээд явуулсан тэгээд хойд хаалгаар гарах гэхэд нь Д.Ү урдаас нь Б.Бийг бариад авсан тэгээд миний харснаар Д.Ү Б.Бийг цээжин хэсэгт нь цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад давхралдаад унасан, бос ч ирээд Б.Б гараа татаад түлхчхээд хаалгаар гараад гүйж байх шиг харагдсан. Бид хоёр наадмын талбай руу ороход Д.Ү Б.Бийг чи дарга болчихоод том байна аа гэж үг хэлсэн тэрнээс биш маргалдсан асуудал болоогүй. Миний харсанаар давхарлалдаад унаж л харагдсан босч ирээд Б.Б хаалгаар гараад гүйж байхыг л харсан яг цохиж барьсаныг бол хараагүй. Цохиж зодсон асуудал болоогүй. Ноцолдоод унах үедээ л толгойгоороо унаж гэмтэл авсан байх. Би тухайн үед морины комисст ажиллаж байсан учир ажил ихтэй байсан сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

 *Гэрч Л.Вийн өгсөн:

 “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 80 жилийн ойн баяр наадам болоод 21 цагийн үед азарга цоллох гээд байж байхад. Д.Ү бид хоёр зэрэгцээд зогсож байхад. Б.Б төв асраас гарч ирээд Д.Ү мөрнөөс нь татахад Б.Б нь Д.Үыг 2 удаа цохиход Д.Ү газар унахдаа төв асрын борооны усны хаялагны цемент мөргөөд толгойн зүүн хэсэгт хагарсан. Б.Б нь наадмын талбайн баруун ард талын хаалгаар гараад гүйгээд явсан. Д.Ү нь Б.Бөд азаргаа зөв шүүгээч гэж хэлсэн өөр маргалдсан асуудал болоогүй. Б.Б нь Д.Үыг 2 удаа цохисон. Д.Ү цохиулаад унах үедээ цемент мөргөөд толгойн зүүн хэсэг нь хагарсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Д.Ү нь Б.Бийг цохиж зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Бийн өгсөн:

“…Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний орой азарга нас цоллоод дуусахад Азарга насны морьдын шагналд өгөх нэмнээг мартсан байсан ингээд би тухайн нэмнээг ажил дээрээс авчирч өгөх гээд наадмын талбайгаас гарах гэтэл согтуу хүн барьж аваад тэр хүнтэйгээ би орооцолдож газар унаад би босч ирээд түлхтэл намайг тавихгүй байсан. Тэгэхээр нь би гарыг нь салгахын тулд баруун ханцуйгаа шувт татаж аваад цаашаа гүйсэн юм. Би гаргасан үйлдэлдээ хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу арга тооцуулахад ямар нэгэн хүсэлт байхгүй. Би яарч явсан учраас зорьсон ажил руугаа гүйсэн юм. Би Д.Үын хохиролд эхлээд 1.000.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг өгсөн байгаа. Би хохирлыг барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаартай “...Д.Үын биед зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, дээд уруулын зүүн дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Д.Ү нь баруун, зүүн ухархайн дотор хажуу ханын хуучин хугарал гэмтэлтэй байна...” дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 14-ний оройн 21 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайд иргэн Д.Ү нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний оройн 21 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайд иргэн Д.Үтой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Үын“...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед манай сумын 80 жилийн ой болоод морь цоллох гээд зогсож байгаад Б.Бөд наадам зохион байгуулж байгаа юм бол наадмаа олигтойхон зохион байгуул гэж хэлэхэд намайг  цохиод унагаасан унах үедээ наадмын талбайн баруун талын цутгасан цементэн шатыг мөргөөд толгойн зүүн хэсэг хагарч эмнэлэгт очиж 5 ширхэг оёдол тавиулсан. Б.Б бид хоёр маргалдсан зүйл болоогүй. Би Б.Бөд наадмаа олигтой зохион байгуулсангүй гэж хэлэхэд морь будилууллаа гэж хэлэхэд намайг Б.Б баруун гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон өөрөөр маргалдсан зүйл болоогүй. Б.Б нь намайг зүүн шанаа хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цын“...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 80 жилийн ойн баяр наадам болоод 21 цагийн үед азарга цоллох гээд байж байхад наадмын талбайн баруун талын арын хаалган дээр нэг танихгүй согтуу хүнтэй Б.Б барьцалдаж аваад газар унаад босч ирээд Б.Б наадмын талбайн баруун талын арын хаалгаар гараад явж харагдсан. Тэгээд би наадмын талбайгаас гараад явсан. Б.Б, Ү нар юунаас болж маргалдсанг би мэдэхгүй. Б.Б, Ү нар зууралдаад унаад босч ирээд Б гараа шувт татаад хойд талын хаалгаар гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бы”...Наадмын талбайн баруун хойд хаалган дээр Д.Ү согтуу нэг хүнтэй зогсож байсан бид хоёр хажуугаар нь гарах гэхэд Б.Бийн бүсэн дээрээс Д.Ү барьж аваад агсараад байсан, чи сумын орлогч дарга гэл үү чи морь хасдаг эрх мэдэлтэй гэл үү гээд Б.Б рүү дайрахаар нь би салгаж аваад цаашаа наадмын талбайн асар руу ороод камерын бичлэг үзээд гарч ирээд Азарган насны будилааныг гаргаж өгчөөд морио цоллосон. Айраг түрүү авсан морьдод бай болох нэмнээг өгөх гэсэн чинь байхгүй өрөөнд орхисон байсан. Засаг дарга Б.Бямбаа орлогч дарга Б.Бийг нэмнээ аваад ир гээд явуулсан тэгээд хойд хаалгаар гарах гэхэд нь Д.Ү урдаас нь Б.Бийг бариад авсан тэгээд миний харснаар Д.Ү Б.Бийг цээжин хэсэгт нь цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад давхралдаад унасан, бос ч ирээд Б.Б гараа татаад түлхчхээд хаалгаар гараад гүйж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Вийн”...Д.Ү бид хоёр зэрэгцээд зогсож байхад. Б.Б төв асраас гарч ирээд Д.Ү мөрнөөс нь татахад Б.Б нь Д.Үыг 2 удаа цохиход Д.Ү газар унахдаа төв асрын борооны усны хаялагны цемент мөргөөд толгойн зүүн хэсэгт хагарсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, эрүүний доод хэсэг, нүүрэнд зулгаралт, баруун гарын ядам хуруунд жижиг шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР