Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/232

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Нэгдэлчин овогт Бгийн Тт холбогдох эрүүгийн 221002690268  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай .........гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Нэгдэлчин овгийн Бгийн Т/РД:АЖ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Аыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд нь баруун зүүн мөр, цээж, зүүн бугалга, сарвууны 2 дугаар хуруу, гуя, бэлгийн их уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 221002690268 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч А.Аын өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын 3 дугаар багт гэртээ байхад манай нөхөр Б.Т гэртээ орж ирээд намайг үсдээд зулгаагаад өшиглөсөн. Миний аарцаг руу өшиглөсөн. Намайг болон манай аавыг доромжлоод “чи муу хамгийн адгийн” гэх мэтээр доромжилдог. Мөн “янхан банзал минь” гээд байсан. Манай нөхөр бид хоёр 22 жил хамт амьдарч байна.  Ийм л асуудал болсон. Миний бие зүүн хөл, цээжин хэсэг, үснээс зулгаасан, миний аарцаг руу өшиглөсөн. Өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Хохирогч А.Аын дахин өгсөн:

“...Би өмгөөлөгч авахгүй, намайг нөхөр Б.Т нь айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл огт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эдгэж зүгээр болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Хохирогч А.Аын дахин өгсөн:

“...Би нөхөр Б.Ттай 20 гаруй жил хамт амьдарч байна. Хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн, 4 хүүхэдтэй, манай нөхөр зарим үед архи уудаг бөгөөд уухаараа эмзэг согтдог, эрүүл үедээ даруухан зантай байдаг. Согтуу үед хүний үгэнд ордоггүй. Сургуульд сурч байгаад сургуулиасаа гараад малчин болоод надтай суусан. Манайн нөхөр Б.Т нь намайг зодоход хүн байгаагүй. Бид хоёр л байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр Б.Ттай учир зүйгээ ололцсон. Одоо хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-86 дугаар тал/

 

*Гэрч Т.Уийн өгсөн:

“...Манай аав, Б.Т, ээж А.А нар Архангай аймгийн Өгийнуур сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. 2022 оны 05 дугаарын 02-ны өдөр ээж А.А утсаар яриад Улаанбаатар хотод ирчихлээ, аавын эгчийнд байна гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учир очиж чадалгүй маргааш нь буюу 05 дугаар сарын 03-ны өдрийн орой очиход унтаж байсан, юу болсон талаар надад хэлээгүй, маргааш нь 05 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа явчихаад ээж яагаад ирсэн бол гэж бодоод ээж А.Атай утсаар яриад асуухад хэлэхгүй зүгээр гээд байхаар нь ахыгаа дуудаж ээж дээр очоод дагуулаад өөрийн амьдардаг гэртээ авчирсан чинь ээж явж чадахгүй байхаар нь асуухад Архангай аймгийн Өгийнуур суманд хөдөө байх гэртээ аав Б.Т нь ээж А.Атай маргалдаж хоорондоо зодолдож, аав ээжийн аарцаг хэсэгт өшиглөж гэмтээснийг хэлсэн. Тэгээд аавын эгч хөдөө явж байгаад хот явангаа аавынхаар дайрахад ээж явж чадахгүй байгааг хараад аваад ирсэн байсан учир би цагдаад дуудлага өгсөн. Ээж тэгээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд байдаг гэр рүү явсан. Одоо аав Б.Т, ээж А.А цуг байгаа. Архангай аймгийн Өгийнуур суманд гэртээ ээж, аав хоёр зодолдож, аав гэмтэл учруулсан гэсэн, яаж зодсон талаар мэдэхгүй байна. Ээжийн аарцаг нь хавдсан, гар нь хавдсан байсан, мөн хөл нь жижиг хөхөрсөн байсан. Урьд өмнө аав ээжийг цохиж зоддог байсан, нэг удаа цагдаад гомдол гаргаж шалгуулж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Гэрч А.Чын өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний эгч А.А нь Архангай аймгаас оройхон ирсэн байсан. Тэгээд ямар шалтгаанаар ирсэн талаар асуухад нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Манайд ирсэнээс хойш унтаж чадахгүй хоол унд идэж чадахгүй байсан тэгээд бүр болохгүй байна гэж хэлээд эмнэлгээр явж байгаад Эх нялхаст хэвтэж эмчлүүлсэн яг юу нь өвдсөнийг мэдэхгүй байна асуухаар гаагүй зүгээр гэдэг байсан. Эмнэлэгт хэд хоносныг нь санахгүй байна манай ирээд гэрт сайн явж чадахгүй удаан хөлөө зөөж алхаж байсан биедээ ил харагдах шарх сорив байгаагүй. Сүүлд Б.Т хотод ирээд эгчийг авч явсан байсан. Ер нь хоорондын харилцаа нь хэвийн харагддаг хааяа юу болсон яасан нь мэдэгдэхгүй уурлаж бухимдаж эгчийг минь зоддог байнга зодож дарамталдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Тын өгсөн:

“...Миний үйлдэл тохирч байгаа. Надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/

 

* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6626  дугаартай“...А.Аын биед баруун зүүн мөр, цээж, зүүн бугалга, сарвууны 2-р хуруу, гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт иргэн А.А нь өөрийн нөхөр Б.Тт зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Аыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Аын”...2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын 3 дугаар багт гэртээ байхад манай нөхөр Б.Т гэртээ орж ирээд намайг үсдээд зулгаагаад өшиглөсөн. Миний аарцаг руу өшиглөсөн. Намайг болон манай аавыг доромжлоод “чи муу хамгийн адгийн” гэх мэтээр доромжилдог. Мөн “янхан банзал минь” гээд байсан. Манай нөхөр бид хоёр 22 жил хамт амьдарч байна.  Ийм л асуудал болсон. Миний бие зүүн хөл, цээжин хэсэг, үснээс зулгаасан, миний аарцаг руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Уийн”...2022 оны 05 дугаарын 02-ны өдөр ээж А.А утсаар яриад Улаанбаатар хотод ирчихлээ, аавын эгчийнд байна гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учир очиж чадалгүй маргааш нь буюу 05 дугаар сарын 03-ны өдрийн орой очиход унтаж байсан, юу болсон талаар надад хэлээгүй, маргааш нь 05 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа явчихаад ээж яагаад ирсэн бол гэж бодоод ээж А.Атай утсаар яриад асуухад хэлэхгүй зүгээр гээд байхаар нь ахыгаа дуудаж ээж дээр очоод дагуулаад өөрийн амьдардаг гэртээ авчирсан чинь ээж явж чадахгүй байхаар нь асуухад Архангай аймгийн Өгийнуур суманд хөдөө байх гэртээ аав Б.Т нь ээж А.Атай маргалдаж хоорондоо зодолдож, аав ээжийн аарцаг хэсэгт өшиглөж гэмтээснийг хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Чын”...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний эгч А.А нь Архангай аймгаас оройхон ирсэн байсан. Тэгээд ямар шалтгаанаар ирсэн талаар асуухад нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Манайд ирсэнээс хойш унтаж чадахгүй хоол унд идэж чадахгүй байсан тэгээд бүр болохгүй байна гэж хэлээд эмнэлгээр явж байгаад Эх нялхаст хэвтэж эмчлүүлсэн яг юу нь өвдсөнийг мэдэхгүй байна асуухаар гаагүй зүгээр гэдэг байсан. Эмнэлэгт хэд хоносныг нь санахгүй байна манай ирээд гэрт сайн явж чадахгүй удаан хөлөө зөөж алхаж байсан биедээ ил харагдах шарх сорив байгаагүй...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Тын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6626 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Аын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед баруун зүүн мөр, цээж, зүүн бугалга, сарвууны 2-р хуруу, гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр А.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Тын биед баруун зүүн мөр, цээж, зүүн бугалга, сарвууны 2-р хуруу, гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч А.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Тыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр А.Аын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Тын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Т нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Нэгдэлчин овогт Бгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР