| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0235/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/246 |
| Огноо | 2022-09-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/246
2022/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарав овогт Гийн Ут холбогдох эрүүгийн 2212000000229 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сум Идэр-Улаан баг, Цорго гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарав овогт Гийн У/РД:АЭ........./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Цорго хөх хад Их дугуй гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 9 ширхэг, 2.9368 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэн ойн санд 580.217.7 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000229 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Гэрч Б.Мын өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би Батцэнгэл сумын төвд байж байхад Г.У надтай утсаар ярьж хэдэн мод бэлдчихлээ сумын төв оруулах гэсэн юм. Унаа байхгүй байна. Ирж ачаад сумын төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа унаад гарч ирээд Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Цорго гэх газар ирж4 м урттай, 31 ширхэг хуурай дүнз модыг ачаад буцаад Батцэнгэл сумын төв орж хөрөө рам дээр буулгасан. Г.У бид найз болохоор намайг гуйгаад татаад өгөөч гэж гуйхаар нь би модыг нь татаад өгчихсөн юм. Өөр бид 2-ын дунд ямар нэгэн ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Г.У мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Би эрхийн бичгийг нь харсан. Г.Уын эрхийн бичгийн хугацаа нь 2022 оны 05 сард бэлтгэхээр заасан байсан. Намайг очиж явахад Г.У мотоциклтой урдаас тосож ирээд бид хоёр мод бэлтгэсэн газар дээр нь очиж бэлтгэсэн модыг ачаад би буцаад Батцэнгэл суманд ирсэн. Г.У тэр өдрийн өглөө ганцаараа бэлтгэсэн гэж ярьж байсан. Г.У малын хашаа барих гэж мод бэлтгэсэн Батцэнгэл суманд зүсүүлж янзлуулах гэсэн юм гэж надад ярьсан. Тухайн модыг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь 91-40 убх гэсэн улсын дугаартай бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Эрхэмбаяр гэх хүнээс 2019 онд 1,400,000 төгрөгөөр худалдаж аваад бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг миний худалдаж авсан Эрхэмбаяр гэх хүн урьд өмнө нь Энхбат гэх хүнээс худалдаж авсан гэсэн Энхбат гэх хүн гадаад гараад явсан болохоор Эрхэмбаяр гэх хүн өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байж байгаад надад зарагдаж ирсэн. Би бичиг баримт байхгүй, өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй болохоор задалж зарна гэж бодоод хасалт хийлгэсэн юм. Би 91-40 убх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны тээврийн хэрэгслийн үзлэгээр улсын дугаарыг нь хураалгаж хасалт хийлгэсэн. Одоо уг тээврийн хэрэгслийг задалж зарах гэж байгаа юм. Би Г.Уын эрхийн бичгийн сар өдрийг нь андуурсан байна. 03 сард бэлтгэх эрхийн бичгийг надад үзүүлсэн. Надад өөр эрхийн бичиг үзүүлээгүй. Г.Уыг 03 сард мод бэлтгэсэн талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/
*Гэрч Р.Бын өгсөн:
“...Цорго Хөх хад Их дугуй гэх газар Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг юм. Нэг уулыг Цорго гэж нэрлэдэг юм. Тэр Цорго уулын ар тал, урд тал, амнууд нь өөр өөр нэртэй байдаг Хөх хад гэдэг нь Их дугуй Бага дугуй гэх нэртэй байдаг. Тэгэхээр нутгийн хүмүүс Цорго Хөх хад Их дугуй гэж нэрлэж ярьж болно. Цорго гэх уулын Хөх хад гэх газрын Их дугуй гэдэг газар нь нэг газрын нэр байгаа юм. Улс, аймаг, сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Идэр-Улаан багийн Хүннү голын Ай сав газарт байгаа Хүн чулууны хөшөө дурсгалын газрууд, Хан-Өндөр уул, Зост хайрхан орно. Аймгийн тусгай хамгаалалттай газарт Алаг-Уул, Хан-Өндөр, Эрдэнэ-Уул багийн нутагт байх 65 ширхэг Бухан чулуу хөшөөнүүд тус тус ордог юм. Улсын тусгай хамгаалалттай газарт Хануй голын сав газарт байх Хар хул хааны балгас, түүний ойролцоох хүн чулууны хөшөөнүүд орно. Идэр-Улаан багийн Цорго Хөх хад Их дугуй гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унианги модноос бэлтгэнэ. Идэр-Улаан багийн Цорго Хөх хад Их дугуй гэх газар нь модны гарах гарцын хэмжээ нэг модноос 4.10 урттай мод 2-3 ширхэг мод гарах боломжтой байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Д.Эгийн өгсөн:
“...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Г.У нь Идэр-Улаан багийн Хөх хад Их нүүр гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 580.217.7 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/
*Яллагдагч Г.Уын өгсөн:
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/
*Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай”...2.9368 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 580.217.7₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 47-49 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АА22-48 дугаартай:
“...1979 онд үйлдвэрлэгдсэн, 1999 онд Монгол улсад орж ирсэн 91-40 УБХ улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 1.885.284/нэг сая найман зуун наян таван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 62-66 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АА22-69 дугаартай:
“...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2018 онд худалдан авсан хөрөөний үнэ 56.000/тавин зургаан мянга/ төгрөг, нас гүйцсэн хайнагийн шарны үнэ 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг нийт 1.556.000/нэг сая таван зуун тавин зургаан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 68-72 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн АА22-80 дугаартай:
“...9 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модны үнэ 499.256/дөрвөн зуун ерэн есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 105-108 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 20-25 дугаар тал/
*Мод бэлтгэх 22-041093 серийн дугаартай эрхийн бичиг/хх-ийн 80 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 16-19, 26-29, 33-34, 35-38, 81 дүгээр тал/
*Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29/3230 дугаар албан бичиг/хх-ийн 82 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Цорго хөх хад Их дугуй гэх газраас шүүгдэгч Г.У нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 9 ширхэг, 2.9368 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэн ойн санд 580.217.7 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.У үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Мын”...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би Батцэнгэл сумын төвд байж байхад Г.У надтай утсаар ярьж хэдэн мод бэлдчихлээ сумын төв оруулах гэсэн юм. Унаа байхгүй байна. Ирж ачаад сумын төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа унаад гарч ирээд Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Цорго гэх газар ирж4 м урттай, 31 ширхэг хуурай дүнз модыг ачаад буцаад Батцэнгэл сумын төв орж хөрөө рам дээр буулгасан. Г.У бид найз болохоор намайг гуйгаад татаад өгөөч гэж гуйхаар нь би модыг нь татаад өгчихсөн юм. Өөр бид 2-ын дунд ямар нэгэн ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Г.У мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Би эрхийн бичгийг нь харсан. Г.Уын эрхийн бичгийн хугацаа нь 2022 оны 05 сард бэлтгэхээр заасан байсан. Намайг очиж явахад Г.У мотоциклтой урдаас тосож ирээд бид хоёр мод бэлтгэсэн газар дээр нь очиж бэлтгэсэн модыг ачаад би буцаад Батцэнгэл суманд ирсэн. Г.У тэр өдрийн өглөө ганцаараа бэлтгэсэн гэж ярьж байсан. Г.У малын хашаа барих гэж мод бэлтгэсэн Батцэнгэл суманд зүсүүлж янзлуулах гэсэн юм гэж надад ярьсан. Тухайн модыг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь 91-40 убх гэсэн улсын дугаартай бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Р.Бын”...Цорго Хөх хад Их дугуй гэх газар Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг юм. Нэг уулыг Цорго гэж нэрлэдэг юм. Тэр Цорго уулын ар тал, урд тал, амнууд нь өөр өөр нэртэй байдаг Хөх хад гэдэг нь Их дугуй Бага дугуй гэх нэртэй байдаг. Тэгэхээр нутгийн хүмүүс Цорго Хөх хад Их дугуй гэж нэрлэж ярьж болно. Цорго гэх уулын Хөх хад гэх газрын Их дугуй гэдэг газар нь нэг газрын нэр байгаа юм. Улс, аймаг, сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Идэр-Улаан багийн Хүннү голын Ай сав газарт байгаа Хүн чулууны хөшөө дурсгалын газрууд, Хан-Өндөр уул, Зост хайрхан орно. Аймгийн тусгай хамгаалалттай газарт Алаг-Уул, Хан-Өндөр, Эрдэнэ-Уул багийн нутагт байх 65 ширхэг Бухан чулуу хөшөөнүүд тус тус ордог...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Эгийн”...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Г.У нь Идэр-Улаан багийн Хөх хад Их нүүр гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 580.217.7 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 580.217.7 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Уын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Уын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Уыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 580.217.7 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /580.217.7*3=1.740.651/нэг сая долоон зуун дөчин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.740.651/нэг сая долоон зуун дөчин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Г.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Уын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 91-40 УБХ улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл нь Б.М гэх хүний эзэмшилд байдаг болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 91-40 УБХ улсын дугаартай Зил-130 маркийн автомашиныг эзэмшигч Б.Мт буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.885.284/нэг сая найман зуун наян таван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.740.651/нэг сая долоон зуун дөчин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 144,633/нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн хайнагийн шар үхэр, 499.256/дөрвөн зуун ерэн есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг босоо хуурай шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарав овогт Гийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Уаас 1.740.651/нэг сая долоон зуун дөчин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 91-40 УБХ улсын дугаартай Зил-130 маркийн автомашиныг эзэмшигч Б.Мт буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.885.284/нэг сая найман зуун наян таван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгөөс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.740.651/нэг сая долоон зуун дөчин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 144,633/нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн хайнагийн шар үхэр, 499.256/дөрвөн зуун ерэн есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг босоо хуурай шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР