| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2018/01483/и |
| Дугаар | 182/ШШ2018/01898 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2018/01898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо 40 мянгат, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Г.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, дугаар байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Ш овогт Я.Э,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.Х нарт холбогдох
дүүргийн дүгээр хороо, д байршилтай ...... нэгж талбарын дугаар бүхий газрын 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх, зардалд 4,713,265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Т, хариуцагч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сгийн төлөөлөгч Х.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: дүүрэг, дүгээр хороо, байрлах өөрийн эзэмшлийн 477 м.кв талбайтай тоот эзэмших эрхийн гэрчилгээ бүхий зуслангийн байшингаа эргэхээр очтол байшинд танихгүй хүмүүс амьдарч байсан. Манай газрын хил хязгаарыг даван орж байшингийн суурь цутгаж байсан. Б.Х нь Я.Эээс газар худалдаж авсан, байшингийн хаалгыг эвдэж орохыг Я.Э зөвшөөрсөн гэж хэлсэн. Манай газар руу оруулж байшингийнхаа суурийг тавьсан байгааг хэлсэн. Я.Этэй уулзахад 3,000,000 төгрөгөөр Б.Хд зарсан гэсэн. Яргайтын зусланд 450 м.кв талбайгаас доошгүй хэмжээтэй газар худалдаж авахад 15,000,000 төгрөг байсан учраас энэ тухай Б.Хд хэлтэл тийм их мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэдний барьж буй байшингийн суурийг харьцуулсан кадастрын зураг хийлгэхэд зуслангийн газарт хойд талаараа 4 метр, баруун талаараа 1,2 метр нэвтрэн орсон байсан. Хос титэм хаус ХХК-ийн хийсэн үнэлгээгээр уг газрыг чөлөөлж буцаагаад хэвийн байдалд нь оруулахад 4,713,265 төгрөгийн барилгын төсөв тооцоо гарч байгаа тул Я.Э, Б.Х нараас гаргуулж авна гэв.
Хариуцагч Я.Э шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Хтай 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үл хөдлөхийн гэрчилгээг Б.Хы нэр дээр шилжүүлэхээр 2,000,000 төгрөгөөр худалдаж гэрээ хийж, мөнгө хүлээлцэж, гэрээн дээрээ гарын үсэг зуралцсан. Газрыг худалдахдаа кадастрын зургийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Гэрээ хийснээс хойш би зуслан дээр очоогүй. Барилгыг би бариулаагүй, худалдаж авсан айл хөрөнгөө гаргасан. Гэхдээ нэхэмжлэгч Г.Сд ижил чанар хэмжээтэй газар авч өгч эвлэрэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.С хариуцагч Б.Х, Я.Э нарт холбогдуулан дүүргийн дүгээр хорооны д байрлах ........ тоот эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт хууль бусаар баригдсан байшинг буулгаж, анх байсан байдалд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “дүүрэг, дүгээр хороо, байршилтай нэгж талбарын дугаар бүхий газрын 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, газар чөлөөлөхөд гарах зардалд 4,713,265 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Я.Э нь нэхэмжлэгч Г.Сд ижил чанар хэмжээтэй газар авч өгч эвлэрэх саналтай байна. Газраа Б.Хд зарсан гэж маргажээ.
Хариуцагч Б.Х шүүхэд тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалттай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч Г.Сд дүүрэг, дүгээр хороо, байршилтай нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь дүүргийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар захирамж, Газар эзэмших эрхийн .... тоот гэрчилгээ, Газрын байршлын зураглал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Маргааны зүйл болох дүүрэг, дүгээр хороо, байршилтай ....... нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газарт хариуцагч Б.Хы барьж буй байшин хойд талаараа 4 метр, баруун талаараа 1,2 метр нэвтэрч орсон болох нь Кадастрын зураг, Классик лэнд ХХК-ийн Хяналтын хэмжилтийн зураг, зохигчдын тайлбараар тогтоогдож /хх-ийн 10-11 тал/ байна.
Иймд хариуцагч Б.Х, Я.Э нарын хууль бус эзэмшлээс дүүрэг, дүгээр хороо, байршилтай ..... нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч Г.Сд олгох үндэслэлтэй.
Хариуцагч Я.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж Б.Хд өөрийн эзэмшилийн газраа зарсан гэх тайлбар гаргаж байгаа боловч барилгын суурийг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цутгах үед дүүрэг, дүгээр хороо, гудамж тоот хаягт байршлах газрын эзэмшигч Я.Э байсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх ба Газар худалдах, худалдан авах гэрээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр хариуцагчийн газраа зарсан байсан гэх тайлбар няцаагдаж /хх-ийн 34 тал/ байна.
Нэхэмжлэгч Г.С хариуцагч Б.Х, Я.Э нарт холбогдуулан газар чөлөөлөхөд гарах зардалд 4,713,265 төгрөг шаардсан боловч хохирол бодитойгоор учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,713,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Г.С хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Б.Хы төлөөлөгч А.Гантөмөрт “Мэдэгдэх хуудас” хүргүүлсэн боловч оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ тухай хариуцагч Б.Хд шүүх мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргад “Мэдэгдэх хуудас” хүргүүлсэн тул хариуцагчид мэдэгдсэнд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Г.Сгийн хариуцагч Б.Х, Я.Э нарын хууль бус эзэмшлээс дүүрэг, дүгээр хороо, байршилтай нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газарт баригдсан байшинг буулгаж газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шүүхийн онцгой харьяалалд хамаарна.
Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн182/ШЗ2018/05160 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 499.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х, Я.Э нарын хууль бус эзэмшлээс дүүрэг, дүгээр хороо, ....... нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлж нэхэмжлэгч Г.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,713,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,600 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х, Я.Э нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Сд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн182/ШЗ2018/05160 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг, нэхэмжлэгч Г.С хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ