Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2022/0230/Э |
Дугаар | 2022/ШЦТ/240 |
Огноо | 2022-09-14 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дгийн Од холбогдох эрүүгийн 2212000000260 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 3-д зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Дгийн О/РД:АА........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000260 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Бийн өгсөн:
“...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаа Ж.А гэх ахындаа ороход Д.О гэх хүн сууж байсан. Тэгээд гэртээ яасан заваан суудаг юм гэж хэлээд зуухны ойр орчим байсан тамхины ишийг цэвэрлээд эргээд харахад миний баруун мөр хэсэгт орны төмрөөр нэг удаа маш хүчтэй цохьсон. Тэгээд цус ихээр гойжоод байхаар эмнэлэг орж оёдол тавиулсан. Миний биед баруун эгэмний яс хугарсан баруун гар хавдсан зэрэг гэмтлүүд учирсан өөр гэмтэл учраагүй. Ж.А ах Д.О бид 3 л байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед Ж.А ах унтаж байсан. Ямар нэгэн өс хонзонгийн зүйл байгаагүй. Зүгээр л таньдаг хүмүүс байгаа юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин О нилээн согтуу сууж байсан урдаа тал шил 0.5 грамм Хараа нэртэй архи тавьчихсан сууж байсан надад Д.О нэг рунк архи өгөөд байж байтал тийм зүйл болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/
*Гэрч Ж.Ан өгсөн:
“...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөөгөөр манайд О 2 шил 0.5 гр Хараа нэртэй архийг авч орж ирсэн. Тэгсэн Д.О баярын юм шүү гэж надад хэлсэн тэгээд бид 2 архиа хувааж ууж байгаад би 1 шил архи уугаад 2 архийг талд нь оруулаад тасраад унтаад өгсөн. Тэгсэн орой цагдаа нар манай Д.Бийг дагуулаад ирсэн тэгсэн зодоон хийсэн байна танайд гэж хэлээд орны толгойн зураг аваад Д.Ог сураглаад гараад явсан. Тэгэхэд л би Д.Од Д.Б зодуулсан талаар мэдсэн. Би мэдээгүй тасраад унтсан байсан болохоор. Миний гэрийн орны толгой байгаа юм. Манайд өөр хүн байгаагүй. Тухайн үед Д.О бид 2 байсан дараа нь Д.Б орж ирсэн байсан. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/
*Яллагдагч Д.Огийн өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай“...Д.Бийн биед баруун эгэм ясны далд хугарал, баруун эгэмэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун эгэм ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун эгэмэнд шарх, цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 08-15 тоотод иргэн Д.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.О үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Бийн”...Тэгээд гэртээ яасан заваан суудаг юм гэж хэлээд зуухны ойр орчим байсан тамхины ишийг цэвэрлээд эргээд харахад миний баруун мөр хэсэгт орны төмрөөр нэг удаа маш хүчтэй цохьсон. Тэгээд цус ихээр гойжоод байхаар эмнэлэг орж оёдол тавиулсан. Миний биед баруун эгэмний яс хугарсан баруун гар хавдсан зэрэг гэмтлүүд учирсан өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ан”...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөөгөөр манайд О 2 шил 0.5 гр Хараа нэртэй архийг авч орж ирсэн. Тэгсэн Д.О баярын юм шүү гэж надад хэлсэн тэгээд бид 2 архиа хувааж ууж байгаад би 1 шил архи уугаад 2 архийг талд нь оруулаад тасраад унтаад өгсөн. Тэгсэн орой цагдаа нар манай Д.Бийг дагуулаад ирсэн тэгсэн зодоон хийсэн байна танайд гэж хэлээд орны толгойн зураг аваад Д.Ог сураглаад гараад явсан. Тэгэхэд л би Д.Од Д.Б зодуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Огийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Огийн хүний эрүүл мэндэд баруун эгэм ясны далд хугарал, баруун эгэмэнд шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Огийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардлыг шүүгдэгч төлсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч мэдүүлсэн, мөн гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Ог энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Д.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР